Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 782

 

 

 

 

 

 

 

 

 

                                                     Д.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Д даргалж, шүүгч Б.Н, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00488 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.З-ын хариуцагч “Ш” ХХК, Б.М нарт холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлтэд 139 680 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 45 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.З “Ш” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №13/01 тоот байр захиалгаар бариулах гэрээ байгуулж Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхарт 70.7 м.кв байрыг захиалж орон сууцын үнийн дүнг 169 680 000 төгрөгөөр тооцож, урьдчилгаанд 139 680 000 төгрөг төлж, орон сууцын түлхүүр гардан авах үед үлдэгдэл 30 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт /тухайн үеийн хаягаар/ байрлах 372 м.кв газрыг шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээний 1.4-т заасны дагуу байрыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч байрыг ашиглалтад оруулаагүй 3 жилийн хугацаа өнгөрсөн, байр ашиглалтад орсон боловч захиалсан байрыг хүлээлгэн өгөөгүй. Орон сууц захиалгын гэрээний дагуу газрыг бартераар шилжүүлж өгөхөөр тохиролцсон учир татвар бага төлөхийн тулд гэрээнд үнийн дүнг 30 000 000 төгрөг гэж бичсэн. Анхан шатны шүүх дээрх орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх дээрх орон сууцыг хариуцагчид даалгах боломжгүй буюу гуравдагч этгээдэд худалдсан өөр орон сууц байхгүйг тодорхойлсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу хугацаа хэтэрсэн 69 840 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж гэрээний дагуу урьдчилгаанд тооцон олгосон газрын төлбөр болох 139 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Манай компани Д.З-той 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай гэрээ байгуулж, Ариг бүрд цогцолборын баруун корпусын 7 дугаар давхрын 70.7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан. Уг орон сууцны нийт төлбөрийг 169 680 000 төгрөг гэж тохиролцсон. Захиалагч Д.З гэрээний дагуу төлбөрийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Ойн 84 тоот, 372 м.кв бүхий газрыг бартераар төлөхөөр тохиролцож газрын үнийг 139 680 000 төгрөг гэж тооцож, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг гэрээний 2.3-д зааснаар улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Манай компани нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ариг бүрд орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж байрыг хүлээн авах талаар хандсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Одоо Д.З-ын газарт барилга баригдаагүй эзгүй байгаа газраа буцаан авч болно. “Ш” ХХК Д.З-оос 139 680 000 төгрөг хүлээн аваагүй, түүнд байр /орон сууц/ хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байр захиалгаар бариулах гэрээг” Ш ” ХХК-тай байгуулсан атлаа иргэн Б.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээг Д.З-той байгуулсан талаар маргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Наранцацрал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 102/Б байрны 70 тоот хаягт байршилтай 70.7 мкв талбайтай орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 24-нд Р.Хангайгаас худалдан авсан. Гэрчилгээний хуулбарыг хавсаргав гэжээ.

 

Хариуцагч “Ш” ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани иргэн Д.З-той 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай байр захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан. Ариг бүрд цогцолборын баруун корпусын 7 дугаар давхрын 70.7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан бөгөөд байрны үнийг нийт 169 680 000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг захиалагч Д.З төлөхдөө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 84 тоот, 372 м.кв газрыг бартераар төлөхөөр харилцан тохиролцож газрын үнийг нийт 139 680 000 төгрөгөөр төлсөнд тооцож үлдэгдэл 30 000 000 төгрөгийг гэрээний 2.3-т зааснаар улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Манай компани нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ариг бүрд орон сууцны цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж байрыг хүлээн авах ёстой боловч хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Байр захиалгаар бариулах тухай гэрээний 7.1-т захиалагч нь гэрээний 2.3-т заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон бөгөөд улсын комисс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан, үүнээс хойш 14 хоногийн дараа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 635 хоногийн хугацаа өнгөрч байгаа. Иймд үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй тул нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Ш ” ХХК нь орон сууц захиалгаар бариулах гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.М-тэй биш хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 102/Б байрны 70 тоот, 70,7 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Р.Хангайгаас худалдаж авсан, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш ” ХХК-аас байр захиалгаар бариулах гэрээний үүрэгт 139 680 000 төгрөгийг гаргуулж Д.З-д олгож, “Ш” ХХК-ийн Д.З-оос 45 000 000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Б.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 936 150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 382 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш ” ХХК-аас 856 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн захирал Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, анх гэрээ байгуулах болсон талуудын хүсэл зоригтой нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Д.З нь “Ш” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай “байр захиалгаар бариулах гэрээ ’’-ээр Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Ариг бүрд цогцолборын баруун корпусын 7 давхарт 70.7 м.кв орон сууцыг 168 680 000 төгрөгт тооцон, 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлсөнд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт орших 372 м.кв талбайтай өөрийн өмчлөлийн газрыг 139 860 000 төгрөгт тооцон урьдчилгаанд, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг уг орон сууцны түлхүүрийг хүлээн авах өдөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх талууд тохиролцоог зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн гэрээний үүргийг зөрчсөн үйлдлийг үл тогтоож, хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн  мэтээр дүгнэсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримттай нийцэхгүй. Учир нь нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хариуцагч “Ш ” ХХК-д Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт орших 372 м.кв талбай бүхий газрыг бодитоор шилжүүлж өгөөгүй бөгөөд 139 860 000 төгрөгийг шаардах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ. Хариуцагч нь Газрын тухай хуулийн дагуу хуулийн этгээд нь газар эзэмших, ашиглах эрхгүй тул Б.М-ий нэр дээр газрыг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бодит байдалд үл нийцэх тайлбар гаргасан бөгөөд гэрээнд заасны дагуу мөн газрыг “Ш” ХХК-д л шилжүүлэх үүрэг хүлээсэн. Мөн газрыг иргэн Б.М-д шилжүүлсэн бөгөөд түүний өмнөөс “Ш” ХХК нь 139 860 000 төгрөгийн хариуцлагыг хүлээх үндэслэлгүй. Хариуцагч Б.М нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт байрлах 372 м.кв талбай бүхий газрыг 30 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.З-оос худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан болохыг шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг ба мөн үйл баримтыг нотлох газар худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдсан. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаартай байр захиалгаар бариулах тухай гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ нь тус тусдаа бие даасан гэрээнүүд бөгөөд хууль зүйн үр дагаврыг тус тусдаа үүсгэж байгаа ба хариуцагч Б.М-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт байрлах 372 м.кв талбай бүхий газар нь ашиглагдаагүй, хэвийн шинж байдлаа хадгалсан байгаа бөгөөд газар худалдах, худалдан авах гэрээний зүйлийг буцаан өгөх бүрэн боломжтой. Дээрх газар нь барилгын эскиз зурагт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн газарт хамрагдсан байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг илт буруу үнэлж, дүгнэсэн. Учир нь хариуцагч “Шүрэн Солюшис” ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол /13374/-Д байрлах “Ариг бүрд” цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, 9 давхар орон сууцны барилга, А, Б блок бүхий 80 айлын орон сууцтай, 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/74 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр барьж дуусган 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Дээрх орон сууцны барилга байрлаж буй газар нь Нийслэлийн газрын албанаас 2014 оны 7 дугаар сарын 9-ны өдөр олгосон гэрчилгээний 000304945 дугаартай, нэгж талбарын 136003/0233 дугаартай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 1 470 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй, энэ гэрчилгээ нь барилгын ажлыг гүйцэтгэгч “Шүрэн” ХХК-ийн нэр дээр гарсан байдаг. Нэхэмжлэгч Д.З нь манай компанийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороолол /13374/-д байрлах “Ариг бүрд” цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, 9 давхар орон сууцны барилга, А, Б блок бүхий 80 айлын орон сууцтай, 51 автомашины дулаан зогсоолтой барилгаас баруун корпусын 7 дугаар давхарын 70.7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай “байр захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж, 3 өрөө байрны үнийг нийт 169 680 000 төгрөг байхаар манай компанитай харилцан тохиролцсон нь үнэн болно. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “Ш” ХХК-ийн эзэмшлийн 1 470 м.кв талбай бүхий газар, Д.З-ын өмчлөлийн 372 м.кв талбай бүхий газар нь 2 тусдаа болох нь нотлогдож байгаа бөгөөд “Ш ” ХХК-ийн зүгээс Д.З-ын өмчлөлийн газар дээр барилга, байшин бариагүй тул 139 860 000 төгрөгийг төлөх боломжгүй ба мөн газар нь хариуцагч Б.М-ий нэр дээр шилжихээс өмнө буюу 2013/74 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэсэн байдаг. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.З нь “Ш ” ХХК болон Б.М нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхарт 70.7 м.кв талбай бүхий орон сууцыг дуусган хүлээлгэж өгөхийг даалган, алдангид 69 840 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай “байр захиалгаар бариулах тухай гэрээ”-ний дагуу байрыг авах боломжгүй болсон тул 139 680 000 төгрөг гаргуулна гэж өөрчилжээ.

Хариуцагч “Ш” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, үндэслэлээ нэхэмжлэгч нь уг байрыг захиалж, нийт үнийг 169 680 000 төгрөгөөр тохиролцож, үүнээс 139 680 000 төгрөгт тооцож Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт байрлах 372 м.кв талбай бүхий газрыг бартераар шилжүүлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон боловч уг хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж орон сууцаа аваагүй. Түүнчлэн Д.З-с шилжүүлсэн газарт барилга баригдаагүй тул газраа буцаан авахад татгалзах зүйлгүй гэж, хариуцагч Б.М гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, харин хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан атлаа иргэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №13/01 тоот байр захиалгаар бариулах гэрээгээр “Ш” ХХК нь нэхэмжлэгчид 70.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.З нь уг орон сууцны үнийн 139 680 000 төгрөгт нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт байрлах 372 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэх, улсын комисс орон сууцыг байнгын ашиглалтад хүлээн авсны дараа үлдэгдэл 30 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг шаардах эрх үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт байрлах 372 м.кв талбай бүхий газрыг Б.М-д 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж /1хх126-127/ Б.М-ий нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх128/ болон газар эзэмших гэрчилгээ олгогджээ. /1хх129/

Нэхэмжлэгч Д.З нь худалдах, худалдан авах гэрээ “Ш” ХХК-ийн захирал Б.М-д газрыг шилжүүлж уг газар нь “Ш” ХХК-ийн барьсан орон сууцны барилгын нийтийн эзэмшлийн талбай болох нь тогтоогдсон байна.

Иймд захиалагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд 372 м.кв газарт барилга баригдаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүн буюу гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхарт 70.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Учир нь маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг гуравдагч этгээд Х.Н нь Р.Х гэх хүнээс худалдан авч эрхийн бүртгэлд бүртгүүлэн, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авснаар хууль ёсны өмчлөгч болжээ. /1хх61/

Хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэгчид орон сууцаа хүлээж авахыг удаа дараа мэдэгдсэн гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Иймд орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн, ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч “Ш” ХХК биелүүлээгүй нь талуудын тайлбар хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Шүүх 139 680 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь зөв болно.

Харин талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн боловч ажил гүйцэтгэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалж, хохирол шаардсан нэхэмжлэлийн үндэслэлд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг нэмж баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч нь “Ш” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор маргаан үүсгэж, хохирол шаардсан атлаа гэрээний тал биш Б.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй, шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.  

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

“Ш” ХХК нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөгийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг /1хх29-31/ нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргажээ.

Ажил гүйцэтгэгч нь 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид түлхүүрийг гардуулан өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай тул улсын комиссын акт гарснаар 14 хоногийн дотор үлдэгдэл 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх, түүнчлэн захиалагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсоныг үндэслэн төлбөрийг алдангийн хамт шаардах эрхээ алдах бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Ш ” ХХК-ийн захирал Б.М-ий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт” гэсний ард “355 дугаар зүйлийн 355.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ш ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Д

                             ШҮҮГЧИД                                      Б.Н

                                                                                    А.О