Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/02533

 

 

 

 

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/02533

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: П нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Г холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 25 357 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Хонгорзул хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 25 357 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...иргэн Д.******* нь Д.*******т 16.100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл 1 сарын дараа тус зээлүүлсэн мөнгөө нэхэхэд элдэв тайлбар тавиад утсаа авахгүй болсон. Д.******* гадагшаа явахаар болоод надад итгэмжлэл олгосон. Алдангийн хугацаа хэтрээд маш удсан учир шүүхэд хандаж байгаа. Мөнгийг 1 сарын хугацаатай зээлсэн ба мөнгөө өгөөгүй. Иймд хуулийн дагуу гэрээний үндсэн төлбөр болох 16.100.000 төгрөг, хүү 805 000 төгрөг, алданги 8.452.500 төгрөг, нийт 25 357 500 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...зээлийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотариат дээр очин 16 цаг 56 минутад байгуулсан. Нотариат дээр очихдоо бэлэн мөнгө өгье гэсэн. Д.******* гэдэг хүнийг Д.******* нь огт танихгүй ба уг хоёр хүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.******* нотариат дээр дагуулан очсон. Нотариат дээр орж ирээд бэлэн мөнгө өгөхгүйгээр 16.100.000 төгрөгийг шууд Голомт банкны 1705045942 тоот дансанд 10 дугаар сарын 26-ны өдрөө шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан боловч мөнгийг шилжүүлээгүй ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотариат дээр очин 16 цаг 56 минутад гэрээ хийсэн гэдэг ба уг гэрээг хийсэн нотариатчаас асуухад тус стандарт гэрээг 8-аас 10 минутын дотор хийдэг гэж хариулсан. 16 цаг 56 минутаас 17 цаг 10 минутад гэрээ дууссан. Гэтэл бэлэн мөнгөгүй байсан хүмүүс 17 цаг 20 минутад бэлэн мөнгө хүлээж авлаа гээд Д.*******т гарын үсэг зур гээд тус баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Нотариатч уг гэрээг байгуулахдаа мөнгийг хуульд заасан байдлаар шилжүүлж өгөх ёстой ба өгсний дараагаар зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно. Иймд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлэх ёстой ба үүнийг хийгээгүй тохиолдолд уг гэрээ дуусгавар болох талаар хуулийн зохицуулалтыг тайлбарлаж өгсөн байдаг. Мөнгөө өгөөгүй учир бэлэн мөнгө ба ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Иймд уг нэхэмжлэлд дурдаж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

4. Нэхэмжлэгч Д.*******гаас шүүхэд ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/

зээлийн гэрээ /хэргийн 4-5 дугаар тал/ з

мөнгө хүлээн авсан тухай бичгийн баримт /хэргийн 5 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд

 

5. Хариуцагч Д.*******ээс шүүхэд ирүүлсэн

 Хариу тайлбар, дансны хуулга /хэргийн 10-12 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 18 дугаар тал/

 

6. Шүүхээс

гэрч Т.*******ийн мэдүүлэг, хууль сануулсан баримт, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 29-31, 34 дүгээр тал нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...зээлийн гэрээгээр хүлээн авсан мөнгөө төлөхгүй байгаа тул үндсэн зээл, хүү, алданги нийт 25 357 500 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... зээлийн гэрээгээр шилжүүлэх 16 100 000 төгрөгийг дансаар шилжүүлээгүй, мөнгөө өгөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Д.******* 2021 оны 10 сарын 26-ны өдөр 16 100 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай хариуцагч буюу зээлдэгч Д.*******т зээлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч, зээлийн гэрээ бичгээр байгуулсан нь зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан тухай бичгийн баримт, гэрч *******ийн шүүхэд өгсөн ...энэ 2 орж ирж гэрээ хийсэн талаар мэдэж байгаа, бүх юм хуруугаар уншигдаж байгаа... гэх мэдүүлэг, гар утас дахь бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-5, 28-31, 34 дугаар хуудас/

 

6. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3-д заасан шаардлагыг хангасан хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

7. Зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч авсан ... мөнгийг тохирсон хугацаанд тохирсон хүүгийн хамт буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

9. Гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч бэлнээр мөнгө аваагүй, голомт банкны дансаар мөнгө шилүүлнэ гэж гэрээ байгуулсан боловч мөнгөө шилжүүлээгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.4-т зээл олгох хэлбэр, хугацаа:бэлэн бусаар Голомт банкны 1705045942 тоот дансанд 2021-10-26 өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ гэжээ.

 

11. Гэсэн хэдий ч 2021.10.26-ны өдөр 17.20 мин-д Банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16 100 000 гэсэн гарын үсэг бүхий баримтыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй ба дансаар шилжүүлээгүй шалтгаанаа нэхэмжлэгч ...банк хаасан байсан... гэж тайлбарлаж байх тул тухайн бичгийн баримтаар нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

12. Нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн тул хариу үүрэг болох мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хариуцагч хүлээнэ.

 

13. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 сарын 26-ны өдөр дууссан хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагч мөнгийг хүүгийн хамт буцаан төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байгаа, хариуцагч үндсэн зээл, хүү алдангийн тооцооллын талаар ямар нэг тайлбар гаргаж маргаагүй.

 

14. Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.6, 4.7, 6.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 283.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 232.7-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас үндсэн зээл 16 100 000 төгрөг, хүү 805 000 төгрөг, алданги 8 452 500 төгрөг нийт 25 357 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

15. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.7-д зааснаар гэрээний хариуцлага буюу алданги шаардах үүссэн байна.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 737 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284 737 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

17. 2022 оны 01 сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс Б.*******д, 2022 оны 6 сары 21-ний өдөр хариуцагчаас Д.*******т олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3, 18 дугаар тал/

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Д.*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 25 357 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 737 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284 737 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ