Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03456 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “П-” ХХК-д холбогдох

 

Гэрээнээс учирсан хохиролд 66 235 175 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Э-” ХХК-иас гэрээний үүрэгт 12 560 952 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг,

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О Б.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э-” ХХК нь “П-” ХХК-тай тоног төхөөрөмж суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 6 сарын 27-ны өдөр байгуулсан. Хийж гүйцэтгэх ажлын хувьд гадна болон дотор цэвэр бохир усны хоолойн угсралт, зургийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ажлыг Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороонд байрлах нэхэмжлэгчийн барьж байгаа 8 ширхэг хаусын төсөлд зориулж хийлгэсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу 2018 оны 7 сарын 26-ны өдөр ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч хариуцагч байгууллагын хувьд 2019 оны 3, 4 сар хүртэл ажлыг хийж дуусгаагүй, дутуу орхиж хүлээлгэж өгөхгүйгээр орхиод явсан. 2019 оны 3 сарын 14-ний өдөр “П-” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад 2019 оны 3 сарын 29-ний өдрийн дотор 7 төрлийн ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, гүйцэтгээгүй тохиолдолд бусдаар гүйцэтгүүлж зардлыг нь нэхэмжлэхийг дурдсан. Түүний дагуу хариуцагч компаниас ажил гүйцэтгэж өгөөгүй. Тиймээс “Бийрийн-Ус” ХХК-ийг сонгож ажлаа хийж гүйцэтгүүлээд одоогоор ажлыг 100 хувь хийж дуусгасан боловч акт нь ирээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний улмаас нэхэмжлэгч “Э-” ХХК-д учирсан хохиролд 78 096 587 төгрөг болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 11 861 412 төгрөгөөр багасгаж, дараах хохирлын шаардаж байна. Үүнд гэрээний дагуу шилжүүлсэн 34 361 858 төгрөг, ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардалд газар шорооны ажил 17 028 000 төгрөг, бараа материалын зардал 6 040 800 төгрөг, хариуцагчийн хийсэн ажлын үр дүнг шалгахад гарсан зардал 3 080 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 5 454 517 төгрөг, нийт 66 235 175 төгрөгийг хариуцагч “П-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э-” ХХК, “П-” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талаар талууд маргаагүй. Гэрээгээр тодорхой хэд хэдэн тоног төхөөрөмжийг нийлүүлэх байсан. Нэгдүгээрт нэг цагт 8 м.куб хэмжээний ус шахах хүчин чадалтай хүйтэн усны өргөлтийн тоног төхөөрөмжийг 15 000 550 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ ажлыг хийж гүйцэтгээгүй талаар талууд мөн адил маргадаггүй. Учир нь эдгээр тоног төхөөрөмж нь 8 ширхэг хаусын цэвэр бохир усны асуудлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж байгаа тоног төхөөрөмж юм. Энэ ажлыг гүйцэтгээгүй шалтгаан нь амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй байсантай холбоотой. Дараа нь цэвэр усны нөөцийн сав мэдрэгчийн хамт нийлүүлэх байсан. Энэ тоног төхөөрөмжийг “Э-” ХХК-ийн нярав н.Ундрах гэж хүнд 2018 оны 10 сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн. 15 тонны эзлэхүүнтэй 15 200 000 төгрөгийн үнэтэй усны нөөцийн сав байсан. Нөөцийн савыг дагалддаг мэдрэгч нь нэг бүр нь 255 000 төгрөгийн үнэтэй. Нөөцийн савыг суурилуулахгүйгээр н.Ундрах гэх хүнд хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн барьж байсан барилгын ажил дуусаагүй байсан юм. Дараа нь гадна талын бохир усны хоолойн иж бүрдлийг 19 246 500 төгрөгөөр, гадна цэвэр усны иж бүрдлийг 12 491 310 төгрөгөөр тооцож, нийлүүлэхээр тохиролцсон. Хариуцагчийн зүгээс эдгээрийг бүрэн хийж гүйцэтгэсэн байдаг. Дээр дурдсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн талаар акт хавтаст хэрэгт авагдсан. Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу гурван төрлийн ажил хийх ёстой байсан. Нэг тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй. Нэг тоног төхөөрөмжийг нь үнэлгээгээр нь хүлээлгэн өгсөн. Цэвэр, бохир усны иж бүрдлийг тус бүрт нь суурилуулах ажлыг хийсэн. Тухайн үйл явдлын хувьд нэхэмжлэгчийн зүгээс хийсэн ажил нь чанаргүй ажлын гүйцэтгэл дутуу бодит байдал дээр ашиглах боломжгүй учраас дахин өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн гэдэг. Гэтэл гэрчийн мэдүүлгээс үйл явдал болох үед нэхэмжлэгчийн зүгээс хариуцсан худаг нь усаа шахаж, дийлэхгүй байсан учраас хөрс нь дээгүүр ил ус гүйгээд түүний улмаас тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс барилгын ажил бүрэн гүйцэтгээгүй байсан. “П-” ХХК-ийн зүгээс 78 000 000 төгрөгийн гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрт 34 000 000 төгрөгийг авсан хэдий ч “П-” ХХК -ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж нь 34 000 000 төгрөгөөс илүү гарсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол өөрсдөөс шалтгаалах зүйлсээ нэхэмжлэгч дутуу гүйцэтгэсэн. 2018 оны 6 сард гэрээ 30 хоногийн хугацаатай байгуулагдсан боловч манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй 2018 он дуусах хүртэл тогтмол холбоотой байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 3 сард “П-” ХХК-тай холбогдсон гэдэг нь “П-” ХХК нь ажлаа гүйцэтгэхгүйгээр орхиж явсан гэдгийг нь үгүйсгэж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөрт төлсөн 34 000 000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай зүгээс нэхэмжлэгчээс өгсөн мөнгөнөөс илүү үнэтэй тоног төхөөрөмжийг нийлүүлж, хүн ажиллуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдээр ажлыг дахин хийж гүйцэтгүүлсэн гэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагддаггүй. Учир нь “П-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэзээ, хэнээр, ямар гэрээний үндсэн дээр дахин хийлгэсэн нь тодорхой биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “П-” ХХК нь “Э-” ХХК-тай 2018 оны 6 сарын 27-ны өдөр 18/04 тоот тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан, хамтран ажилласан. Тус гэрээний дагуу ландмарк төслийн амины орон сууцны барилгын хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна бохир усны шугам, гадна цэвэр усны шугам хоолойн материалыг нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний нийт үнийн дүн 69 263 717 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулж, гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34 631 858 төгрөгийг хүлээн авч, гэрээгээр тохиролцсоны дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн ба талуудын хувьд урьдчилгаа мөнгө өгсөн, хүлээн авсан гэдэгт маргах зүйлгүй, талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Дээрх гэрээний дагуу “П-” ХХК нь дараах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. “П-” ХХК нь \/=16 тоннын эзлэхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн савыг 15 200 000 төгрөгөөр, мэдрэгч 1 ширхгийг 255 000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцож, уг нөөцийн савыг нэхэмжлэгч компанийн нярав ажилтай н.Ундрахад 2018 оны 10 сарын 04-ний өдөр хүлээлгэн өгч гарын үсэг бүхий тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Ландмарк төслийн барилгын ажил хийгдээгүй байсан тул цэвэр усны нөөцийн савыг угсарч, суурилуулах боломжгүй байсан буюу гэрээний үүргээ бодитоор биелүүлэх боломжийг захиалагчийн зүгээс бидэнд бүрдүүлж өгөөгүй. Гэрээнд гадна бохир усны шугам хоолойн иж бүрдлийг 19 246 500 төгрөгөөр, гадна цэвэр усны шугам хоолойн иж бүрдлийг 12 491 310 төгрөгөөр тус тус нийлүүлэхээр тохиролцож, уг ажлыг “П-” ХХК-ийн зүгээс бүрэн хийж гүйцэтгэсэн. Энэ тухай гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт болон гадна бохир усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан актыг захиалагчийг төлөөлөн н.Баярцэнгэл, гүйцэтгэгчийг төлөөлөн инженер Д.Батдорж, даамал Х.Нэргүй нарыг байлцуулан үйлдсэн байдаг. “П-” ХХК-ийн зүгээс гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34 631 858 төгрөгийг урьдчилгаанд авч, 15 455 000 төгрөгийн үнэ бүхий цэвэр усны нөөцийн сав, мэдрэгчийн хамт захиалагчид хүлээлгэн өгсөн. Барилгын гүйцэтгэлээс хамаарч угсарч суурилуулаагүй тул угсралтын зардал нэмж тооцоогүй болно. Гадна цэвэр, бохир усны шугам хоолойн иж бүрдлийг нийт 31 737 810 төгрөгөөр хийж гүйцэтгэн, актаар хүлээлгэн өгсөн. Дээрх хийж гүйцэтгэсэн ажлуудын үнийн дүнг нэгтгэн тооцоход 47 192 810 төгрөг болж байгаа бөгөөд энэ нь “П-” ХХК-ийн хүлээн авсан нийт урьдчилгаанд нийцүүлэн хийсэн ажлын гүйцэтгэл болно. “Эс ви эи эйч” ХХК-ийн зүгээс “П-” ХХК-д урьдчилгаанаас өөрөөр ямар нэг нэмэлт төлбөр мөнгө өгөөгүй. Мөн “П-” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэхэд захиалагчийн зүгээс саадтай нөхцөл байдал удаа дараа бий болж байснаас үүдэн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Гэтэл тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээтэй холбоотой маргаан үүсч, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр мөн бусад зардал, алданги зэргийг гаргуулахаар шүүхэд хандсан байх тул “П-” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн, угсарсан тоног төхөөрөмжийн нийт үнэ болох 47 192 810 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт төлсөн 34 631 858 төгрөгийг хасч, 12 560 952 төгрөгийг “Э-” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Учир нь “П-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн тоног төхөөрөмж зэргийг үнэгүйдүүлж буй явдал болж байна. Иймд “Э-” ХХК-иас тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний төлбөрт 12 560 952 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд тамга тэмдэгтэй актаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Сорилгын акт гэсэн 11 баримтыг гаргаж өгсөн. Гэрчийн мэдүүлгээр тухайн акт нь “П-” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн хувьд “П-” ХХК-иас авах мөнгөө баталгаажуулахын тулд хийж гарын үсэг зурсан акт байдаг. Манай талаас ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан бол тамга тэмдэг дарж зохих этгээд нь баталгаажуулж, санхүүгийн албанд шилжин бүртгэгддэг. Ажил гүйцэтгэх гэрээний 4.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний чанарын талаар тусгасан. Тэр чанарт нийцэж байх ёстой. Гэрээний 4.5-т 2 талаас гэрээний үр дүнг хүлээлцэх талаар акт үйлдэхээр зохицуулсан. Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг үнэлэх акт үйлддэг. Хариуцагч тал ажлаа хүлээлгэн өгөлгүй хаяад явсан. 2019 оны 3 сар хүртэл хоорондоо холбоотой байсан мэтээр тайлбарлаж байна. Утсаар болон мэйлээр нь дуудаад ирэхгүй болохоор бичгээр шаардлага өгсөн юм. Шаардлага дээрээ цэвэр, бохир усны шугамын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын зургийг гаргаж өгөх гэсэн байна. Түүнээс биш “П-” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн үйлдсэн акт нь манай ажлыг хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг нотлох баримт болж чадахгүй. Хариуцагч тал гэрээний хавсралт дээр материалын зардал гэж бичсэн боловч яг ямар зүйл авсан нь мэдэгддэггүй. Гүйцэтгэгч өөрийн хийсэн ажлын үр дүн гүйцэтгэлийг нотолж байгаа бол гүйцэтгэлийн актыг авч ирэх ёстой. Монгол Улсын барилгын норм ба дүрэм батлагдсан байдаг. Захиалагч талдаа хүлээлгэн өгөх ил, далд ажлын актыг дамжуулах хоолой, дамжуулах хоолойн тулгуур, ус хангамж татуургын газар доорх цэвэрлэх байгууламж, зэврэлтээс хамгаалах шүүлтүүр, газар доорх дамжуулах хоолой, үл нэвтрүүлэх суваг гээд хүлээлгэн өгөх нийт 17, 18 төрлийн шаардлага, стандарт байна. Хариуцагч энэ стандартад нийцүүлсэн ажил хүлээлгэж өгөөгүй. Барилгын норм ба дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, тогтсон журмын дагуу хүлээн авдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс тамга тэмдэггүй 11 хуудас цаас өгчихөөд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “П-” ХХК-иас 66 235 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч “Э-” ХХК-иас 12 560 952 төгрөг гаргуулах тухай хариуцагч “П-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 440 төгрөгийг, хариуцагч “П-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар  гаргасан гомдолдоо: “Э-” ХХК нь ланд марк нэртэй төслийн амины орон сууцны барилгын хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна цэвэр, бохир усны шугам хоолойн угсралт хийлгэж, түүний гүйцэтгэлийн зургийг гаргуулах ажил гүйцэтгүүлэхээр 2018 оны 6 сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэж, чадаагүй ба ажлаа дуусгалгүй хаяж явсан нь захиалагч талд хохирол учруулах гол шалтгаан болсон. Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг Монгол Улсад мөрдөгдөж буй 2016 оны 6 сарын 22-ны өдрийн Барилга хот байгуулалтын сайдын баталсан ус хангамж ариутгах татуургын гадна сүлжээ барилга байгууламж /БНбд 40-04-16/ гэх норм ба дүрэмд заасны дагуу ажлыг гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан фото зураг болон бодит байдал дээр тогтоогдсон. Түүнчлэн гүйцэтгэгч талаас хийсэн гэх ажлын ил далд ажлын тайлан, гүйцэтгэлийн фото зураг, гүйцэтгэлийн ажлын зураг зэргийг гаргаж өгөөгүй захиалагч талд хүлээлгэн өгөөгүй байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний гол зорилго захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, түүнд тохирох хөлсийг гүйцэтгэгчид төлөхөд оршдог. Хариуцагч талаас гаргаж өгсөн ажил гүйцэтгэсэн акт гэх /хх-64-73/ сорилгоор шалгасан акт нь хүчин төгөлдөр бус юм. Учир нь захиалагч талаас баталгаажуулж тамга тэмдэг дарсан зүйлгүй, ил далд ажлын актгүй, фото зураггүй хэзээ үйлдсэн он, сар хугацаа тогтоогдохгүй баримтыг ажил хүлээлгэн өгсөн гэж үзэх нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч талаас 2019 оны 3 сарын 14-ний өдөр хариуцагчид албан мэдэгдэл өгч, үүргээ гүйцэтгэх, чанарын шаардлага хангахгүй байгаа ажлын гүйцэтгэлийг дуусгах талаар албан тоот явуулсан ба ажил гүйцэтгээгүйгээс шалтгаалан гэрээнээс учирсан хохирлыг гаргуулах, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн байдаг. Гүйцэтгэгч талаас заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажил нь стандартын шаардлага хангаагүйгээс үүдэн, ашиглах боломжгүй байдал үүссэн тул “Бийрийн уулс” ХХК-нь цэвэр, бохирын угсралт, ажлын зураг гаргах ажлыг дахин шинээр хийж гүйцэтгэсэн байдаг нь фото зургаар баталгаажуулан хавтаст хэрэгт хавсаргасан болно. Нэхэмжлэгч талаас аливаа хүндрэл учруулахгүйгээр үнэн бодитой гарсан зардал, гэрээнээс учирсан хохирол болох урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34 361 858 төгрөг, газар шорооны ажилд зарцуулсан 17 028 000 төгрөг, бараа материал нэмэлтээр авч өгсөн 6 040 800 төгрөг, хариуцагчийн хийсэн ажлын гүйцэтгэлийг шалгуулахад төлсөн 3 080 000 төгрөг, алданги 5 454 517 төгрөг нийт 65 965 175 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний дагуу гаргасан нийт зардал нь захиалагч талд ажлын үр дүн болж ирээгүй, ашиглах боломжгүй үргүй зардал бодитой учирсан байтал анхан шатны шүүх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна гэж дүгнэсэн байдаг. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хариуцагч нь гэрээт ажлын хугацаанд туслан гүйцэтгэгч авч ажиллуулсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5-д заасны дагуу тэдгээрийн гүйцэтгэсэн үйлдлийн улмаас учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж хуульчилсан байгааг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй байна. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг болон тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг гаргасан. “П-” ХХК нь “Э-” ХХК-тай 2018 оны 6 сарын 27-ны өдөр 18/04 тоот тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Тус гэрээний дагуу ландмарк төслийн амины орон сууцны барилгын хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна бохир усны шугам, гадна цэвэр усны шугам хоолойн материалыг нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний нийт үнийн дүн 69 263 717 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулж, гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34 631 858 төгрөгийг хүлээн авч, гэрээгээр тохиролцсоны дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн ба талуудын хувьд урьдчилгаа мөнгө өгсөн, хүлээн авсан гэдэгт маргах зүйлгүй, тапуудын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Дээрх гэрээний дагуу “П-” ХХК нь тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх байсан ба 15 455 000 төгрөгийн үнэ бүхий цэвэр усны нөөцийн сав мэдрэгчийн хамт захиалагчид хүлээлгэн өгсөн мөн гадна цэвэр, бохир усны шугам хоолойн иж бүрдлийг нийт 31 737 810 төгрөгөөр хийж гүйцэтгэн, актаар хүлээлгэн өгсөн. Дээрх хийж гүйцэтгэсэн ажлуудын үнийн дүнг нэгтгэн тооцоход 47 192 810 төгрөг болж байгаа ба энэ нь гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34 631 858 төгрөгийг “П-” ХХК захиалагчаас авсан урьдчилгаанд нийцүүлэн хийсэн ажлын гүйцэтгэл бөгөөд “Э-” ХХК-ийн зүгээс “П-” ХХК-д урьдчилгаанаас өөрөөр ямар нэг нэмэлт төлбөр мөнгө өгөөгүй. Мөн “П-” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэхэд захиалагчийн зүгээс саадтай нөхцөл байдал удаа дараа бий болдог байснаас үүдэн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон бөгөөд захиалагч ч худаг усаа дийлэхгүй хөрсний усаа шавхаж дийлэхгүй нөхцөл байдал гэрээгээр ажил гүйцэтгэх хугацаанд бий болж байсныг хүлээн зөвшөөрдөг. "П-" ХХК нь "Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ"-ний дагуу нийлүүлсэн, угсарсан тоног төхөөрөмжийн нийт үнэ болох 47 192 810 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 34 631 858 төгрөгийг хасч 12 560 952 төгрөгийг “Э-” ХХК-иас гаргуулах үндэслэлтэй гэж үзэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу гаргуулах үндэстэй гэж хуралдааны явцад маргасан. Учир нь 15 455 000 төгрөгийн үнэ бүхий цэвэр усны нөөцийн сав мэдрэгчийн хамт захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү нөөцийн савыг захиалагч тал хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд “П-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн болохоо нотолж чадаагүй байна гэжээ. Гэвч энэ нь хэргийн материалд авагдсан гадна цэвэр, бохир усны шугам хоолойн иж бүрдлийг хийж гүйцэтгэн, түүнийгээ шалгаж, захиалагчид хүлээлгэж өгсөн актуудаар нотлогддог. Иймд “Э-” ХХК-иас тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний төлбөрт 12 560 952 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “П-” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 78 096 587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган 66 235 175 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 12 560 952 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2018 оны 6 сарын 27-ны өдөр тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “П-” ХХК нь хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна цэвэр, бохир усны шугам хоолойн материал, угсралтын ажлыг 2018 оны 7 сарын 27-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Э-” ХХК нь ажлын хөлсөнд 69 263 717 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-10-р  тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “П-” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34 631 858 төгрөг, нэмэлт ажлын төлбөр 3 080 000 төгрөг, өөр этгээдээр газар, шорооны ажил гүйцэтгүүлсний хөлс 17 028 000 төгрөг, бараа материал худалдан авсан 6 040 800 төгрөг, алданги 5 454 517 төгрөг нийт 66 235 175 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаарджээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

Талуудын байгуулсан гэрээний нийт үнэ 69 263 717 төгрөг буюу хүйтэн усны өргөлтийн насосыг 15 550 000 төгрөгөөр, цэвэр усны нөөцийн савыг 15 200 000 төгрөгөөр, мэдрэгчийг 255 000 төгрөгөөр, гадны бохир усны шугам хоолойн материалын зардал 19 246 500 төгрөг, гадна цэвэр усны шугам хоолойн материалын зардал 12 491 310 төгрөг, угсралтын зардал 7 934 452 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр тохиролцож, 1 413 545 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн ба нэхэмжлэгч “Э-” ХХК нь урьдчилгаа төлбөрт 34 631 858 төгрөгийг хариуцагч “П-” ХХК-д төлжээ. /хх-ийн 11, 29-р тал/

 

 Хариуцагч “П-” ХХК нь гэрээнд заасан цэвэр усны нөөцийн савыг мэдрэгчийн хамт 2018 оны 10 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нярав н.Ундрахад хүлээлгэн өгсөн, мөн гадна цэвэр, бохир усны шугам хоолойн ажлыг хийж гүйцэтгэн акт үйлдэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нийт 47 192 810 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь гадна цэвэр, бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, цэвэр усны нөөцийн савыг хүлээлгэн өгсөн баримт, гэрч А.Баярцэнгэл, Д.Батдорж нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжилсэн нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн шаардлага үндэслэл муутай байна. /хх-ийн 64-73, 79, 168, 177-180-р тал/

 

Нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагч “П-” ХХК-ийг үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, ажил хүлээлгэн өгсөн гэх акт нь тамга тэмдэггүй, огноогүй гэх боловч дээрх актад нэхэмжлэгч талаас инженер А.Баярцэнгэл, хариуцагч талаас инженер Д.Батдорж, даамал Х.Нэргүй нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хэргийн 64-73 дугаар талд байгаа дээрх актууд нь тамга, тэмдэггүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл юм.

 

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон А.Баярцэнгэл нь дээрх үйл баримтыг мэдүүлсэн ба актад гарын үсэг зурсан шалтгаанаа “хариуцагч “П-” ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгч болох “П-” ХХК-иас санхүүжилт авах зорилгоор актад гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлжээ. Гэвч дээрх мэдүүлгээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч “П-” ХХК нь туслан гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь “Сутайн их оргил” ХХК, “Их логийн говь” ХХК-иар газар, шорооны ажил гүйцэтгүүлсний хөлс гэх 17 028 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч дээрх компаниудтай байгуулсан гэрээ нь хариуцагч “П-” ХХК-тай байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнээс өмнөх огноотой, цаг хугацааны хувьд шалтгаант холбоогүй, мөн “ ... газар, шорооны ажлыг манай тал хийнэ, угсралтаа хариуцагч “П-” ХХК хийхээр харилцан тохиролцсон” гэх гэрч А.Баярцэнгэлийн мэдүүлгээр няцаагдаж байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна. /хх-ийн 6-11, 12-15, 18-25, 168-р тал/  

 

Иймд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34 631 858 төгрөг, нэмэлт ажлын төлбөр гэх 3 080 000 төгрөг, өөр этгээдээр газар, шорооны ажил гүйцэтгүүлсний хөлс 17 028 000 төгрөг, бараа материал худалдан авсан гэх 6 040 800 төгрөг, алданги 5 454 517 төгрөг нийт 66 235 175 төгрөг шаардсан нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ огт биелүүлээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч “П-” ХХК нь 15 200 000 төгрөгийн цэвэр усны нөөцийн сав, 255 000 төгрөгийн мэдрэгчийг нэхэмжлэгч “Э-” ХХК-д нийлүүлсэн, мөн гадны бохир усны шугамын ажлыг 19 246 500 төгрөгөөр, гадна цэвэр усны шугам хоолойн ажлыг 12 491 310 төгрөгөөр буюу нийт 47 192 810 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь дээрх үйл баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн урьдчилгаанд төлсөн 34 631 858 төгрөгийг хасч 12 560 952 төгрөгийг нэхэмжлэгч “Э-” ХХК-иас гаргуулан, хариуцагч “П-” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э-” ХХК-иас 12 560 952 төгрөг гаргуулж, хариуцагч “П-” ХХК-д олгож, хариуцагч “П-” ХХК-иас 66 235 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 440 төгрөг, хариуцагч “П-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э-” ХХК-иас 215 930 төгрөг гаргуулан, хариуцагч “П-” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                                  ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД                                                                                             

                                                                                                            Г.ДАВААДОРЖ