Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 736

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 “Ё” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Одаргалж, шүүгч Г.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00433 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ё” ХХК-ийн хариуцагч НШШГГ-Т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06899 дүгээр захирамжаар “Ё” ХХК, Я.Б нараас 500 000 000 төгрөг гаргуулж, С.О-д олгохоор шийдвэрлэсэн. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 17/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах 17/02 тоот тогтоолоор Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж 82/1 тоот хаягт байрлах, Ү-2204074141 улсын бүртгэлийн дугаартай, 876 м.кв талбай бүхий, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж 82 тоотод байрлах 3038/5133 нэгж талбар бүхий 20 000 м.кв газрын хамт битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж дээрх хурааж, битүүмжилсэн “Ё” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн. Гэтэл үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч томилох тухай 85 дугаар тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгөд хийгээгүй. Уг тогтоолд Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж 82/1 тоот хаягт байршилтай, 876 м.кв талбайтай, Ү-2204074141 улсын бүртгэлийн дугаартай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор /13090/ гудамж 82 тоотод байрлах 3038/5133 нэгж талбар бүхий 20 000 м.кв газрын хамт үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилов гэжээ. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үнэлгээний тайлангийн гурав дахь хэсэгт шүүхээс 20 008 м.кв талбайд байгаа бүх хөрөнгийг үнэлэх шаардлагатай гэсэн тул уг газар байрлаж байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэв гэж дурдаад, шинжээч томилсон 85 дугаар тогтоолд заасан хоёр зүйлээс гадна уг газар дээр байгаа бүх эд хөрөнгө, улмаар Д.А-ийн нэр дээрх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг оруулж үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчжээ. Тухайн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч өмнө гаргасан гомдолтой холбогдуулан Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00381 дугаар шийдвэр гарсан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч тал нь тухайн газарт байгаа обьектыг бүхэлд нь үнэлээгүй, зөвхөн 876 м.кв талбайтай үйлдвэрийн барилгыг мөн 20 000 м.кв газраас зөвхөн 10 850 м.кв газрыг үнэлсэн нь үндэслэлгүй болсон гэж мэтгэлцсэн боловч шийдвэр гаргахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/39 тоот захирамжаар “Ё” ХХК-д 20 000 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон тус газрыг хэсэгчлэн хуваагаагүй, тус бүрт нь эзэмших эрх олгогдоогүй байхад 10 850 м.кв газрыг 325 500 000 төгрөгөөр, 4 300 м.кв газрыг 129 000 000 төгрөгөөр тус тус үнэлснийг нийт 20 000 м.кв газрын үнийг тодорхойлсон гэж үзэхгүй, үнэ тодорхойлсон арга нь ойлгомжгүй болсон Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээч хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн явуулаагүй гэж хүчингүй болгох үндэслэлээ тодорхой дүгнэжээ. Харин нэхэмжлэгчийн тухайн газарт байгаа обьектыг бүхэлд нь үнэлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байхад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлгээний тайландаа шүүхээс 20 008 м.кв талбайд байгаа бүх хөрөнгийг үнэлж, шийдвэрт байхгүй асуудлыг үнэлгээний тайландаа тусгаж, шинжээч томилсон тогтоолд заагдаагүй эд хөрөнгийг өөрсдийн дураар үнэлсэн нь үндэслэлгүй. Шинжээч томилох тухай 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар тогтоолд 876 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 20 000 м.кв газрын үнэлгээг тогтоолгох байсан. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээлэл гэсэн хэсэгт 876 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 20 000 м.кв газраас гадна дараах зүйлүүдийн үнэлгээг хууль бусаар тогтоосон. Уг тайлангийн 3 дахь хуудаст 20 008 м.кв талбайтай газарт байрлах дараах хөрөнгийг нэмж үнэлэв гэсний дараа үйлдвэрийн сендвичэн барилга, нийт 960 м.кв талбайтай, харуулын байр 12 м.кв талбайтай, харуулын байр 3x3 хэмжээтэй, 9 м.кв талбайтай, сендвичэн барилга, агуулахын байр 6x12 метр хэмжээтэй блокон байр, оффиссын байр 304.5 м.кв талбайтай 2 давхар барилга, уурын зуухны барилга 8.1 м.кв талбайтай блокон барилга, түр байр 32.3 м.кв талбайтай сендвичэн барилга, гараж агуулахын байр 180 м.кв талбайтай блокон барилга, 400 квт чадалтай цахилгааны дэд өртөө, 1.9 метр өндөр, 353 метр урт, 7 метр урт төмөр хаалгатай, блокон хашаа, 763 м урт блокон хашаа зэргийг шинжээч томилох тогтоолд үнэлгээ хийхээр заагаагүй байхад үнэлсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ шинжээч томилсон тогтоолд заасан зүйлд хийгээгүй, хамааралгүй бусад хөрөнгийг үнэлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа тул энэхүү үнэлгээ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2.-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг хүлээнэ гэж заасантай нийцээгүй тул хууль бус юм. Үүнээс гадна Д.А-ийн өмчлөлийн хөрөнгийг “Ё” ХХК-ийн хөрөнгөтэй хамт үнэлсэн. Үйлдвэрийн сендвичэн барилга, нийт 960 м.кв талбайтай, харуулын байр 12 м.кв талбайтай харуулын байр Д.А-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд “Ё” ХХК-ийн өмч хөрөнгөд хамааралгүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6954 дүгээр захирамжаар Д.А-аас 500 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр С.О-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Д.А-ийн өмчлөл эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээч томилох тухай 197 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн. Уг тогтоолд зааснаар Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхор/13090/ 8 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2204053926, 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байр зэрэгт үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилсон бөгеөд, нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 тоот “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон ба төлбөр авагчийн гомдлоор давж заалдах шатны шүүхээр шүүхийн шийдвэр хянагдсан. одоо мөн гуравдагч этгээдийн гомдлоор хяналтын шатны шүүхэд хянуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан, шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна. Иймд Д.А-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийнэ гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон. Эдгээр үндэслэлээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06899 дугаар захирамжаар “Ё” ХХК, Я.Б нараас 501 767 000 төгрөгийг гаргуулж С.О-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Ё” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204074141 дугаарт бүртгэлтэй, 876 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр Хонхор Г3090/ 82/1 тоот үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 3033/6130 нэгж талбар бүхий 20 000 м.кв газрын хамт битүүмжлэн, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч “Ё” ХХК-ийн захирал Я.Б нь 300 000 000 төгрөг, төлбөр авагч С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шинжээч томилох хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг ярилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан тул үнэлгээтэй холбоотой асуудлыг бид хариуцахгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё” ХХК-аас төлбөр гаргуулж С.О-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан. НШШГГ-Т албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгч нь ямар ч төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан төлбөр авагчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, төлбөрийг төлүүлж чадахгүй хохирч байна.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээнд төлбөр авагч маргаагүй. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллага хөрөнгийг үнэлсэн, зах зээлийн үнэлгээнд нийцүүлэн үнэлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82/1 тоотод байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82 тоотод байрлах газар эзэмших эрх, бусад хөрөнгүүдийг 2 035 170 000 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны  5 дугаар сарын 16-ны өдрийн 17/01 тоот эд хөрөнгө хураах 17/02 тоот тогтоолоор Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хонхорт байрлах, “Ё” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 876 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэрийн барилга, мөн хаягт байрлах 20 000 м.кв газрын хамт битүүмжлэн, хураасан. Уг эд хөрөнгөд шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төвийг томилсон бөгөөд үнэлгээ нь “Шинжээч томилох тухай" 2018 оны  3 дугаар сарын 19-ний өдрийн хөдлөх эд хөрөнгийн дагуу явагдаагүй. Гэтэл “Х” ХХК-ийн үнэлгээний тайлангийн гурав дахь хэсэгт “шүүхээс 20 008 м.кв талбайд байгаа бүх хөрөнгийг үнэлэх шаардлагатай гэсэн тул уг газар байрлаж байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэв" гэж дурдаад, “шинжээч томилох тухай" тогтоолд заасан хоёр зүйлээс гадна уг газар дээр байгаа бүхий л эд хөрөнгө, мөн Д.А-ийн нэр дээрх өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хүртэл оруулж үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тухайн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлаар хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч өмнө нь тус шүүхэд гомдол гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч тал нь тухайн газарт байгаа обьектыг бүхэлд нь үнэлээгүй нь шударга бус үнэлгээ болсон гэж мэтгэлцсэн боловч шүүх шийдвэр гаргахдаа хөрөнгийн үнэлгээгээр нийт 20 000 м.кв газрын үнийг тодорхойлсон гэж үзэхгүй, мөн үнэ тодорхойлсон арга хэрэгсэл нь ойлгомжгүй гэсэн үндэслэл зааж хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгчийн “тухайн газарт байгаа обьектыг бүхэлд нь үнэлээгүй” гэсэн гомдлын үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусаагүй байхад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлгээний тайландаа "шүүхээс 20 008 м.кв талбайд байгаа бүх хөрөнгийг үнэлэх шаардлагатай гэсэн тул уг газар байрлах бүх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж шүүхийн шийдвэрт байхгүй асуудлыг үнэлгээний тайландаа тусгаж, шинжээч томилсон тогтоолд заагдаагүй эд хөрөнгийг нэмж үнэлсэн нь хууль зөрчсөн. Шинжээч томилуулах тогтоолд заагдаагүй, барьцааны хөрөнгөд хамааралгүй эд хөрөнгүүдийг өөрсдийн дураар үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлж буй мэдээлэл гэсэн хэсэгт “876 м.кв талбайтай үйлдвэрийн барилга 20 000 м.кв газраас гадна дараах зүйлүүдийн үнэлгээг хууль бусаар тогтоосон. Уг тогтоолд заагдаагүй дараах 10 эд хөрөнгийг үнэлсэн. Д.А-ийн өмчлөлийн үйлдвэрийн сендвичэн барилга, 960 м.кв талбайтай, 12м.кв талбайтай харуулын байр, 3x3 хэмжээтэй 9 м.кв талбайтай харуулын байр, агуулахын байр 6x12 метр хэмжээтэй блокон байр, оффиссын байр 304.5 м.кв талбайтай 2 давхар барилга, уурын зуухны барилга 8 1 м.кв талбайтай блокон барилга түр байр 32.3 м.кв талбайтай сендвичэн барилга, 180 м.кв талбайтай граж агуулахын блокон барилга, 400 квт чадалтай цахилгааны дэд өртөө, 1.9 метр өндөр 353 метр урт, 7 метр урт төмөр хаалгатай, блокон хашаа зэрэг тогтоолд заагдаагүй эд хөрөнгөд үнэлгээ хийсэн. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу хүчингүй үнэлгээ болсон гэж үзэж байна. Тогтоолд тусгагдаагүй эд хөрөнгийг үнэлснээс гадна, Д.А-ийн өмчлөлийн хөрөнгийг “Ё” ХХК-ийн хөрөнгөтэй хамтад нь үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4 дэх хуудасны дээд хэсэгт 960 м.кв талбайтай үйлдвэрийн сендвичэн барилга, 12 м.кв талбайтай харуулын байр зэрэг нь Д.А-ийн өмч бөгөөд тогтоолд эдгээр хөрөнгийг үнэлэх талаар заагаагүй. Шүүхийн шийдвэрээр Д.А 500 000 000 төгрөгийг З.О-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Гуравдагч этгээд хяналтын шатны шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрээр “Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн гаргасан үнэлгээ нь хүчингүй болсон байтал “Хөрөнгийн үнэлгээний төв" XXК нь Д.А-н  өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар халдаж өөрсдийн дураар үнэлгээ гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1-д заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан дээрх үйл баримтуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнээгүй, зөвхөн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа бол тухайн асуудлаар тодорхой дүгнэлт хийх ёстой байхад шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул зөвшөөрөх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Ё” ХХК нь НШШГГ-Т холбогдуулан тус газраас томилогдсоны дагуу үнэлгээ хийсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ тогтоолгох ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

            “Ё” ХХК болон иргэн Я.Батбаяраас 500 000 000 төгрөг гаргуулж, С.О-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06899 дугаар захирамжийн гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор гудамж 82/1 тоотод байрлах 876 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга, мөн гудамж 82 тоотод байрлах эзэмших эрх бүхий 3038/6133 нэгж талбарын 18664299272245 дугаартай 20 000 м.кв газрыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 17/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 17/02 дугаар тогтоолоор хураан авсан, улмаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 85 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилжээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэг, 2017 оны хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар  явуулсан төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоолгох Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг нэхэмжлэгч эсэргүүцэж маргаагүй. 

Харин шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв нь үнэлгээ хийхдээ  тогтоолд дурдсанаас өөр бусад хөрөнгийг үнэлсэн нь “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргах” Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

Шинжээч томилсон тогтоолд 876 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 20 000 м.кв газрын хамт үл хөдлөх хөрөнгөд нэмэлт үнэлгээ, зах зээлийн бодит үнэлгээг тогтоох гэж заажээ./хх-145/ Шинжээч 876 м.кв талбайтай үйлдвэрийн барилгын үнийг 481 800 000 төгрөг гэж тодорхойлохдоо уг барилгын халаалт дулааныг хангадаг уурын зуух, нам даралтын зуух, нүүрсний агуулах, мөн харуулын байрыг тус бүрээр нь нэмэлтээр үнэлсэн нь үнэлгээний тайланд тусгагджээ. Мөн 20 000 м.кв газар эзэмших эрхийн үнэ цэнийг шинжээч 458 393 600 төгрөгөөр тогтоохдоо уг газар дээрх бусад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тус бүрээр нь тодорхойлжээ. /хх-33/

20 000 м.кв газар дээр 763 м.кв урт блокон хашаа, үйлдвэрийн, оффисын барилга, түр болон харуулын байр, агуулах, гараж, уурын зуух, 400 квт хүчин чадалтай цахилгааны дэд өртөө зэрэг байгааг шинжээч үнэлгээний тайландаа тусгасан, уг газарт дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Эдгээр хөрөнгө нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан газраас салгаж үл болох үл хөдлөх эд хөрөнгө байна.

 Шинжээч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд нэр заасан барилга, газрын үнэлгээг дээрх байдлаар тогтоосноос гадна газраас салгаж үл болох болон үйлдвэрийн барилгын харуулын байр, халаалтын барилга байгууламжийн үнийг тодорхойлсныг шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх, шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгах Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4-т заасан үүргийнхээ хүрээнд хийсэн, энэ тухайгаа хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д зааснаар үнэлгээний тайландаа тусгасан гэж үзэхээс гадна үл хөдлөх хөрөнгөд нэмэлт үнэлгээ хийх, зах зээлийн бодит үнэлгээг тогтоох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу гэж үзнэ. 

Үнэлгээ гаргах явцад шинжээч нь шинжилгээ хийхэд шаардлагатай баримт материалтай танилцах эрхийнхээ дагуу уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шаардсан боловч шаардлагатай мэдээллийг төлбөр төлөгчөөс гаргаж өгөөгүй талаар тайланд тусгагдсан, объект тус бүрээр үнэлгээ гаргасан байх тул Д.А-ийн өмчлөлийн 960 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 12 м.кв талбайтай харуулын байрыг компанийн хөрөнгөтэй хамтад нь үнэлсэн гэж шинжээчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд хөрөнгийг үнэлэхдээ эрх бүхий этгээдийн асуултын дагуу дүгнэлт гаргаагүй, тогтоолд заагдаагүй болон бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн гэж   үнэлгээг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гаргасан үнэлгээний талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/00433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

                        ШҮҮГЧИД                                           Г.Д

                                                                                    А.О