Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00100

 

ЭТТ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00444 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 633 дугаар магадлалтай,

ЭТТ ХК-ийн нэхэмжлэлтэй,

МТС ХХК-д холбогдох

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу автобусны төлбөрт шилжүүлсэн 237.500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Ж.О нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ЭТТ ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЭТТ ХК 382.200.000 төгрөгийн төсөвт өртөгтэй, автобус нийлүүлэх сонгон шалгаруулах ЭТТ/201801090 дугаартай тендер зарлаж, зохион байгуулсан. МТС ХХК-ийн ирүүлсэн 250.000.000 төгрөгийн үнийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, түүнчлэн мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй байсан тул уг компанийг шалгаруулж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ЭТТ ХК автобусны төлбөрт 5 хувийг суутган 237 500 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр МТС ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн данс руу шилжүүлсэн. МТС ХХК нь гэрээний дагуу техникийн тодорхойлолтод заагдсан загвар үзүүлэлт бүхий эрхийн болон биет байдлын доголдолгүй зорчигч тээврийн автобусыг тогтоосон хугацаанд нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний зүйл болох автобусыг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. МТС ХХК-ийн хүлээлгэн өгсөн автобус тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, техникийн шаардлага хангахгүй нь ашиглалтын явцад тогтоогдсон төдийгүй тендерийн сонгон шалгаруулалтад оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль зөрчиж, тендерт шалгарсан болох нь ЭТТ ХК-ийн дотоод хяналтын нэгжийн шалгалтаар илэрсэн. МТС ХХК нь тендерийн баримт бичгийг бүрдүүлэхдээ Прайм шиппинг трейдинг ХХК-иас ЭТТ ХК-д хандан гэрээт борлуулагчийн ирүүлсэн итгэмжлэлд Прайм шиппинг трейдинг ХХК нь БНСУ-ын Хьюндай Юниверс маркийн автобусыг санал болгож улмаар зөвшилцөн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байсан. Барааны хувьд гэрээний ерөнхий нөхцлийн 14 дүгээр зүйлийн дагуу чанарын баталгааг бүрэн хангасан гэсэн Солонгос хэл дээрх албан бичгийг Гэгээн бүрэн орчуулгын газраар орчуулгаж ирүүлсэн. Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар уг автобусыг Костар трейдинг ХХК-иас Б.Тамирын нэрээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсад оруулж ирсэн бөгөөд хариуцагч нь автобусыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЭТТ ХК-д эзэмшлийг шилжүүлэн өгсөн. ЭТТ ХК-иас байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр автобусыг хүлээн авахад уг тээврийн хэрэгслийн гүйлтийг 168 683 км гэж тэмдэглэсэн байсан боловч импортын гаалийн бичигт гүйлтийг 652 000 км гэж бичигдсэн болохыг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч тал мэдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь автобус нийлүүлэх сонгон шалгаруулах ЭЭТ/2018/01090 дугаартай тендерт хуурамч бичиг баримт бүрдүүлж хамгийн бага үнийн саналыг өгч хууль бусаар шалгарсан. Тендер нь шалгаруулалтын болон шалгарсны дараа бараа материал хүлээн авах гэсэн хоёр тусдаа үе шаттай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар үнэлгээний хороо дүгнэлт гаргаснаар тендер сонгон шалгаруулах ажиллагаа дуусч байгаа. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг тендерт оролцож байгаа хувь хүн, хуулийн этгээдийн ирүүлсэн материалыг үнэлж дүгнэж, компани тэнцсэн бараагаа нийлүүлдэг. Автобусыг өөрийн өмч, өөрсдөө оруулж ирсэн талаарх баримтыг хариуцагч тал баримт гаргаж өгөөгүй. Хэрэв автобус компанийн өмч мөн бол мөнгө шилжүүлсэн баримт байх ёстой, түүнчлэн бэлнээр 5 000 000 воноос дээш үнэтэй бараа бүтээгдэхүүн авсан бол уг барааг хилээр оруулж ирэхдээ гаалийн мэдүүлэгт мэдүүлэх ёстой. Автобусыг 12 000 000 воноор авсан нь гаалийн мэдүүлгээс харагддаг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Тамир гаалиар оруулж ирсэн байсан. Тендер 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан. Автобус орж ирснээс хойш нэг сарын дараа тендер зарлагдаж, хариуцагч хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөрсдөө оруулж ирээгүй автобус зарсан. Прайм шиппинг трейд ХХК-ийн итгэмжлэлээр ЭТТ ХК-д тендерт оролцохын тулд энэ компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх материал бүрдүүлж өгсөн. Замын-Үүд дэх гаалиас ирүүлсэн нэхэмжлэхэд нэхэмжлэгч байгууллага МТС ХХК, төлөгч нь Б.Тамир, гүйлгээний утга нь автобусны тээврийн зардалд гэжээ. Компани өөрсдөө оруулж ирсэн бол яагаад 1 500 долларыг Б.Тамираас нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг 5 сарын дараа шилжүүлж авч байна. Хариуцагч МТС ХХК тендерт ялахын тулд хуурамчаар баримт бүрдүүлж гэрээ байгуулсан тул талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, төлбөрт шилжүүлсэн 237.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч МТС ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь карго, илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг. Тендер зарлагдахаас өмнө тээврийн хэрэгслийг оруулж ирсэн. ЭТТ ХК нь нээлттэй тендер шалгаруулалтыг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зарлан тендерийн урилгыг вэб хуудас, цахим хуудас, Өнөөдөр сонины дугаарт нийтэлж тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тендер сонгон шалгаруулалтад бид бусад компанийн хамт оролцон шалгарч, гэрээ байгуулах эрхийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 03-918 тоот албан бичгээр авсан. Тус сонгон шалгаруулалтад орсон бусад компаниудаас Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу тендерийг түр түдгэлзүүлсэн болохыг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/977 тоот албан бичгээр мэдэгдэж холбогдох баримтыг нэмэлтээр авчрах шаардлага тавьсан тул нийлүүлсэн автобусны гаалиар орж ирсэн бүрдүүлэлт хийсэн бичиг баримтуудыг өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЭТТ ХК-тай зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр автобусыг хүлээлгэн өгсөн. ЭТТ ХК-ийн зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад дурдсан техникийн бүх нөхцлийг хангасан автобус бөгөөд нэхэмжлэгч талаас 8 хүний бүрэлдэхүүнтэй тээврийн комисс хүлээж авсан. Тухайн үед тендерт тээврийн хэрэгслийг оруулж ирсэн процессынхоо дагуу бичиг баримт бүрдүүлж өгсөн. Б.Тамирын нэр дээр автобус оруулж ирсэн. Тендер сонгон шалгаруулахдаа 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш орж ирсэн автобус гэсэн шаардлага тавьсан бөгөөд манай нийлүүлсэн автобусны тухайн үеийн үзүүлэлтүүд таарч байсан тул сонгон авч, 1 жилийн баталгаа өгсөн. Нэхэмжлэгч тал 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн, залилан мэхэлсэн гэж цагдаад хандсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00444 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагчаас 237.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.410.450 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 1.410.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 633 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул МТС ХХК-д холбогдох 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 237 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай ЭТТ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МТС ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 345 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Ц.С нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу, дутуу дүгнэсэн. ЭТТ ХК Автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын баримт бичгийг үнэлгээний хороо боловсруулан тендерийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зарласан. Уг автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.3-д Тендерийн баримт бичгийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу дараах баримтыг ирүүлнэ. гээд “Үйлдвэрлэгч, дистрибьютер, Албан ёсны гэрээт борлуулагчаар ажилладагийг нотлох баримт бичиг, гэрчилгээ, захиалагч байгууллагын тодорхойлолт гэж заасны дагуу хариуцагч МТС ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр уг тендерт оролцох хүсэлтээ тендерийн материалын хамт ирүүлсэн. МТС ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт Үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.3-д заасан баримтыг хангаж буйгаа илэрхийлсэн БНСУ-ын Прайм шиппинг трейдинг компанитай байгуулсан бизнесийн хамтын ажиллагааны гэрээ, тус компаниас ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягын нэр дээр “БНСУ-ын Хьюндай мотор компанийн барааг борлуулдаг бөгөөд үүгээр МТС ХХК-д бидний борлуулсан Хьюндай universe маркийн автобус санал болгосон тендер ирүүлж, улмаар зөвшилцөн гэрээ байгуулахыг зөвшөөрч байна. Бидний дээр дурдсан компанийн санал болгосон барааны хувьд өрөнхий нөхцөлийн 14 дүгээр зүйлийн дагуу чанарын баталгааг бүрэн гаргаж байна” гэсэн албан бичгийг гэрээт борлуулагчийн итгэмжлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хамт хавсарган ирүүлсэн. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27, 28 дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний зааврын дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн материалыг үндэслэн тендерийг нээж, хянан үзэж, үнэлдэг. Үнэлгээний хороо хууль тогтоомжид заасны дагуу автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад МТС ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэж үнэлэн тус компанийг шалгаруулсан. Гэтэл МТС ХХК нь тендерт шалгарч, “Автобус худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, гэрээг хэрэгжүүлэхдээ буюу автобусыг нийлүүлэхдээ өөрсдийн тендерийн материалдаа хавсарган ирүүлсэн БНСУ-ын Прайм шиппинг трейдинг компаниас биш харин уг автобусыг “Костар трейдинг” компаниас иргэн Болдбаатар овогтой Тамир худалдан авч, өөрийн нэрээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсад оруулж ирсэн автобусыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр МТС ХХК иргэн Б.Тамираас өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЭТТ ХК-д шилжүүлэн өгсөн үйлдэл нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаа, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газраас ирүүлсэн баримтаар тогтоогдсон байдаг. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гэрчээр дуудсан иргэн Б.Тамирын шүүхэд өгсөн худал мэдүүлгийг үнэлэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гэрч иргэн Б.Тамир шүүхэд худал мэдүүлэг өгсөн нь дараах байдлаар тогтоогддог. Тэрээр гэрчийн мэдүүлэгтээ “...Цагаан сарын үеэр чиний нэр дээр бараа орж ирсэн. Очоод авах хэрэгтэй байна гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн. Гэтэл 2018 онд Цагаан сар аргын тооллын 02 дугаар сарын 16-ны өдөр шинийн 1 тохиосон байдаг. Харин уг автобусыг Б.Тамир нь “Костар трейдинг” компаниас худалдан авч Цагаан сар болохоос 10-аад хоногийн өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтоор аль хэдий нь Монгол Улсад оруулаад ирчихсэн байсан нь гаалийн мэдүүлгээр нотлогддог. Уг автобусыг иргэн Б.Тамир БНСУ-с оруулж ирэхдээ МТС ХХК-д тээвэр зуучлалын хөлс гэж 1,500 ам.доллар төлсөн байдаг.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3-д “...худалдан авах ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төслийг боловсруулах, хуулиар эрх олгосон бол батлах..." бүрэн эрхийг олгосон. Тус бүрэн эрхийнхээ хүрээнд Сангийн сайд нь худалдан авах ажиллагааны харилцааг зохицуулсан дүрэм, журам, заавар, жишиг баримт бичгийг баталдаг бөгөөд баталсан актуудыг тендер шалгаруулалтын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй байдаг. Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг, 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Тендерийн үнэлгээний зааврыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Сангийн сайдын 2012 оны 81, 194 дүгээр тушаалын зохих хавсралтаар батлагдсан журам, зааврын дагуу тендерийн баримт бичиг боловсруулдаг бөгөөд энэхүү жишиг баримт бичгийн дагуу тендерийн бичиг баримтыг боловсруулах, зарлах, хянан үзэж үнэлэн, сонгон шалгаруулалтыг явуулдаг тул шүүх эдгээр актуудыг хэрэг хянан шийдвэрлэхдээ заавал хэрэглэх байсан боловч хэрэглэлгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-д “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.” гэж заасан. Үнэлгээний хороо тус хуулийн 19.2-д ...тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл ...тендерийн жишиг маягтууд... тусгана... гэж заасны дагуу уг тендерт оролцогчдын бүрдүүлэх материалд “...Үйлдвэрлэгч, дистрибьютер, Албан ёсны гэрээт борлуулагчаар ажилдагийг нотлох баримт бичиг, гэрчилгээ, захиалагч байгууллагын тодорхойлолтыг...” шаардсан. Энэ шаардлагын дагуу хариуцагч БНСУ-ын Прайм шиппинг трейдинг компанитай байгуулсан бизнесийн хамтын ажиллагааны гэрээ, тус компиниас ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягын нэр дээр ирүүлсэн албан бичгийг хавсаргаж, тендерт оролцон шаардлага хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан боловч тендерийн баримт бичигт дурдсан БНСУ-ын Прайм шиппинг трейдинг компаниас бус иргэн Б.Тамирын оруулж ирсэн автобусыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж, ЭТТ ХК-д 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нийлүүлсэн нь ЭТТ ХК-иийг хуурч мэхэлсэн үйлдэл болсон байдаг.

Хариуцагч МТС ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй. Үнэлгээний хорооны тендер шалгаруулалтын дүнг үндэслэн хоёр тал 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Зорчигч тээврийн автобус худалдах, худалдан авах ЭТТ-2018/204 тоот гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Иргэний хуульд нийцүүлэн байгуулсан. Уг гэрээний 1.2-д “Энэ гэрээ нь хавсралттай байх бөгөөд хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.” мөн гэрээний 7.7-д “Дор дурдсан баримт бичиг нь гэрээний хэсэг болно. Үүнд:” гээд, 7.7.8-д “Бусад шаардлагатай баримт бичиг” гэж талууд тохиролцон тусгаж өгсөн. Хариуцагч тал ЭТТ-2018/204 тоот гэрээгээр ЭТТ ХК-д БНСУ-ын Прайм шиппинг трейдинг компаниас худалдан авсан автобусыг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдлийг гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ЭТТ ХК, МТС ХХК-д холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зорчигч тээврийн автобус худалдах-худалдан авах ЭТТ-2018/204 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу автобусны төлбөрт шилжүүлсэн 237.500.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч тендерийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, худалдан авсан автобус нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, шаардлагыг хангаагүй нь ашиглалтын явцад тогтоогдсон гэснийг, хариуцагч эс зөвшөөрч, нийлүүлсэн автобус нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт, шаардлагад нийцсэн, захиалагчийг хууран мэхэлсэн үйлдэл гаргаагүй гэжээ.

Хэргийн баримтаас үзвэл ЭТТ ХК 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр автобус нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласны дагуу тус компанийн тендерийн хороо оролцогчдоос МТС ХХК-ийн ирүүлсэн баримт бичиг нь хууль болон тендерийн баримт бичгийг шалгуурыг хангаж, тухайн худалдан авалтын төсөвт өртөгт багтсан, хамгийн бага харьцуулах үнэтэй гэж дүгнэж, 2018.05.04-ний өдөр тус компанитай гэрээ байгуулах эрх олгожээ.

Тендерийн үйл ажиллагааны талаар тендерт оролцсон бусад компани гомдол гаргасны дагуу Сангийн яам тухайн үйл ажиллагааг шалгаж, шийдвэрлэсэн талаар зохигч маргаагүй болно.

Эрдэнэт таван толгой ХК болон МТС ХХК-ийн хооронд 2018.06.25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагчийн гэрээгээр шилжүүлсэн автобусыг худалдан авагчийн техникийн комисс хүлээн авч, үнэд нийт 237.500.000 төгрөг төлж, 2018.11.05-ны өдөр хүртэл ашигласан нь тогтоогджээ.

Захиалагч буюу Эрдэнэт таван толгой ХК-ийн тодорхойлсон техникийн шаардлагад гүйцэтгэгч буюу МТС ХХК-ийн тендер нийцэж байгаа гэж үзсэн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ байгуулах үндэслэл болсон тендерийн бичиг баримт хуурамч байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Учир нь МТС ХХК нь тендерийн бичиг баримт бүрдүүлэхдээ Прайм шиппинг трейдинг компанитай байгуулсан бизнесийн хамтын ажиллагааны гэрээ, /эх хувийн хуулбарт огноо нь 2017.01.15-ны өдөр, орчуулгад 2018.01.15-ны өдөр гэж бичигдсэн/ /хх-20-21-р тал/, Прайм шиппинг трейдинг компанийн ЭТТ ХК-д хандсан “БНСУ-ын Хьюндай Мотор компанийн барааг борлуулдаг гэрээт борлуулагч “ гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ “МТС ХХК-д борлуулсан Хьюндай юниверс маркийн автобусны хувьд чанарын баталгааг гаргаж байна” гэх агуулгатай бичгийг хавсаргасан, эдгээр баримт бичиг хуурамч болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд бүрдүүлсэн тендерийн бичиг баримт хуурамч гэж үзэхгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болох тендерийн баримт бичигт тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний нөхцөл болно гэж заасан бөгөөд мөн зүйлийн 40.3-т  худалдан авах гэрээнд энэ хуулийн 40.2-т зааснаас гадна гэрээний үнэ, төлбөр хийх нөхцөл, хэлбэр, урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүн, хэлбэр, захиалагчийн хяналт болон бусад нөхцөл, гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний дүн, хэлбэр, худалдааны нөхцөлүүд, бараа нийлүүлэх, ажил үйлчилгээ гүйцэтгэх хуваарь, гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг заавал тусгана гэжээ.

МТС ХХК-ийн нийлүүлэх автобусны техникийн тодорхойлолт, танилцуулгад автобус нь БНСУ-д 2013.02.02-ны өдөр үйлдвэрлэгдсэн, Хьюндай Юниверс маркийн 45-с дээш хүний суудалтай, 2018.02.05-ны өдөр Монгол улсад орж ирсэн гэж тэмдэглэн, гэрэл зургийг хавсаргасан байсан байна. Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд гэрээ байгуулагдсны дараа автобусыг БНСУ-с оруулж ирэх нөхцөл тусгагдаагүй, гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн  дараа автобусыг хүлээлцэхэд ЭТТ ХК-ийн техникийн комисс 23 үзүүлэлтээр шалгаж, гэрээний нөхцөлд тавигдсан техникийн шаардлагад нийцсэн гэж үзэн авсан байна.

Автобусыг Б.Т-ын хүсэлтийн дагуу түүний нэр дээр Монгол улсад  оруулж ирсэн гэх хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй, автобусны  км-ын заалтыг ухраасан гэх гомдлыг хэрэг бүртгэх ажиллагаагаар шалгасан, энэ байдал тогтоогдоогүй байна.

Дээрх байдлаар зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 633 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.345.450 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ