Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01739

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01739

 

 

Д.П-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02533 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Д.П-гийн нэхэмжлэлтэй

хариуцагч Д.Г-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 25,357,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.П нь Д.Гт 16,100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусч зээлийн мөнгөн хөрөнгийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Гэрээний 3.7 дахь хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан. Иймд зээл 16,100,000 төгрөг, хүү 805 000 төгрөг, алданги 8,452,500 төгрөг, нийт 25,357,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.Г Д.П-г огт танихгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ...мөнгө хэрэгтэй бол танилаасаа зээл авч өгч болно... гэсний дагуу нотариат орж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Бэлэн мөнгө өгөхгүйгээр 16,100,000 төгрөгийг Голомт банкны 170504**** тоот дансанд 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан. Гэрээнд бэлэн мөнгө хүлээж авлаа гэж Д.Г-ээр гарын үсэг зуруулсан боловч боловч мөнгийг шилжүүлээгүй. Зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 25,357,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 737 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284 737 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Д.Г Д.П-г танихгүй бөгөөд мөнгө зээлдүүлдэг Б.Э-ээр дамжуулан мөнгө зээлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн. Нотариатаар мөнгө өгсөн гэсэн гэрээ хийж өгөхгүй бол заавал дансаар хийнэ гэсэн. Хэрвээ дансаар хийхгүй бол нотариатч батлахгүй гэж хэлсэн. Нотариатаас гараад Б.Э ...банк хаасан, та энэ гэрээний дор бэлэн мөнгө авсан гэж бичээд гарын үсэг зурчих... гэсэн тул би гарын үсэг зурсан. Үүнээс хойш холбоо бариагүй, алга болсон тул мөнгө зээлэхээ больсон юм байна гэж ойлгосон. Б.Э-гийн Энэ үед банк хаасан тул мөнгө шилжүүлээгүй, интернет банкгүй гэсэн тайлбарыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэнд гомдолтой байна. Интернет банкгүй гэсэн шалтгаанаар Б.Э, Д.П нар мөнгөө шилжүүлээгүй. Шүүхэд Д.Г миний бие өөрийн хуулбарыг гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримт гэж үнэлээгүй мөртлөө зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнд гомдолтой байна. Гар утасны үзлэг хийхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний хувь хүний нууцад халдсан бичлэг хийж түүнийгээ нотлох баримт болгон шүүхэд гарган өгч түүнийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Бичлэгийг Д.П над руу чатаар явуулсан. Д.Г миний мөнгийг аваад олон жил болж байна. Анх надаас 1 сарын хугацаатай зээлсэн. Хэрэв мөнгө өгнө гээд өгөөгүй бол Д.Г эхлээд шүүхэд хандах ёстой байсан.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Д.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,357,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

3. Хэргийн 34 дүгээр талд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн гар утсан дахь 3 минут 6 секундын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан бичмэл ба цахим баримт, дүрс, дууны бичлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарч болно.

 

Гэвч дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмаар цуглуулах юм. Хэрэв нотлох баримтыг гаргах, цуглуулах журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

4. Мөн шүүх дээрхи баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэгийг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулах учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичих юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд гар утасны харилцан ярианд үзлэг хийсэн тэмдэглэл тодорхой бус, хэн хэний дуу хоолой болох, талууд өөрсдийн дуу хоолой мөн биш гэж маргасан эсэх, ярианы агуулга зэргийг тодорхой тусгаагүй, нотлох баримтыг бэхжүүлэх үзлэг хийх журмыг зөрчсөн байна.

 

Мөн дээрх гар утасны бичлэг нь хууль ёсны дагуу авагдсан эсэхийг шалгах шаардлагатай бөгөөд тухайн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД