Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01376

 

  

Эс Ви Жи Эйч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03456 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 409 дүгээр магадлалтай,

 

Эс Ви Жи Эйч ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Прохит ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд нийт 66,235,175 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Гүйцэтгэсэн ажлын хөлс 12,560,952 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эс Ви Жи Эйч ХХК нь Прохит ХХК-тай Тоног төхөөрөмж суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг 2018.06.27-ны өдөр байгуулсан. Хийж гүйцэтгэх ажлын хувьд гадна болон дотор цэвэр бохир усны хоолойн угсралт, зургийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ажлыг Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороонд байрлах нэхэмжлэгчийн барьж байгаа 8 ширхэг хаусын төсөлд зориулж хийлгэсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу 2018.07.26-ны өдөр ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч хариуцагч байгууллагын хувьд 2019 оны 03, 04 дүгээр сар хүртэл ажлыг хийж дуусгаагүй, дутуу орхиж хүлээлгэж өгөхгүйгээр орхиод явсан. 2019.03.14-ний өдөр Прохит ХХК-д албан шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад 2019.03.29-ний өдрийн дотор 7 төрлийн ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж гүйцэтгээгүй тохиолдолд бусдаар гүйцэтгүүлж зардлыг нь нэхэмжлэхийг дурдсан. Түүний дагуу хариуцагч компаниас ажил гүйцэтгэж өгөөгүй. Тиймээс Бийрийн Ус ХХК-ийг сонгож ажлаа хийж гүйцэтгүүлээд одоогоор ажлыг 100 хувь хийж дуусгасан боловч акт нь ирээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний улмаас нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК-д учирсан хохиролд 78,096,587 төгрөг болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 11,861,412 төгрөгөөр багасгаж, дараах хохирлын шаардаж байна. Үүнд гэрээний дагуу шилжүүлсэн 34,361,858 төгрөг, ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардалд газар шорооны ажил 17,028,000 төгрөг, бараа материалын зардал 6,040,800 төгрөг, хариуцагчийн хийсэн ажлын үр дүнг шалгахад гарсан зардал 3,080,000 төгрөг төгрөг, гэрээгээр тохирсон алданги 5,454,517 төгрөг нийт 66,235,175 төгрөгийг хариуцагч Прохит ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалдулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эс Ви Жи Эйч ХХК, Прохит ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талаар талууд маргаагүй. Гэрээгээр тодорхой хэд хэдэн тоног төхөөрөмжийг нийлүүлэх байсан. Нэгдүгээрт нэг цагт 8 м.куб хэмжээний ус шахах хүчин чадалтай хүйтэн усны өргөлтийн тоног төхөөрөмжийг 15,000,550 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ ажлыг хийж гүйцэтгээгүй талаар талууд мөн адил маргадаггүй. Учир нь эдгээр тоног төхөөрөмж нь 8 ширхэг хаусын цэвэр бохир усны асуудлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж байгаа тоног төхөөрөмж юм. Энэ ажлыг гүйцэтгээгүй шалтгаан нь амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй байсантай холбоотой. Дараа нь цэвэр усны нөөцийн сав мэдрэгчийн хамт нийлүүлэх байсан. Энэ тоног төхөөрөмжийг Эс Ви Жи Эйч ХХК-ийн нярав ажилтай н.Ундрах гэж хүнд 2018.10.04-ний өдөр хүлээлгэж өгсөн. 15 тонны эзлэхүүнтэй 15,200,000 төгрөгийн үнэтэй усны нөөцийн сав байсан. Нөөцийн савыг дагалддаг мэдрэгч нь нэг бүр нь 255,000 төгрөгийн үнэтэй. Нөөцийн савыг суурилуулахгүйгээр н.Ундрах гэх хүнд хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн барьж байсан барилгын ажил дуусаагүй байсан юм. Дараа нь гадна талын бохир усны хоолойн иж бүрдлийг 19,246,500 төгрөгөөр, гадна цэвэр усны иж бүрдлийг 12,491,310 төгрөгөөр тооцож нийлүүлэхээр тохиролцсон. Хариуцагчийн зүгээс эдгээрийг бүрэн хийж гүйцэтгэсэн байдаг. Дээр дурдсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн талаар акт хавтаст хэрэгт авагдсан. Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу гурван төрлийн ажил хийх ёстой байсан. Нэг тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй. Нэг тоног төхөөрөмжийг нь үнэлгээгээр нь хүлээлгэн өгсөн. Цэвэр бохир усны иж бүрдлийг тус бүрт нь суурилуулах ажлыг хийсэн. Тухайн үйл явдлын хувьд нэхэмжлэгчийн зүгээс хийсэн ажил нь чанаргүй ажлын гүйцэтгэл дутуу бодит байдал дээр ашиглах боломжгүй учраас дахин өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн гэдэг. Гэтэл гэрчийн мэдүүлгээс үйл явдал болох үед нэхэмжлэгчийн зүгээс хариуцсан худаг нь усаа шахаж дийлэхгүй байсан учраас хөрсөн дээгүүр ил ус гүйгээд түүний улмаас тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс барилгын ажил бүрэн гүйцэтгээгүй байсан. Прохит ХХК-ийн зүгээс 78 сая төгрөгийн гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрт 34 сая төгрөгийг авсан хэдий ч Прохит ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж нь 34 сая төгрөгөөс илүү гарсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол өөрсдөөс шалтгаалах зүйлсээ нэхэмжлэгч дутуу гүйцэтгэсэн. 2018 оны 06-р сард гэрээ 30 хоногийн хугацаатай байгуулагдсан боловч манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй 2018 он дуусах хүртэл тогтмол холбоотой байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 03-р сард Прохит ХХК-тай холбогдсон гэдэг нь Прохит ХХК нь ажлаа гүйцэтгэхгүйгээр орхиж явсан гэдгийг нь үгүйсгэж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөрт төлсөн 34 сая төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай зүгээс нэхэмжлэгчээс өгсөн мөнгөнөөс илүү үнэтэй тоног төхөөрөмжийг нийлүүлж, хүн ажиллуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдээр ажлыг дахин хийж гүйцэтгүүлсэн гэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагддаггүй. Учир нь Прохит ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэзээ хэнээр ямар гэрээний үндсэн дээр дахин хийлгэсэн нь тодорхой биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалдулам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Прохит ХХК нь Эс Ви Жи Эйч ХХК-тай 2018.06.27-ны өдөр 18/04 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Тус гэрээний дагуу Ландмарк төслийн амины орон сууцны барилгын Хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна бохир усны шугам, гадна цэвэр усны шугам хоолойн материалыг нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний нийт үнийн дүн 69,263,717 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Ийнхүү гэрээ байгуулж, гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34,631,858 төгрөгийг хүлээн авч, гэрээгээр тохиролцсоны дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн ба талуудын хувьд урьдчилгаа мөнгө өгсөн, хүлээн авсан гэдэгт маргах зүйлгүй, талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Дээрх гэрээний дагуу Прохит ХХК нь дараах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Прохит ХХК нь \/=16 тоннын эзлэхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн савыг 15,200,000 төгрөгөөр, мэдрэгч 1 ширхгийг 255,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцож уг нөөцийн савыг Эс Ви Жи Эйч ХХК-ийн нярав ажилтай н.Ундрахд 2018.10.04-ний өдөр хүлээлгэн өгч гарын үсэг бүхий тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Ландмарк төслийн барилгын ажил хийгдээгүй байсан тул цэвэр усны нөөцийн савыг угсарч, суурилуулах боломжгүй байсан буюу гэрээний үүргээ бодитоор биелүүлэх боломжийг захиалагчийн зүгээс бидэнд бүрдүүлж өгөөгүй. Гэрээнд гадна бохир усны шугам хоолойн иж бүрдлийг 19,246,500 төгрөгөөр, гадна цэвэр усны шугам хоолойн иж бүрдлийг 12,491,310 төгрөгөөр тус тус нийлүүлэхээр тохиролцож уг ажлыг Прохит ХХК-ийн зүгээс бүрэн хийж гүйцэтгэсэн. Энэ тухай Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт болон Гадна бохир усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт-ыг Захиалагчийг төлөөлөн н.Баярцэнгэл, Гүйцэтгэгчийг төлөөлөн инженер Д.Батдорж, Даамал Х.Нэргүй нарыг байлцуулан үйлдсэн байдаг. Прохит ХХК-ийн зүгээс гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34,631,858 төгрөгийг урьдчилгаанд авч, 15,455,000 төгрөгийн үнэ бүхий Цэвэр усны нөөцийн сав мэдрэгчийн хамт захиалагчид хүлээлгэн өгсөн. Барилгын гүйцэтгэлээс хамаарч угсарч суурилуулаагүй тул угсралтын зардал нэмж тооцоогүй болно. Гадна цэвэр, бохир усны шугам хоолойн иж бүрдлийг нийт 31,737,810 төгрөгөөр хийж гүйцэтгэн, актаар хүлээлгэн өгсөн. Дээрх хийж гүйцэтгэсэн ажлуудын үнийн дүнг нэгтгэн тооцоход 47,192,810 төгрөг болж байгаа бөгөөд энэ нь Прохит ХХК-ийн хүлээн авсан нийт урьдчилгаанд нийцүүлэн хийсэн ажлын гүйцэтгэл болно. Эс Ви Жи Эйч ХХК-ийн зүгээс Прохит ХХК-д урьдчилгаанаас өөрөөр ямар нэг нэмэлт төлбөр мөнгө өгөөгүй. Мөн Прохит ХХК-ийн зүгээс гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэхэд захиалагчийн зүгээс саадтай нөхцөл байдал удаа дараа бий болж байснаас үүдэн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Гэтэл Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ-тэй холбоотой маргаан үүсч, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр мөн бусад зардал, алданги зэргийг гаргуулахаар шүүхэд хандсан байх тул Прохит ХХК нь Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн, угсарсан тоног төхөөрөмжийн нийт үнэ болох 47,192,810 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт төлсөн 34,631,858 төгрөгийг хасч, 12,560,952 төгрөгийг Эс Ви Жи Эйч ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Учир нь Прохит ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн тоног төхөөрөмж зэргийг үнэгүйдүүлж буй явдал болж байна. Иймд Эс Ви Жи Эйч ХХК-иас Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний төлбөрт 12,560,952 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд тамга тэмдэгтэй актаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Сорилгын акт гэсэн 11 баримтыг гаргаж өгсөн. Гэрчийн мэдүүлгээр тухайн акт нь Прохит ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн хувьд Прохит ХХК-иас авах мөнгөө баталгаажуулахын тулд хийж гарын үсэг зурсан акт байдаг. Манай талаас ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан бол тамга тэмдэг дарж зохих этгээд нь баталгаажуулж санхүүгийн албанд шилжин бүртгэгддэг. Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний чанарын талаар тусгасан. Тэр чанарт нийцэж байх ёстой. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хоёр талаас гэрээний үр дүнг хүлээлцэх талаар акт үйлдэхээр зохицуулсан. Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг үнэлэх акт үйлддэг. Хариуцагч тал ажлаа хүлээлгэн өгөлгүй хаяад явсан. 2019 оны 03-р сар хүртэл хоорондоо холбоотой байсан мэтээр тайлбарлаж байна. Утсаар болон мэйлээр нь дуудаад ирэхгүй болохоор бичгээр шаардлага өгсөн юм. Шаардлага дээрээ цэвэр бохир усны шугамын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын зургийг гаргаж өгөх гэсэн байна. Түүнээс биш Прохит ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн туслан гүйцэтгэгч компанийн үйлдсэн акт нь манай ажлыг хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг нотлох баримт болж чадахгүй. Хариуцагч тал гэрээний хавсралт дээр материалын зардал гэж бичсэн боловч яг ямар зүйл авсан нь мэдэгддэггүй. Гүйцэтгэгч өөрийн хийсэн ажлын үр дүн гүйцэтгэлийг нотолж байгаа бол гүйцэтгэлийн актыг авч ирэх ёстой. Монгол Улсын барилгын норм ба дүрэм батлагдсан байдаг. Захиалагч талдаа хүлээлгэн өгөх ил, далд ажлын актыг дамжуулах хоолой, дамжуулах хоолойн тулгуур, ус хангамж татуургын газар доорх цэвэрлэх байгууламж, зэврэлтээс хамгаалах шүүлтүүр, газар доорх дамжуулах хоолой, үл нэвтрүүлэх суваг гээд хүлээлгэн өгөх нийт 17, 18 төрлийн шаардлага, стандарт байна. Хариуцагч энэ стандартад нийцүүлсэн ажил хүлээлгэж өгөөгүй. Барилгын норм ба дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, тогтсон журмын дагуу хүлээн авдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс тамга тэмдэггүй 11 хуудас цаас өгчхөөд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03456 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч Прохит ХХК-иас 66,235,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК-иас 12,560,952 төгрөг гаргуулах тухай хариуцагч Прохит ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,440 төгрөгийг, хариуцагч Прохит ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 409 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК-иас 12,560,952 төгрөг гаргуулж, хариуцагч Прохит ХХК-д олгож, хариуцагч Прохит ХХК-иас 66,235,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,440 төгрөг, хариуцагч Прохит ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК-иас 215,930 төгрөг гаргуулан, хариуцагч Прохит ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/03456 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 409 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхрүү буцааж өгнө үү.

Эс Ви Жи Эйч ХХК нь Ланд марк нэртэй төслийн амины орон сууцны барилгын хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна цэвэр, бохир усны шугам хоолойн угсралт хийлгэж түүний гүйцэтгэлийн зургийг гаргуулах ажил гүйцэтгүүлэхээр 2018.06.27 өдөр гэрээ байгуулсан ба талууд энэ тал дээр маргаагүй. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэж чадаагүй ба ажлаа дуусгалгүй хаяж явсан, хийсэн гэх ажил нь ашиглах боломжгүй, гүйцэтгэгч өөрсдийн хийсэн ажлыг захиалагч талд акт үйлдэн баталгаажуулан хүлээлгэн өгөөгүй түүнийгээ ч анхан шатны шүүхэд тайлбар гаргахдаа хүлээн зөвшөөрдөг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй шийдвэр, магадлалын үндэслэлийг тодорхойлоход:

1. Анхан шатны шүүгч талууд хооронд иргэний хуулийн 343-р зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Түүний дагуу нэхэмжлэгч талаас 34,631,858 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хариуцагч талд төлсөнд талууд маргаагүй. Харин тус гэрээний дагуу хийгдэх байсан ажлыг захиалагч талд хүлээлгэн өгсөн эсэх тал дээр анхан шатны шүүх ажлыг гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343.1-д заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нъ захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлнө гэсэн ерөнхий зохицуулалтын дагуу шийдвэрлээгүй тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Барилга хот байгуулалтын 2016.02.18 өдрийн 01/2016 тоот тушаалаар батлагдсан Ус хангамж ариутгах татуургын гадна сүлжээ, барилга байгууламж /БНбд 40-04-16/ барилгын норм ба дүрмийн дагуу гэрээнд заасан ажлыг ямар стандартын дагуу хийж, хэрхэн хүлээлгэн өгөх тухай үлгэрчилсэн загвар болгон стандартыг баталгаажуулсан байдаг боловч бодит байдал дээр хариуцагч стандартын дагуу ажлаа хийгээгүй, захиалагч талд хүлээлгэж өгөөгүй, хийсэн гэх ажил нь доголдолтой ашиглах боломжгүй байгаа байдлыг нотлох баримтыг хэмжээнд үнэлэлт өгөөгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Ажлын хөлсийг төлсөн боловч захиалагч ажлын үр дүнг бодит байдал дээр хүлээж аваагүй гэдгийг анхан шатны шүүх, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөөр байхад давж заалдах шатны шүүх хугацаа тодорхойгүй талуудын эрх бүхий ажилтнууд баталгаажуулж гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдаагүй, стандарт шаардлага хангаагүй сорилгын шалгалтын актыг үндэслэл болгон ажил бүрэн гүйцэтгэж дууссан гэж үздэг нь өөрөө хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй байна.

Давж заалдах шатны шүүх сорилго шалгасан акт /ХХ-н 64-73 тал/ нь хэзээ үйлдсэнийг тогтоох, гэрээнд заасан нийт ажлын хэдэн хувийг эзэлж байгаа гүйцэтгэлийг бүрэн дууссан эсэх, гэрээ дүгнэсэн акт талууд үйлдэж баталгаажуулсан эсэх, гэрээнд заасан гүйцэтгэлийн зураг хийгдсэн эсэх талаар хариуцагч талаас нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүйд үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой дүгнэж чадаагүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч талаас ажлыг бүрэн хийсэн гэх боловч түүнтэй холбоотой гүйцэтгэлийн актын бүрдэл байхгүй байгаа нь тус ажлыг хийлгүй хаяж явсан тул шаардлага хүргүүлсэн албан тоот, гэрчийн мэдүүлэг, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн байдлыг харуулах фото зураг зэргээр тодорхой тогтоогддог ба Иргэний хуулийн 343.2, 343.3-т заасны дагуу ажил гүйцэтгэгч ямар нэгэн ажлыг гүйцэтгэсэн бол үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх зохицуулалттай. Түүнчлэн 343.5-д заасны дагуу Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно гэж заасны дагуу Барилгын тухай хуулийн гүйцэтгэгч талын гүйцэтгэх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд яах талаар хуульчлан тогтоосон байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх үндэслэл болж байна. Үүнд:

Барилгын тухай хуулийн 40.1.2. барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл.зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, 40.1.8. барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах, 40.1.24. энэ хуулийн 10.1.1-д заасан ангилалд хамаарах барилгын ажлыг холбогдох зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээд гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг дагаж мөрдөх.

Гэрээт ажлын хүрээнд Их логийн говь ХХК, Сутай их оргил ХХК-иар газар шорооны ажил гүйцэтгүүлсэн ажлын хөлс 17,028,000 төгрөгийг нэхэмжилснийг гэрээнээс өмнөх огноотой байна гэх үндэслэлээр тухайн маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн. Ямар ч төрлийн газарт хийгдэх ажлын өмнө газар шороог ухаж бэлтгэх урьдчилсан ажил хийгддэг тул гэрээ мэдээж өмнөх огноотой байна энэ бол тус ажил хийгдэх болсон шалтгаант холбоог харуулж байна. Хариуцагчийн хийсэн гэх ажлын гүйцэтгэлийг захиалагч тал хүлээн аваагүй ба тус ажлыг хийхэд шаардлагатай гарсан зардлыг хохирлын тооцоололд оруулан нэхэмжилсэн болохыг давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, тал бүрээс нь шийдвэрлээгүй. Давж заалдах шатны шүүх ажлын гүйцэтгэлийг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй гүйцэтгэгчийн төлбөрийг бүрэн гаргуулах болсон шалтгаан нөхцөлийг нотлох баримтыг үндэслэн шийдсэн зүйл байдаггүй ба хариуцагч нь хавтаст хэргийн ... хуудсанд заасны дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж дуусч, акт үйлдэн хүлээлгэн өгснийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангав гэх утгатай нэг ч үнэлэлт дүгнэлт байхгүй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 232.6 буюу анзын тухай заалтыг үндэслэл болгосон нь ямар ач холбогдолтой байгаагаа тодорхойлж чадаагүй юм. Нэхэмжлэгч талаас гагцхүү үнэн бодитой гарсан зардал болох Иргэний хуулийн гэрээнээс учирсан хохирол болох урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34,361,858 төгрөг, газар шорооны ажилд зарцуулсан 17,028,000 төгрөг, бараа материал нэмэлтээр авч өгсөн 6,040,800 төгрөг, хариуцагчийн хийсэн ажлын гүйцэтгэлийг шалгуулахад төлсөн 3,080,000 төгрөг, алданги 5,454,517 төгрөг, нийт 65,965,175 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 219.1, 219.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан байдаг. Эцсийн дүндээ бодит байдал дээр урьдчилгаа төлбөр болон түүнтэй холбоотой зардлыг гаргасан Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч чадаагүй, түүний ашгийг хүртэх боломжгүй байдалд орсон боловч гүйцэтгэгч тал нь гэрээт ажлын төлбөрийг бүрэн авч болдог зохицуулалттай болгон шийдвэрлэсэн буруутай үйлдлийг таслан зогсоолгохоор Монгол Улсын дээд шүүхэд гомдлоо гаргаж байна.

Нэхэмжлэгч талын гомдлыг хянаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Эс Ви Жи Эйч ХХК хариуцагч Прохит ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд нийт 66,235,175 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын хөлс 12,560,952 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж дуусгаагүй, хүлээлгэж өгөлгүй ажлыг дутуу орхиж явснаас гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлж дуусгасан. Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 34,361,858 төгрөг, ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардалд газар шорооны ажил 17,028,000 төгрөг, бараа материалын зардал 6,040,800 төгрөг, ажлын үр дүнг шалгахад гарсан зардал 3,080,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 5,454,517 төгрөг, нийт 66,235,175 төгрөгийг нэхэмжилнэ... гэж, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...гэрээний дагуу цэвэр усны нөөцийн сав, мэдрэгчийн хамт захиалагчид нийлүүлсэн, хүйтэн усны өргөлтийн тоног төхөөрөмжийг захиалагчийн барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаатай холбогдуулан нийлүүлээгүй байсан, харин гадна талын бохир усны хоолойн иж бүрдэл, гадна цэвэр усны иж бүрдлийг тус тус авч суурилуулах ажил хийгдсэн боловч гүйцэтгэл дутуу орхигдсон, учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцсан худаг нь усаа шахаж дийлэхгүй байснаас хөрсөн дээгүүр ил ус гүйгээд тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй байсан. Гэрээний дагуу ажиллаж нийт 47,192,810 төгрөгийн зардал гарснаас захиалагч 34,631,858 төгрөгийг өгсөн тул ажлын хөлсний дутуу 12,560,952 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан... гэжээ.

 

Зохигч 2018.06.27-ны өдөр Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгэгч Прохит ХХК хүйтэн усны өргөлтийн насос, цэвэр усны нөөцийн сав, мэдрэгч, гадна цэвэр, бохир усны шугам хоолойн материал нийлүүлж, угсралтын ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч Эс Ви Жи Эйч ХХК гэрээний үнэ 69,263,717 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Захиалагч гэрээний үнийн дүнгийн 50%-тай тэнцэх 34,631,858 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дараа гүйцэтгэгчид шилжүүлсэн, гүйцэтгэгч 15,200,000 төгрөгийн үнэ бүхий цэвэр усны нөөцийн сав, 255,000 төгрөгийн үнэтэй мэдрэгчийг 2018.10.04-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон, харин ажил гүйцэтгэгч гадна бохир усны шугам хоолойн иж бүрдлийг 19,246,500 төгрөгөөр, гадна цэвэр усны шугам хоолойн иж бүрдлийг 12,491,310 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, гадна дулаан, цэвэр, бохир усан хангамжийн системийг угсарч ажлыг хүлээлгэж өгсөн гэж, захиалагч ажлыг хүлээлгэж өгөөгүй, дутуу орхиж явсан тул гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн гэж тус тус маргасан байна.

 

2.   Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцжээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, ...доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1., 352.2.2.-т зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн ажил доголдолтой байснаас гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, гуравдагч этгээдэд төлсөн зардал, гэрээгээр тохирсон алдангийг өөрт учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн газар шорооны ажил нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажилд хамаарахгүй, хариуцагч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн үндэслэлээр хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

3.   Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлнө.

 

Хариуцагч гэрээний дагуу 15,200,000 төгрөгийн үнэ бүхий цэвэр усны нөөцийн сав, 255,000 төгрөгийн үнэтэй мэдрэгчийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн, мөн гадна бохир усны шугам хоолойн иж бүрдлийг 19,246,500 төгрөгөөр, гадна цэвэр усны шугам хоолойн иж бүрдлийг 12,491,310 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, гадна дулаан, цэвэр, бохир усан хангамжийн системийг угсарч ажлыг хүлээлгэж өгсөн үндэслэлээр 47,192,810 төгрөгийн ажил гүйцэтгэснээс урьдчилгаанд өгсөн 34,631,858 төгрөгийг хасч ажлын хөлсний зөрүү 12,560,952 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч ажлыг хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч гадна дулаан, цэвэр, бохир усан хангамжийн системийг угсарч ажлыг хүлээлгэж өгсөн нь баримтаар нотлогдсон гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргажээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл болсон Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, Гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан актууд нь /хх-64-73 дугаар тал/ огноогүй, талуудын эрх бүхий ажилтнууд баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдаагүй, засвартай баримтууд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэхдээ эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн талаар магадлалд дурдаагүй, нотлох баримтыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийгээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгоно. Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.   Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээний үүрэг болох цэвэр усны нөөцийн сав, мэдрэгчийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн нь нотлогдсон, харин гадна дулаан, цэвэр, бохир усан хангамжийн угсралтын ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 409 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргилын гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргилоос 2020.03.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489,126 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД