Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 00534

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Дашравдан, гэрч М.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Д 2015 оны 11 дүгээр сарын 02-нд худалдан авах гэрээ байгуулан 46,520,000 төгрөгийн хэв хашмал, пум, сапут, паниар, прусс аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцон 60,000,000 төгрөгийг иргэн Д.Дгээс нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дашдондог овогтой Д.Д миний бие 2015 оны 4-р сараас эхлэн 8-р сар хүртэл БЗД-ийн 26-р хороонд байрлах Иргэн Д.Тунгалагын 12 давхар үйлчилгээ бүхий орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд тухайн үед иргэн Б.Бын хамаарал бүхий байгууллагаас хэвний материал тулаас, хар фанер зэргийн авч ашигласан бөгөөд тухайн уед Б.Б нь тухайн байгууллагын няраваар дамжуулан их хэмжээний хэвний материал, барилгын тулаас зэргийг гаргаж надад давхар түрээсэлсэн бөгөөд тухайн манайх санхүүгийн хүндрэлтэй байсан учраас Б.Баас хамаарал бүхий байгууллагаас улаан сайн чанарын фанер 1000 ширхэгийн зах зээлээс өндөр ханшаар тооцож авсан боловч фанер маань гадаа талбайд 2 жил хураалттай байсан болохоор өөрийн чанараа алдаж /энгийн фанер 3 удаа ашигладаг бол тухайн фанер 1 удаа ашиглаад дахин ашиглах боломжгүй болсон/ тухайн фанерын чанарын асуудлаас болж захиалагч Д.Тунгалаг, Нөхөр Евгэни нар муу материал ашигласан талаар гомдол гарч байсан мөн захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллага мөн хэвний материал их муу байна гэж гомдол гарч байсан бөгөөд бид тэр фанераас болж алдагдалд орохоос гадна төлөвлөөгүй фанер дахин 1000 ширхэг орчим фанер 44-ийн худалдааны төвөөс худалдан авалт хийж нэмэгдэл зардал гарсан болно. Миний энэ байдлыг нилээдгүй болон хүн гэрчлэх бизээ.

Би 2015 оны 11-р сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах хадам аавын хашаанд гагнуурчин Даваадорж, нярав Бат-Эрдэнэ, мужаан Батбаяр нар байх үед Б.Б нэг найзын хамтаар ирж намайг дарамталж мөнгө төлөхийг шаардаж боож бага хэмжээний гэмтэл учруулсан маргааш хамт нотариат орж зээлийн гэрээ хийнэ гэж дарамталсаны үндсэн дээр 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр спортын төв ордны дэргэд байрлах нотариатын газар гэрээ хийхээр болсон тухайн үед надтай гэрээний үнэ тоо хэмжээг өөрөө бичиж тулгасан бөгөөд тухайн үед нотариатч өрөөнөөс хөөн гаргаж байсан дарамт шахалтанд гэрээ хийлгэхгүй гэж бид буцаж ороод гэрээ хийсэн боловч миний бие хүү тооцох гэдгийг мэдээгүй гарын үсэг зурсан. Тэр үеэс эхлэн Б.Б байнга утсаар хараал хэлж гэртчин очиж хэвтэнэ шүү гэж утсаар дарамталж байсан. Миний бие Б.Баас тухайн тоо хэмжээний эд материалыг түрээсээр авсан нь үнэн боловч тухайн 3-н жилийн хугацаанд нилээдгүй төлбөр төлөлт хийсэн боловч ямар шалтгааны улмаас 60 сая төгрөг нэхэмжилж байгаад харамсаж байна.

Тухайн үед өөр орлох барилгын материал манай захиалагч Иргэн Евгэний авч болно гэж байсан боловч бага хэмжээний бетон зуурмаг авсан.

2016 онд Б.Бт 4.5 сая төгрөг

2017 онд Б.Бт 8.58 сая төгрөг бүхий бетон зуурмаг нийт 15 орчим сая төгрөг төлөлт хийсэн байна.

2017 оны 11-р сар хүртэл би хувийн хэвшилд ажилласан бөгөөд ажилтай ажилгүй хооронд байсан боловч Б.Бт аль болох боломжоороо төлбөр төлөлт хийж байсан. 2017 оны 11-р сараас би ажилд орохоор шийдэж “НБИК” ХХК-д 1.5 сая төгрөгийн цалинтайгаар ажилд орсон миний бие сар бүр ипотекийн зээл төлдөг учир хуримтлал үүсгэх боломжгүй өдийг хүрсэн юм. 2013 оноос эхлэн эхнэр бид 2 хамт амьдарсан бөгөөд хүүхэдтэй болж чадаагүй. Нилээдгүй олон жил эмчилгээ хийлгэж байгаад 2018 онд хүүхэдтэй болохоор төлөвлөж СLWN үр шилжүүлэн суулгах эмнэлэгч 12 сая төгрөгөөр үр шилжүүлэн суулгац хийлгэж эхнэр маань одоо 5-н сартай жирэмсэн болсон. Би тухайн үед Б.Бт учирлаж хэлж байсан. 2018 онд ийм шалтгааны улмаар Б.Бт төлбөр төлж чадаагүй нь үнэн болно.

Би өөрийн найз Б.Бт сар бүр тогтмол төлбөр төлж байгаад дуусгая гэсэн боловч саналыг хүлээж аваагүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баас 2015 оны 09 дүгээр сард барилгын хэв хашмалын тулаас буюу барилгынханы хэлж заншснаар пум, сапуд, фанер авч өөрийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан иргэн Тунгалаг түүний нөхөр Евгений нарын барилга дээр хэрэглэсэн бөгөөд түрээсийн харилцаа байсан.

Фанер нь чанарын шаардлага хангахгүй байсан талаар хариу тайлбартаа бас тодорхой тайлбарласан. Түрээсийн харилцаа байсан учраас пум, сапудаа хэрэглээд дууссаны дараа Б.Б нь буцаагаад авсан. Фанер нь дахиж ашиглах боломжгүй чанарын шаардлага хангахгүй нэг удаа хэрэглээд хаяахаас өөр аргагүй байсан учраас надаас буцааж аваагүй, нэг удаа хэрэглээд хаягдал болсон. Хэрэв үнэхээр надад зээлээр бараа худалдсан юм бол пум, сапуд нь надад үлдээд одоо хүртэл би хэрэглэж байх байсан. Түрээсийн үнэ төлбөр дээрээ намайг дарамтлан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барилгын талбай дээр боож унагаж, хүч хэрэглэсэн талаар гагнуурчин Даваадорж, нярав Бат-Эрдэнэ, мужаан Батбаяр нар гэрчилнэ. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Спортын төв ордоны дэргэдэх нотариатч Б.Тунгалаг дээр очиж гэрээ байгуулсан. Энэ үед ч намайг маш ихээр дарамталсан бөгөөд нотариатч Б.Тунгалаг ийм маргаантай гэрээ хийж болохгүй гээж хөөж гаргаж байсан. Энэхүү гэрээ нь 2 талын сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоооор хийсэн гэрээ биш юм. Иргэний хуулийн 56.1.3-д зааснаар түрээсийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ юм. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Дгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Д бид хоёр харилцан тохиролцон гэрээг нотариатаар баталгаажуулсан болно гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Дд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Д.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Зохигч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэг талаас Б.Б, нөгөө талаас Д.Д нар “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан, уг гэрээгээр худалдагч Б.Б нь барилгын хэв хашмал, сапут, паниар, пруссийг шилжүүлэх, худалдан авагч Д.Д нь 46,520,000 төгрөгийн үнэ төлөх агуулга бүхий хэлцлийг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 3 дахь талд/

Нэхэмжлэгч уг гэрээний үүргийг хангуулна гэж тодорхойлж, хариуцагч гэрээнд заасан хөрөнгийг худалдан авах зорилго байгаагүй, түрээслэх хүсэл зориг илэрхийлсэн, тус гэрээг хүчээр дарамталж хийлгэсэн тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд байгуулсан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ нь, агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талууд гарын үсэг зурж, нотариатараар гэрчлүүлсэн энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй түрээсийн гэрээг халхавчлах зорилгоор буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж хариуцагч маргаж байх тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4 дэх хэсэгт, харин субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд тус тус зохицуулжээ.

Зохигчдын гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийн илэрхийлэлийн талаар гаргасан тайлбар болон гэрч М.Бат-Эрдэнийн мэдүүлэг зэргээс үзэхэд барилгын хэв хашмал, пум сапут, паниар, прусс төмрийг худалдах буюу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хариуцагчийн төлсөн үнийг өөрийн өмчлөлд шилжүүлэх хариуцагч үнэ төлөх, өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу худалдан авсан хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсгэх хууль зүйн үр дагавартай гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр, талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үр дагаварыг үүсгээгүй боловч энэ нь тухайн хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд тухайн хэлцлийн агуулга, зорилго, хүсэл зориг нь Иргэний хуульд заасан ямар гэрээний үүргийг үүсгэхээр илэрхийлэгдсэн болохыг тодорхойлох боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, талуудын гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийн илэрхийлэл нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг бус барилгын хэв хашмал, пум сапут, паниар, прусс төмрийг түр ашиглуулах зорилготой буюу бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийг харилцан илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь гэрээг хүчээр, дарамталж байгуулсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулах үеийн хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний зохицуулалтад хамаарч байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч барилгын пум, сапут төмрийг түр ашиглаад буцааж шилжүүлсэн тул хөлс 15,000,000 төгрөг, паниарыг ашиглаад буцааж хүлээлгэж өгөөгүй тул паниарын үнэ буюу хохирол 31,520,000 төгрөг нийт 46,520,000 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүй үүрэг буюу алдангид 23,480,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 10,000,000 төгрөгийг алдангид хасч, нийт 60,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч барилгын пум, сапут төмрийг 15,000,000 төгрөгөөр түрээслээгүй, нийт 1000 ширхэг паниарыг ширхэгийг нь 18,500 төгрөгөөр тооцсон 31,520,000 төгрөг нь үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчид мөнгөн хэлбэрээр 4,600,000 төгрөг, эд хөрөнгөөр 7,510,000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцсэн.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний гэрээний 2 дахь хэсэгт “худалдан авагч тал нь төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 15,000,000 төгрөгийг ,үлдэгдэл 31,520,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгана” гэж зааснаар барилгын пум, сапут төмрийг ашигласны хөлс 15,000,000 төгрөг, паниарын үнэ буюу хохирол нь 31,520,000 төгрөг гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “зохигч”-ийн тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах боловч нэхэмжлэгчийн тухайн үнийн талаарх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байх тул “зохигчдын тайлбар”-аар гэрээний үнийг тодорхойлох боломжгүй учир хэрэгт цугларсан бусад баримтуудад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан “Пи Ай Эм Эм” ХХК-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Босоо цамхаг” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын хувьд нэхэмжлэгч тус компанийн паниарыг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч буцааж өгөөгүй хохирол учруулсан гэж тайлбарлсан тул тухайн баримтад дурдсан үнийн хэмжээгээр паниарын хохиролыг тооцож гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. /х.х-ийн 52 дахь талд/

Иймд, хариуцагчийн нэхэмжлэгчид мөнгөн хэлбэрээр төлсөн, 4,600,000 төгрөг, эд хөрөнгөөр өгсөн 7,510,000 төгрөг нийт 12,110,000 төгрөгийг 26,078,000 төгрөгөөс хасч, үлдэх 13,968,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. /х.х-ийн 45-46 дахь талд/

Нэхэмжлэгч нь барилгын пум, сапут төмрийг хөлсөлсний хөлс 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул тус шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Гэрээний 3 дахь хэсэгт “... төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож ... төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 Хэдийгээр гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зохицуулсан “анзын хэмжээ илт их байх”, “хэргийн нөхцөл байдлыг харгалзан” анзын хэмжээг багасгах гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх нь зүйтэй.

Эд хөрөнгө хөлсөлсний хөлс төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас хариуцагч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс шаардах боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Ийнхүү хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсээр байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь эрхээ үнэнчээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна.

Тус үндэслэлээр үндсэн үүрэг болох 13,968,000 төгрөгийн 50 хувь болох 6,984,000 төгрөгийг алдангид тооцохоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар тус хэмжээг 50 хувиар багасган хариуцагчаас алдангид 3,492,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Дурдан буй үндэслэлээр хариуцагч Д.Дгээс 17,460,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 42,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон,

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Дгээс 17,460,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 42,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 56.1.3 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б.Б, Д.Д нарын хооронд байгуулсан “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Д.Дгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 447,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 390,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 245,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ЭНХЖАРГАЛ