Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 634

 

 

 

 

 

 

 

 

 

 “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.З даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00352 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн хариуцагч Т.Э-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 74 825 693 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус зээлийн гэрээ байгуулж 64 000 000 төгрөгийн сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн Б дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 13 гудамж 23 тоотод байрлах Ү-2205055764 улсын бүртгэлийн дугаартай 800м.кв талбайтай хувийн сууц, Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн наран 12 гудамж 102 тоотод байрлах Ү-2205018117 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц зориулалттай 72м.кв, Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн наран 12 гудамж 102 тоотод байрлах Ү-2205018115 улсын бүртгэлийн дугаартай, 96м.кв дэлгүүр цайны газар, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 13 гудамж 23 тоотод байрлах Г-2205002695 улсын бүртгэлийн дугаартай 453м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар болон дээрх сууцнуудыг ЗГ0400170046/1 тус тус барьцаалсан. Т.Э нь зээлийн гэрээний 3.1.1 зээл зээлийн хүүгийн төлбөрийг хавсралт 1-д заасан графикийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд сар бүрийн 25-ны өдөр зээл, хүүгийн төлбөр төлөх графиктай. Гэвч зээл авснаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлд 4 367 520 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 4 207 154 төгрөг төлсөн, зээлийн хүүд нийт 11 590 826 төгрөгийн төлсөн ба 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд Зээлийн гэрээний 4.2.1-т зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй бол нэхэмжлэгч өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй. Т.Эрдэнтуяа нь зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийн зөрүүг арилгаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээг цуцалж Т.Э-аас гэрээний үүргийн биелэлтэд 55 425 326 төгрөгийн үндсэн зээл, 14 657 092 төгрөгийн үндсэн хүү, 1 403 802 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 71 486 220 төгрөг нэхэмжилсэн. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 2 869 969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 469 504 төгрөг, нийт 3 339 473 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 55 425 326 төгрөг, 17 527 061 төгрөгийн үндсэн хүү, 1 873 306 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 74 825 693 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн Хаан банкны 5079148871 тоот харилцах данс руу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 20 165 500 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөр 8 574 674 төгрөг, хүүд 11 581 682.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 143.23 төгрөг авсан. Эргэн төлөлтийн хуваарийн дагаа сард 7 018 636.07 төгрөг төлөх ёстой. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлөлт хийснээс 10 сарын турш хуваарь зөрчигдөж, сүүлийн 5 сар төлөлт хийгдээгүй. Т.Э нь хуваарийн дагуу төлсөн бол 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээл төлөгдөж дуусах байсан. Гэвч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 8 574 674 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 55 425 326 төгрөг байгаа учраас зээлийн гэрээний 4.2-д заасны дагуу хугацаанаас нь өмнө зээлийг төлүүлнэ. Иймд 74 825 693 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, зээлийн гэрээний 3.3.3, ипотекийн гэрээний 5.1, 5.3-т заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн болон үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулж 64 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд төлөлтийг тухай бүрт нь төлдөг байсан. Гэтэл одоо эргэн төлөлтүүдийг үндсэн зээлээс бус зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгээс тооцсоныг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 74 825 693 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 гудамжны 23 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2205055764 дугаартай 800 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 гудамжны 102 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2205018115 дугаартай, 96 м.кв талбайтай, дэлгүүр цайны газрын зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 гудамжны 102 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2205018117 дугаартай 72 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 гудамжны 23 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2205055764 дугаартай 153 м.кв талбайтай, нэгж талбарын 18639312760758 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653 982 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 653 982 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг бүрэн мэтгэлцүүлж, хуульд заасан эрхээ эдлэх боломж олгоогүй. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох мэтгэлцэх эрхтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцахад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж бичгийн хэлбэрээр авагдаагүй байсан бөгөөд хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гардаж авсан өдрөө нөлөөллийн мэдүүлэг, эрх үүрэг танилцуулсан баримтад гарын үсэг зурсан, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авсан байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу хариуцагч талыг хэргийн материалтай танилцуулаагүй шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчид мэтгэлцээгүй тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суух газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн эсхүл сум баг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулахаар заасан. Гэтэл шүүх хуралдаан 2019 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад болох талаарх мэдэгдэх хуудсыг 2019 оны 01 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн хаягаар шуудангаар явуулсан байх боловч уг мэдэгдэх хуудсыг хариуцагч Т.Э бус түүний хүү насанд хүрээгүй н.Соёл-Эрдэнэд гардуулсан байх бөгөөд нь ээждээ мэдэгдэх хуудас өгөөгүй тул шүүх хуралдааны тов мэдээгүй. Мөн шүүх хуралдааныг зарлахдаа хэргийн оролцогч нарт мэдэгдэж шүүх хуралд бэлдэх боломжит хугацаа олголгүй шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө зарлаж байгаа нь шүүх хуралд биечлэн оролцох мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан. Хариуцагч талаас зээлийн эргэн төлөлтөд 20 165 500 төгрөгийг төлсөн гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 8 574 674 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 11 590 826 төгрөгийг зээлийн хүүнд тооцож авсан нь үндэслэлгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид зээл төлж байсан баримтуудын гүйлгээний утга нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлсөн үйл баримт тогтоогдохгүй нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг цуцалж байгаа талаар хариуцагчид мэдэгдэж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан. Гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээг цуцалсан өдөр хүртэлх хугацааны гэрээний үүргийг хангуулах байтал шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.1-т зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй тохиолдолд ББСБ-ын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж болох талаар тохиролцсон нь нэхэмжлэлд дурдсан үйл баримттай тохирч байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ф” ХХК хариуцагч Т.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 486 220 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага /хх1/ гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 74 825 693 төгрөг болгож нэмэгдүүлснээ /хх32/ шүүх хуралдааны шатанд багасгаж, шүүхэд бичгээр гаргасан хэмжээгээр дэмжсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тухай бүрт төлсөн зээлийг үндсэн зээлээс бус зээлийн хүүгээс тооцож хассаныг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.  /хх27/

Нэхэмжлэгч ББСБ нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 64 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлүүлэх, хариуцагч Т.Э нь зээлсэн мөнгийг гэрээнд заасан хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүрэг хүлээж, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 гудамжны 23 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2205055764 дугаартай 800 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205055764 дугаартай, 153 м.кв талбайтай, нэгж талбарын 18639312760758 дугаар бүхий газар, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 гудамжны 102 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2205018115 дугаартай, 96 м.кв талбайтай, дэлгүүр цайны газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205018117 дугаартай 72 м.кв талбайтай хувийн сууцыг үүргийн гүйцэтгэлд тус тус барьцаалсан нь тогтоогдсон, гэрээ нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт нийцсэн байх бөгөөд талуудад зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Зээлдүүлэгч нь зээлдэгчид 64 000 000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Зээлдэгч Т.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр үндсэн зээл болон зээлийн хүүд нийт 7 018 636,07 төгрөгийг тогтмол төлж, үлдэх 6 905 552,75 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж, зээлийг дуусгах үүргийг гэрээний 2.4 дэх заалтаар хүлээснээ хугацаанд нь бүрэн биелүүлж чадаагүй байна. /хх-12,13/

Нэхэмжлэгч талаас шүүхэд баримтаар ирүүлсэн Флоуриш капитал ББСБ ХХК-ийн /Нацагдорж Саруултуяа/ 00000005079148871 тоот дансны хуулгаас үзвэл Т.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 25-нд 7 018 700 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 1-нд 7 299 950 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 28-нд 2 218 150 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 1-нд 2 128 700 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 5-нд 500 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөг, нийт 20 165 500 төгрөгийг төлсөн байх бөгөөд /хх-36-41/ зээлдэгчийн  эхний 2 сарын төлөлтийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар үндсэн зээл, хүүд тооцож хассанаас 8 574 674 төгрөг нь үндсэн зээлээс хасагджээ.   

Харин зээлдэгчийн 2018 оны 3, 5, 6 дугаар сард хийсэн төлөлтийг үндсэн зээлийн үлдэгдэл болох 55 425 326 төгрөгийн хүүд тооцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэт заасанд болон гэрээний 2.5-д нийцнэ.

Түүнчлэн зээлдэгч дээрх мөнгийг ББСБ-ын дансанд шилжүүлэхдээ төлбөрийн утгыг тодорхойлоогүй тул эргэн төлөх хуваарьт заасан бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй уг мөнгийг зээлийн хүүд тооцож авах нь хууль болон гэрээний заалтыг зөрчихгүй бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхийг нь эдлүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.  

Иймд зээл, зээлийн хүүд төлсөн 20 165 500 төгрөгийг үндсэн зээлээс хасаагүй гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, 71 486 220 төгрөгийн төлбөр тооцож нэхэмжилснийг хариуцагч баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 74 825 693 төгрөг болгон нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлээ 71 486 220 төгрөгийн хэмжээнд дэмжсэнийг шүүх анхаараагүй нь буруу бөгөөд шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргасан гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэлийг 71 486 220 төгрөгөөр хангасан  өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь шүүх нэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 21, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсныг хариуцагч хүлээн авч гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан материалыг танилцах эрх нь нээлттэй, шүүх эрхийг нь хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийн материалтай танилцаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.  

Мөн шүүх 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдааны товын тухай мэдэгдлийг  хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлснийг н.Соёл-Эрдэнэ хүлээн авч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан бөгөөд түүнийг насанд хүрээгүй гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй  тул мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Түүнчлэн хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг өөрөө лавлах үүрэгтэй. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг 71 486 220 төгрөгөөр  хангасан болон улсын тэмдэгтийн хураамжийг өөрчлөн хуваарилсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00352 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “74 825 693 төгрөг” гэснийг “71 486 220 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “653 982 төгрөгийг” гэснийг “515 381 төгрөгийг” гэж өөрчлөн нэхэмжлэгчээс илүү төлсөн 138 601 төгрөгийг буцаан олгож, “хариуцагчаас 653 982 төгрөг” гэснийг “хариуцагчаас 515 381 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 653 990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.З

                        ШҮҮГЧИД                                           Д.Ц

                                                                                    А.О