Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01787

 

210/МА2023/01787 

  

БНСУ-ын иргэн П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02184 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК, Б.Б нарт холбогдох, гэрээний үүрэгт 156,973,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: БНСУ-ын иргэн П нь Монгол улсад ажиллаж байх хугацаандаа Б.Б-тай танилцаж, хамтран бизнес хийхээр тохиролцож, 2010 оны 10 сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, түүнд 22,000 ам.долларыг хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээний дагуу 2010 оны 02 сараас 2017 оны 02 сарыг дуустал 7 жилийн хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийг П-д төлж байхаар тохиролцож гэрээг нотариатаар баталгаажуулсан. Энэхүү гэрээний дагуу Б.Б сар бүр 1,000,000 төгрөг, жилдээ 12,000,000 төгрөг, 7 жилд 84,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч эхний жил 15,550,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 68,450,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Гэрээний 4.2-т заасны дагуу биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувь торгууль, үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Б.Б нь бодит байдалд өөрөөсөө ямар ч мөнгө гаргаагүй. Баянгол дүүрэгт байрлалтай Милланж шөнийн баарыг миний мөнгөөр бүрэн тохижуулж, өдөр бүр ажиллуулж, үлэмж их ашиг олсон, одоо ч ажиллаж байна. Б.Б-ас төлбөрийг төлж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, утсаар ярих, мессеж бичих зэргээр шаардахад төлбөрийг төлнө, бөөнөөр нь их хэмжээний мөнгө төлнө гэж худал ярьж ирсэн. Иймд Б ХХК-ийн захирал Б.Бас 22,000 ам.доллар буюу 2017 оны Монгол банкны ханшаар тооцоход 53,614,000 төгрөг, 7 жилийн хугацаанд манай талд төлөх төлбөр 68,450,000 төгрөг, торгууль 1 хувиар бодоход 684,500 төгрөг, алданги гүйцэтгээгүй үнийн дүнг хоногийн 0,5 хувиар тооцож үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 34,225,000 төгрөг, нийт 156,973,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч Б ХХК, Б.Б нар хариу тайлбартаа: Миний бие ах Б.Б-ны хамт П гэх хүнтэй танилцаж байсан. 2010 оны 02 сарын 08-ны өдөр П-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ П гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа хийгээгүй, гэрээ байгуулж хамтран ажиллана гэсэн боловч өөрөө мөнгөө шилжүүлээгүй. Манай ах Б.Б-тай хамтран ажилладаг, машины бизнес хийдэг байсан. Б.Б нь хамтран ажиллаж байсан учраас би П-ийн дансаар ахынхаа бизнесийн мөнгийг нь шилжүүлж байсан. Энэ талаар нэхэмжлэгч бүгдийг нь мэдэж байгаа. Яагаад миний аваагүй мөнгийг надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Надтай хамтарч ажиллана гэсэн боловч гэрээ байгуулаад л алга болсон. Харин ахын шилжүүлээрэй гэсэн мөнгийг бол шилжүүлж байсан. Надад нэхэмжлэгчээс авч ашигласан, хөрөнгө оруулалт авсан нэг ч мөнгө байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-гийн хариуцагч Б ХХК, Б.Б нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 156,973,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,817 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. П миний бие 2010 оны 10 сарын 08-ны өдөр англи, монгол хэл дээр хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж, Б.Б-ын ах Б.Б, орчуулагч Д.О нарын хамт нотариатаар гэрээг батлуулж, дараа нь Ч ресторанд хоол идэж, Ард кино театрын дэргэдэх Экспресс нэртэй мөнгө солих төвөөс 2,000 долларыг монгол төгрөгөөр солиулж Д.О-ээр дамжуулж Б.Б-д бэлнээр өгсөн. Энэ бүхэн гэрчтэй. Д.О нь миний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээр шалтаглан Хан-Уул дүүргийн шүүх хуралд түүнийг гэрчээр оролцуулаагүй зөвхөн ажиглагчаар байлцуулсан. Түүнчлэн, 20,000 ам доллар түүнтэй тэнцэх воныг Б.Бын гуйлтаар БНСУ-ын Ш банк дахь н.Б гэх дансанд П миний *** дугаартай данснаас шилжүүлсэн. Б.Б нь тухайн үед өөрөө надад н.Б гэсэн нэртэй БНСУ дахь дансыг өгсөн ба БНСУ-ын Ш банк Монгол улсаас албан ёсны шүүхийн тогтоол гаргаж ирсэн нөхцөлд тухайн мөнгийг хэн гардаж авсныг тогтоож болно гэсэн. БНСУ-ын хуулийн дагуу өмгөөлөгчөөр дамжуулан Хан-Уул дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн шүүхээс уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч Б.Б түүний өмгөөлөгч нар хөөцөлдөж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон учраас тус банкнаас баримтыг ирүүлэх боломжгүй болгоод байна. Шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Б.Б зөвхөн миний мөнгөөр М бaapыr тохижуулж, үйл ажиллагаа явуулж, өнөөдөр хүртэл ашиг орлого олсоор байна. Б.Б нь миний мөнгийг авсныг нотлох баримт нь П-гийн Гны *** тоот дансанд 2010 оны 04 сарын 02-ны өдрөөс 2012 оны 10 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр мөнгө шилжүүлж байсан нь надад cap тутам орох хөрөнгө гэдэг нь тодорхой, ойлгомжтой байхад шүүгч ...энэ мөнгө нь Б.Б-д машин худалдсаны мөнгө... гэж шүүхийн тогтоол дурдсан нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Б.Б-ын ах Б.Б  бид 2 цөөхөн удаа автомашины наймаа хийсэн боловч бид төлбөр тооцоог зөвхөн хоорондоо өгч, авалцсан. Иймд автомашины худалдаа Б.Б-д огт хамааралгүй, 800,000-1,000,000 төгрөгийн өртөгтэй автомашин гэж байхгүй.

4.3. Хариуцагч Б.Б нь 2012 оноос хойш надаас байнга зугтааж Монголд ирэхэд нэг ч уулздаггүй, утсаар, эсхүл мессежээр л харьцдаг байсан. Б.Б, түүний өмгөөлөгч нар Сонгинохайрхан дүүргийн бүх шүүгч нараас татгалзаж болдгийг сонсоод би их гайхсан. Хан-Уул дүүргийн шүүхэд миний хэрэг ирсэн өдрөө шүүгч тогтоол гаргаж хураагдсан, битүүмжилсэн Лексус автомашинаа чөлөөлүүлж авч явсан ноцтой баримт байдаг. Энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэн, цаашдаа ч тэмцэж Монгол, Солонгосын олон нийтэд үнэнийг хэлэх болно.

4.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн *** тоот магадлалд заасан шаардлагуудыг анхан шатны шүүх огт хангаагүй.

4.5. Б.Б *** гар утасны дугаарыг эзэмшиж байгаагүй гэж удаа дараа шүүхэд худалж мэдүүлсэн. Энэ дугаараас удаа дараа мессеж, цахим зурвас бичиж байсныг үгүйсгэж байсан боловч энэ нь Мобикомын лавлагаагаар худал болох нь илчлэгдсэн. Б.Б ямагт зугтааж, бүтэн 5 жил шүүх, хуулийн байгууллагаар тоглож, миний мөнгийг завших оролдлогыг хийж байгааг таслан зогсоож, Б.Б-д мөнгийг биечлэн гардуулж өгсөн гэрч Д.О болон Б.Б-ын ах Б.Б, эгч Б.С нарыг байлцуулан өөр дүүргийн шүүхээр хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийг хүсч байна.

4.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу БНСУ-ын Ш банк, Г ХК, гаалийн байгууллагаас холбогдох бичиг баримтуудыг бүрэн гаргуулж, энэхүү хэргийг шинээр дахин шийдэж өгөхийг хүсэж байна.

4.7. Д.Э шүүгч шүүх хуралдаан болохоос 10-аад хоногийн өмнө Б.Б-ын талаас яльгүй шалтаг зааж хурлыг хойшлуулах үед бид олон удаа ирж хохирч байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдэхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болно гэж тайлбарласан атлаа шүүх хурлыг эхлэхэд гаргасан нэхэмжлэлийг шууд хүлээж авахаас татгалзаж, зөвхөн хариуцагч талд үйлчилж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Шүүгч Д.Э анхнаасаа асуудалд илт шударга бусаар хандаж байгаа нь надад ажиглагдсан. Б.Б-ын өмгөөлөгч гэх залуучууд хөгшин настай намайг дооглон инээлдэж, манай өмгөөлөгч рүү дайрч доромжилж байхад ямар ч арга хэмжээ авдаггүй атлаа, манай өмгөөлөгчийг няцаалт хийх, тайлбар өгөхөд, шүүгч заалнаас албадан гаргах тухай сануулга өгч, нэг талд үйлчилж байгааг би анзаарч орчуулагчаасаа лавлахад тэдний бүдүүлэг үг яриаг бүгдийг нь орчуулах боломжгүй гэж надад хэлж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гэрч нарыг байлцуулан, нотлох баримтуудыг бүрдүүлэн хэргийг дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

5.   Хариуцагч Б ХХК, Б.Б нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол үндэслэлгүй. П 20,000 ам.долларыг Б.Б-ын гуйлтаар Солонгос улсын Ш банканд дахь н.Б гэдэг дансанд П-гийн дугаар данснаас шилжүүлсэн гэдэг. Хэрэгт авагдсан Ш банкнаас Б.Б, н.Б нарын нэр дээр ямар нэгэн данс байхгүй гэдэг тодорхойлолтыг ирүүлсэн. Энэ тодорхойлолт ирсний дараа П шүүх хуралдаанд би Сонгинохайрхан дүүрэгт байрлах Б.Б-ын гэрт очиход эгч, дүү 5 хүн байсан бөгөөд Б.С-д 20,000 ам.долларыг өгсөн гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл Б.Б-ын гэр бүлд Б.С гэдэг нэртэй хамаатан, садан байдаггүй. Энэ талаар нотлох баримт байхгүй. Шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан гэдэг. Сонгинохайрхан дүүргээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу хариуцагчийн оршин сууж байгаа харьяаллыг зөрчсөн гэж үзэж, шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу шилжүүлсэн. Шилжүүлсэн үйл баримтад зохигч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргаагүй. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгч нэхэмжлэгчээс мобикомын мессежид үзлэг хийлгэх үү гэж асуусан. Үзлэг хийлгэхгүй гэж хариулсан. Хариуцагчийн өмгөөлөгч би эрх зүйн үр дагавартай шүү Ц.О өмгөөлөгчөө, эрх зүйн үр дагаврыг ойлгож байгаа юу, дараа нь энэ нотлох баримт, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа шүү гэдгийг даргалагч шүүгч хэлсэн, миний зүгээс мөн хэлсэн. Үүнийг шүүхийн буруу гэж тайлбарлаж, гомдол гаргах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Б.Б нь 2012 оноос хойш надаас байнга зугтаж, Монголд ирэхэд нэг ч уулздаггүй, бүх шүүгчдээс татгалзаж, автомашинаа чөлөөлүүлж авсан ноцтой үйл баримт тогтоогдсон гэдэг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад нь би өмгөөлөгчөөр оролцож, апостил хийлгээгүй, итгэмжлэл нь өөрөө хуульд нийцээгүй, нэхэмжлэл нь хуульд нийцээгүй байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэлийг буцаасан эрх зүйн үр дагавар нь мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар чөлөөлөгддөг. Үүний дараа дахин нэхэмжлэл гаргаж, дансыг битүүмжлэх хүсэлт гаргасан. Хариуцагчийн зүгээс удаа дараа 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээнд 1,000,000,000 гаруй төгрөгийн хаусыг барьцаанд сольё гэдэг хүсэлтийг тавьсан. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Гэрчийг оролцуулаагүй гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрчээр оролцох боломжгүй этгээд бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ц.О болон гэрчээр оролцуулах гэж байгаа Д.Отгонцэцэг нар үйлдэж, Д.О-т итгэмжлэл өгч, 2019 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг буцааж, эрэн сурвалжлуулсан үйл баримт байна. Дараа дараагийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эхэлж оролцож байгаад дараа нь гэрчээр оролцуулъя гэдэг бөгөөд гэрчээр оролцуулаагүй нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал байхгүй. Талуудын маргаагүй үйл баримтад шүүх дүгнэлт хийхгүй байх нь хуульд нийцэх үндэслэлд хамаарч байгаа. Өөрөө энэ байдлаар тайлбарлаж дараа нь шилжүүлсэн, бэлнээр өгсөн гэдэг, мөнгө шилжүүлсэн үйл баримт нь зохигчийн хувьд зөрүүтэй байгаа нь бичмэл нотлох баримтын хувьд нотлогдоогүй учир үүнийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2.   Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П /P/ нь хариуцагч Б ХХК, Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 22,000 ам.доллар буюу 53,614,000 төгрөг, 7 жилийн хугацаанд төлөх 68,450,000 төгрөг, торгууль 1% буюу 684,500 төгрөг, алданги 34,225,000 төгрөг, нийт 156,973,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /1хх 1-3/

Дээрх шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээг Б ХХК байгуулсан боловч гэрээний дагуу хөрөнгө оруулалт огт хүлээн аваагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна. /1хх 207-210/

 

3.   БНСУ-ын иргэн П /P/ болон Б ХХК-ийн захирал Б.Б нар 2010 оны 02 сарын 08-ны өдөр 11 тоот Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр гэрээний талууд 50%, 50%-ийн хөрөнгө оруулалт буюу тус бүр 22,000 ам.доллар гаргаж хамтран ажиллах, Б ХХК-ийн захирал Б.Б нь БНСУ-ын иргэн П /P/-д сар бүрийн ашгаас 800,000 1,000,000 төгрөг өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 5-6/

 

4.   Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зохицуулжээ.

Дээрх гэрээний удиртгал хэсэгт ...Нэг талаас ... Б ХХК-ийн захирал Б овогтой Б... гэж бичсэнээс үзвэл Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээ-ний нэг тал нь иргэн Б.Б-ыг гэж үзэхээр байна. /1хх 5/

Иймд хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.   БНСУ-ын иргэн П /P/ болон Б ХХК-ийн захирал Б.Б нарын байгуулсан 2010 оны 02 сарын 08-ны өдрийн *** тоот Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байх боловч мөн зүйлийн 476.3.2, 476.3.5-д тус тус заасан хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, алдагдлыг хуваарилах журам-ыг гэрээнд тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т заасан хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд гэрээнд тусгах зүйлийг тусгаагүй байна.

Иймд 2010 оны 02 сарын 08-ны өдрийн *** тоот Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээ-г байгуулагдаагүй гэж үзнэ.

 

6.   Нэхэмжлэгч нь байгуулагдаагүй гэрээг үндэслэн сар бүрийн ашиг, торгууль, алданги шаардах эрхгүй.

Түүнчлэн, хариуцагч нь 7 жилийн хугацаанд сар бүр ашигтай ажилласан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

7.   Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 сарын 08-ны өдрийн 11 тоот Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх боловч хариуцагч Б.Б нь бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй юм.

 

8.   Хэрэгт авагдсан 2010 оны 02 сарын 08-ны өдрийн 11 тоот Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээ-нд тусгагдсан нөхцөл, БНСУ-ын Ү банкны Хадгаламжийн гүйлгээний тодорхойлолт, түүнд дурдагдсан интернет төлбөрийн гүйлгээнүүд, тэдгээрийн огноо, БНСУ-ын иргэн П /P/-гийн эзэмшлийн Г дахь дансны хуулга, түүнд дурдагдсан Б.Б *** гэсэн утгатай орлогын гүйлгээнүүд, тэдгээрийн огноо, үнийн дүн зэргийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн харьцуулан дүгнээд ...Б.Б-тай ... хамтарч бизнес хийхээр тохиролцож, 2010 оны 10 сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, түүнд 22,000 ам.долларыг хүлээлгэн өгсөн... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзлээ. /1хх 5-6, 26-28, 32-37/

 

9.   Хариуцагч Б.Б нь 2010 оны 04 сарын 02-ны өдрөөс 2012 оны 10 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П /P/-гийн эзэмшлийн Г дахь дансанд нийт 14 удаагийн гүйлгээгээр, нийт 14,950,000 төгрөгийг Б.Б *** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх 32-37/

Хариуцагч нь дээрх шилжүүлгийг ...ах Б.Б-ы шилжүүлүүлсэн мөнгө... гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

22,000 ам.долларыг нэхэмжлэгчийн тодорхойлсон 2017 оны 09 сарын 06-ны өдрийн ам.доллартай харьцах төгрөгийн албан ёсны ханш 2,437 төгрөгөөр тооцоход хариуцагч Б.Б нь нийт 53,614,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Иймд хариуцагч Б.Бас 53,614,000 14,950,000 = 38,664,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

10.   Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байх боловч талууд 2010 оны 02 сарын 08-ны өдрийн *** тоот Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээ-г 7 жилийн хугацаатай байгуулсан, мөн нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 сарын 12-ны өдөр шүүхэд гаргаж байсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

11.   Шүүх хуралдааны тэмдэглэлд техникийн алдаа гаргасан гэх асуудал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

12.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02184 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Б-ас 38,664,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-д олгож, үлдэх 118,309,500 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Б ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Б.Б-ас улсын тэмдэгтийн хураамжид 351,270 төгрөгийг гаргуулан БНСУ-ын иргэн П-д буцаан олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 942,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР