Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/01524

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/01524

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ш ХХК,

Хариуцагч: Ч.М нарт холбогдох

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхрын 70,7 м.кв талбай бүхий орон сууцыг бүрэн дуусгаж, Д.З-д хүлээлгэн өгөхийг Ш  ХХК болон Б.М нарт даалгах, алданги 69.840.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, хариуцагч Ш  ХХК-ийн төлөөлөгч О.М, хариуцагч Б.М-ий төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.З нь Ш ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №13/01 тоот Байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу Ариг бүрд орон сууцны цогцолборын Баруун корпусын 7 дугаар давхарт 70,7 м.кв байрыг 169.680.000 төгрөгөөр захиалгаар бариулахаар харилцан тохиролцож урьдчилгаа 139.680.000 төгрөгт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт /тухайн үеийн хаягаар/ байрлах 372 м.кв газрын шилжүүлсэн.

Гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл 30.000.000 төгрөгийг, уг байрыг хүлээн авч, түлхүүр гардан авахдаа төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь гэрээний 1.4-т заасны дагуу байрыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч байрыг ашиглалтанд оруулаагүй  3 жилийн хугацаа хэтрүүлсэн хэрнээ одоо байр ашиглалтад орчихоод байхад захиалсан байрыг маань хүлээлгэн өгөхгүй байна.

Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн урьдчилгаа төлбөртэй тэнцэхүйц газрыг Ш ХХК-ийн захирал Б.М д 2013 оны 11 дүгээр сарын 13-нд Газар худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн. Уг газрыг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэх гэхэд өмчлөлийн газар нь хуулийн этгээдэд олгогдохгүй тул компаний захирал, хувьцаа эзэмшигч Б.Мий нэр дээр  шилжүүлэн өгсөн.

Газрыг Орон сууц захиалгын гэрээний дагуу бартерээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон тул татвар бага төлөхийн тулд газар худалдах худалдан авах гэрээнд үнийн дүнг 30.000.000 төгрөг гэж бичин гэрээг хийсэн.

Уг газар нь тухайн үед Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо Ойн 84 тоот хаягтай байсан бөгөөд сүүлд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороог үүсгэн байгуулсан тул уг газар нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд хамрах болсон. Хариуцагч нь надаас шилжүүлж авсан уг газар дээрээ Ариг бүрд орон сууцны цогцолборыг барьж байгуулан биенесийн хувьд ашиг орлогоо олсон хэдий ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлсэнгүй. 

Барилгын норм дүрэм MNS:5973 болон Орон сууцны зураг төсөл зохиох журамд орон сууцны барилгаас 15 м зайд автомашины зогсоол, гэх  мэт орчныг зааж өгсөн байдаг. Энэ нөхцлийг хангасан зураг төсөлд барилга барих зөвшөөрөл олгогддог. Ш ХХК-ийн захирал нь нэхэмжлэгчийн газрыг худалдан авах шаардлагатай байсан учраас бартерээр худалдан авч барилгаа барьчихаад одоо болохоор  газраа буцаагаад авч болно гэсэн тайлбар хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, байраа хүлээн авсан тохиолдолд гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр болох 30 сая төгрөгийг төлнө.  

 Иймд Ш ХХК-тай байгуулсан №13/01 тоот Байр захиалгаар бариулах гэрээний 3.1-т заасан “Гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгаж захиалагчид тухайн байрыг “Хүлээлгэн өгөх, хүлээн авах акт”-аар хүлээлгэн өгнө гэсэн заалтын дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхарын 70,7 м.кв талбай бүхий орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар Д.Знадад хүлээлгэн өгөхийг хариуцагч Ш ХХК болон Б.М нарт даалгаж, гэрээнд заасан орон сууцыг гэрээний 1.4.-д заасан хугацаа болох 2014 оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сард гүйцэтгэгчид хүлээлгэн өгөөгүй ба 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1051 хоногийг хэтрүүлсэн тул гэрээний 7.1-т зааснаар гүйцэтгээгүй дүн болох 139.680.000 төгрөгнөөс  хоног тутам 0,3 хувийн алданги  тооцоход 440.411.040 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т нийцүүлэн 139.680.000 төгрөгийн 50 хувь болох 69.840.00 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

     Хариуцагч Ш ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

            Манай компани нь иргэн Д.Зтой 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээг байгуулан Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 дугаар давхарын 70,7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан бөгөөд байрны үнийг нийт 169.680.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

            Захиалагч Д.Згэрээний дагуу төлбөрийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Ойн 84 тоот, 372 м.кв бүхий газрыг бартераар төлөхөөр харилцан тохиролцож газрын үнийг нийт 139.680.000 төгрөгөөр тооцон төлсөнд тооцож , үлдэгдэл 30.000.000 төгрөгийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар Улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр бид харилцан тохиролцсон.

Манай компани нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Ариг бүрд орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагчийн зүгээс 216 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж байрыг хүлээн авах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй манай компанийг чирэгдүүлсэн.

Манай компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу бичгээр мэдэгдэж байсан, Зоригтын зүгээс байрыг хүлээж авах талаар ямар нэгэн бодит үйлдэл хийдэггүй байсан.

Манай компаний зүгээс байрыг хүлээлгэж өгөх боломжтой байсан боловч төлбөрөө бүрэн төлөөгүй тул манайх уг байрыг өөр хүнд борлуулсан.

Одоо Д.Зын газарт барилга баригдаагүй эзгүй байгаа тул газраа буцаагаад авна биз дээ. Ш ХХК нь Д.Зоос 139.680.000 төгрөгийг хүлээн аваагүй, түүнд байр /орон сууц/ хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Нэхэмжлэгч Байр захиалгаар бариулах гэрээг Ш ХХК-тай байгуулчихаад иргэн Б.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Харин 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээг иргэн Д.Зтой байгуулсан нь үнэн. Энэ гэрээний хувьд маргалдсан зүйлгүй.

Хариуцагч Ш ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна гэв.

2.Хариуцагч Ш ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмижлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь иргэн Д.Зтой 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай Байр захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 дугаар давхарын 70,7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан бөгөөд байрны үнийг нийт 169.680.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

     Гэрээний дагуу төлбөрийг захиалагч Д.Зтөлөхдөө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 84 тоот, 372 м.кв газрыг бартерээр төлөхөөрхарилцан тохиролцож газрын үнийг нийт 139.680.000 төгрөгөөр  төлсөнд тооцож үлдэгдэл 30.000.000 төгрөгийг  гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар Улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон.

     Манай компани нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ариг бүрд орон сууцны цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Захиалагчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж байрыг хүлээн авах ёстой боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй манай компанийг чирэгдүүлсээр байна.

Байр захиалгаар бариулах тухай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1дэх хэсэгт захиалагч нь гэрээний 2.3-т заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3% тооцож алданги төлнө гэж тохирсон бөгөөд улсын комисс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч үүнээс хойш 14 хоног тооцон 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 635 хоногт үлдэгдэл төлбөр болох 30.000.000 төгрөгнөөс алданги тооцохад нэг өдөрт 90.000 төгрөг болох бөгөөд нийт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй гэж үзэн 15.000.000 төгрөгийг хууль болон гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй.

Иймд Д.Зоос 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байсан.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул Ш ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх  хуралдаанд сөрөг нэхэмжлэлд  гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчид өөр байр санал болгох гэж байгаа бол тэр талаар дэлгэрэнгүй танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх асуудлыг хүлээн авч, өөр орон сууцыг үзэж харж холбогдох тооцоо судалгааг хийхэд татгалзах зүйлгүй болно. гэсэн тайлбарыг гаргаж байсан боловч хариуцагч Ш ХХК сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Миний бие Х.Наранцацрал нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 102/Б байрны 70 тоот, 70,7 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үнийг төлөөд иргэн Р.Хангайгаас худалдаж авсан, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх  хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

НЭГ: Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

Нэхэмжлэгч Д.Знь хариуцагч Ш ХХК, Б.М нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхрын 70,7 м.кв талбай бүхий орон сууцыг бүрэн дуусгаж, Д.Зод хүлээлгэн өгөхийг Ш ХХК болон Б.М нарт даалгах, алданги 69.840.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

Хариуцагч Ш ХХК, Б.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Д.З/захиалагч/ нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ш ХХК /гүйцэтгэгч/-тай №13/01 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээг байгуулж хариуцагч /гүйцэтгэгч/ Ш ХХК нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 давхарт 70,7 м.кв орон сууцыг 169.680.000 төгрөгөөр барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч /захиалагч/ Д.Знь ажлын хөлсөнд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт орших 372 м.кв талбайтай газрыг 139.680.000 төгрөгт тооцон урьдчилгаанд /бартерээр/ төлж, үлдэгдэл 30.000.000 төгрөгийг уг орон сууцны түлхүүрийг хүлээн авах өдөр төлөх үүргийг тус тус  хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-13-р хуудас/

Нэхэмжлэгч Д.Знь  хариуцагч Б.Мтэй /Ш ХХК-ийн захирал/ 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ  байгуулж,  Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн гудамжны 84 тоот 372 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг Б.Мд шилжүүлсэн талаар гэрээний талууд маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Байр захиалгаар бариулах гэрээний 1.1.1., 1.3., 1.4., 2.3.-т зааснаас үзвэл хариуцагч Ш ХХК нь гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэж, 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид /Д.З-д/ хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.З нь  орон сууцны урьдчилгаа 139.680.000 төгрөгийн төлбөрийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Ойн 84 тоот, 372 м.кв талбайтай газраар /бартерээр/ төлөх  үүрэг хүлээж, уг газрыг худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан байна. /хх-ийн 5-13-р хуудас/

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж байхад гэрээнд заасан 70,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, гэрээний агуулга болон Ш ХХК орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэх үүрэг хүлээсэн зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

Хэрэгт авагдсан “Байр захиалгаар бариулах гэрээ”-гээр байрны урьдчилгаа үнэд нэхэмжлэгч Д.З нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо Ойн 84 тоот, 372 м.кв газрыг 139.680.000 төгрөгт тооцож, хариуцагч Ш ХХК-д бартерээр шилжүүлсэн ба зохигчид гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Ажил гүйцэтгэгч дээрх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 119/2016 дугаартай актаар Баянзүрх дүүргийн  25 дугаар хороо Ш ХХК-ийн захиалгатай 51 автомашины зогсоолтой, 80 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтанд оруулсан болох нь зохигчийн тайлбар 119/2016 дугаартай актаар нотлогдож байна. /хх-ийн 40-41-р хуудас/

Хариуцагч Б.М нь хариуцагч Ш ХХК-ийн захирал мөн болох нь хариуцагч нарын тайлбар хэрэгт авагдсан Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, талуудын хооронд байгуулсан Байр захиалгаар бариулах гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 33-43., 140-197-р хуудас/   

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 350 дугаар зүйлийн 350.1.6.-д “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй” гэж, 351 дүгээр зүйлийн 351.1.2.-т “захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж тус тус заасан байх тул Ш ХХК болон тус компанийн захирал Б.М нар нь Байр захиалгаар бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 давхарт 70,7 м.кв орон сууцыг бүрэн дуусгаж захиалагч Д.Зод хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 давхарт 70,7 м.кв орон сууцыг захиалагч Д.З д хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Харин гүйцэтгэгч Ш ХХК орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн учраас урьдчилгаанд /бартерээр/ шилжүүлсэн 139.680.000 төгрөгийг гэрээнд зааснаар алданги тооцож, нэхэмжилж байгааг хангах үндэслэлгүй байна.

Учир нь талуудын хооронд байгуулсан  Байр захиалгаар бариулах гэрээгээр бий болсон ажлын үр дүн буюу Баянзүрх дүүргийн  25 дугаар хороо 51 автомашины зогсоолтой, 80 айлын орон сууцны барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар байнгын ашиглалтанд  хүлээлгэн өгч 119//2016 дугаартай актаар улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Хариуцагч /гүйцэтгэгч/ Ш ХХК болон захирал Б.М нар нь  нэхэмжлэгч /захиалагч/ Д.З-д  “... байр захиалгаар бариулах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлж , Баруун корпусын 7 дугаар давхарт байрлах 70,7 м.кв тайлбайтай, 3 өрөө байрыг хүлээн авна уу” гэсэн мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын №17/11 дугаартай мэдэгдлээр хүргүүлж байжээ./хх-ийн 42-43-р хуудас/

 Эндээс үзэхэд Байр захиалгаар бариулах гэрээний талууд болох гүйцэтгэгч Ш ХХК /захирал Б.М нар нь байрыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх,  захиалагч Д.З нь захиалсан орон сууцыг хүлээн авах үүргээ хэн аль нь зөрчсөн гэж үзнэ.

Мөн Байр захиалгаар бариулах гэрээний 7.1.-т “Захиалагч нь гэрээний 2.3.-т заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3%-иар бодож алданги төлнө”  гэж тохирсон нь захиалагчийн урьдчилгаанд төлсөн 139.680.000 төгрөгнөөс хоног тутам 0,3 хувийн алданги  тооцох зохицуулалт биш юм.

Иймд нэхэмжлэгч Д.З ын нэхэмжлэлийн шаардлагаас 139.680.000 төгрөгийн алданги 69.840.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.

Дээр дурдсан дүгнэлтүүдээс үндэслэн хариуцагч Ш ХХК болон тус компанийн захирал Б.М нар нь Байр захиалгаар бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 давхарт 70,7 м.кв орон сууцыг бүрэн дуусгасан болохыг батлан, уг орон сууцыг захиалагч Д.Зод хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж, алдангид 69.840.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.З-ын Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт орших 372 м.кв талбайтай газрыг 139.680.000 төгрөгт тооцон урьдчилгаанд /бартерээр/ авсан боловч одоо уг газар дээр манай барилга баригдаагүй, эзгүй байгаа тул буцаагаад авна биз гэсэн тайлбарыг хийдэг.

Ш ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 80 айлын орон сууцны Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2013 оны 7 дугаар сарын 31-ны өдөр авсан байх бөгөөд уг орон сууцны архитектур төлөвлөлтийн даалгаварт хавсаргасан барилгын эскиз зургийг, зураг төслийн байгууллага болох Хот констракшн ХХК-иар 2012 онд гүйцэтгүүлж Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар баталгаажуулсан байна./1-р хх-ийн 140-142, 2-р хх-ийн 3-14-р хуудас/  

Дээрх эскиз зурагт нэхэмжлэгч Д.З-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо /одоо 25 дугаар хороо/ Ойн 84 тоот, 372 м.кв талбай бүхий газар нь ногоон байгууламжийн газарт хамрагдсан болох нь Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./2-р хх-ийн 3-4,8,13,14-р хуудас/

Зам тээвэр Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол улсын барилгын норм ба дүрэм”-ийг “барилга шинээр барих, сэргээн босгох, шинэчлэх, өргөтгөх, 51 метр хүртэлх өндөртэй бүх төрлийн орон сууц болон нийтийн орон сууцны барилгын зураг төслийг зохиоход” мөрдөнө. Энэ дүрмийн 4.2.-т “Орон сууцны барилгын байрлал, түүний эзэмшил газрын хэмжээг БНбД 30-01-04, БНбД 23-04-07-ийн дагуу тогтооно гэжээ.

Мөн Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зай хэмжээг Стандартчилал Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан MNS 5973:2009 Монгол улсын стандартыг мөрддөг. 

Ш ХХК-ийн орон сууцны барилгын зураг төсөл,  эскиз зураг нь Монгол улсын барилгын норм ба дүрэм, MNS 5973:2009  стандартыг хангасан учраас  Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2013 оны 7 дугаар сарын 31-ны өдөр олгосноор уг орон сууцны барилгыг барьж дуусган,  2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст  хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Д.З нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт орших 372 м.кв талбайтай газрыг буцаагаад авах боломжгүй юм.

ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч Д.З-д холбогдуулан  2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь Иргэний хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байна.

Иймд хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч Д.З-д холбогдуулан гаргасан  2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Наранцацрал нь шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй тул өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул түүний эзгүйд  хийсэн болно.

Нэхэмжлэгч Д.З нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.006.350 төгрөг төлөхөөс 936.150 төгрөгийг төлж 70.200 төгрөгийг дутуу төлсөн, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ төлөөгүй 507.150 төгрөг нийт 577.150 төгрөгийг нэхэмжлэгчээс  гаргуулж улсын төсвийн орлогод оруулах үндэстэй. 

Нэхэмжлэлийн үнийн дүн болох  орон сууцны үнэ 169.680.000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид 503175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасныг баримтлан хариуцагч Ш ХХК болон тус компанийн захирал Б.М нарыг Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 давхарт 70,7 м.кв орон сууцыг бүрэн барьж  дуусгасан болохыг батлан, уг орон сууцыг захиалагч Д.З-д хүлээлгэн өгөхийг  даалгаж, алданги 69.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-т заасныг баримтлан хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч Д.З-д холбогдуулан гаргасан үлдэгдэл төлбөр 30.000.000 төгрөгийг алдангийн хамт нийт 45.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 936.150, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.950 төгрөгийг тус тус  улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 429.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Д.З-с улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 577.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120-р зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг  дурдсугай. 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО