Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00060

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00534 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Д.Д-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Д- 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдан авах гэрээгээр 46.520.000 төгрөгийн хэв хашмал, пум, сапут, паниар, прусс аваад үнийг нь өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээний 3-д заасны дагуу алданги тооцон нийт 60.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ажил гүйцэтгэж байхдаа Б.Б-ын хамаарал бүхий байгууллагаас хэвний материал, тулаас, хар паниарыг авч ашигласан. Тухайн үед Б.Б- нь байгууллагын нярваар дамжуулан их хэмжээний хэвний материал, барилгын тулаас зэргийг гаргаж надад давхар түрээсэлсэн бөгөөд манайх санхүүгийн хүндрэлтэй байсан учраас Б.Б-аас хамаарал бүхий байгууллагаас сайн чанарын улаан паниар 1000 ширхэгийг зах зээлийн ханшаас өндрөөр тооцож авсан боловч паниар гадаа талбайд 2 жил хураалттай байсан тул захиалагч Д.Тунгалаг, н.Евгений нар муу материал ашигласан, хэвний материал муу гэж гомдол гаргаж байсан, төлөвлөөгүй паниар дахин худалдан авч нэмэгдэл зардал гарган бид тэр паниараас болж алдагдалд орсон. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр спортын төв ордны дэргэд байрлах нотариатын газар гэрээ хийхээр болсон. Тухайн үед гэрээний үнэ тоо, хэмжээг бичиж тулгасан бөгөөд нотариатч дарамт шахалтад гэрээ хийлгэхгүй гэж байсан боловч тухайн үед буцаж орж гэрээ байгуулсан, хүү тооцохыг нь мэдэхгүй гарын үсэг зурсан. Би Б.Б-аас тухайн тоо хэмжээний эд материалыг түрээсээр авсан нь үнэн боловч 3 жилийн хугацаанд төлбөрийг төлж байсан атал одоо 60.000.000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Б.Б-т 2016 онд 4.500.000 төгрөг, 2017 онд 8.580.000 төгрөг бүхий бетон зуурмаг нийт 15.000.000 орчим төгрөг төлж, 2017 оны 11 дүгээр сар хүртэл боломжоороо төлбөр төлөлт хийсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

Хариуцагч Д.Д-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Б.Б-аас 2015 оны 9 дүгээр сард барилгын хэв хашмалын тулаас пум, сапуд, паниар авсан. Түрээсэлж байсан учраас пум, сапудаа хэрэглээд дууссаны дараа Б.Б- нь буцаагаад авсан. Паниар нь дахиж ашиглах боломжгүй чанарын шаардлага хангахгүй, нэг удаа хэрэглээд хаясан учраас надаас буцааж аваагүй. Зээлээр бараа худалдсан бол пум, сапуд нь надад үлдэж би хэрэглэж байх ёстой байсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан бөгөөд энэ үед намайг дарамталсан тул талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар түрээсийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ тул худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Талууд харилцан тохиролцон гэрээг нотариатаар баталгаажуулсан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгн үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00534 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 17.460.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 42.540.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 56.1.3-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 447.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 390.550 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 245.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00534 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 17.460.000 төгрөг гэснийг 34.110.000 төгрөг гэж, 42.540.000 төгрөгт гэснийг 25.890.000 төгрөгт гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 245.250 төгрөг гэснийг 328.500 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 370.650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...Нэхэмжлэгч Б.Б- нь 2015 оны 11 сарын 02-ний өдрийн “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэлийн шаардлага гарган 60 сая төгрөг нэхэмжилсэн. Гэтэл энэхүү гэрээ нь зээлээр худалдах худалдан авах гэрээ биш болох нь анхан шатны шүүхийн хурал дээрх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол, давж заалдах шүүхийн хурал дээр тайлбар өгөхдөө барилгын хэв хашмалын бараа материал түрээслэсэн гэдгээ илэрхийлсээр байтал энэ гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэснийг зөрчиж түрээсийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэснийг зөвшөөрөхгүй байна. Энэхүү гэрээг хийхээс өмнө миний бие тохирсон ёсоороо 20 гаруй сая төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба дарамталж гэрээнд гарын үсэг зуруулснаас хойш түрээсийн төлбөрт бетон зуурмаг, бэлэн мөнгөөр төлбөрийг төлсөн. Магадлалын 4 дэх талд “...өөр гэрээг халхавчилсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, уг гэрээ бодитоор хэрэгжээгүй тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Гэрээ бодитоор хэрэгжээгүй юм бол ямар үнийн дүнгээс бодон хариуцагчаас 34.110.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдсэн вэ гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д заасан ёсоор миний бие гэрч М.Бат-Эрдэнийг шүүх хуралд дуудан, 2015 оны 11 сарын 01-ний өдрийн үйл явдлыг шүүх танхимд гэрчлүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө ноториат дээр маргаан болоод маргаантай гэрээ батлахгүй гэж байсныг шүүх хурал дээр хэлсэн. Гэрээ байгуулахаас урьд 2015 оны 11 сарын 02-ны өдрөөс өмнө дулааны улиралд хэрэгжсэн түрээсийн үйл явдал бөгөөд үүнийг нөхөж хойноос нь хийсэн, үнийн дүнг өөртөө тааруулан дарамталж хийлгэсэн, өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэдгийг чадан ядан нотлосон байхад цаг хугацаа, болсон үйл баримтыг шүүх дүгнэсэнгүй. Эдгээр үндэслэлээр магадлал нь хууль ёсны үндэслэл бүхий гэж бодохгүй байгаа тул магадлалыг хүчингүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б-, Д.Д-д холбогдуулан зохигчийн хооронд 2015.11.02-ны өдөр байгуулагдсан “бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах” гэрээний 2-т заасныг үндэслэж, хэв хашмал, пум, сапуд, паниар, пруссын үнэ 46.520.000 төгрөг, гэрээний 3-д зааснаар алдангид 13.480.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч  эс зөвшөөрч, “...барилга барихад ашигладаг материал түрээслэх гэрээ байгуулж, түрээсийн хөлс төлсөн,  авсан пум, сапут, пруссыг буцаан өгсөн, 1000 ширхэг паниар доголдолтойн улмаас буцаан өгөөгүй, ийм хэмжээний мөнгө нэхэх үндэслэлгүй, ...худалдах-худалдан авах гэрээ нь түрээсийн гэрээг халхавчлах зорилгоор хүч хэрэглэж дарамталж хийгдсэн” гэж гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тайлбар гаргахдаа, Д.Д- нь Б.Б-аас барилгын материал авч ашиглан хөлс төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хожим “бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан гэж, пум, сапуд, төмөр ашигласны хөлс 15.000.000 төгрөг, паниар буцаан өгөөгүйгээс учирсан хохирол 31.520.000 төгрөг, алданги 13.480.000 төгрөг гаргуулна гэжээ.

Анхан шатны шүүх “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ бус эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, ...материал ашигласны хөлс 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ нэхэмжлэгч нотлоогүй, ашигласан паниарыг буцаан өгөөгүйн хохиролд хариуцагч 26.078.000 төгрөг төлөхөөс 12.110.000 төлсөн тул үлдэх 13.968.000 төгрөг, алданги 3.492.000 төгрөг, нийт 17.460.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хариуцагч хөлс 46.520.000 төгрөг төлөхөө 2015.11.02-ны өдөр зөвшөөрсөн тул төлсөн 12.110.000 төгрөгийг хасч, 34.110.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, харин 2015.11.02-ны өдрийн гэрээгээр худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн нөхцөлд алданги шаардахаар тохиролцсон нь хуулийн шаардлагад нийцэхгүй тул алданги шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хоёр шатны шүүх эдгээр дүгнэлтийг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байхыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан байна. Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Д.Д- гэрээний дагуу хэдий хэмжээний ямар эд хөрөнгийг аль хугацаанд ашигласан, төлбөл зохих хөлс хэд болох, ямар эд хөрөнгийг буцаан өгсөн, хэдий хэмжээний хөрөнгийг буцаан өгөөгүйгээс хохирол нэхэмжилж байгаа, хохирлыг хэрхэн тооцсон зэрэг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ зөрчлийг анхаараагүй байна. Иймээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00534 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 632 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 328.500 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ