Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/02058

 

 

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо,  байр,  тоотод оршин суух, БНСУ-ын иргэн П /ПД:********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  дугаар хороо,  гудамж,  тоотод байрлах, Б ХХК /РД:************/,

Хариуцагч: Х дүүрэг,  дугаар хороо, гудамж,  дугаар байр,  тоотод оршин суух, Ж овогт Б-ны Б /РД:******/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүрэгт 156 973 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б-ын иргэн П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

Хариуцагч: Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Б.Б-ын өмгөөлөгч Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б-ын иргэн П нь хариуцагч Б ХХК, Б.Бнарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 156 973 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Б-ын иргэн П Монгол улсад ажиллаж байх хугацаанд Б.Б-тай танилцаж хамтарсан бизнес хийхээр тохиролцож 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж түүнд 22 000 ам.долларыг хүлээлгэн өгсөн билээ. Гэрээний нөхцөл нь 2 талаас адил 22 000 ам.доллар гаргаж хамтарсан бизнес хийхээр тохирсон. Энэхүү гэрээний дагуу 2010 оны 2 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарыг дуустал 7 жилийн хугацаанд сар бүр 1 000 000 төгрөгийг П-д төлж байхаар тохиролцож гэрээ нотариатаар баталгаажуулсан юм. Энэ гэрээний дагуу Б.Б сар бүр 1 000 000 төгрөг жилдээ 12 000 000 төгрөг, 7 жилд 84 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч эхний жил 15 550 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 68 450 000 төгрөг одоо болтол төлөөгүй бөгөөд гэрээний 4.2-т заасны дагуу биелүүлээгүй үүргийн дүнгийн 1 хувь торгууль, үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Б.Б нь бодит байдалд өөрөөсөө ямар ч мөнгө гаргаагүй 3 хороололд байрлалтай “***” шөнийн баарыг миний мөнгөөр бүрэн тохижуулж өдөр бүр ажиллуулж үлэмж их ашиг олсон, одоо ч ажиллаж байна. Энэ хүн Б-ын иргэнийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө авч бизнес эрхлэн, олсон ашгаасаа төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, шүүх хуулийн байгууллагыг үл тоомсорлон хаяг, байршлаа нууцалж, зугтаж 2 жил гаруй хугацаанд шударга шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс зайлсхийж шүүхээс болон цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.Б-аас төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, утсаар ярих, мессэж бичиж шаардахад олон арван удаа худал хэлж төлбөрийг төлнө, бөөнөөр нь их хэмжээний мөнгө төлнө гэж худал ярьж ирсэн юм. Б.Б-гын энэ үйлдэл, зан араншин, бусдыг хууран мэхэлсэн мөнгөөр нь бизнес эрхэлж буй нь Монгол улсын нэр хүндийг гадаадад унагаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэж байна. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гарсны дараа олон улсад Б.Б мэтийн худал ярьж бусдын хөрөнгийг завшиж хууран мэхлэгчид хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байгааг олон нийтэд хүргэх шаардлагатай гэж үзэж байна. Б.Б нь миний 22 000 ам.доллар түүнтэй тэнцэх мөнгийг хамтарч бизнес хийх нэрээр авсан, эхний үед төлбөр төлж байсан банкны гүйлгээ, олон удаагийн мессеж, амлалт зэрэг хөдөлшгүй баримтыг БНСУ болон Монгол улсын банк, холбогдох байгууллагаас гаргуулан авч нотариатын болон апостилын баталгааг гаргуулж орчуулгын товчоогоор орчуулга хийлгэж нотлох баримтаар танай шүүхэд хүргүүлж байна. Б ХХК-ний захирал гэх Монгол улсын иргэн Б.Б-аас 22 000 ам.доллар буюу 2017 оны Монгол банкны ханшаар тооцоход 53 614 000 төгрөг, 7 жилийн хугацаанд манай талд төлөх төлбөр 68 450 000 төгрөг, торгууль 1 хувиар бодоход 684 500 төгрөг, алданги гүйцэтгээгүй үнийн дүнг хоногийн 0,5 хувиар тооцож үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 34 225 000 төгрөг, нийт 156 973 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагчаар Б ХХК болон Б.Б нарыг тодорхойлсон, гэрээг анхнаасаа Б ХХК-ийн захирал гэж Б.Б нь байгуулсан учраас хариуцагч нараас нэхэмжилж байна гэсэн.

 

            2.Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: Би П гэх хүнтэй ахтайгаа хамт танилцаж байсан. Би энэ хүнтэй танилцсаны дараа 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдөр П-тэй гэрээ хамтран ажиллах гэрээг байгуулсан нь үнэн. Гэхдээ гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа хийгээгүй, гэрээ байгуулж хамтран ажиллана гэсэн боловч өөрөө мөнгөө надад болон компанид шилжүүлээгүй. Манай ах Б.Б-тай хамтран ажилладаг, машины бизнес хийдэг байсан. Манай ах Б нь хамтран ажиллаж байсан учраас П-ийн дансаар мөнгө хийдэг байсан, би ахынхаа бизнесийн мөнгийг нь шилжүүлж байсан. Энэ талаар нэхэмжлэгч бүгдийг нь мэдэж байгаа. Нэхэмжлэгч Монгол Улсаас ашиг хүртээд явна гэсэн бодолтой Монгол улсад орж ирсэн. Яагаад би аваагүй мөнгийг надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Би энэ хүнтэй ямарваа нэгэн харилцаа, хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Миний 10 жилийн өмнөх гэрийн хаягаар намайг эрэн сурвалжлуулсан байсан. Намайг 48-98 гэсэн машиныг зарж борлуулж, хөрөнгөө нуусан гээд байна. Миний нэр дээр өчнөөн үл хөдлөх хөрөнгө байгаа. Би ганц ч хөрөнгөө нууж, энэ хүнийг залилж, энэ мөнгийг аваагүй. Одоо энэ хүний ажиллуулж ашиг олж байгаа гээд байгаа газар нь ч ажиллаж л байгаа. Надтай хамтарч ажиллана гэсэн боловч гэрээ байгуулаад л алга болсон, гэрээг хийхэд орчуулагч байсан. Би англи хэл мэдэхгүй, энэ хүнтэй харилцаж ч байгаагүй. Харин ахын шилжүүлээрэй гэсэн мөнгийг бол шилжүүлж байсан. Ах Б.Б-наас мөнгөө авч чадахгүй болохоор гэрээ байгуулсан Б.Б гээд дүүгээс нь авъя гэж бодоод байгаа юм уу би сайн мэдэхгүй байна. Надад нэхэмжлэгчээс авч ашигласан, хөрөнгө оруулалт авсан нэг ч мөнгө байхгүй, манай ахтай хамтран бизнес хийж байсан, машин зарж байсан, ах маань надаар мөнгө шилжүүлүүлж байсан, хэрвээ ямар нэгэн тооцоо байгаа бол тухайн хүнтэйгээр тооцохгүй, надаас хэрэгжээгүй гэрээний дагуу нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна гэв. 

 

   3.Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б ХХК гадаад худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан. Ер нь бол 2016 оноос машины тусгай тоноглол гадаад улсаас оруулж ирж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж ирсэн. Шүүхээс мэдэгдэл ирсний дагуу бид нэхэмжлэлээ гардаж авсан. Нэхэмжлэлийн шаардлагаас Б ХХК-ийг хариуцагчаар татаагүй байна гэж харж байна. Компаниас ямар хэмжээний төлбөр шаардаад байгаа, нэхэмжлэлийн үндэслэл нь юу вэ гэдэг нь харагдахгүй байна. Энэ гэрээн дээр манай захирал гарын үсэг зурсан боловч энэ гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийгдээгүй. Компанийн болон захирлын дансаар нь ямар ч мөнгө шилжиж орж ирээгүй, Б ХХК тухайн үйл ажиллагаагаа өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд үйл ажиллагаа явуулж ирсэн. Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох баримт байхгүй байна гэж харж байгаа. Хариуцагч компанийн дансыг битүүмжилсэн. Үүнтэй холбоотой компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүндрэлтэй байдал үүсгэж байгаад гомдолтой байна. Б ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 4.Нэхэмжлэгчээс Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах №11 тоот гэрээ, Notarial certificate, Declaration гэх гадаад хэл дээрх баримтууд, Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний англи хэл дээрх хувь, Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний солонгос хэл дээрх хувь, мөнгөн гүйлгээний задаргаа, банкаас мөнгө шилжүүлсэн баримтын монгол хэл дээрх хувь, мөнгөн дүн бүхий хүснэгт, хадгаламжийн гүйлгээний тодорхойлолт, П гийн ******* тоот  Голомт банк ХХК-ийн дансны хуулга, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дансны хуулга авсан баримт, БНСУ-ын иргэн П гийн Гадаад пасспортын хуулбар, Ц.О-ын иргэний үнэмлэхний хуулбар, №******* дугаартай Өмгөөлөгчийн үнэмлэхний хуулбар, гэрэл зураг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зөвшөөрлийн бичиг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №1/20 тоот Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төв ТББ, БНСУ-ын иргэн П нарын байгуулсан Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б буюу Bonsuu /******/ дугаар руу П-гийн англиар бичсэн мессежний хуулбар, түүний Монгол хэл дээрх орчуулга, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тунхаглал, *****-****** тоот П-гийн Эрүүл мэндийн дэвтрийн хуулбар гэрчилгээ, **********дугаар Б-ын иргэн П-гийн Шинжилгээний хариу, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***/*****/******* дүгээр шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ****/*******/********* дугаар “Хэрэг шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***/*******/******** дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” Ерөнхий шүүгчийн захирамж, ****УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, *****УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Б.Б-ын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн лавлагаа, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Х дүүргийн Татварын хэлтсийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зөвшөөрлийн бичиг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эрх олгох захидал, Т.М-ын иргэний үнэмлэхний хуулбар, Т.М-ын докторын дипломын хуулбар /англи хэл дээрх/, монгол хэл рүү орчуулсан орчуулга, Т.М-ын магистрын дипломын хуулбар /англи хэл дээрх/, монгол хэл рүү орчуулсан орчуулга, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б-ын иргэн П гээс Ц.О-т олгосон итгэмжлэл, Б-ын иргэн П гийн пасспортын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б-ын иргэн П гээс Ц.О--т олгосон итгэмжлэл /солонгос хэл дээрх/, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-ын иргэн П гээс Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гаргасан гомдол /орчуулгаар баталгаажуулсан/ /хх-ийн 5-120, 159-168, 195-203-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Б ХХК-иас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22/18 тоот Б ХХК-иас Т.М-д олгосон итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22/10 тоот Б ХХК-иас Б.Н-д олгосон итгэмжлэл, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2204 дугаарт бүртгэлтэй Б.Б-гын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Г ХХК-ийн Тендерийн баталгаа, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10/105 тоот Голомт банкны тодорхойлолт, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22/25 тоот Б ХХК-иас Г.Н-д олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22/67 тоот Б ХХК-иас Б.З-д олгосон итгэмжлэл, Б ХХК-ийн компанийн дүрэм гэсэн /хх-ийн 125, 135-136, 149-151, 173, 191, 204-206-р хуудас/ баримтуудыг,

хариуцагч Б.Б-аас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б.Б-аас Т.М-д олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б.Б-аас Г.Н-д олгосон итгэмжлэл гэсэн /хх-ийн 130, 174-р хуудас/  баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч Б-ын иргэн П нь хариуцагч Б ХХК болон түүний гүйцэтгэх захирал Б.Б-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллахаар харилцан тохиролцож 22 000 ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд гэрээнд зааснаар 7 жилийн хугацаанд сар бүр 1 000 000 төгрөгийг төлж байхаар харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул оруулсан хөрөнгө болох 22 000 ам.доллар буюу 53 614 000 төгрөг, төлөх төлбөр 68 450 000 төгрөг, торгууль 684 500 төгрөг, алданги 34 225 000 төгрөг, нийт 156 973 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.  

3.Хариуцагч нь Б.Б нь нэхэмжлэгч Б-ын иргэн П-тэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан боловч хөрөнгө оруулалтаа хийгээгүй, миний болон компаний дансанд ямар ч мөнгө орж ирээгүй, гэрээ хэрэгжээгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П нь компаниас хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй, гэрээнд тус компанийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан боловч энэ гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийгдээгүй, Б ХХК-ийн дансанд хөрөнгө оруулсан гэх 22 000 ам.доллар нь шилжээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигч талууд 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах №** тоот гэрээ байгуулж, нэг талаас Б  ХХК-ийн захирал Б.Болортулга, нөгөө талаас Солонгос улсын иргэн П нар харилцан тохиролцож, 50 хувь, 50 хувийн хөрөнгө оруулахаар хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх, гэрээ хэрэгжсэн эсэх талаар байна, гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсгээ зурсан талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

Талуудын байгуулсан 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний 1.2-д “хамтран ажиллах үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараах байдлаар хариуцан гаргана.  А тал нь 50 хувь, 22 000 доллар, Б тал нь 50 хувь, 22 000 доллар” гэжээ.

            Мөн гэрээний 1.3-д “хамтын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг талууд дараах байдлаар зохион байгуулна. А тал нь Б талдаа сар бүрийн ашгаас 800 000-1 000 000 төгрөг өгнө”, 1.4-т “гэрээний хугацаа 7 жил байна. Дээрх үнийн дүн нь зөвхөн 1 жилийн доторх хүчинтэй байх бөгөөд дараагийн жилүүдийн үнийн дүнг харилцан тохиролцоно. Сард төлөх үнийн дүнг 800 000 төгрөгнөөс дээш байна” гэж заасан байна.

 

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчид хөрөнгө оруулалт болох 22 000 ам.долларыг шилжүүлсэн, хөрөнгө оруулсан тул гэрээнд зааснаар ашиг болох сар бүр төлөх төлөх төлбөр 68 450 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй торгууль 684 500 төгрөг, алданги 34 225 000 төгрөг, нийт 156 973 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

            Талуудын байгуулсан 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний 4.2-д “талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед нөгөө талдаа дараах байдлаар торгуул эсхүл алданги төлнө. Үүргийн үнийн дүнгийн 1 хувь торгууль төлнө, үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0,5 хувийн алданги төлнө” гэж харилцан тохиролцжээ.

            Гэвч хариуцагч нар нь гэрээнд гарын үсэг зурсан, гэрээг байгуулсан талаар маргаагүй боловч гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Б-ын иргэн П нь хөрөнгө оруулалтаа хийгээгүй, 22 000 ам.долларыг шилжүүлж өгөөгүй гэж мэтгэлцсэн.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран ажиллах гэрээний үүрэгт хөрөнгө оруулалт буюу 26 063 907 вон буюу 29 942 433 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны баримтаар нотлогдоно гэж мөнгө шилжүүлсэн англи хэл дээрх болон солонгос хэл дээрх баримтыг монгол хэл дээр орчуулан нотлох баримтаар ирүүлсэн боловч  2010 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2010 оны 02 дугаар сарын 23-ны хүртлэх хугацааны мөнгөн шилжүүлгийн баримт дээр “шинхан:Монгол бунсу, шинхан:Батчулуун” гэсэн байх тул энэ мөнгийг хариуцагч Б ХХК болон Б.Болортулгад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв. /хх-ийн 21, 22, 28-р хуудас/

Мөн хариуцагч нь хөрөнгө оруулалт болох 22 000 ам.долларыг шилжүүлэн авсан тул гэрээний үүргээ биелүүлж сар болгон ашиг хуваарилж байсан болох нь түүний нэхэмжлэгчид 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 14 950 000 төгрөгийг шилжүүлж байсан баримт, мөнгөө төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй харилцаж байсан гар утасны мессежээр нотлогдоно гэсэн.

 

 Хэрэгт авагдсан нэхэмжлэгч П гийн 2705003051 тоот Голомт банк ХХК-ийн дансны хуулгаар “хариуцагч Б.Б-аас орлого 2010.04.02-нд 950 000 төгрөг, 2010.05.08-нд орлого 900 000 төгрөг, 2010.05.11-нд орлого 7 000 000 төгрөг Болорчулуунаас, 2010.06.22-нд орлого 1 600 000 төгрөг Болортулгаас, 2010.08.16-нд орлого 6 800 000 төгрөг Болорчулуун, 2010.09.01-нд орлого 1 600 000 төгрөг Болортулгаас, 2010.09.18-нд орлого 1 000 000 төгрөг Болортулгаас, 2010.09.21-нд 1 000 000 төгрөг орлого Болортулгаас, 2010.10.10-нд орлого 1 000 000 төгрөг Болортулгаас, 2010.11.13-нд орлого 1 000 000 төгрөг Болортулгаас, 2010.12.09-нд орлого 1 000 000 төгрөг Болортулгаас, 2011.01.24-нд орлого 1 000 000 төгрөг Болорчулуунаас, 2011.03.19-нд орлого 1 000 000 төгрөг Болортулгаас, 2011.05.22-нд орлого 800 000 төгрөг Болортулгаас, 2011.06.12-нд орлого 1 600 000 төгрөг Болортулгаас, 2012.10.25-нд орлого 500 000 төгрөг Болортулгаас” гэсэн шилжүүлэг хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээрх мөнгийг хамтран ажиллах гэрээний ашгийг хувиарлаагүй, гэрээ хэрэгжээгүй учраас хамтын үйл ажиллагаатай холбоотой ашиг гэж байхгүй, түүний ах Б.Болорчулуун нь нэхэмжлэгчтэй бизнес хийдэг байсан тул түүний мөнгийг шилжүүлсэн гэж мэтгэлцсэн.

Талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний 1.3-д “...А тал нь Б талдаа сар бүрийн ашгаас 800 000-1 000 000 төгрөг өгнө”, 1.4-т “...Дээрх үнийн дүн нь зөвхөн 1 жилийн доторх хүчинтэй байх бөгөөд дараагийн жилүүдийн үнийн дүнг харилцан тохиролцоно. Сард төлөх үнийн дүнг 800 000 төгрөгнөөс дээш байна” гэж заасан байх бөгөөд хариуцагчийн шилжүүлсэн гэх мөнгө нь талуудын харилцан тохиролцсноос зөрүүтэй, хариуцагч Б ХХК-иас ямар нэгэн шилжүүлэг хийгдээгүй, Б.Б-наас мөн орлого хийж байсан байх тул уг мөнгийг хамтран ажиллах гэрээний ашгийг хувиарласан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нь нотлогдохгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг нотлох баримтаар ирүүлсэн гар утасны мессежэд “Болортулгаас нэхэмжлэгчид мөнгийг төлнө гэж байсан” гэж тайлбарласан боловч хариуцагч Б.Б нь мессежид дурдагдсан 94111717 дугаар нь миний дугаар биш, Вонсуу гэдэг нь миний нэр биш гэж мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, Вонсуу гэдэг нь Б.Б, 9111**** гэсэн дугаар нь түүний утасны дугаар гэдгийг нотлох баримтыг ирүүлээгүй, уг баримтыг өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хандан хүсэлт гаргах, гар утасны мессежид үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, хариуцагч Б ХХК-нд болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Б.Б-д 22 000 ам.долларын хөрөнгийг оруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Мөн талуудын хооронд хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-д заасан хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго нь тодорхойгүй, гэрээний хугацаа нь 7 жилийн хугацаатай буюу хариуцагчид гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх нь үүссэн байхад хариуцагч Б ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан талаарх баримтгүй байх тул нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П гийн хариуцагч Б ХХК, Б.Б нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 156 973 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

  

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ын иргэн П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  942 817 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар 186.1, 476 дугаар зүйлийн 476.1зааснаар нэхэмжлэгч Б-ын иргэн П-гийн хариуцагч Б ХХК, Б.Б нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 156 973 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942 817 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН