Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01726

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01726

 

 

Л.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2022/01974 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Б-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,825,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Би Да Хүрээ худалдааны төвд автомашин борлуулдаг. Ц.Б- нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ирж уулзаад Тоёота румион /Toyota Rumion/ маркийн автомашинаа өгч, үлдэгдэл төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагын зээлээр автомашин худалдаж авах санал надад тавьсан. Тухайн үед саналыг хүлээн авч 1999 оны 2012 онд Монголд орж ирсэн улбар шар өнгийн Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн автомашиныг надаас 29,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 7,000,000 төгрөгийг бэлнээр, Ц.Б-ын өмчлөлийн Тоёота румион /Toyota Rumion/ маркийн автомашиныг 7,000,000 төгрөгт тооцож, банк бусаас 10,000,000 төгрөгийн зээл Ц.Б- авч, нийт 24,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн. Ц.Б- банк бус санхүүгийн байгууллагаас 15,000,000 төгрөгийн зээл авах байсан боловч 10,000,000 төгрөгийн зээл гарсан. Банк бус санхүүгийн байгууллагад худалдах, худалдан авах гэрээг өгөхдөө автомашины үнийг 32,000,000 төгрөгөөр бичиж өгсөн. Учир нь урьдчилгаа төлбөрөө өндөр өгсөн гэж харагдуулбал зээл өндөр гарна гэж хэлсэн. Ц.Б- үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн. Мөн заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Б.Батжаргал нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө өгөөгүй. Иймд хариуцагч Ц.Б-аас автомашины үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 825,000 төгрөг, нийт 5,825,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Б.Н-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг Л.Г-д худалдах эрх олгосон итгэмжлэлийн үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн үнэ 32,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Дансаар 7,500,000 төгрөг, Тоёота румион /Toyota Rumion/ маркийн автомашиныг 7,000,000 төгрөгт тооцож, банк бус санхүүгийн байгууллагаас 10,000,000 төгрөг, бэлнээр 7,500,000 төгрөгийг төлж, нийт 32,000,000 төгрөг төлсөн. Автомашиныг худалдан аваад 7 хоногийн дараа мотор эвдрэхэд Ц.Б- Л.Г- руу утасдаж автомашиныг буцаая гэхэд тэрээр тооцоо дууссан, шалгаж авсан учраас одоо ярих юм байхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Иймд Ц.Б- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Л.Г-ын өмчлөлийн автомашин биш учир түүнд нэхэмжлэх эрх байхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,325,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Баталгаа гэх баримтын утга нь Ц.Б-д Л.Г-ас 5,000,000 төгрөг зээлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ байна. Гэтэл анхан шатны шүүх уг зээлийн гэрээ гэх баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийн шаардлага хангаагүй. Хэрэгт авагдсан Л.Г-ын Хаан банкин дахь 5018544718 тоот дансанд Ц.Б- 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 470 үнэ утгаар Ц.Б-ын 5007879702 тоот данснаас 7,500,000 төгрөг тус тус төлсөн. Мөн Л.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт бэлнээр 7,000,000 төгрөг авсан, банк бус санхүүгийн байгууллагаас 10,000,000 төгрөг авснаа мэдүүлдэг. Иймээс Ц.Б- нь нийт 32,000,000 төгрөг төлсөн болохнь баримтаар болон түүний тайлбараар нотлогддог. Мөн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.Н-аас Л.Г-д итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн 77-58 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах эрхийг олгосон бөгөөд дээрх итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үнэ шаардах эрхийг Л.Г-д олгоогүй байхад анхан шатны шүүх уг тээврийн хэрэгслийн өмчлөгчийг Л.Г- гэж дүгнэж, нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Л.Г-, хариуцагч Ц.Б-д холбогдуулан Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн автомашиныг 29,000,000 төгрөгөөр худалдсан, 7,000,000 төгрөгийг бэлнээр, Тоёота румион /Toyota Rumion/ маркийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр, 10,000,000 төгрөгийн зээлийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, нийт 24,000,000 төгрөг төлсөн тул, үлдэх 5,000,000 төгрөгийг, алданги 825,000 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдан авч, дансаар 7,500,000 төгрөг, Тоёота румион /Toyota Rumion/ маркийн автомашиныг 7,000,000 төгрөгт, банк бусаас 10,000,000 төгрөг, бэлнээр 7,500,000 төгрөгийг төлсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр JT6HT00W7X0037563 арлын дугаартай, 77-58 УБК улсын дугаартай, Тоёота лексус 470 /Toyota LX470/ маркийн суудлын зориулалттай автомашиныг 32,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулжээ. /хх 33/

 

2.а. Дээрх автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн гэрч Б.Н- нь уг автомашиныг худалдан борлуулж, төлбөрийг хүлээн авах эрхийг нэхэмжлэгчид олгосон байх бөгөөд төлбөрт Хаан банкны харилцах 5007879702 гэсэн данснаас нэхэмжлэгчийн 5018544718 дугаар дансанд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 7,500,000 төгрөгийг 470 үнэ гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /хх 32, 34/

 

2.б. Хариуцагч Ц.Б-, НЦ ББСБ ХХК-аас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дээрх тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг үндэслэн автомашин худалдан авах зориулалттай 10,000,000 төгрөгийг зээлдэх тухай, үүргийн гүйцэтгэлд тухайн худалдан авсан автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх тухай фидуцын гэрээг тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар маргаагүй байна. /хх 36-42/

 

2.в. Хариуцагч талаас тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үнэд Тоёота румион /Toyota Rumion/ маркийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлснийг нэхэмжлэгч нь 7,500,000 төгрөгөөр цааш худалдан борлуулж, уг мөнгө нэхэмжлэгчийн дээр дурдсан харилцах дансанд машин авах гэсэн гүйлгээний утгаар П.Буянжаргал гэх иргэний харилцах данснаас 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шилжин ирсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. /хх 34, 129/

 

2.г. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдсан автомашины төлбөрт 24,500,000 төгрөгийг төлсөн тооцооны тухайд талууд маргаангүй гэж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад баталгаажуулан тайлбарлаж зөвшөөрсөн байх бөгөөд уг автомашиныг 29,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзэв. /хх154-156/

 

3. Хариуцагч талаас гэрээний төлбөрт 7,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж мэтгэлцээгүй байна.

 

4. Мөн нэхэмжлэгч автомашины төлбөрөөс үлдэх 5,000,000 төгрөг дээр хариуцагчтай зээлийн гэрээ хийсэн гэж, нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Ц.Б- 5,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр зээлдсэн тухай Баталгаа гэх баримтыг үйлдэж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан баримтыг ирүүлсэн байна. Уг баримтыг хариуцагч зээл аваагүй гэж үгүйсгэх боловч, нотлох баримтаар өөрийн гарын үсэг биш гэдгийг нотлоогүй байна. /хх 4/

 

4.а. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж 4,500,000 төгрөг, алдангид 825,000 төгрөгийн хамт 5,325,000 төгрөг болгон нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүхээс нэхэмжилж буй алдангийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнд алдангийн талаар талууд тохиролцоогүй байх бөгөөд баталгаа гэх баримтыг худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдлийг баталгаажуулсан баримт гэж үзэхээр байх ба алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

 

5. Иймд талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үнийн үлдэгдэлд 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Шүүхэд гэрчээр оролцсон Б.Н-, нэхэмжлэгч Л.Г-д тээврийн хэрэгслэлийн нэрийг шилжүүлэхгүйгээр итгэмжлэл өгч 28,000,000 төгрөгөөр худалдсан талаар мэдүүлсэн байх ба уг итгэмжлэлээр тээврийн хэрэгслэлийг худалдан борлуулах, төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангасан байх тул нэхэмжлэгчийг хариуцагчид худалдсан дээрх автомашины үнийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх 32, 81-82/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2022/01974 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ