Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 444

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж 8, Финанс төв, ЭТТ ХК

 Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо Сорт трейд 2 дугаар байр 1 тоотод байрлах МТС ХХК

            2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,  гэрээний дагуу ЭТТ ХК-наас автобусны төлбөрт шилжүүлсэн 237.500.000 төгрөгийг МТС ХХК-наас гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц, Ц.С, хариуцагч МТС ХХК-ийн захирал Б.Д, өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ЭТТ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Ц.С нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЭТТ ХК нь автобус нийлүүлэх сонгон шалгаруулах ЭТТ/201801090 дугаартай тендер зарласан. Тендерийн төсөвт өртөг 382.200.000 төгрөг байсан. Тендер шалгаруулалт зохион байгуулагдсан. МТС ХХК-ийн тендерт ирүүлсэн материал 250.000.000 төгрөгийн үнийн саналыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангасан, түүнчлэн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг санал болгосон буюу 250.000.000 төгрөгийн саналыг өгсөн учир хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулсан. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу ЭТТ ХК автобусыг төлбөрт барьцаа 5 хувийг суутган 237.500.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр МТС ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн данс руу шилжүүлсэн. МТС ХХК нь гэрээний дагуу техникийн тодорхойлолтод заагдсан загвар үзүүлэлт бүхий эрхийн болон биет байдлын доголдолгүй, зорчигч тээврийн автобусыг тогтоосон хугацаанд нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний зүйл болох автобусыг захиалагчийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. МТС ХХК-ийн хүлээлгэн өгсөн автобус ашиглалтын явцад тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт техникийн шаардлага хангаагүй нь тогтоогдсон төдийгүй тендерийн сонгон шалгаруулалтад оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль зөрчиж, тендерт шалгарсан болох нь ЭТТ ХК-ийн дотоод хяналтын нэгжийн хяналт шалгалтаар илэрсэн. МТС ХХК нь тендерийн баримт бичгийг бүрдүүлж ирэхдээ тендерийн баримт бичигтээ Прайм шиппинг трейдинг ХХК-иас ЭТТ ХК-нд хандан гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ирүүлсэн. Итгэмжлэлд Прайм шиппинг трейдинг ХХК нь БНСУ-ын Хьюндай Юниверс маркийн автобусыг санал болгож улмаар зөвшилцөн гэрээ байгуулахыг зөвшөөрч байгаа тухай албан бичиг байсан. Барааны хувьд гэрээний ерөнхий нөхцөлийн 14 дүгээр зүйлийн дагуу чанарын баталгааг бүрэн хангасан гэсэн Солонгос хэл дээрх албан бичгийг Монгол хэл дээр хөрвүүлэн Гэгээн бүрэн гэх орчуулгын баталгааг ирүүлсэн байдаг. Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар уг автобусыг Костар трейдинг ХХК-иас  иргэн Б.Тын нэрээр 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн   бөгөөд МТС ХХК нь автобусыг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЭТТ ХК-нд эзэмшлийг шилжүүлэн өгсөн байдаг. ЭТТ ХК-иас байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр автобусыг хүлээн авахад уг тээврийн хэрэгслийн гүйлт 168.683 км гэж тэмдэглэгдсэн байсан. Харин импортын гаалийн бичигт гүйлт нь 652.000 км гэж бичигдсэн болохыг нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдсэн. Өөрөөр хэлбэл МТС ХХК нь ЭТТ ХК-иас зарласан автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭЭТ/2018/01090 дугаартай тендер шалгаруулалтад хуурамч бичиг баримт бүрдүүлж хамгийн бага үнийн саналыг өгч хууль бусаар тендерт шалгарсан. Тендер шалгаруулалтын үе шат, тендер шалгарсны дараа бараа материал хүлээн авах үе шат гэж хоёр  тусдаа үйл ажиллагаа байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар Үнэлгээний хороо дүгнэлт гаргаад тендер сонгон шалгаруулах ажиллагаа дуусч байгаа. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг яаж явуулдаг вэ гэхээр тендерт оролцож байгаа хувь хүн, хуулийн этгээдийн тендерт ирүүлсэн материалыг үнэлж байж дүгнэлтээ гаргадаг. Аль нэг компани,  хуулийн этгээд тэнцсэн талаар дүгнэлт гарснаар тэр компани барааг нийлүүлдэг. Автобус Монтээвэр  сервис ХХК-ийн өмч, өөрсдөө оруулж ирсэн талаарх баримтыг хариуцагч тал одоог хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй. Хэрэв компанийн өмч бол мөнгө шилжүүлсэн баримт нь байх ёстой. Хэрэв бэлнээр 5.000.000 воноос дээж үнэтэй бараа бүтээгдэхүүн авсан бол түүнийг хилээр оруулж ирэхдээ гаалийн мэдүүлэгт мэдүүлэх ёстой. Гаалийн мэдүүлгийг харахад энэ автобусыг 12.000.000 воноор авсан байдаг. Автобусыг Монгол улсын хилээр иргэн Б.Т оруулж ирсэн болох нь баримтаар тогтоогдсон. Автобус 2018 оны 02 дугаар сарын 05-нд орж ирсэн. Тендер 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан. Автобус орж ирснээс хойш нэг сарын тендер зарлагдаж, хариуцагч хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөрсдөө биш өөр хүний оруулж ирчихсэн автобусыг зарсан. Прайм шиппинг трейд ХХК-ийн итгэмжлэлээр ЭТТ ХК-нд тендерт оролцохын тулд энэ компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж материал бүрдүүлж өгсөн. Замын Үүдийн гаалиас ирүүлсэн нэхэмжлэхт нэхэмжлэгч байгууллага МТС ХХК, төлөгч нь Б.Т, гүйлгээний утга нь автобусны тээврийн зардалд гэсэн байна. Компани өөрсдөө оруулж ирсэн юм бол яагаад Б.Таас 1.500 доллар нэхэмжлээд байдаг юм. Яагаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг бүтэн 5 сарын дараа шилжүүлж авч байна. Хариуцагч МТС ХХК тендерт ялахын тулд хуурамчаар баримт бүрдүүлж  гэрээ байгуулсан тул ЭТТ ХК, МТС ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах тухай ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 237.500.000 төгрөгийг хариуцагч МТС ХХК-наас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч МТС ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал  Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: МТС ХХК нь 2002 онд байгуулагдсан, карго, илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг. Тендер зарлагдахаас өмнө би өөрөө тээврийн хэрэгслийг оруулж ирсэн байсан. ЭТТ ХК нь нээлттэй тендер шалгаруулалтыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зарлан тендерийн урилгыг вэб хуудас, цахим хуудас, Өнөөдөр сонины дугаарт нийтэлж тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулсан байсан. Тендер сонгон шалгаруулалтад МТС ХХК нь бусад компанийн хамт оролцон шалгарч гэрээ байгуулах эрхийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03-918 албан бичгээр авсан. Тус сонгон шалгаруулалтад орсон бусад компаниудаас Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу тендерийг түр түдгэлзүүлсэн болохыг 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/977 тоот албан бичгээр мэдэгдэж холбогдох баримтыг нэмэлтээр авчирах шаардлага тавьсан тул нийлүүлсэн автобусны гаалиар орж ирсэн бүрдүүлэлт хийсэн бичиг баримтуудыг аваачиж өгсөн. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЭТТ ХК-тай Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах гэрээ байгуулж холбогдох тээврийн хэрэгслийг нийлүүлсэн.  06 дугаар сарын 29-ний өдөр автобусыг Өмнөговь аймагт байрлах уурхай дээр би өөрөө хүлээлгэж өгсөн. Автобус нь ЭТТ ХК-ийн зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад дурдсан техникийн бүхий л нөхцөлийг бүрэн хангасан. Эднийхээс 8 хүний бүрэлдэхүүнтэй тээврийн комисс хүлээж авсан. Тухайн үед би тендерт тээврийн хэрэгслийг оруулж ирсэн процессынхоо дагуу бичиг баримт бүрдүүлж өгсөн. Өмнө нь оруулж ирсэн тээврийн хэрэгсэл болох уу гэж асуугаад эднийхээс зааварчилгаа авсан. Манайх 2002 ноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа учир олон танилтай. Танил маань визэнд ороход тус болооч гэсний үндсэн дээр Б.Т гэж хүний нэр дээр автобус оруулж ирсэн. Тендер сонгон шалгаруулахдаа 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш Монгол улсад орж ирсэн автобус гэдэг шаардлага тавьсан бөгөөд манай нийлүүлсэн автобусны тухайн үеийн үзүүлэлтүүд таарч байсан учир өөрсдөө сонгон шалгаруулж авсан. Би 1 жилийн баталгаа гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ цуцаллаа гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Залилан мэхэлсэн гэж цагдаагаар шалгуулсан. ЭТТ ХК-ийн өмнөх удирдлага солигдоод дараагийн удирдлага нь гарч ирээд дотоод хяналт шалгалт явуулж тухайн үедээ шийдээд явах байсан асуудал. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу энэ асуудлаар надад нэг ч удаа хандаагүй байж шүүх, цагдаагаар явж байгаа нь хүндрэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

   Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ЭТТ ХК нь хариуцагч МТС ХХК-нд холбогдох ЭТТ ХК, МТС ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 237.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

ЭТТ ХК нь 382.200.000 төгрөгний төсөвт өртөг бүхий автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зарлаж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтээр тендерт материал ирүүлсэн 6 оролцогч компаниас МТС ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалт болон тендерийн бичиг баримтын шалгуур үзүүлэлтийг хангаж, тухайн худалдан авалтын төсөвт өртөгт багтаж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн  тул МТС ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлж, ЭТТ ХК нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03/918 албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох болсныг МТС ХХК-нд мэдэгджээ.

Автобус нийлүүлэх ЭТТ/201801090 дугаартай тендер шалгаруулалтын гэрээнд оролцсон компаниудаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасан тул Монгол улсын Сангийн яамнаас тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн тул энэ талаарх албан бичгийг нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч МТС ХХК-нд хүргүүлсэн байна.

Тендерт шалгарсан МТС ХХК-тай ЭТТ ХК нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах гэрээ байгуулж, МТС ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр автобусыг хүлээлгэн өгч, худалдан авагч ЭТТ ХК нь барьцаа 5 хувийг суутган төлбөр 237.500.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдагч МТС ХХК-ийн дансанд шилжүүлжээ.

Дээрх үйл баримтад талууд маргаагүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “Прайм шиппинг трейдинг компаниас БНСУ-ын хьюндай юниверс маркийн автобусны санал болгосон тендер ирүүлж, улмаар зөвшилцөн гэрээ байгуулах, санал болгосон барааны хувьд гэрээний ерөнхий нөхцөлийн 14 дүгээр зүйлийн дагуу чанарын баталгааг бүрэн хангасан гэсэн Солонгос хэл дээрх албан бичгийг Монгол хэл дээр хөрвүүлж тендерт оролцсон. Гэтэл хариуцагч нь Костар трейдинг ХХК-наас илгээсэн иргэн Б.Тын нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр оруулж ирсэн автобусыг нийлүүлсэн тул хуурамч баримт бичиг бүрдүүлж тендерт оролцсон гэж үзэж байна”,

хариуцагч нь “тендер сонгон шалгаруулахдаа 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш орж ирсэн автобус гэсэн шаардлага тавьсан. Манай автобус энэ шаардлагыг хангаж байгаа. Тендер зарлагдахаас өмнө автобусыг би өөрөө Б.Т гэж хүний нэрээр оруулж ирсэн. Тендерт зориулж авсан тээврийн хэрэгсэл биш учир тухайн үед оруулж ирсэн хүний нэрээр нэхэмжлэх нь бичигдээд орж ирдэг зарчмаар орж ирсэн. Өөрсдөө бичиг баримт, бүх зүйлийг шалгаж автобусыг хүлээж авсан” гэж тайлбарлан тус тус маргажээ.

 Хариуцагч МТС ХХК нь ЭТТ ХК-нд автобус  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт заасан баримтыг бүрдүүлж өгөхдөө Прайм шиппинг трейдинг компанитай байгуулсан бизнесийн хамтын ажиллагааны гэрээ, Прайм шиппинг трейдинг компаниас Эрдэнэс Таван  толгой ХК-нд “БНСУ-ын Хьюндай мотор компаний барааг борлуулдаг бөгөөд үүгээр МТС ХХК-нд бидний борлуулсан хьюндай юниверс маркийн автобусны санал болгосон тендер ирүүлж, улмаар зөвшилцөн гэрээ байгуулахыг зөвшөөрч байна. Бидний дээр дурьдсан компаний санал болгосон барааны хувьд ерөнхий нөхцөлийн 14 дүгээр зүйлийн дагуу чанарын баталгааг бүрэн гаргаж байна” гэсэн гэрээт борлуулагчийн итгэмжлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хамт хүргүүлж тендерт шалгарсан боловч хэрэгжүүлэхдээ итгэмжлэхэд дурдсан компаний санал болгож борлуулсан хьюндай юниверс маркийн автобусыг нийлүүлээгүй байна.

Хэдийгээр хариуцагчийн бүрдүүлж өгсөн баримт нь тендерийн баримт бичигт заасан нөхцөлийг хангасан боловч Костар трейдинг компаниас иргэн Б.Тын нэрээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсад орж ирсэн автобусыг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр МТС ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч, маргааш нь 06 дугаар сарын 27-ны өдөр ЭТТ ХК-ийн нэр дээр шилжүүлсэн зэрэг үйл явдлаас дүгнэхэд хувь хүний оруулж ирсэн автобусыг шилжүүлэх зорилготойгоор нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан  байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

БНСУ-ын Костар трейдинг ХК-ийн илгээсэн 2013 онд үйлдвэрлэгдсэн 652000 км гүйлттэй хюндай юниверс маркийн автобусыг 5000 ам доллараар худалдан авч тээврийн зардалд 1.500 ам доллар төлж иргэн Б.Т нь Замын Үүд дэх Гаалийн газрын  хилээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр оруулж ирсэн болох нь Гаалийн ерөнхий газрын Замын Үүд дэх гаалийн газраас ирүүлсэн баримтаар тогтоогдсон байна.

Иймд ЭТТ ХК, МТС ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 237.500.000 төгрөгийг хариуцагч МТС ХХК-наас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хариуцагч тал уурхайн харуулын бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээс татгалзсан болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                                    ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар ЭТТ ХК, МТС ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагч МТС ХХК-наас 237.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭТТ ХК-нд олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.410.450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч МТС ХХК-наас 1.410.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭТТ ХК-нд олгосугай.

          3. Шүүх хуралдаанд хариуцагч тал уурхайн харуулын бүргэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээс татгалзсанг дурьдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА