Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00610

 

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00610

 

Д.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00453 дугаар шийдвэртэй,

 

Д.П-гийн нэхэмжлэлтэй

Д.Г-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,357,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонмаа, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.Г-т 16,100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн боловч зээлийг огт төлөөгүй тул зээл 16,100,000 төгрөг, хүү 805,000 төгрөг, алданги 8,452,500 төгрөг нийт 25,357,500 төгрөгийг нэхэмжилж байна.

1.2. Д.Г- нь нэхэмжлэгчээс мөнгө авсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харсан, үүнийг гэрчилнэ, энэ мөнгийг Д.Г- Б.Э-д өгөх ёстой байсан. Хариуцагч Д.Г- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-д өртэй байсан нь үнэн бөгөөд хариуцагчийн тоолж авсан мөнгийг Б.Э- хүлээн авсан.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Д.Г- нь Д.П-г огт танихгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- тэднийг нотариат дээр дагуулж ирэн бэлэн мөнгө өгөхгүйгээр 16,100,000 төгрөгийг шууд Голомт банкны - тоот дансанд 10 дугаар сарын 26-ны өдрөө шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан боловч мөнгийг шилжүүлээгүй.

2.2. Хариуцагч нь Б.Э-гаас 10,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 8,501,000 төгрөгийг эргэн төлсөн. Одоо үлдэгдэл 1,499,000 төгрөгийг Б.Э-д төлөөгүй байгаа.

Ковидын нөхцөл байдлаас болж хариуцагчийн бизнесийн орлого муудаж Б.Э-гаас авсан зээлээ бүрэн төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Гэтэл Б.Э- “мөнгө зээлдэг таньдаг хүн бий та тэр хүнээс мөнгө зээлээд миний өрийг дарчих надад мөнгө хэрэг болоод байна. Би тэр хүнийг сайн танина, зээлийн гэрээ хийлгүүлээд өгье” гэснийг зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 26-ны орой нотариат дээр Д.П-г дагуулж ирээд зээлийн гэрээ хийлгэсэн. Гэрээ хийж байхад зээлсэн мөнгийг хариуцагчийн Голомт банк дахь - дугаарын данс руу хийхээр тохирсон. Нотариатч энэ тухай асууж лавлаж байгаад гэрээг баталж өгсөн.

2.3. Гэрээ байгуулсны дараа Д.П- “Банк хаачихсан байна. Би заавал банкаар гүйлгээ хийдэг, надад интернэт банк байхгүй. Тиймээс та гэрээний ард бэлнээр мөнгө хүлээн авсан гэж бичээд өг. Би Сэлэнгэ явах ёстой яараад байна. Өглөө шилжүүлчихье та санаа зоволтгүй, би Сэлэнгийн банкаар шилжүүлчихнэ” гэсэн. Мөн Б.Э- “Та юунд нь санаа зовдгийн бэ? бэлнээр авсан гээд биччих, бид 2 бие биеэ танихгүй биш байнга л мөнгө төгрөг өгч авалцаж байдаг биз дээ. Наад хүүхнээ намайг гээд л ойлгочих” гэж хэлэхээр нь ямар ч муу юм саналгүйгээр бэлнээр мөнгө хүлээн авсан мэт дүр үзүүлэн бичиж өгсөн.

Үүнээс хойш Д.П-, Б.Э- нар хэн аль нь сураггүй болсон. Гэтэл гэнэт шүүхээс мэдэгдэл ирсэн. Иймд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, зээлийн гэрээн дээр бэлэн аваагүй байж дүр үзүүлэн гарын үсэг зурж “17:20 минутад банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16100000” гэж бичсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Д.Г- нь 16,100,000 төгрөг аваагүй учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Бэлэн мөнгө хүлээн авсан тухай гараар бичсэн тэмдэглэл нь Д.Г-ийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн, банк хаасан учир бэлнээр авлаа гэж бичсэн, мөнгөө ч авсан, 16,100,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нүдээр харсан, гэрчилнэ. Учир нь энэ мөнгийг Д.Г- надад өгөх ёстой байсан, би түүний тоолж авсан мөнгийг хүлээн авсан, хариуцагч Д.Г- надад өртэй байсан нь үнэн.

3.2. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 182 дугаар зүйлийн 182.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Д.Г-ээс 25,357,500 төгрөг гаргуулах тухай Д.П-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны 17:20 минутад банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16100000 гэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 284,737 төгрөг, хариуцагчийн төлсөн 238,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.П-гаас 238,450 төгрөг гаргуулан Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хангалтгүй бүрдүүлсэн, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарласан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Хэргийг хариуцагч Д.Г-ийн тайлбарыг үндэслэн 1 талыг баримтлан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон. Шийдвэрийн үндэслэлийг хариуцагчийн зээлийн гэрээний зүйл болох мөнгийг бэлнээр болон дансаар аваагүй гэх тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын шалтгаант холбоог тогтоогоогүй.

Хариуцагч Д.Г- зээлийн гэрээний зүйл болох мөнгийг биет байдлаар аваагүй үйл баримтыг няцаахдаа “...мөнгөө өгөхөө больсон юм байна...” гэж тайлбарласан. Хэрэв хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсаныг эхнээс нь дүр үзүүлсэн, хүчин төгөлдөр бус гэж ойлгож байсан тохиолдолд үйл баримтыг тогтоолгохоор гэрээ байгуулсан нотариатч эсхүл шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүх хүсэл зоригийн илэрхийллийг тодруулаагүй.

5.2. Хариуцагч Д.Г- сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй, тухайн үйл баримтыг нотлох хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч Д.Г-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, тулган шаардсаны улмаас зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан тохиолдолд тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргах боломж, эрх нь байсан. Гэгэл шүүх тухайн үйл баримтыг нягталж, шалгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй байна.

5.3. Хариуцагч Д.Г- нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг байгуулсан шалтгаанаа Б.Э-гийн өрийг дарах зорилгоор гэж тайлбарлаж байгаа боловч 16,100,000 төгрөгийг биет байдлаар хүлээж аваагүй гэдэг нь эхнээсээ хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээ байгуулсан үйл баримт болон Б.Э-д зээл төлөх хүсэл зоригийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Д.Г- зээлийн гэрээг байгуулсан шалтгаан нь Б.Э-гийн өрийг дарах зорилгоор гэж тайлбарладаг. Б.Э-гаас 10,000,000 төгрөг авсан, 8,501,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн, үлдэгдэл 1,499,000 төгрөгийг төлөөгүй байсан. 

Б.Э-, Д.Г- нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгохын тулд Д.П- гэх гуравдагч этгээдийг оролцуулж, зээл өгсөн мэтээр зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн учраас гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч Д.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,357,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17:20 минутад банк хаасан тул бэлнээр авсан нь үнэн болно 16100000” гэх хэлцлийг хүчин бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Д.П- болон Д.Г- нар нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ гэх баримтыг бичгээр үйлдэж, уг гэрээгээр зээлдэгч Д.П- нь 16,100,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Г- нь зээлийг хүүгийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 26-нд буцаан төлөх үүргийн талаар тохиролцсон агуулга тусгагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Зээлийн гэрээний 3.4-т “бэлэн бусаар Голомт банкны - тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ” гэж зээл олгох хэлбэр, хугацааг талууд тохиролцсон хэдий ч зээлдүүлэгч 16,100,000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлээгүй талаар талууд маргаагүй.

 

3.2. Зээлдэгч Д.Г- нь “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17.20-д банк хаасан тул бэлнээр авсан болно 16100000” гэсэн бичгийг үйлджээ.

Нэхэмжлэгч тал нь хариуцагчид 16,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлах боловч уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид ямар дэвсгэртээр, хаана, хэрхэн хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар хангалттай тайлбарлаж чадахгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-гийн шүүх хуралдаан дээр гаргасан “энэ мөнгийг Д.Г- надад өгөх ёстой байсан, би түүний тоолж авсан мөнгийг хүлээж авсан, хариуцагч Д.Г- надад өртэй байсан” гэх тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлэгдээгүй тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. 

 

3.3. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 25,357,500 төгрөгийг шаардах эрхгүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин анхан шатны шүүх техникийн алдаа гаргаж шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг “182” гэж алдаатай бичсэн байх бөгөөд уг алдааг залруулах боломжтой байна.  

 

4.1. Хариуцагч Д.Г- нь “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17.20-д банк хаасан тул бэлнээр авсан болно 16100000” гэсэн бичгийг үйлдсэн байх бөгөөд тэрээр дүр үзүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэрлэн заасан хэлцэл хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй юм. Харин сонирхогч этгээд нь уг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй буюу энэ нь нэхэмжлэлийн шаардлага болно.

Хариуцагч Д.Г- нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймд түүний тодорхойлсон сөрөг нэхэмжлэлийг тайлбар гэж үзнэ.

 

4.2. Хариуцагч Д.Г- нь “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17.20-д банк хаасан тул бэлнээр авсан болно 16100000” гэж дүр үзүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлд хэлцэл хийгч хоёр тал хоёул хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байх бөгөөд хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй байдгаараа онцлогтой. Гэтэл талуудын хоорондын маргаанаас дүгнэвэл нэхэмжлэгч нь уг баримтаар зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэх байр суурийг илэрхийлснээр хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээлгэх зорилго агуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх үр дагаврыг хүссэн байна. Иймд уг баримтаар үйлдсэн мөнгөн хөрөнгийг хүлээж авсан гэснийг илэрхийлсэн үйлдлийг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж дүгнэхгүй юм. Хариуцагч өөр агуулгаар тайлбар гаргаагүй болно.

 

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхэд олгосон эрх хэмжээний хүрээнд хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэх тул анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэл гэж тодорхойлон шийдвэрлэсэн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,450 төгрөгийг нэхэмжлэгчээс бус улсын орлогоос буцаан олгох нь зүйтэй байна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “182 дугаар зүйлийн 182.1” гэснийг “282 дугаар зүйлийн 282.1” гэж,

2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтыг “2” гэж дугаарлаж “56.1” гэснийг “56.2, 59 дүгээр зүйлийн 59.1” гэж “284,737” гэсний дараа “төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай” гэж,

4 дэх заалтыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 238,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА