Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2022/00360

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр Дугаар 131/ШШ2022/00360 Баянхонгор аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт  нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан 1.350.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан 1.000.000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Г.Чингис, хариуцагч, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: , нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд цагаан цахирын уурхайд чулуу олборлодог өөрсдийн хувийн бизнес хийдэг. Мөн эхнэр нь үсчнээр ажилладаг. Бизнестэйгээ холбоотойгоор надаас удаа дараа гэрээ байгуулан мөнгө зээлж байсан. 2019 оны 01 сарын 21-ний өдөр 11.246.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 12 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийн гэрээний хүүнээс 2 сард 1.050.000 төгрөг, 3 сард 750.000 төгрөг, 4 сард 750.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хүүний төлбөр 5.547.120 төгрөг үлдсэн, мөн өнөөдрийг хүртлэх алданги буюу 11 хоногийн алданги 618.530 төгрөг, үндсэн төлбөр 11.246.000 төгрөг, нийт 17.411.650 төгрөг болно. Мөн өдрөө дахин 1.350.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний төлбөрийн хүүг сар бүрт өгч байсан бөгөөд өнөөдрийг хүртлэх алданги 675.000 төгрөг, үндсэн төлбөр 1.350.000 төгрөг, нийт 2.025.000 төгрөг өгөөгүй байгаа болно. 2019 оны 5 сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг гэрээний хүүг хугацаандаа төлсөн, үндсэн төлбөрийг төлөөгүй байгаа. Уг гэрээний өнөөдрийг хүртлэх алданги 115.000 төгрөг, үндсэн төлбөр 1.000.000 төгрөг, нийт 1.115.000 төгрөг өгөөгүй байгаа болно. 2019 оны 06 сарын 11-ний өдөр 1.500.00 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг мөнгөний 1 сарын хүүг өгсөн бөгөөд өнөөдрийг хүртлэх алданги 150.000 төгрөг, үндсэн төлбөр 1.500.000 төгрөг нийт 1.650.000 төгрөг төлөхөөр байна.... Иймд зээлийн гэрээнүүдийн төлбөр болох 22.201.650 төгрөгийг , нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын хүүхэд нь манай бага хүүхдийн ангид явдаг юм. 2019 онд над дээр цаасан дээр юм биччихсэн бариад орж ирсэн. Тэр дээрээ гуайд 1.800.000 төгрөг, тэсэлгээнд 2.500.000 төгрөг гээд зарцуулах мөнгөө бичсэн байсан. Тэгээд эгчээ олон газар өртэй байснаас нэг хүнд өртэй баймаар байна. Мөнгө зээлээч гэсэн. Тэгээд 11.246.000 төгрөгийг зээлсэн. Мөн манай хамт ажилладаг хүн 1.350.000 төгрөг зээлээч гэж байна гэсэн, тэгэхээр нь эгч нь танихгүй хүнд өгөхгүй гэсэн чинь бид хоёр цалин дээрээс нь гаргаж өгнө гээд дахиад 1.350.000 төгрөг авсан. Сүүлд авсан 1.000.000 төгрөгийг ажилд гарна гээд авсан. Дараа нь 1.500.000 төгрөгийг зээлэхдээ аав, ээж хоёрт нь өгсөн байгаа. Бид нар гэрээ байгуулаад нотариатаар орчихвол нотлох баримт болно гэж бодсон. Түүнээс мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй. Зээлдэгч нарын дансаар шилжүүлэх гэхээр дансаараа гүйлгээ хиймээргүй байна гэдэг байсан. Би 11.246.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ гэрээнүүдийг байгуулахдаа нотариат дээр хариуцагч нарыг биечлэн байлцуулж мөнгөө бэлэн өгөөд байгуулж байсан. Айлган, сүрдүүлж дарамталж байж гарын үсэг зуруулдаг байсан гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хамгийн сүүлд Дашбилэгт нь хүүхдийн эцэг, эхийн уулзалт дээр халамцуу байхдаа мөнгө авсан гэдээ хүлээн зөвшөөрч надад хэлж байсан. Анх 11.246.000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний тооцоо нийлсэн баримт гэж тайлбарлаж байснаа одоо огт мөнгө аваагүй, өгөх ёсгүй гэж байгааг ойлгохгүй байна. 2017-2018 оны зээлийн гэрээний төлбөрүүд бүрэн барагдсан байсан. Энэ мөнгийг өгсөн баримт нь энэ зээлийн гэрээнүүд болно. Түүнээс биш өөр мөнгө хүлээлцсэн баримт давхар үйлдэх шаардлагагүй гэж бодсон.. гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чингис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ 2019 оны 01 сарын 21-ний өдөр байгуулагдсан 11.246.000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн өдрөө зээлсэн 1.350.000 төгрөг, 2019 оны 05 сарын 17-ны өдөр байгуулагдсан 1.000.000 төгрөгийн гэрээ, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 1.500.000 төгрөгийг тус тус зээлж авсан зээлийн гэрээг үндэслэсэн. Маргаан дагуулж буй 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийн зээлийг бэлнээр болон дансаар аваагүй гэсэн маргаан үүсгэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн мөнгийг бэлнээр өгсөн гэдгээ гэрчийн мэдүүлгээр нотолсон. Мөн улсын дээд шүүхээс хэрэг хувиарлагдсаны дараа Б.Ариунжаргалын хүсэлтийн дагуу нэр бүхий 6 нь гэрээг баталсан нотариатч гийн мэдүүлгээр тухайн зээлийн гэрээ Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаж 282.4-т зааснаар зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч нь биелүүлж 11.246.000 төгрөгийг зээлдэгч М.Даваасүрэн, нарт бэлнээр хүлээлгэн өгснийг гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Хариуцагчийн хариу тайлбарт 2018 оны 03 сарын 22-ны өдөр 8.960.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй зээлүүлсэн хүү алдангийг нэмж бодвол 11.246.000 гарсан гэдэг хариу няцаалтыг өгч байгаа хэдийн ч хэлэлцүүлгийн явцад тооцоолж үзэхэд 2019 оны 01 сарын 21-ний өдрийн гэрээний үнийн дүн болох 11.246.000 төгрөгтэй үнийн дүн нийлэхгүй байна. 11.146.560 төгрөг болж байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан ч сөрөг нэхэмжлэлээ дэмжиж хууль зүйн гаргалгааг яриагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага дэмжээгүй гэж үзэж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйг Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан байгаа. Шүүх шинжилгээний албанаас 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтээр 2018 оноос хойш байгуулагдсан 6 гэрээнд зээлдүүлэгч болон зээлдэгч нарын зурсан гарын үсэгт дүн шинжилгээ хийхэд маргаангүйгээр гэрээг нотолсон. Зээлийн гэрээг бутархай тоогоор зээлийг олгосон нь өөрөө хүү алданги гаргаж ирсэн үндэслэл байна гэж үзэж хуульд бутархай тоогоор зээлийн гэрээг байгуулж болохгүй гэсэн зүйл байдаггүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг олгож хүүг тогтоож гэрээг байгуулсан. Хариуцагч нар нь тайлбартаа 11.246.000 төгрөгийн 12 хувийн хүү бол 1.340.520 төгрөг болсноор түүнийгээ бэлнээр төлж байснаа илэрхийлсэн учраас гэрээ хийгдэж үүргээ биелүүлж байсан нь тогтоогдож байна. Энэ гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэрээний хэлбэрийг агуулаагүй. Энэ маргаан нь гэрээг хүчин төгөлдөр болгох маргаан биш гэрээний үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлснээс үүссэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.2, 222.4, 222.5-т заасан гэрээний үүргийн шаардсан маргаан юм. Зээлдэгч хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүйгээс түүнээс хуримтлагдсан хүү алдангийг шаардаж буй маргаан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч, нар шүүхэд гаргасан тайлбартаа:

 ...2017 оны 09 сард 1.000.000 төгрөгийг хүүтэй зээлж 2017 оны 10 сард хүүтэй нь буцаан өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөг авч хүүг нь сар бүр өгч байсан. Үүн дээрээ нэмээд 4.000.000 төгрөг болгосон, мөн хүүг нь өгөөд явдаг байсан. Би энэ авсан мөнгөний хүүг жил гаруй хугацаанд тогтмол өгдөг байсан. 2018 оны 12 сараас хойш ажил зогссон тул хүү болон алдангийг хоног, сард төлж байсан ба нийтдээ 7.800.000 төгрөг өгнө, би авсан мөнгөө өгнө.ийн данснаас ганц нэг сарын мөнгө бэлнээр өгч байсан. Б.Ариунжаргал нь хүний нэр дээр зээл гаргаж хүүг нь авдаг байсан. Ер нь бол 2017 оноос хойш Б.Ариунжаргалаас 1.000.000-2.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлээд хүүг нь сар бүр төлөөд явдаг байсан. Б.Ариунжаргал нь зээл олгосны шимтгэл авдаг байсан. Б.Ариунжаргалаас 1.000.000- 2.000.000 төгрөг л зээлдэг байсан. Түүнээс их хэмжээгээр зээлж байгаагүй. Зээлсэн мөнгөний хүү алданги нэмэгдээд их дүнтэй болохоор тэдгээрийг нийлүүлээд шинээр зээл авснаар гэрээ байгуулаад явдаг байсан. 2018 онд тооцоо хийгээд төлөх ёстой мөнгө 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алдангийг нэмээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. Түүнээс энэ 11.246.000 төгрөгийг бол бэлнээр аваагүй. Маргаж байгаа 4 зээлийн гэрээнээс 2019 оны 06 сарын 11-ны өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Гэхдээ 1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүнд тооцож Б.Ариунжаргалд үлдээгээд 750.000 төгрөгийг бэлэн авсан. Бусад 3 гэрээ нь хүү алдангаа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Бид Б.Ариунжаргалаас авсан зээлийн хүү, алдангид нийт 10.000.000 төгрөг төлсөн. Б.Ариунжаргалд хангалттай хүү төлсөн гэжээ. Хариуцагч, нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  , бидний бие иргэн Б.Ариунжаргалаас 2017 оны 09 сараас эхлэн мөнгө зээлж авч байсан нь үнэн боловч 2.000.000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зээл авч байгаагүй юм. Зээл авсан тухай бүрээ зээлийн хүүг төлдөг байсан. Тэрээр хүүн дээрээ хүү нэмж тооцож үнийн дүнг нэмэгдүүлж байсан. Тэгээд тухай бүр гэрээ хийдэггүй, хаяа өөрөө дуудаад баахан хүү, алданги тооцож байгаад очоод гэрээн дээр гарын үсэг зурчихаарай гэдэг байсан. Хамгийн сүүлчийн байдлаар 2018 оны 01 сард бодож үзэхэд 6.193.000 төгрөг болж байсан юм. Түүнээс хойш бид хоёр дахин мөнгө зээлээгүй. Хүү алдангийн мөнгө гээд 2018 оны 01 сараас хойш 2019 оны 04 сар хүртэл нийт 19.267.800 төгрөгийг өгсөн байгаа юм. Гэтэл огт өгч авалцаагүй буюу 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөг, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөг, 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөг, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 1.500.000 төгрөг нийт 15.096.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлүүдийг огт зээлж аваагүй, гэрээний дагуу бид хоёрт мөнгө тоолж өгч байгаагүй гэрээ юм. Гэрээний дагуу бэлэн мөнгө тоолж аваагүй учир 7.105.650 төгрөгийн хүү алдангийг төлөх үндэсгүй учир хууль зөрчиж хийсэн уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна..гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2017 оноос эгчтэй танилцсан. Анх 1.000.000 төгрөг зээлж аваад түүнээс хойш өрөө дараад дахиж зээл аваад явж байсан. Их хэмжээгээр зээл аваагүй, 1.000.000-2.000.000 төгрөгийн хооронд л зээл авч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 409.000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс хойш хүү, алданги гээд 6.193.000 төгрөг болсон. Энэ мөнгийг бид төлж дуусгавар болгосон. Түүнээс хойш мөнгөний хэрэгцээ гараад дахин мөнгө зээлүүлэх хүсэлт гаргахад зээлүүлэх боломжгүй талаар хэлснээр түүнээс хойш огт мөнгө аваагүй. Аль болох л боломжоороо зээлсэн мөнгө төлөхийг хичээдэг. Хүү алдангиа төлж чадахгүй явсаар хуримтлагдаж явсан. Байнга мөнгөө төл гэж утсаар залгаж маш их сэтгэл санааны дарамтад орсон. нотариат дээр очоод бэлэн мөнгөөр зээлүүлсэн гээд гэрээ байгуулаад гарын үсэг зурчих миний иргэний үнэмлэхийн хуулбар байгаа гэсэн. Үүнийг бидэнд тусалж байна гэж ойлгосон. Гэрээн дээр бичигдсэн мөнгөн дүнг анзаарч хараагүй тухайн үеийн дарамт шахалтад орж гэрээн дээр гарын үсэг зурсан. Нотариатч нь яагаад гэрээний 2 тал ирэхийг шаардаагүй юм бол. Нэхэмжлэгч нь тухайн үед өөрийн тэмдэглэлийн дэвтэр хөтөлж байсан түүнийгээ гаргаж өгөөгүй. Өгсөн мөнгөө 3 дахин нугалж авчихаад одоо ахин 22.201.650 төгрөг нэхэмжилж намайг гүтгэж байна. Бид нэхэмжлэгчид 19 сая орчим төгрөг төлсөн. Эд зүйлээ ломбардад тавьж, мөнгө олж төлдөг байсан. Төлөх ёсгүй мөнгөө төлнө гэдэг бол боломжгүй зүйл юм..гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 2018 оноос хойш нийтдээ 4 сая орчим төгрөг авч 19.000.000 төгрөг болгож төлсөн. Одоогийн байдлаар ямар нэг өр төлбөр байхгүй гэж маргаж байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 202.1-д зааснаар стандарт бус гэрээ байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна. Бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь зээлсэн гэх мөнгөө бэлнээр өгсөн гэдгээ нотолж чадахгүй байгаа учраас дансны хуулгыг үндэслэх ёстой. Мөн гэр Ганзориг нь эхнэр Ариунжаргал нь гэрийн авдарнаасаа 11.246.000 аваад гарсан гэх боловч энэ байдлыг давхар нотолсон зүйл байхгүй байна. Дансны хуулгуудаас хариуцагч нь банк болон ББСБ аас зээл аваад нэхэмжлэгчид шилжүүлж байсан байдаг. Нөгөө талаар талуудын хооронд 2017 оноос зээлийн гэрээний харилцаатай байсан болох нь харагддаг. 2017 оны 12 сарын 31-ний өдөр Ариунжаргалын дансанд 1200.000 төгрөг төлсөн. 2018 онд 2 удаа зээлийн гэрээ байгуулагдаж 5 удаа гүйлгээ хийгдсэн байна. 2018 оны 03 сарын 10 ны өдрөөс 11 сарын 21 хүртэл 5 удаагийн үйлдлээр 4.625.740 төгрөгийн орлогыг Ариунжаргалд хийсэн байдаг. Харин 2019 оны 03 сарын 01-нээс 03 сарын 22-ны өдөр хүртэл 3 удаагийн гүйлгээгээр 1.215.000 төгрөг нийт 7.040740 төгрөгийг шилжүүлсэн байна. Эндээс юу дүгнэж байна гэвэл 2019 онд хийсэн 1050.000 төгрөг нь 2018 онд хийгдсэн 8.750.000 төгрөгийн 12 хувийн хүү болох нь харагдаж байна. Хариуцагч нарын зүгээс 2018 оны зээлийн тооцоо нийлэхэд 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алданги нэмээд 11.246.000 төгрөг болж байсан гэж маргадаг бөгөөд энэ мөнгийг бэлнээр болон дансаар төлж барагдуулсан гэж тайлбарлаж байна. Түүнчлэн 11.246.000 төгрөгийн зээлийн гэрээ бол бодитой хийгдээгүй, харин 2018 оны 03 сарын 10 наас хойш мөнгө зээлээгүй болох нь дансны хуулгаас харагдаж байна. 2018 оны 03 сард зээлсэн 8.196.000 төгрөгийн 12 хувиар тооцоход 100.000 төгрөгийн зөрүү гарч 11.346.000 төгрөг болж байгаа юм. Эндээс үзэхэд 2018 оны 8.196.000 төгрөгийн зээлийн гэрээний тооцоо нийлж 11.246.000 төгрөгийн гэрээ хийсэн гэж үзэх боломжтой юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, аливаа тооцоогоо бодитойгоор тайлбарлаж чадахгүй, мартаж санаж байгаагаас харахад нэхэмжлэгч нь шаардлагаа нотолж чадахгүй байна. Иймд зээлийн гэрээ байгуулагдсан ч нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй буюу мөнгөө хүлээлгэн өгсөн болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Ариунжаргал нь , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч , нар нь эс зөвшөөрч 4 зээлийн гэрээнээс 2019 оны 06 сарын 11-ний өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Бусад 3 гэрээг байгуулахад огт мөнгө аваагүй, хуурч мэхлэн байгуулсан гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ. Түүнчлэн хариуцагч , нар нь маргаан бүхий 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.350.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч Б.Ариунжаргал, хариуцагч , нар нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ний өдөр 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.350.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Зохигчдын хооронд бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн дээрх зээлийн гэрээнүүдэд нэхэмжлэгч Б.Ариунжаргал, хариуцагч , нар биечлэн гарын үсэг зурсан нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 012 тоот шинжээчийн дүгнэлт, нотариатч гэрч гийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ. Дээрх зээлийн гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгахад 2019 оны 01 сарын 21-ний өдөр 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.350.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөгийн,2019 оны 06 сарын 11-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох буюу гэрээ байгуулах хэлбэр, харилцан гэрээ байгуулах санал гаргаж, хүлээн авсан байдал, зөвшөөрлөө илэрхийлсэн хэлбэр, хүү төлбөрөө төлж байсан зэргээс дүгнэн зохигчид нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээг хэлбэр агуулгын хувьд хүлээн зөвшөөрч харилцан байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч нар нь маргаан бүхий дээрх гэрээнүүдийг байгуулахад хууль эрх зүйн мэдлэггүй, зээлдэгчийн дарамт шахалтанд орж гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа ч энэ байдал нь нотлогдохгүй, няцаагдаж байна. 1. Харин 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн гэх гэрээг хянахад дээрх гэрээгээр зохигчид нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний эрх үүрэг үүсгэх зорилгоор бус зохигчдын өмнө байгуулсан 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 8750000 төгрөгийн, 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 8.196.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үр дагаврыг тооцож, тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэл болох 11.246.000 төгрөгийг харилцан хүлээн зөвшөөрч, хариуцагч талд төлбөр төлөхийг үүрэгжүүлэх зорилгоор гэрээний хэлбэрээр хийгдсэн нотлох баримт буюу бичгээр хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр уг гэрээг үндэслэн нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаж байгаа, хэлбэр агуулгын хувьд зээлийн гэрээ мэт ойлгогдож байх ч тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нь Иргэний хуульд зааснаар өөрийн эрхийн хамгаалалт болгож дээрх баримтыг үйлдсэн гэх үндэслэлтэй юм.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно..гэж тодорхойлсон. Түүнчлэн хуулийн 41 дүгээр зүйлд Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.

Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана..42 дугаар зүйлд Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.., Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.., 43 дугаар зүйлд ..хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар ..хэлцэл хийсэнд тооцно..гэж тус тус заасан байна.

Иймд дээрх гэрээ хэлбэрээр байгуулагдсан хэлцлийг үндэслэн зээлийн гэрээний хүү, алданги тооцон гаргуулах боломжгүй гэж үзэв. Харин хариуцагч нар нь 2019 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчид 11.246.000 төгрөг төлөх, төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч энэ байдлаа бичгээр илэрхийлэн хэлцэл байгуулсан байна гэж үзэв. Хариуцагч нар нь шүүхийн шатанд дээрх байдлыг хүлээн зөвшөөрч ... 2018 онд тооцоо хийгээд төлөх ёстой мөнгө 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алдангийг нэмээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. Түүнээс энэ 11.246.000 төгрөгийг бол бэлнээр аваагүй.. гэж тайлбар гаргаж байсан байна. Нөгөө талаар энэ хэлцлийг үндэслэн хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлбөрийн эргэн төлөлт хийж байсан болох нь Б.Ариунжаргалын 5246076348 дугаартай дансанд 2019 оны 03 сарын 01-ний өдөр Дашбилэгтээс шилжүүлсэн 550.000, 2019 оны 03 сарын 20-ны өдөр Дашбилэгтээс шилжүүлсэн 500000 төгрөгийн орлогын баримтаас дүгнэж болохоор байна. 2. Нэхэмжлэгч Б.Ариунжаргалын дээрх дансанд 2019 оны 03 сарын 22-ны өдөр 165000 төгрөгийн шилжүүлгийг Дашбилэгтээс хийсэн байх бөгөөд энэ төлбөрийг 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 1.350.000 төгрөгийн зээлийн гэрээний хүү/162000/ гэж үзэх боломжтой байх тул энэ гэрээг зохигчид бодитой байгуулсан гэж үзэв. Мөн хариуцагч нар нь 2019 оны 06 сарын 11-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээг бодитойгоор байгуулан, 750000 төгрөгийг зээлдэгчээс бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 3. Маргаан бүхий дээрх гэрээ болон хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг тооцоход зохигчид нь 11246000 төгрөгийн хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 1050.000 төгрөг төлөгдсөн болохыг харилцан зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 750.000 төгрөгөөр 2 удаа 1500000 төгрөг төлөгдсөн болохыг илэрхийлсэн тул 11.246.000 төгрөгийн шаардлагаас нийт 2550.000 төгрөгийг хасч тооцон 8.696.000 төгрөгийг хангаж, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөгийн гэрээний үүрэг 2.025.000, 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 1115000, 2019 оны 06 сарын 11-ны өдрийн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 1650000 нийт 4790.000 төгрөгийг нэмж тооцон 13.486.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8.715.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч , нараас 13.486.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгож шийдвэрлэв.

4. Хариуцагч , нар нь маргаан бүхий 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 1.350.000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ны өдрийн 1.500.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ч дээрх байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.156.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шалгуур нөхцөл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна..гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн 13.486.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 268958 төгрөгийг улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч , нараас 13.486.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8715650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.350.000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч , нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ариунжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , Б.Дашиблэгт нараас улсын тэмдэгтийн хураамж 225380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунжаргалд олгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 268958 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ