Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00119

 

“...капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00352 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...капитал ББСБ” ХХК

          Хариуцагч: Т.Э-д холбогдох

          74,825,693 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах

          тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2017-12-28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 64 сая төгрөгийг сарын 4.5%-н хүүтэй, 12 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэлд 800м.кв талбайтай хувийн сууц, 72 кв.м хувийн сууц, 96м.кв дэлгүүр цайны газар, 453м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Т.Э- нь зээлийн гэрээний 3.1.1 зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хавсралт 1-д заасан графикийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд сар бүрийн 25-ны өдөр зээл, хүүгийн төлбөр төлөх графиктай. Гэвч зээл авснаас хойш 2018-01-25-ны өдөр үндсэн зээлд 4,367,520 төгрөг, 2018-03-01-ний өдөр 4,207,154 төгрөг төлсөн, зээлийн хүүд нийт 11,590,826 төгрөгийн хүү төлсөн ба 2018-06-с хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд гэрээний дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй. Т.Э нь зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийн зөрүүг арилгаагүй тул 2018-11-06-ны өдөр гэрээг цуцалж Т.Э-с гэрээний үүргийн биелэлтэд 55,425,326 төгрөгийн үндсэн зээл, 14,657,092 төгрөгийн үндсэн хүү, 1,403,802 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 71,486,220 төгрөг нэхэмжилсэн. 2018-11-06-с 2018-12-11-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 2,869,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 469,504 төгрөг, нийт 3,339,473 төгрөг, Нэхэмжлэгчийн Хаан банкны ...9148871 тоот харилцах данс руу 2018-06-27-ны өдрийн байдлаар нийт 20,165,500 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөр 8,574,674 төгрөг, хүүд 11,581,682.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,143.23 төгрөг авсан. 2018-12-11-ний байдлаар үндсэн зээл 55,425,326 төгрөг, 17,527,061 төгрөгийн үндсэн хүү, 1,873,306 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 74,825,693 төгрөг болж байна. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 7,018,636.07 төгрөг төлөх ёстой. 2018-01-25-ны өдөр төлөлт хийснээс 10 сарын турш хуваарь зөрчигдөж, сүүлийн 5 сар төлөлт хийгдээгүй. Т.Э- нь хуваарийн дагуу төлсөн бол 2018-12-25-ны өдөр зээл төлөгдөж дуусах байсан. Иймд 74,825,693 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 175, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41.2, зээлийн гэрээний 3.3.3, ипотекийн гэрээний 5.1, 5.3-т заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2017-12-28-ны өдөр зээлийн болон үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулж 64,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд төлөлтийг тухай бүрт нь төлдөг байсан. Гэтэл одоо эргэн төлөлтүүдийг үндсэн зээлээс бус зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгээс тооцсоныг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 101/ШШ2019/00352 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 74,825,693 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн .. тоотын 800 м.кв хувийн сууц, 153 м.кв талбай газар, мөн хорооны ... тоот 96 м.кв талбайтай, дэлгүүр цайны газар, 72 м.кв талбайтай сууц, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653 982 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 653 982 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00352 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 71,486,220 төгрөг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 653,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ. 

      Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс талуудыг бүрэн мэтгэлцүүлж, хуульд заасан эрхээ эдлэх боломжоор тэгш хангаагүй. Зохигч нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхтэй. Хариуцагчийн төлөөлөгчөөс 2019-02-18-ны өдөр хэргийн материалтай танилцахад Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж хэрэгт бичгийн хэлбэрээр авагдаагүй байсан бөгөөд хариуцагч талаас 2018-11-21-ний өдөр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гардан авч мөн өдрөө нөлөөллийн мэдүүлэг, эрх үүрэг танилцуулсан баримтанд гарын үсэг зурсан. 2019-01-03-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авсан байна. 2019-02-18-ны өдөр хэргийн материалтай танилцахад хэрэг дугаарлагдаагүй байсан болно. Өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагч талыг хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэр ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүйгээс ИХШХШТХ-н 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. ИХШХШТХ-н 77.6-т мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суух газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн эсхүл сум баг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна гэж хуульчилсан байна. Гэтэл Шүүхээс шүүх хуралдаан 2019-01-24-ний өдрийн 13 цаг 30 минутанд болох талаарх мэдэгдэх хуудсыг 2019-01-21-ний өдөр хариуцагчийн хаягаар шуудангаар явуулсан байх боловч уг мэдэгдэх хуудсыг хариуцагч бус түүний хүү насанд хүрээгүй Соёл-эрдэнэд гардуулсан байх бөгөөд Соёл-Эрдэнэ нь ээждээ мэдэгдэх хуудас ирсэн талаар өгөөгүйн улмаас шүүх хуралдааны товыг мэдээгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг хянан хэлэлцээд ... мэдэгдлийг 2019-01-21-ний өдөр шуудангаар хүргүүлснийг н.Соёл-Эрдэнэ хүлээн авч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан бөгөөд түүнийг насанд хүрээгүй гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй тул мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмыг зөрчөөгүй байна ... гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь ИХШХШТХ-н 40.5-т Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй... 161.4-т Энэ хуулийн 161.1-т заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримт заах эрхгүй... 164.3-т Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй энэ тухай шүүгч захирамж гаргана... гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, гомдолд шинэ нотлох баримтыг хавсаргах боломжгүй бөгөөд хэрэв нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд шүүх үнэлэхгүй түүнчлэн ИХШХШТХ-н 164.4-т заасны дагуу хуульд заасан журмыг баримтлаагүй бол давж заалдах гомдол хэлэлцэхээс татгалзахаар хуульчилсан байхад давж заалдах шатны шүүхээс насанд хүрээгүй гэдэг баримтыг нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч талаас зээлийн эргэн төлөлтөнд 20,165,500 төгрөгийг төлсөн байхад шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 8,574,674 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 11,590,826 төгрөгийг зээлийн хүүнд тооцож авсан нь үндэслэлгүй байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 216.1-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлаагүй байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид зээл төлж байсан баримтуудын гүйлгээний утга нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлж байсан үйл баримт тогтоогдохгүй, нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг цуцалж байгаа талаар хариуцагчид мэдэгдэж байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэлд дурьдагдсан байгаа болно. Гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээг цуцалсан өдөр хүртэлх хугацааны гэрээний үүргийг хангуулах нь зүйтэй байтал шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.1-т зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хувиарын дагуу удаа дараа төлөөгүй тохиолдолд ББСБ-ын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж болох талаар тохиролцсон нь нэхэмжлэлд дурьдсан үйл баримттай тохирч байна. Мөн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан буюу 3,339,473 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад шүүхээс нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг гардуулах болон тайлбар гаргах хугацаа өгөлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс эдгээр процессын алдаануудыг залруулалгүй шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     “...капитал ББСБ” ХХК нь 2018-11-06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  2017-12-28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55,425,326 төгрөг, хүү 17,527,061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,873,306 төгрөг нийт 74,825,693 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн байна. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...эргэн төлөлтүүдийг үндсэн зээлээс бус, харин хүү нэмэгдүүлсэн хүүгээс тооцсон нь буруу...” гэж маргажээ. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ “...64,000,000 төгрөгийг зээлдэгч авч 20,165,499 төгрөг буцааж төлсөн байна... хариуцагч зээлээ  хугацаанд нь төлж байсан нь нотлогдоогүй...үндсэн зээлийг 2018-03-01-ний өдрөөс хойш төлөөгүй тул гэрээг нэхэмжлэгч цуцалсан нь үндэслэлтэй байна....иймд 74,825,693 төгрөг гаргуулна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

     Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “....нэхэмжлэгч 74,825,693 төгрөг шаардсан боловч 71,486,220 төгрөг гаргуулахыг дэмжсэн тул энэ хэмжээгээр  нэхэмжлэлийг хангана...” гэжээ.

     Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх талуудыг  тэгш боломжоор хангаагүй... шүүхээс хариуцагч талыг хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан... шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагчийн насанд хүрээгүй хүүхдэд гардуулсан... зээлийн эргэн төлөлтөнд 20,165,500 төгрөг төлсөн байхад 8,574,674 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 11,590,826 төгрөгийг зээлийн хүүнд тооцож авсан нь үндэслэлгүй... нэхэмжлэгч шаардлагаа 3,339,473 төгрөгөөр багасгасан байхад шүүх хугацаа өгөлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн...” гэж маргасан байна. 

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     1. “...капитал ББСБ” ХХК, Т.Э нар 2017-12-28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 64,000,000 төгрөгийг, нэг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, мөнгийг хүлээн авсан, үүргийн гүйцэтгэлд хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь тогтоогдсон байна.   

      Зохигч нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.   

      “...капитал ББСБ” ХХК гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн боловч  хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй нь тогтоогдсон байна.  

    Зээлдэгч нь гэрээнд заасан хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр хариуцагч үндсэн зээл 64,000,000 төгрөг, 12 сарын хүү 34,560,000 төгрөг нийт 98,560,000 төгрөг төлөх үүрэгтэй ч 20,165,499 төгрөг төлсөн тул шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

   Т.Э- “...төлсөн зээлийг үндсэн зээлээс хасаагүй хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хассан...” гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэг удаа хариу тайлбар /хх27/ өгснөөс өөр байдлаар мэтгэлцээгүй буюу өөрийн тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд үүргээ хугацаандаа гүйцэтгэж байсныг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

     Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, Иргэний хуулийн 452,453 дугаар зүйлд нийцэж байх тул зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.                                                  

      2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.

     Анхан шатны шүүх “...капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлд 2018-11-13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг Т.Э-д 2018-11-21-ний өдөр  гардуулахдаа хэргийн оролцогчийн эрх үүргийг танилцуулсан /хх 22,24,26,44/ байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэсэн гэж үзнэ.           

    Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд энэ эрхээ эдлэх эсэх нь тухайн этгээдийн өөрийн хүсэл зоригоос хамаарна.     

    Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эрхийг хязгаарласан буюу хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаагүй, хориглосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул Т.Э-гийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. 

    Шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг зохигч хүлээнэ. Түүнчлэн, шүүх   2019-01-24-ний өдөр шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг /хх48/ хариуцагчид хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан ажиллагаа байна. Шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагаа хууль зөрчсөн гэх баримт хэрэгт байхгүй тул энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.        

     3. Шүүх зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээс гаргуулах шаардлагыг хангасан, үүнд хариуцагч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй болно. 

   Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт буй баримтын хэмжээнд  Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа холбогдох хуулийг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 634 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 515,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ