Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/03456

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, ....дүгээр хороо, ..... хотхон 201/1-5 давхарт байрлах, Э ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ....., ... дүгээр хороо, ..... building 7 давхар, .... тоот хаягт байрлах, П ХХК /РД:....../-д холбогдох,

 

Гэрээний хохиролд 78,096,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК, 12,560,952 төгрөг гаргуулах тухай хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Б.У, С.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь П ХХК-тай Тоног төхөөрөмж суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Хийж гүйцэтгэх ажлын хувьд гадна болон дотор цэвэр бохир усны хоолойн угсралт, зургийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ажлыг ..... дүүргийн 04 дүгээр хороонд байрлах нэхэмжлэгчийн барьж байгаа 8 ширхэг хаусын төсөлд зориулж хийлгэсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч хариуцагч байгууллагын хувьд 2019 оны 03, 04 дүгээр сар хүртэл ажлыг хийж дуусгаагүй, дутуу орхиж хүлээлгэж өгөхгүйгээр орхиод явсан. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр П ХХК-д албан шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор 7 төрлийн ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж гүйцэтгээгүй тохиолдолд бусдаар гүйцэтгүүлж зардлыг нь нэхэмжлэхийг дурдсан. Түүний дагуу хариуцагч компаниас ажил гүйцэтгэж өгөөгүй. Тиймээс Б ХХК-ийг сонгож ажлаа хийж гүйцэтгүүлээд одоогоор ажлыг 100 хувь хийж дуусгасан боловч акт нь ирээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний улмаас нэхэмжлэгч Э ХХК-д учирсан хохиролд 78,096,587 төгрөг болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 11,861,412 төгрөгөөр багасгаж, дараах хохирлын шаардаж байна. Үүнд гэрээний дагуу шилжүүлсэн 34,361,858 төгрөг, ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардалд газар шорооны ажил 17,028,000 төгрөг, бараа материалын зардал 6,040,800 төгрөг, хариуцагчийн хийсэн ажлын үр дүнг шалгахад гарсан зардал 3,0,80,000 төгрөг төгрөг, гэрээгээр тохирсон алданги 5,454,517 төгрөг нийт 66,235,175 төгрөгийг хариуцагч П ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд тамга тэмдэгтэй актаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Сорилгын акт гэсэн 11 баримтыг гаргаж өгсөн. Гэрчийн мэдүүлгээр тухайн акт нь П ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн хувьд П ХХК-иас авах мөнгөө баталгаажуулахын тулд хийж гарын үсэг зурсан акт байдаг. Манай талаас ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан бол тамга тэмдэг дарж зохих этгээд нь баталгаажуулж санхүүгийн албанд шилжин бүртгэгддэг. Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний чанарын талаар тусгасан. Тэр чанарт нийцэж байх ёстой. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хоёр талаас гэрээний үр дүнг хүлээлцэх талаар акт үйлдэхээр зохицуулсан. Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг үнэлэх акт үйлддэг. Хариуцагч тал ажлаа хүлээлгэн өгөлгүй хаяад явсан. 2019 оны 03 дугаар сар хүртэл хоорондоо холбоотой байсан мэтээр тайлбарлаж байна. Утсаар болон мэйлээр нь дуудаад ирэхгүй болохоор бичгээр шаардлага өгсөн юм. Шаардлага дээрээ цэвэр бохир усны шугамын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын зургийг гаргаж өгөх гэсэн байна. Түүнээс биш П ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн туслан гүйцэтгэгч компанийн үйлдсэн акт нь манай ажлыг хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг нотлох баримт болж чадахгүй. Хариуцагч тал гэрээний хавсралт дээр материалын зардал гэж бичсэн боловч яг ямар зүйл авсан нь мэдэгддэггүй. Гүйцэтгэгч өөрийн хийсэн ажлын үр дүн гүйцэтгэлийг нотолж байгаа бол гүйцэтгэлийн актыг авч ирэх ёстой. Монгол Улсын барилгын норм ба дүрэм батлагдсан байдаг. Захиалагч талдаа хүлээлгэн өгөх ил, далд ажлын актыг дамжуулах хоолой, дамжуулах хоолойн тулгуур, ус хангамж татуургын газар доорх цэвэрлэх байгууламж, зэврэлтээс хамгаалах шүүлтүүр, газар доорх дамжуулах хоолой, үл нэвтрүүлэх суваг гээд хүлээлгэн өгөх нийт 17, 18 төрлийн шаардлага, стандарт байна. Хариуцагч энэ стандартад нийцүүлсэн ажил хүлээлгэж өгөөгүй. Барилгын норм ба дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, тогтсон журмын дагуу хүлээн авдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс тамга тэмдэггүй 11 хуудас цаас өгчхөөд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК, П ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талаар талууд маргаагүй. Гэрээгээр тодорхой хэд хэдэн тоног төхөөрөмжийг нийлүүлэх байсан. Нэгдүгээрт нэг цагт 8 м.куб хэмжээний ус шахах хүчин чадалтай хүйтэн усны өргөлтийн тоног төхөөрөмжийг 15,000,550 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ ажлыг хийж гүйцэтгээгүй талаар талууд мөн адил маргадаггүй. Учир нь эдгээр тоног төхөөрөмж нь 8 ширхэг хаусын цэвэр бохир усны асуудлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж байгаа тоног төхөөрөмж юм. Энэ ажлыг гүйцэтгээгүй шалтгаан нь амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй байсантай холбоотой. Дараа нь цэвэр усны нөөцийн сав мэдрэгчийн хамт нийлүүлэх байсан. Энэ тоног төхөөрөмжийг Э ХХК-ийн нярав ажилтай н.У гэж хүнд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн. 15 тонны эзлэхүүнтэй 15,200,000 төгрөгийн үнэтэй усны нөөцийн сав байсан. Нөөцийн савыг дагалддаг мэдрэгч нь нэг бүр нь 255,000 төгрөгийн үнэтэй. Нөөцийн савыг суурилуулахгүйгээр н.У гэх хүнд хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн барьж байсан барилгын ажил дуусаагүй байсан юм. Дараа нь гадна талын бохир усны хоолойн иж бүрдлийг 19,246,500 төгрөгөөр, гадна цэвэр усны иж бүрдлийг 12,491,310 төгрөгөөр тооцож нийлүүлэхээр тохиролцсон. Хариуцагчийн зүгээс эдгээрийг бүрэн хийж гүйцэтгэсэн байдаг. Дээр дурдсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн талаар акт хавтаст хэрэгт авагдсан. Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу гурван төрлийн ажил хийх ёстой байсан. Нэг тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй. Нэг тоног төхөөрөмжийг нь үнэлгээгээр нь хүлээлгэн өгсөн. Цэвэр бохир усны иж бүрдлийг тус бүрт нь суурилуулах ажлыг хийсэн. Тухайн үйл явдлын хувьд нэхэмжлэгчийн зүгээс хийсэн ажил нь чанаргүй ажлын гүйцэтгэл дутуу бодит байдал дээр ашиглах боломжгүй учраас дахин өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн гэдэг. Гэтэл гэрчийн мэдүүлгээс үйл явдал болох үед нэхэмжлэгчийн зүгээс хариуцсан худаг нь усаа шахаж дийлэхгүй байсан учраас хөрс нь дээгүүр ил ус гүйгээд түүний улмаас тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс барилгын ажил бүрэн гүйцэтгээгүй байсан. П ХХК-ийн зүгээс 78 сая төгрөгийн гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрт 34 сая төгрөгийг авсан хэдий ч П ХХК -ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж нь 34 сая төгрөгөөс илүү гарсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол өөрсдөөс шалтгаалах зүйлсээ нэхэмжлэгч дутуу гүйцэтгэсэн. 2018 оны 06 дугаар сард гэрээ 30 хоногийн хугацаатай байгуулагдсан боловч манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй 2018 он дуусах хүртэл тогтмол холбоотой байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 03 дугаар сард П ХХК-тай холбогдсон гэдэг нь П ХХК нь ажлаа гүйцэтгэхгүйгээр орхиж явсан гэдгийг нь үгүйсгэж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөрт төлсөн 34 сая төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай зүгээс нэхэмжлэгчээс өгсөн мөнгөнөөс илүү үнэтэй тоног төхөөрөмжийг нийлүүлж, хүн ажлуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдээр ажлыг дахин хийж гүйцэтгүүлсэн гэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагддаггүй. Учир нь П ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэзээ хэнээр ямар гэрээний үндсэн дээр дахин хийлгэсэн нь тодорхой биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч П ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П ХХК нь Э ХХК-тай 2018 оны 06 сарын 27-ны өдөр 18/04 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Тус гэрээний дагуу Л төслийн амины орон сууцны барилгын Хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна бохир усны шугам, гадна цэвэр усны шугам хоолойн материалыг нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний нийт үнийн дүн 69,263,717 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулж, гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34,631,858 төгрөгийг хүлээн авч, гэрээгээр тохиролцсоны дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн ба талуудын хувьд урьдчилгаа мөнгө өгсөн, хүлээн авсан гэдэгт маргах зүйлгүй, талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Дээрх гэрээний дагуу П ХХК нь дараах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. П ХХК нь \/=16 тоннын эзлэхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн савыг 15,200,000 төгрөгөөр, мэдрэгч 1 ширхгийг 255,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцож уг нөөцийн савыг Э ХХК-ийн нярав ажилтай н.У д 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгч гарын үсэг бүхий тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Л төслийн барилгын ажил хийгдээгүй байсан тул цэвэр усны нөөцийн савыг угсарч, суурилуулах боломжгүй байсан буюу гэрээний үүргээ бодитоор биелүүлэх боломжийг захиалагчийн зүгээс бидэнд бүрдүүлж өгөөгүй.

Гэрээнд гадна бохир усны шугам хоолойн иж бүрдлийг 19,246,500 төгрөгөөр, гадна цэвэр усны шугам хоолойн иж бүрдлийг 12,491,310 төгрөгөөр тус тус нийлүүлэхээр тохиролцож уг ажлыг П ХХК-ийн зүгээс бүрэн хийж гүйцэтгэсэн. Энэ тухай Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт болон Гадна бохир усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт-ыг Захиалагчийг төлөөлөн н.Баярцэнгэл, Гүйцэтгэгчийг төлөөлөн инженер Д.Б, Даамал Х.Нэргүй нарыг байлцуулан үйлдсэн байдаг. П ХХК-ийн зүгээс гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34,631,858 төгрөгийг урьдчилгаанд авч, 15,455,000 төгрөгийн үнэ бүхий Цэвэр усны нөөцийн сав мэдрэгчийн хамт захиалагчид хүлээлгэн өгсөн. Барилгын гүйцэтгэлээс хамаарч угсарч суурилуулаагүй тул угсралтын зардал нэмж тооцоогүй болно. Гадна цэвэр, бохир усны шугам хоолойн иж бүрдлийг нийт 31,737,810 төгрөгөөр хийж гүйцэтгэн, актаар хүлээлгэн өгсөн. Дээрх хийж гүйцэтгэсэн ажлуудын үнийн дүнг нэгтгэн тооцоход 47,192,810 төгрөг болж байгаа бөгөөд энэ нь П ХХК-ийн хүлээн авсан нийт урьдчилгаанд нийцүүлэн хийсэн ажлын гүйцэтгэл болно. Э ХХК-ийн зүгээс П ХХК-д урьдчилгаанаас өөрөөр ямар нэг нэмэлт төлбөр мөнгө өгөөгүй. Мөн П ХХК-ийн зүгээс гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэхэд захиалагчийн зүгээс саадтай нөхцөл байдал удаа дараа бий болж байснаас үүдэн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Гэтэл Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-тэй холбоотой маргаан үүсч, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр мөн бусад зардал, алданги зэргийг гаргуулахаар шүүхэд хандсан байх тул П ХХК нь Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн, угсарсан тоног төхөөрөмжийн нийт үнэ болох 47,192,810 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт төлсөн 34,631,858 төгрөгийг хасч, 12,560,952 төгрөгийг Э ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. Учир нь П ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн тоног төхөөрөмж зэргийг үнэгүйдүүлж буй явдал болж байна. Иймд Э ХХК-аас Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-ний төлбөрт 12,560,952 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 78,096,587 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 11,861,412 төгрөгөөр багасгаж, 66,235,175 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 12,560,952 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 2018 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гэж үзэж урьдчилан шилжүүлсэн 34,361,858 төгрөг, ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал /газар шорооны ажил 17,028,000 төгрөг, бараа материалын зардал 6,040,800 төгрөг, хариуцагчийн хийсэн ажлын үр дүнг шалгахад гарсан зардал 3,0,80,000 төгрөг/ 26,418,800 төгрөг, гэрээнд заасан алданги 5,454,517 төгрөг нийт 66,235,175 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч П ХХК-тай 2018 оны 06 сарын 27-ны өдөр Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр хариуцагч нь хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна бохир усны шугам, гадна цэвэр усны шугам хоолойн материалыг нийлүүлэх, угсрах ажлыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлс 69,263,717 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв. /хх-ийн 6-10 дугаар тал/

 

Хариуцагч П ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсний 50 хувь буюу 34,631,858 төгрөгийг хүлээн авч, 15,200,000 төгрөгийн үнэтэй цэвэр усны нөөцийн сав, 255,000 төгрөгийн үнэтэй мэдрэгчийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч /хх-ийн 79 дүгээр тал/, гадна талын бохир усны шугам хоолой суулгах, гадна цэвэр усны хоолой, иж бүрдэл суулгах ажлыг хийж, гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт 8, гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт 2-ыг тус тус үйлдсэн байна /хх-ийн 64-73 дугаар тал/. Гэвч ажил гүйцэтгэгчээс гэрээний 1-д заасан ажил гүйцэтгэлийн зураг гаргах, ажлыг зохих ёсоор хийж хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч П ХХК-иар гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхдээ газар шорооны ажлыг.....ар гүйцэтгүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж дуусгах, үр дүнг хүлээлгэн өгөх, ажлын доголдлыг ариглуулах тухай мэдэгдлийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 05/2019 тоот албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн боловч ажлын зураг, үр дүнг хүлээлгэн өгөх ажил хийгдээгүй байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлж болно. Хэрэв доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын доголдлыг арилгуулахтай холбогдон гарсан зардал бус ажил гүйцэтгэгчид гэрээний дагуу төлсөн ажлын хөлс 34,361,858 төгрөг, ажил гүйцэтгэх явцад гарсан зардал 26,418,800 төгрөг, алданги 5,454,517 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч П ХХК-иас 66,235,175 төгрөг гаргуулахаар шаардсан Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Хариуцагч П ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хариуцагч П ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-иас ажил гүйцэгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 12,560,952 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар дээр дүгнэсэн. Зохигч ажил гүйцэтгэх гэрээний дагуу цэвэр, бохир усны шугам суурилуулах ажил хийж, урьдчилгаа төлбөрт хариуцагч 34,631,858 төгрөгийг нэхэмжлэгчээс, нэхэмжлэгч 15,200,000 төгрөгийн үнэтэй цэвэр усны нөөцийн савыг хариуцагчаас хүлээн авсан тухай маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан.

 

Гэрээний дагуу хариуцагч П ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-д 15,200,000 төгрөгийн үнэтэй цэвэр усны нөөцийн сав, 255,000 төгрөгийн үнэтэй мэдрэгчийг хүлээлгэн өгч /хх-ийн 79 дүгээр тал/, гадна талын бохир усны шугам хоолой суулгах, гадна цэвэр усны хоолой, иж бүрдэл суулгах ажлыг хийж, гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт 8, гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт 2-ыг тус тус үйлдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэв.

 

Учир нь захиалагчийн ажил гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэх, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэх боломжгүй болсон ч гүйцэтгэсэн ажлын зургийг гаргаж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүй байна. Хариуцагч барилгын ажил гүйцэтгэн, ажлын зураг гаргаж өгөх, үр дүнг хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгээгүй байх тул ажлын хөлс 12,560,952 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч П ХХК-иас 66,235,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Э ХХК-иас 12,560,952 төгрөг гаргуулах тухай хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас 66,235,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Э ХХК-иас 12,560,952 төгрөг гаргуулах тухай хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,440 төгрөгийг, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АЗБАЯР