Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Здаргалж, шүүгч Д.Ц, А.Онарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00534 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Д, түүний өмгөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдан авах гэрээгээр 46 520 000 төгрөгийн хэв хашмал, пум, сапут, паниар, брус аваад үнийг нь өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээний 3-д заасны дагуу алданги тооцон нийт 60 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэж байхдаа Б.Б-ын хамаарал бүхий байгууллагаас хэвний материал, тулаас, хар паниарыг авч ашигласан. Тухайн үед Б.Б нь байгууллагын нярваар дамжуулан их хэмжээний хэвний материал, барилгын тулаас зэргийг гаргаж надад давхар түрээсэлсэн бөгөөд манайх санхүүгийн хүндрэлтэй байсан учраас Б.Б-аас хамаарал бүхий байгууллагаас сайн чанарын улаан паниар 1000 ширхэгийг зах зээлийн ханшаас өндрөөр тооцож авсан боловч паниар гадаа талбайд 2 жил хураалттай байсан тул захиалагч Д.Тунгалаг, н.Евгений нар муу материал ашигласан, хэвний материал муу гэж гомдол гаргаж байсан, төлөвлөөгүй паниар дахин худалдан авч нэмэгдэл зардал гарган бид тэр паниараас болж алдагдалд орсон. Б.Б миний бие бага хэмжээний гэмтэл учруулан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр спортын төв ордны дэргэд байрлах нотариатын газар гэрээ хийхээр болсон. Тухайн үед гэрээний үнэ тоо, хэмжээг бичиж тулгасан бөгөөд нотариатч дарамт шахалтад гэрээ хийлгэхгүй гэж байсан боловч тухайн үед буцаж орж гэрээ байгуулсан, хүү тооцохыг нь мэдэхгүй гарын үсэг зурсан. Би Б.Б-аас тухайн тоо хэмжээний эд материалыг түрээсээр авсан нь үнэн боловч 3 жилийн хугацаанд төлбөрийг төлж байсан атал одоо 60 000 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Б.Бүрэнбаатарт 2016 онд 4 500 000 төгрөг, 2017 онд 8 580 000 төгрөг бүхий бетон зуурмаг нийт 15 000 000 орчим төгрөг төлж, 2017 оны 11 дүгээр сар хүртэл боломжоороо төлбөр төлөлт хийсэн. Ар гэрийн асуудлаас болж төлөлт хийж чадаагүй бөгөөд сар бүр тогтмол төлбөр төлөх саналыг зөвшөөрөөгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-аас 2015 оны 9 дүгээр сард барилгын хэв хашмалын тулаас пум, сапуд, паниар авсан. Түрээсэлж байсан учраас пум, сапудаа хэрэглээд дууссаны дараа Б.Б нь буцаагаад авсан. Паниар нь дахиж ашиглах боломжгүй чанарын шаардлага хангахгүй, нэг удаа хэрэглээд хаясан учраас надаас буцааж аваагүй. Зээлээр бараа худалдсан бол пум, сапуд нь надад үлдэж би хэрэглэж байх ёстой байсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан бөгөөд энэ үед намайг дарамталсан тул талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар түрээсийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь Д.Д бид хоёр харилцан тохиролцон гэрээг нотариатаар баталгаажуулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 17 460 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 42 540 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 56.1.3-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 447 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 390 550 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 245 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 4 дүгээр сараас эхлэн Д.Доржсүрэнгийн хүсэлтээр барилга барихад ашигладаг пум, сапуд, труба, брус, паниар зэргийг түрээслэх болон худалдах журмаар түүнд олгож эхэлсэн билээ. Улаан паниар болон брусыг 31 520 000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Сапуд, пум, труба зэргийг дахин дахин ашигладаг тул 35 000 000 төгрөгөөр түрээслээд буцааж өгөхөөр тохиролцсон. Пум, сапуд, труба, паниар, брусыг “П” ХХК-иас авах авлагадаа дээрх материалыг авч хариуцагчид өгсөн юм. Ингээд паниар, брус худалдаж авсан мөнгө болон пум, сапуд, труба түрээсэлсэн мөнгөө өгөлгүй удсан тул тооцоо нийлж гэрээ байгуулсан. Тухайн үед түрээсийн төлбөрт 20 000 000 төгрөг төлсөн байсан. Ингээд худалдсан паниар, брусын үнэ, труба, сапуд, пумны түрээсийн үнэ болон алданги нийт 70 000 000 төгрөг болсон ба Д.Д надад бэлэн 4 600 000 төгрөг, 36 м.куб бетон зуурмагийг 5 400 000 төгрөгт тооцон нийт 10 000 000 төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл 60 000 000 төгрөгийг Д.Д-ээс авах ёстой атал зарим хэсгийг нь хангаагүй нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Д-ээс 60 000 000 төгрөг гаргуулахаар шаардахдаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг үндэслэсэн гэх боловч шүүх хуралдаанд барилгын хэв хашмал, нум, сапут, брус, паниарыг түрээсэлсэн, Д.Д-ээс түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баталгаажуулж гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, дурдсан барилгын туслах материалыг худалдаж аваагүй, түрээсэлсэн паниараас бусад материалыг буцаан өгсөн тул зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь пум, сапуд паниар зэргийг түрээсэлсэн гэж тайлбарласан боловч түрээсийн зүйлийн тоо хэмжээ болон түрээсийн төлбөрийн хэмжээ хэд болохыг тодорхойлоогүй. Иймд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан “бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй баримтад талууд үнэ төлөх хэмжээг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 15 000 000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 31 520 000 төгрөгөөр тодорхойлж, үүрэг бүхий этгээд зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн төлбөрөөс 12 110 000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдсон.

Түүнчлэн хариуцагчаас барилгын тулгуур нум, сапут, труба зэргийг ашигласны дараа буцаан өгснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, харин паниар дахин ашиглах боломжгүй тул буцаан өгөөгүй гэж тайлбарлажээ.

Зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдал, бичгийн баримтыг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна.

Иймд эд хөрөнгийг хөлсөлсний төлбөрийг хөлслөгч төлөх үүрэгтэй, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгө ашигласны хөлс 46 520 000 /15 000 000+31 520 000/ төгрөгийн үлдэгдэлтэйг зөвшөөрсөн тул уг үнээс түүний бэлэн мөнгө болон бараа материал болох бетон зуурмагаар төлсөн хэмжээг 12 110 000 төгрөгөөр тодорхойлж хасч тооцвол 34 410 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй бичгийн баримтын 3-т алданги тохиролцохдоо талуудад худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн нөхцөлд үнэ ханшуудыг төлсөн бол алданги шаардахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцэхгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс эд хөрөнгө хөлсөлсөн гэсэн агуулгаар тайлбар гаргаснаас гадна бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн зүгээс дарамталж хийлгэсэн, өөр гэрээг халхавчилсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, уг гэрээ бодитоор хэрэгжээгүй тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00534 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17 460 000 төгрөг” гэснийг “34 110 000 төгрөг” гэж, “42 540 000 төгрөгт” гэснийг “25 890 000 төгрөгт” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “245 250 төгрөг” гэснийг “328 500 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 370 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.З

                        ШҮҮГЧИД                                           Д.Ц

                                                                                    А.О