Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00285

 

Д.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00488 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 782 дугаар магадлалтай,

Д.Зын нэхэмжлэлтэй,

“Ш” ХХК, Б.М нарт холбогдох,

Гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 139 680 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 45 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.З “Ш” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №13/01 тоот “Байр захиалгаар бариулах гэрээ” байгуулж,  Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхарт 70.7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 169 680 000 төгрөгөөр захиалгаар бариулахаар тохиролцож, урьдчилгаа 139 680 000 төгрөгт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт байршилтай  372 м.кв газрыг шилжүүлж,  үлдэгдэл 30 000 000 төгрөгийг түлхүүр гардаж авах үед төлөхөөр тохиролцсон.

Хариуцагч нь гэрээний 1.4-т заасны дагуу байрыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч байрыг ашиглалтад оруулаагүй 3 жилийн хугацаа өнгөрсөн, 2016 онд байр ашиглалтад орсон боловч захиалсан байрыг хүлээлгэн өгөөгүй, гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх тул байрны урьдчилгаанд тооцсон 139 680 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангиийг төлөгдсөн төлбөрийн 50%-иар тооцож 69 840 000 төгрөгийг хамт гаргуулахаар нэхэмжилсэн боловч алдангиас татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн газрын үнэ 139 680 000 төгрөгийг төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Д.Зтой 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай гэрээ байгуулж, Ариг бүрд цогцолборын баруун корпусын 7 дугаар давхрын 70.7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан. Уг орон сууцны нийт төлбөрийг 169 680 000 төгрөг гэж тохиролцсон. Захиалагч Д.З гэрээний дагуу төлбөрийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Ойн 84 тоот, 372 м.кв бүхий газрыг бартераар төлөхөөр тохиролцож газрын үнийг 139 680 000 төгрөг гэж тооцож, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг гэрээний 2.3-д зааснаар улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон.

Манай компани нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ариг бүрд орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгэн, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагчид 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж байрыг хүлээн авах талаар хандсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Одоо Д.Зын газарт барилга баригдаагүй эзгүй байгаа газраа буцаан авч болно. “Ш” ХХК Д.Зоос 139 680 000 төгрөг хүлээн аваагүй, түүнд байр /орон сууц/ хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байр захиалгаар бариулах гэрээг “Ш” ХХК-тай байгуулсан атлаа иргэн Б.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар худалдах-худалдан авах гэрээг Д.Зтой байгуулсан талаар маргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Наранцацрал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 102/Б байрны 70 тоот хаягт байршилтай 70.7 мкв талбайтай орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 24-нд Р.Хангайгаас худалдан авсан /Гэрчилгээний хуулбарыг хавсаргав/ гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани иргэн Д.Зтой 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаартай байр захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан. Ариг бүрд цогцолборын баруун корпусын 7 дугаар давхрын 70.7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан бөгөөд байрны үнийг нийт 169 680 000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг захиалагч Д.З төлөхдөө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 84 тоот, 372 м.кв газрыг бартераар төлөхөөр харилцан тохиролцож газрын үнийг нийт 139 680 000 төгрөгөөр төлсөнд тооцож үлдэгдэл 30 000 000 төгрөгийг гэрээний 2.3-т зааснаар улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Манай компани нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ариг бүрд орон сууцны цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж байрыг хүлээн авах ёстой боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Байр захиалгаар бариулах тухай гэрээний 7.1-т захиалагч нь гэрээний 2.3-т заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон бөгөөд улсын комисс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан, үүнээс хойш 14 хоногийн дараа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 635 хоногийн хугацаа өнгөрч байгаа. Иймд үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөг, алдангид 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй тул нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Ш” ХХК нь орон сууц захиалгаар бариулах гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мий итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Мтэй биш хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00488 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-аас байр захиалгаар бариулах гэрээний үүрэгт 139 680 000 төгрөгийг гаргуулж Д.Зод олгож, “Ш” ХХК-ийн Д.Зоос 45 000 000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Б.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 936 150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 382 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-аас 856 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 879 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт” гэсний ард “355 дугаар зүйлийн 355.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 181/ШШ2018/01524 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 782 дугаартай магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад хоёр шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, маргааны үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн шүүхээс хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүйгээс шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзнэ.

Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаартай “Байр захиалгаар бариулах тухай” гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар худалдах-худалдан авах” гэрээ нь тус тусдаа бие даасан гэрээнүүд бөгөөд хууль зүйн үр дагаврыг тус тусдаа үүсгэж байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс “Байр захиалгын гэрээ”-нээс татгалзаж байгаа тохиолдолд талууд гэрээний дагуу шилжүүлэн өгсөн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй бөгөөд захиалагч тал гэрээнээс татгалзаж гэрээний дагуу урьдчилгаанд тооцон олгосон газрын төлбөр болох 139 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хоёр шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дээрх мөнгийг гаргуулан олгохоор шийдвэрлэхдээ захиалагчийн захиалгын гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Урьдчилгаа төлбөрийг буцаан нэхэмжилж байгаа үндэслэл, шаардах эрх нь талуудын хооронд байгуулагдсан “Байр захиалгын гэрээ” болно. Уг гэрээг үндэслэж урьдчилгаа төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаа тохиолдолд гэрээнээс үүдэлтэй эрх зүйн үр дагаврыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх ёстой байсан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэл муутай болсон.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 13/01 дугаартай гэрээгээр шилжүүлэн өгөх 70.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны урьдчилгаанд төлсөн гэх дээрх төлбөрийг захиалагч Д.Зын зүгээс бэлнээр төлөөгүй байхад энэ талаар хоёр шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна. Захиалагч Д.З нь 3 өрөө орон сууцны төлбөрийг бартераар буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ойн 84 тоот, 372 м.кв газрын эрхийг иргэн Б.Мий нэр дээр шилжүүлэх байдлаар төлсөн үйл баримт хэргийн баримтаар нотлогдож байхад 139 680 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа хууль бус байна.

Захиалагч байр авахгүй, мөнгөө гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа тохиолдолд 30 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий бартерийн газрын зах зээлийн өнөөгийн үнэ ханшийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл газар худалдах-худалдан авах гэрээгээр 972 м.кв газар нь 139 680 000 төгрөг хүрэх эсэхийг тодруулах шаардлагатай байсан бөгөөд хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь дүгнэж, хууль ёсны шийдвэр гаргах байтал шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Мөн хариуцагч нь захиалагчаас шилжүүлэн авсан гэх 372 м.кв талбай бүхий газар дээр орон сууцны барилга бариагүй байхад нэхэмжлэгч тал барилгаа барьсан гэх тайлбар гаргадаг. Бодит байдалд захиалагчийн шилжүүлсэн гэх газар дээр “Ш” ХХК огт барилга бариагүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.З “Шүрэн салюшнс” ХХК, Б.М нарт холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 139 680 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 45 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Шүрэн салюшнс” ХХК-иас 139 680 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас Б.Мд холбогдох нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний талаар нэмэлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

Зохигч 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №13/01 дугаартай “Байр захиалгаар бариулах гэрээ” байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Шүрэн салюшнс” ХХК Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооллын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гүйцэтгэгчийн барьж буй Аригбүрд орон сууцны цогцолбор дотроос захиалагчийн сонгосон сууцыг чанартай барьж гүйцэтгэн, 2014 оны 4-р улиралд захиалагчид хүлээлгэж өгөх, захиалагч тохиролцсон төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах үүрэг тус тус хүлээж, захиалагч Д.З Аригбүрд цогцолборын Баруун корпусын 7 дугаар давхарт 70.7 м.кв талбай бүхий байрны захиалга өгч, байрны үнэ 169 680 000 төгрөгийн урьдчилгаа 139 680 000 төгрөгт өөрийн өмчлөлийн Баянзүрх  дүүргийн 6-р хороо Ойн 84 хаягт байрлах 372 м.кв талбай бүхий газрыг бартераар шилжүүлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг Улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор түлхүүр гардан авахад төлж барагдуулах үүрэг тус тус хүлээжээ.

Гэрээний дагуу захиалагч Д.З 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээнд заагдсан өөрийн өмчлөлийн газрыг гүйцэтгэгч компанийн захирал Д.Мөнгөний нэр дээр “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлж, газар өмчлөх эрх Д.Мөнгөний өмчлөлд шилжсэн талаар зохигч маргаагүй байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж, барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн боловч захиалагч Д.Зод захиалсан орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй тул нэхэмжлэгч буюу захиалагч гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн газрын үнэ 139 680 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Зохигч бартераар төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийн газрыг 139 680 000 төгрөгөөр үнэлж байрны урьдчилгаанд тооцсон тул энэ үнийн дүнг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн газрыг барилгад ашиглаагүй, газрыг буцаан өгнө гэж тайлбарлах боловч хариуцагчийн шилжүүлсэн газар баригдсан барилгын ногоон байгууламжийн хэсэгт орсон, нийтийн эзэмшлийн талбай болох нь тогтоогдсон тул газрыг буцаан олгох боломжгүй гэх үндэслэлээр газрын үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1., 205 дугаар зүйлийн 205.2.2. дахь заалтад нийцсэн байна.

Хариуцагч “Шүрэн салюшнс” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу байрыг захиалагчид хүлээлгэж өгөөгүй тул байрны үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөг, түүний алдангийг нэхэмжлэх эрхгүй, энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь “Ш” ХХК-тай байгуулсан Байр захиалах гэрээнээс учирсан хохирлоо гэрээний оролцогч хуулийн этгээдээс нэхэмжилсэн тул газар өмчлөх эрхийг хүлээн авсан Б.Мд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох, илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийн заалтыг үндэслэж өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1. дэх заалтыг зөв хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.

“Шүрэн  салюшнс” ХХК нь Байр захиалгаар бариулах гэрээ байгуулахдаа  нэхэмжлэгч Д.Зын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт байршилтай 372 м.кв газрыг 139 680 000 төгрөгөөр үнэлж, орон сууцны үнэд тооцож шилжүүлэн авсан бөгөөд гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг өөрийн өмчлөлийн газрыг үнэлж авсан үнийн дүнгээр тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдлаас тухайн газрыг буцааж олгох, эсхүл шинээр үнэлгээ тогтоолгох боломжгүй тул талуудын тохиролцсон үнийн дүнгийн хэмжээгээр хохирлыг тооцсон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 250.2.2. дахь заалтыг зөрчөөгүй тул шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын үндэслэл бүхий үнэлээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 782 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД