Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

 

 ЭТТ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.З даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00444 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч ЭТТ ХК-ийн хариуцагч “МТ” ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу автобусны төлбөрт шилжүүлсэн 237 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, Ц.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭТТ ХК 382 200 000 төгрөгийн төсөвт өртөгтэй, автобус нийлүүлэх сонгон шалгаруулах ЭТТ/201801090 дугаартай тендер зарлаж, зохион байгуулсан. “МТ” ХХК-ийн ирүүлсэн 250 000 000 төгрөгийн үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, түүнчлэн мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй байсан тул уг компанийг шалгаруулж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ЭТТ ХК автобусны төлбөрт 5 хувийг суутган 237 500 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “МТ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн данс руу шилжүүлсэн. “МТ” ХХК нь гэрээний дагуу техникийн тодорхойлолтод заагдсан загвар үзүүлэлт бүхий эрхийн болон биет байдлын доголдолгүй зорчигч тээврийн автобусыг тогтоосон хугацаанд нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний зүйл болох автобусыг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан.

“МТ” ХХК-ийн хүлээлгэн өгсөн автобус тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, техникийн шаардлага хангахгүй нь ашиглалтын явцад тогтоогдсон төдийгүй тендерийн сонгон шалгаруулалтад оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль зөрчиж, тендерт шалгарсан болох нь ЭТТ ХК-ийн дотоод хяналтын нэгжийн шалгалтаар илэрсэн. “МТ” ХХК нь тендерийн баримт бичгийг бүрдүүлэхдээ “Прайм шиппинг трейдинг” ХХК-иас ЭТТ ХК-д хандан гэрээт борлуулагчийн ирүүлсэн итгэмжлэлд “П” ХХК нь БНСУ-ын Хьюндай Юниверс маркийн автобусыг санал болгож улмаар зөвшилцөн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байсан. Барааны хувьд гэрээний ерөнхий нөхцлийн 14 дүгээр зүйлийн дагуу чанарын баталгааг бүрэн хангасан гэсэн Солонгос хэл дээрх албан бичгийг “Г” орчуулгын газраар орчуулгаж ирүүлсэн.

Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар уг автобусыг “Костар трейдинг” ХХК-иас Б.Т нэрээр 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсад оруулж ирсэн бөгөөд хариуцагч нь автобусыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЭТТ ХК-д эзэмшлийг шилжүүлэн өгсөн. ЭТТ ХК-иас байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр автобусыг хүлээн авахад уг тээврийн хэрэгслийн гүйлтийг 168 683 км гэж тэмдэглэсэн байсан боловч импортын гаалийн бичигт гүйлтийг 652 000 км гэж бичигдсэн болохыг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч тал мэдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь автобус нийлүүлэх сонгон шалгаруулах ЭЭТ/2018/01090 дугаартай тендерт хуурамч бичиг баримт бүрдүүлж хамгийн бага үнийн саналыг өгч хууль бусаар шалгарсан.

Тендер нь шалгаруулалтын болон шалгарсны дараа бараа материал хүлээн авах гэсэн хоёр тусдаа үе шаттай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар үнэлгээний хороо дүгнэлт гаргаснаар тендер сонгон шалгаруулах ажиллагаа дуусч байгаа. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг тендерт оролцож байгаа хувь хүн, хуулийн этгээдийн ирүүлсэн материалыг үнэлж дүгнэж, компани тэнцсэн бараагаа нийлүүлдэг. Автобусыг өөрийн өмч, өөрсдөө оруулж ирсэн талаарх баримтыг хариуцагч тал баримт гаргаж өгөөгүй. Хэрэв автобус компанийн өмч мөн бол мөнгө шилжүүлсэн баримт байх ёстой, түүнчлэн бэлнээр 5 000 000 воноос дээш үнэтэй бараа бүтээгдэхүүн авсан бол уг барааг хилээр оруулж ирэхдээ гаалийн мэдүүлэгт мэдүүлэх ёстой. Автобусыг 12 000 000 воноор авсан нь гаалийн мэдүүлгээс харагддаг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Тамир гаалиар оруулж ирсэн байсан. Тендер 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан. Автобус орж ирснээс хойш нэг сарын дараа тендер зарлагдаж, хариуцагч хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөрсдөө оруулж ирээгүй автобус зарсан. “П” ХХК-ийн итгэмжлэлээр ЭТТ ХК-д тендерт оролцохын тулд энэ компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх материал бүрдүүлж өгсөн. Замын-Үүд дэх гаалиас ирүүлсэн нэхэмжлэхэд нэхэмжлэгч байгууллага “МТ” ХХК, төлөгч нь Б.Тамир, гүйлгээний утга нь автобусны тээврийн зардалд гэжээ. Компани өөрсдөө оруулж ирсэн бол яагаад 1 500 долларыг Б.Т-с нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг 5 сарын дараа шилжүүлж авч байна. Хариуцагч “МТ” ХХК тендерт ялахын тулд хуурамчаар баримт бүрдүүлж гэрээ байгуулсан тул талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, төлбөрт шилжүүлсэн 237 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МТ” ХХК нь 2002 онд байгуулагдсан, карго, илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг. Тендер зарлагдахаас өмнө тээврийн хэрэгслийг оруулж ирсэн. ЭТТ ХК нь нээлттэй тендер шалгаруулалтыг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зарлан тендерийн урилгыг вэб хуудас, цахим хуудас, Өнөөдөр сонины дугаарт нийтэлж тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тендер сонгон шалгаруулалтад бид бусад компанийн хамт оролцон шалгарч, гэрээ байгуулах эрхийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 03-918 тоот албан бичгээр авсан. Тус сонгон шалгаруулалтад орсон бусад компаниудаас Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу тендерийг түр түдгэлзүүлсэн болохыг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/977 тоот албан бичгээр мэдэгдэж холбогдох баримтыг нэмэлтээр авчрах шаардлага тавьсан тул нийлүүлсэн автобусны гаалиар орж ирсэн бүрдүүлэлт хийсэн бичиг баримтуудыг өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЭТТ ХК-тай зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр автобусыг хүлээлгэн өгсөн. ЭТТ ХК-ийн зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад дурдсан техникийн бүх нөхцлийг хангасан автобус бөгөөд  нэхэмжлэгч талаас 8 хүний бүрэлдэхүүнтэй тээврийн комисс хүлээж авсан. Тухайн үед тендерт тээврийн хэрэгслийг оруулж ирсэн процессынхоо дагуу бичиг баримт бүрдүүлж өгсөн.

Б.Т-ын нэр дээр автобус оруулж ирсэн. Тендер сонгон шалгаруулахдаа 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш орж ирсэн автобус гэсэн шаардлага тавьсан бөгөөд манай нийлүүлсэн автобусны тухайн үеийн үзүүлэлтүүд таарч байсан тул сонгон авч, 1 жилийн баталгаа өгсөн. Нэхэмжлэгч тал 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн, залилан мэхэлсэн гэж цагдаад хандсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагчаас 237 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 410 450 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 1 410 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөл нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой тайлбарлан хэрэглэх явдал юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд урьд хийгдсэн гэрээ, хэлцлийг дараалуулан бичсэнээс бус, маргааны зүйлд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэснээс харахад ЭТТ ХК-ийн ямар ашиг сонирхол нь зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Нэхэмжлэгч ЭТТ ХК нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулалт зарласан. Захиалагч компаниас нийлүүлэгдэх барааны техникийн тодорхойлолтын гол үзүүлэлтэд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үйлдвэрлэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Монголд орж ирсэн, 45-аас багагүй хүний суудалтай, 12 500-аас ихгүй хөдөлгүүрийн багтаамжтай, жолооны хүрдний байрлал зүүн буюу зөв талдаа, 12 сарын баталгаат хугацаатай байхаар тодорхойлсон. Захиалагч буюу ЭТТ ХК тодорхойлсон техникийн тодорхойлолтод нийцүүлэн 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монголд орж ирсэн, 46 хүний суудалтай, 12344сс хөдөлгүүрийн багтаамжтай, жолооны хүрдний байрлал зүүн буюу зөв талдаа байрлалтай, баталгаат хугацааг 1 жил эсвэл 25 000 км-ийн аль түрүүлж хүрснээр тооцохоор автобусыг нийлүүлсэн.

Мөн ЭТТ ХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/13 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээс харахад үнэлгээний хороо нь 9 гишүүнтэй хуралдаж, "Монтээвэр сервис” ХХК нь тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хангаж, тухайн худалдан авалтын төсөвт өртөгт багтаж, хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн байна." гэсэн.

ЭТТ ХК, “МТ” ХХК нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЭТТ-2018/204 дугаартай зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Гэрээ болон хуульд заасны дагуу худалдсан эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдлын талаар худалдан авагч ЭТТ ХК-иас Иргэний хуулийн 251, 252 дугаар зүйлд заасны дагуу автобусыг хүлээн авснаас хойш нэг ч удаа асуудал тавьж байгаагүй.

Талуудын хооронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно гэж заасны дагуу гэрээ байгуулсан. Гэрээнд болон мөн хуулийн нарийвчлан зохицуулсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлд гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцлийг зохицуулсан.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-т заасан нөхцөл байдлын аль алинд хамаарахгүй байна. Шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр “Эрдэнэс Таван толгой“ ХК, “МТ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохдоо үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.

“МТ” ХХК нэхэмжлэгч ЭТТ ХК-ийг санаатайгаар хууран мэхэлж, төөрөгдөлд оруулаагүй, ЭТТ ХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл тендер сонгон шалгаруулах материалын техникийн тодорхойлолтоор илэрхийлэгдэж байна. Харин энэ хүсэл зоригт нийцсэн Монгол Улсад орж ирсэн автобусыг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан тендерийн материалын баримтаар бүрэн тогтоогдож байна.

Эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авсан автобусыг хүлээн авсан техникийн комиссын акт, үнэлгээний хорооны дүгнэлт, автобусны танилцуулгын баримт, нийлүүлсэн автобус нь эрхийн зөрчилгүй талаар гэрч Б.Т-ын мэдүүлэг болон одоог хүртэл эрхийн талаар шаардлага гаргасан гуравдагч этгээд байхгүй зэргээр тус тус тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ болгож буй тайлбар нь “Прайм шиппинг трейдинг” компаниас автобус нийлүүлээгүй, нийлүүлсэн автобус нь Б.Т-аас "Монтээвэр сервис" ХХК руу шилжсэн байна гэдэг. Гэтэл уг автобус нь хэрхэн, яаж орж ирснээс үл хамааран нэхэмжлэгчийн анхны хүсэл зоригт нийцсэн, эрхийн болон эдийн доголдолгүй байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанийн гаргасан техникийн тодорхойлолтод нийцээгүй, автобусны эд ангийг сольж, нэр, сери дугаарыг хуурамчаар өөрчилж нийлүүлээгүй. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох дээр дурдсан зүйлүүд нь нэхэмжлэгчийн тендер сонгон шалгаруулалтад гаргасан техникийн тодорхойлолтод байдаггүй ба гэрээний ерөнхий нөхцлийн 6.1-д зааснаар “гэрээний дагуу нийлүүлэх бараа нь аль ч улсаас гарал үүсэлтэй байж болно” гэж зааснаар гэрээний үндсэн нөхцөлд нөлөөлөхөөргүй шалтгаан болно.

Түүнчлэн шүүхээс энэхүү хэргийг шийдвэрлэхдээ нарийвчилсан хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг хэрэглэсэн байх ба хууль хэрэглээний онолын тайлбарт худалдан борлуулж нийлүүлж буй барааны чанарын талаар хуурч мэхэлж төөрөгдөлд оруулсан байх талаар тайлбарласан байна гэтэл шүүхээс үүнд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр гэрээний 1.1, 2.2., 4.2, 5.2, 5.4., 5.5., 7.8 дахь заалт, гэрээний ерөнхий нөхцөл 6.1, 7.1, 9.1, 21.1, хэргийн 14 дүгээр тал гэрээний тусгай нөхцлийн 2-7.0, 4-9.0, хэргийн 15 дугаар тал гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, үнэлгээний хорооны дүгнэлт, техникийн тодорхойлолт, тендерийг түдгэлзүүлсэн тухай албан бичиг, Сангийн яамны улсын байцаагчид гомдол гаргасан бичиг, Сангийн яамны хариу хүргүүлэх албан бичиг, автобус хүлээн авсан техникийн комиссын акт зэрэг баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хариуцагч компанийн эрх ашгийг ноцтой хохироосон нэхэмжлэгчийн ёс зүйгүй үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөсөн.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19, 5.1.22., 11, 40, 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 8, 39, 42, 243, 251, 252 дугаар зүйлийг тус тус тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийн алдааг шалгаагүй, улсын тэмдэгтийн тооцоололд хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба нэхэмжлэгчээс хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагадаа хэлцлийн үнийн дүнгээс, мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа мөнгөн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцон төлөх нь хуульд нийцнэ гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

            Нэхэмжлэгч ЭТТ ХК хариуцагч “МТ” ХХК-д холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, автобусны үнэд шилжүүлсэн 237 500 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ гэрээний дагуу хүлээлгэн өгсөн автобус нь ашиглалтын явцад тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, техникийн шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон, мөн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль зөрчиж тендерт шалгарсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, захиалагчид нийлүүлсэн автобус техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, шаардлагад нийцсэн, гэрээг байгуулахын тулд захиалагчийг хууран мэхэлсэн үйлдлийг гаргаагүй гэж маргасан байна.

            ЭТТ ХК нь 382 200 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зарлаж, тендерийн баримт бичиг боловсруулж баталжээ.

Уг тендер шалгаруулалтад 6 компани оролцсоноос  “МТ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хангаж, тухайн худалдан авалтын төсөвт өртөгт багтсан, хамгийн бага харьцуулах үнэтэй тендер гэж ЭТТ ХК-ийн Үнэлгээний хороо 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн дүгнэлтээрээ тус компанитай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гаргажээ. /хх-16/

Захиалагч ЭТТ ХК нь Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах эрх олгосноо мөн оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 03/918 тоот албан бичгээр “МТ” ХХК-д мэдэгдсэн байна. /хх-15/

Хариуцагч “МТ” ХХК нь тендер сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн тендерийн баримт бичиг болох нийлүүлэх автобусны техникийн тодорхойлолт, танилцуулгадаа автобус нь БНСУ-д 2013 оны 2 дугаар сарын 02-ны өдөр үйлдвэрлэгдсэн Хьюндэй Юниверс маркийн 45-аас дээш хүний суудлын багтаамжтай, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсад орж ирсэн гэж тэмдэглэн, гэрэл зургийг хавсаргажээ./хх-124-125/ Мөн тендерт оролцогчид өгөх зөвлөмжийн дагуу нийлүүлэх автобусны үнийг 250 000 000 төгрөгөөр санал болгож, уг үнэд нэмэгдсэн өртгийн болон бусад татвар багтсан болохыг тодорхойлсон байна. /хх-88-89/

            Дээрхээс дүгнэвэл “МТ” ХХК-ийн захиалагчид нийлүүлэхээр санал болгосон автобусны техникийн үзүүлэлт тендерийн бараа нийлүүлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангасан гэж Үнэлгээний хороо үнэлж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид өгсний дагуу зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Үнэлгээний хорооны уг шийдвэр хүчинтэй байна.

            Түүнчлэн захиалагч ЭТТ ХК-иас томилсон техникийн комисс нь  гэрээгээр нийлүүлсэн автобусыг 23 үзүүлэлтээр шалгаж, техникийн шаардлагад нийцсэн, хэвийн гэж актаар хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл ашигласан энэ талаар талууд маргаагүй. /хх-215, 216, 231/

            Иймд автобусыг хүлээн авах үед гүйлтийн заалт нь 168 683 км байсан боловч гаалийн мэдүүлэгт заалтыг 652 000 км гэж бичсэн, мөн Солонгос улсын “Прайм Шипинг трейдинг” ХХК-иас худалдан авна гэж тус компанийн албан бичгийг тендерийн баримт бичигт хавсаргасан атлаа автобусыг “Костар трейдинг” ХХК-аас иргэн Б.Т-ын нэр дээр худалдан авсан талаар гаалийн бүрдүүлэлтэд тэмдэглэгдсэнийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж дүгнэхгүй бөгөөд автобусны үзүүлэлт ашиглалтын явцад техникийн шаардлага хангаагүй нь гэрээний зүйлийн биет байдлын доголдолд хамаарахаар байх тул энэ үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй.

            Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах гэрээ нь Үнэлгээний хорооноос эрх олгосны дагуу захиалагчийн тодорхойлсон  техникийн шаардлагыг гэрээний үндсэн нөхцөл болгож,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан гэрээ байх тул  нийлүүлэгч буюу хариуцагч “МТ” ХХК-ийг тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй автобус нийлүүлж, хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан гэж буруутгах үндэслэлгүй, хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, захиалагчийн тодорхойлсон техникийн шаардлагад нийлүүлэгчийн тендер нийцэж байгаа гэж үзсэн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулагдсан үйл баримтад дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хангасан нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “МТ” ХХК-д холбогдох 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 237 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай ЭТТ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МТ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 345 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.З

                                    ШҮҮГЧИД                                           Д.Ц

                                                                                                А.ОО