Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00151

 

  “Про” ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00480 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар магадлалтай,

“Про” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Б.Б д холбогдох,

Гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь автомашин түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, Олон улсын стандарт, олон улсын франчайз автомашин түрээслүүлэгч бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б  нь “Про” ХХК  буюу эхлээд компанийн ерөнхий менежер, хувьцаа эзэмшигч Герман улсын иргэн н.Макс Ветээр дамжуулж боломжийн үнээр машин түрээслэх боломж байна уу гэж гаргасан хүсэлтийн дагуу түүнд УАЗ Патриот маркын 4210 УБХ улсын дугаартай автомашиныг 1 өдрийн хугацаагаар 156 000 төгрөгийн үнээс 25 хувиар хямдруулан нэг өдрийн 117 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Автомашиныг хүлээлцэх актан дээр Б.Б  гарын үсэг зурж, автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан.

Гэтэл Б.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг машиныг  унаж яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 2371 УНН улсын дугаартай автомашиныг мөргөж манай компанид хохирол учруулсан. Зөрчлийн хэрэг Налайх, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, Б.Б  нь Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3100027180018333 дугаартай шийтгэх хуудсаар 100 000 төгрөгийн торгох шийтгэлийг авсан. Б.Б н буруутай үйлдлийн улмаас манай компанийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 5 дугаар сард худалдан авсан, УАЗ Патриот маркын 4210 УБХ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээний зардалд 28 907 745 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд 1 080 000 төгрөг, нотариатын хөлс 10 000 төгрөг, нийт 29 997 745 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б  нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр АНУ-ын иргэн Илья Александреевич Мельниковын орчуулагчаар ажиллаж байсан ба тус өдөр Илья Александреевич Мельников нь эд хөрөнгө хөлслөх гэрээг “Про” ХХК -тай байгуулсан байдаг. Тус компани нь олон улсын Сикст гэдэг франчайзингийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Хэрэг авагдсан нотлох баримтаар Сикст компанитай байгуулсан Илья Александреевич Мельниковын гэрээ байгаа.

Б.Б  нь тус өдөр автомашиныг Илья Александреевич Мельниковын хүсэлтээр жолоодож явахдаа “Про” ХХК -д ямар нэгэн төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч Б.Б г автомашин захиалсан талаар ярьж байна. Илья Александреевич Мельников нь эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан. Налайх дүүрэгт осол гаргасан байдаг. Ослын дараагаар Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтэс хэмжилт хийж үзсэн. Б.Б г тухайн өдөр Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэр бичсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Замын цагдааг хэмжилт хийж байх үед “Про” ХХК -иас хүн ирж тухайн автомашиныг шууд ачиж явсан байдаг.

Зөрчил хянан шийдвэрлэх явцад энэ хөрөнгө үнэлэх байгууллагыг Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс нэр заасан газар хөрөнгийг үнэлүүлж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс удаа дараа хүсэлт тавьж замын цагдаагийн газраас хөрөнгийн үнэлгээ хийх газрын томилж тавьдаг танайх дур мэдэж өөрсдөө хөрөнгийн үнэлгээг хийж болохгүй гэсэн шаардлагыг хариуцагч талаас тавьсан. Бид “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн боловч “Про” ХХК  хүлээж аваагүй. Ингээд зөрчил шалгах хугацаа дууссан.

4210 УНН маркийн автомашиныг Б.Б  жолоодож яваад, 2371 УНН улсын дугаартай приус маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зөрчлийн хэргийн явцад тус приус автомашины жолооч Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээр “Хас үнэлгээ” ХХК-иар хохирлоо тооцуулж, Монре даатгалаар хохирлоо барагдуулсан. Хараат бусаар хохирлын үнэлгээг хийлгэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээнэ гэсэн заалттай. Хэрэгт авагдсан нотлох баримтад түрээслэгчийн нэр гэдэгт Илья Александреевич Мельников байх тул Б.Б г эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй. Гэрээг Илья Александреевич Мельников гэдэг хүн байгуулсан, Б.Б  жолоочийн үүрэг гүйцэтгэсэн тул хариуцагчийн хувьд маргаантай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00480 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй байх тул “Про” ХХК -ийн хариуцагч Б.Б д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4-р сарын 15-ны өдрийн 670 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байгаа тул хяналтын гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд:

Шүүхийн магадлалын хянах хэсэгт “Тухайн зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хэдий хэмжээний хохирол учруулсныг эргэлзээгүйгээр нотлох баримт хэрэгт авагдаагүй, ослын талаар зөвхөн схем зураг хэрэгт авагдсан байгаагаас гадна осол болсон газарт мөргөлдсөн 2 тээврийн хэрэгслийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан талаарх тэмдэглэл байхгүй, хэрэг учирлын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл гэх баримт бүрэн бус байна”.

Хэргийн 10-13 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн захиалгаар хийгдсэн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан авагдсан байх ба уг байгууллага эд хөрөнгийн үнэлгээ тогтоох боломжтой болохоос, зам тээврийн ослын шалтгаан, ослын улмаас гэм хор буюу ямар осол бий болсныг тогтоох эрх бүхий этгээд биш юм” гэжээ.

Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг нотлох баримтаар хавсаргасан байдаг.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан хөрөнгийн үнэлгээг “нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан шаардлагын дагуу нотлох баримтыг бүрдүүлээгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх заалтыг шүүхийн магадлалд тусгаагүй орхигдуулан, хэрэглээгүй байна. Тус нөхцөл байдлыг харгалзан хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д заасны дагуу хяналтын журмаар шүүхэд гомдол гаргаж байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Про” ХХК  Б.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

“Просиди” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Б.Б  нь тус компаниас УАЗ Патриот маркийн 4210 УБХ дугаартай автомашиныг нэг өдрийн хугацаагаар түрээслэж аваад тухайн өдрөө зам тээврийн осол гаргаж,  компанид хохирол учруулсан тул  автомашины засвар үйлчилгээний 28 907 745 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн 1 080 000 төгрөг, нотариатын хөлс 10 000 төгрөг, нийт 29 997 745 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...түрээсийн гэрээг Илья Александреевич Мельников байгуулсан, автомашиныг түүний хүсэлтээр жолоодож явсан тул хариуцахгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн тул “Просиди” ХХК нь хариуцагч Б.Б гаас гэрээний бус үүрэг, гэм хорын хохирол шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэлийг зөв тодорхойлоогүй байна. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хууль хэрэглээний алдаа, зөрчлийг үндэслэл бүхий зааж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангайн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД