Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01602

 

 

 

 

 

 

 

 

 

БНСУ-ын иргэн П--гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02058 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П--гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХХК, Б.Б-нарт холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 156,973,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,Б-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Б.Б-ын өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 1.БНСУ-ын иргэн П- Монгол улсад ажиллаж байх хугацаанд Б.Б-атай танилцаж хамтарсан бизнес хийхээр тохиролцож 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, түүнд 22,000 ам.долларыг хүлээлгэн өгсөн. Гэрээний нөхцөл нь 2 талаас адил 22,000 ам.доллар гаргаж хамтарсан бизнес хийхээр тохирсон. Энэхүү гэрээний дагуу 2010 оны 02 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарыг дуустал 7 жилийн хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгийг П--д төлж байхаар тохиролцож гэрээг нотариатаар баталгаажуулсан. Энэ гэрээний дагуу Б.Б-сар бүр 1,000,000 төгрөг жилд 12,000,000 төгрөг, 7 жилд 84,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч эхний жил 15,550,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 68,450,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 4.2-т заасны дагуу биелүүлээгүй үүргийн дүнгийн 1 хувь торгууль, үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Б.Б-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар ярих, мессэж бичихэд төлнө гэж худал ярьсаар ирсэн.Б ХХК-ийн захирал Б.Б-аас 22,000 ам.доллар буюу 2017 оны Монгол банкны ханшаар тооцоход 53,614,000 төгрөг, 7 жилийн хугацаанд манай талд төлөх төлбөр 68,450,000 төгрөг, торгууль 1 хувиар бодоход 684,500 төгрөг, алданги гүйцэтгээгүй үнийн дүнг хоногийн 0,5 хувиар тооцож үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 34,225,000 төгрөг, нийт 156,973,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаар Б ХХК болон Б.Б-нарыг тодорхойлсон гэжээ.

2.Хариуцагч Б.Б-ын татгалзал, тайлбарын агуулга: 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр БНСУ-ын иргэн П--тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан нь үнэн. Гэхдээ гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа хийгээгүй, гэрээ байгуулж хамтран ажиллана гэсэн боловч надад болон компанид мөнгөө шилжүүлээгүй. Манай ах Б.Ботай хамтран ажилладаг, машины бизнес хийдэг байсан. Манай ах Б.Бо нь хамтран ажиллаж байсан учраас БНСУ-ын иргэн П--ийн дансаар мөнгө хийдэг байсан, би ахынхаа бизнесийн мөнгийг нь шилжүүлж байсан. Надад нэхэмжлэгчээс авч ашигласан, хөрөнгө оруулалт авсан нэг ч мөнгө байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Б ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:Б ХХК гадаад худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан. Ер нь бол 2016 оноос машины тусгай тоноглол гадаад улсаас оруулж ирж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж ирсэн. Компаниас ямар хэмжээний төлбөр шаардаад байгаа, нэхэмжлэлийн үндэслэл нь юу вэ гэдэг нь харагдахгүй байна. Энэ гэрээн дээр захирал гарын үсэг зурсан боловч энэ гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийгдээгүй. Хариуцагч компанийн дансыг битүүмжилсэн. Үүнтэй холбоотой компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хүндрэлтэй байдал үүсгэж байгаад гомдолтой байна.Б ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар 186.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П--гийн хариуцагчБ ХХК, Б.Б-нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 156,973,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П--гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,817 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Солонгос улсын иргэн П- 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хөрөнгө, оруулалт хамтын ажиллагааны бизнесийн гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулахад н.Отгонцэцэг болон Б.Б-нар байсан. 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2 удаа 8,000,000 вон, 9000 вон, 860,080 вон, 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 6500 вон, 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 вон зэрэг дээрх бүх мөнгийг Солонгос улсын банкаар дамжуулан Б.Б-ын төрсөн эцэг болох н.Батчулууны данс руу шилжүүлсэн. Гэтэл хариуцагч тухайн мөнгийг аваагүй гэж маргадаг. Хариуцагч тухайн мөнгийг хүлээж аваад Б ХХК-тай гэрээ байгуулж тухай бүрд нэхэмжлэгчийн дансанд төлбөрөө төлж байсан. Б.Б-аас 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 850,000 төгрөг, 2010 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөг, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөг, 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,600,000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1,0000,000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 1,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 800,000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж нийт 15,550,000 төгрөгийг Б.Б-нь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Талуудын хоорондын гэрээний 1.3-д А тал нь Б талд сар бүр ашгаас 800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлөх бөгөөд сар бүр төлөх дүн 800,000 дээш байна гэж заасан. 2012 оноос хойш хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, Б.Б-нь 0000000 утасны дугаараас мессеж бичиж харилцаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтыг няцаасан баримт огт байхгүй. Дээрх тайлбартай холбоотойгоор нэхэмжлэгч талын гаргаж өгсөн бүх нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан хэдий ч шүүх тухайн баримтыг үнэлээгүй бөгөөд зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд хариуцагч Б-ХХК-ийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүй гэх тайлбар өгсөн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагч Б.Б-ын гаргасан хариу тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитойгоор үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тухайлбал, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Солонгос Улсын иргэн П- ньБ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж талууд гарын үсэг зурсан. Гадаадын иргэнтэй гэрээ байгуулж нотариатын үйлдэл хийж байгаа тохиолдолд орчуулагч байх ёстой боловч тухайн үед байгаагүй. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 22,000 ам.долларыг Б ХХК-д хүлээлгэж өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн мөнгийг 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 26,000 воныг шилжүүлсэн гэх тайлбар өгсөн боловч тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь иргэнээс нэхэмжлээд байгаа юм уу эсхүл хуулийн этгээдээс нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. .

2.Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П- нь хариуцагч Б ХХК, Б.Б-нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 156,973,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /1хх-1-3, 208/

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.Б-атай хамтарсан бизнес хийхээр тохиролцож, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, түүнд 22,000 ам.доллар хүлээлгэн өгсөн, ... 7 жилийн хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг П--д төлж байхаар гэрээгээр тохиролцсон, эхний жил 15,550,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр төлөөгүй үүргээ зөрчсөн... гэх агуулгаар,

хариуцагч Б ХХК татгалзлын үндэслэлээ 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу компанийн дансанд мөнгөн хөрөнгө орж ирээгүй, гэрээ хэрэгжээгүй гэж, хариуцагч Б.Б-ын хувьд нэхэмжлэгчээс ямар нэгэн хөрөнгө оруулалт аваагүй, түүнтэй байгуулсан гэрээ хэрэгжээгүй, түүний данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь өөрийн ах Б.Боы нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг өөрийн дансаар шилжүүлсэн гэж тус тус тайлбарлан, талууд маргажээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байх нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаарлагад нийцнэ.

4.а.Хэрэгт нэг талаас Б ХХК-ийн захирал Б.Б-, нөгөө талаас Солонгос Улсын иргэн П- нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ, мөн англи болон солонгос хэл дээр бичигдсэн бичгийн баримтууд авагджээ. Эдгээр баримтуудаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ ямар хэл дээр байгуулагдсан, эх хувь аль нь болох, хэргийн 21, 22, 28 дах талд авагдсан Шинхан банкны хуулганы орчуулгыг ямар эх сурвалжаас орчуулга хийсэн нь тодорхойгүй.

4.б.Мөн нэхэмжлэгч талаас нотолгооны эх сурвалж болгон гаргаж өгсөн гар утасны зурвас /мессеж/ гэх баримтыг шүүх хүлээн авсан атлаа уг баримтын талаар тодруулахгүйгээр нэхэмжлэгч тал үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

5.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд тухайн хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ажиллагаа явуулах боломжтой байжээ. Ингэснээр нэхэмжлэгч өөрийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтаа хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх, цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

5.а.Нэхэмжлэгчийн Голомт банк ХХК дахь 000000000 тоот данс руу 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 950,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 08-ны өдөр 900,000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 1,600,000 төгрөг, 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,600,000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 22-ны өдөр 800,000 төгрөг, 06 дугаар сарын 12-ны өдөр 1,600,000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг тус тус хариуцагчаас шилжүүлсэн байна. Уг мөнгийг ах Б.Бо нэхэмжлэгчтэй бизнес хийдэг байсан, түүний мөнгийг шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарлажээ.

5.б.Тодорхой хугацааны давтамжтайгаар хариуцагчаас нэхэмжлэгч рүү ямар үндэслэлээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохыг талуудаас тодруулж, холбогдох ажиллагаа явуулахгүйгээр хариуцагчийн шилжүүлсэн гэх мөнгө талуудын харилцан тохиролцсоноос зөрүүтэй, хариуцагч Б-ХХК-аас ямар нэгэн шилжүүлэг хийгээгүй, Б.Бо-аас мөн орлого хийж байсан байх тул хамтран ажиллах гэрээний ашиг хуваарилсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжих зарчимд нийцэхгүй байна.

6.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх үүрэг хуулиар олгогдоогүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, талуудын маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Мөн нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П--ийн Ц.О-т 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр монгол хэлээр олгосон итгэмжлэл /хх-195/-ээс үзвэл, иргэн Б.Б-ад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгосон байх бөгөөд тухайн монгол хэл дээрх итгэмжлэлийн эх сурвалж нь төлөөлүүлэгчийн эх хэл /хх-197/-ээр үйлдэгдэж, түүнийг монгол хэл рүү орчуулсан бол тухайн монгол хэл дээрх итгэмжлэлд албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчийн тамга, тэмдэг дарагдсан байх учиртайг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 942,818 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД