Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/01970

 

 

 

 

 

 

 

 

  2022 оны 06 сарын 17 өдөр               Дугаар 183/ШШ2022/0                 Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0-000 тоот хаягт оршин суух  овогт Д.Б /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Яармаг 000 дүгээр гудамж 00 тоот хаягт оршин суух Харчу овогт Т. О /РД:00000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,

Хариуцагч Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Д.Б би Т.О 2017.07.18-ны өдөр 25 сая төгрөг, 12 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ байгуулсан. Гэвч мөнгө авснаас хойш нэг ч төгрөгийн төлөхгүй удаа дараа шаардуулсан боловч өгөхгүй зээлийн хугацаа дууссанаас хойш 2 жил 5 сар өнгөрлөө. Энэ хугацаанд зээлдэгч Т.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зээлийг хүүгийн хамт төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй ба өнөөдрийг хүртэл авсан үндсэн зээл, хүүгээс ямар ч төлбөр тооцоо хийгээгүй болно. Зээлийн гэрээний дагуу 12 сарын хүү тооцоход 24,300,000 төгрөг болж байна. Үндсэн зээлээс 19 сая төгрөгийн зээлийг өөрийн 00000 улсын дугаартай Хааяландер маркийн автомашинаар бартер хийх замаар төлж барагдуулсан. Миний бие Т.О үндсэн зээлийн үлдэгдэл 6 сая төгрөг, 12 сарын хүү 24,300,000 төгрөг, нийт 30,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 2019.04.12-ны өдөр зээлдэгч Т.О би өөрөө биечлэн уулзаж төлбөрөө хэрхэн төлөх талаар ярилцахад төлбөрийг 2019.06.20-ны өдөр гэхэд бүрэн төлж дуусгана. Хэрэв төлж чадахгүй бол өөрийн өгөхөө амалж баталгаа бичгийг үйлдэж өгсөн болно. Үүнээс хойш мөн л удаа дараалан худлаа ярьж бултаж зугтсаар багагүй өнгөрсөн. Улмаар зээлийн барьцааны машиныг Т.О нь өөрөө унаж эдэлж байхдаа маш их эвдрэл гэмтэлтэй болгон өгсөн ба уг машиныг би хүнд өгөх байсан ажлын хөлсөнд 19 сая төгрөгөөр тооцон өгсөн болно. Ингээд миний бие арга буюу 2020.04.06-ны өдөр түүний өмчлөлийн  00000 УБП улсын дугаартай Хааяландер маркийн автомашиныг худалдан борлуулах тухай санал мэдэгдлийг шуудангаар дамжуулан хүргүүлсэн болно. Гэвч миний энэхүү хүсэлт, шаардлагад хариу ирүүлээгүй тул 2020.7 сард бэлнээр худалдах гээд хүн авахгүй байсан тул бусдад өгөх ажлын хөлсөнд 19 төгрөгт тооцон өгсөн болно. Энэ талаар Т.О мэдэгдэж үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан. Гэтэл үлдэгдэл төлбөрийг удахгүй төлж барагдуулна гэж хэлээд алга болсон. Эргэж хэд хэдэн удаа утасдаж уулзахыг оролдсон боловч утсаа ч авахгүй зугтааж алга болсон. Иймд миний бие арга буюу шүүхэд хандаж шүүхийн хамгаалалт хүсэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Энэ хугацаанд хаягтаа байхгүй зугтан зайлж олдохгүй байсан ба цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлуулж байж хаягийг олж тогтоосон. Одоо хариуцагч нь дээр дурдсан хаягтаа амьдарч оршин суугаа болно. Иймд иргэн Д.Б миний бие хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 6 сая төгрөг, 365 хоногийн зээлийн хүү 24 сая 300 мянган төгрөг, нийт 30,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.Б миний бие Т.О 2017.07.18-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Уг зээлийн гэрээнээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 19,000,000 төгрөгөө нэхэмжлээгүй байсан бөгөөд одоо нэхэмжлэлийн шаардлагаа 19,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн, үндсэн зээл 25,000,000 төгрөг, түүний хүү 24,300,000 төгрөг, нийт 49,300,000 төгрөг болгож байна. Иймээс Т.О зээлийн гэрээний үүрэгт 49,300,000 төгрөг гаргуулж, Д.Бд олгож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа: Зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдаж, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүүг нэхэмжилж байгаа. Машин хүлээлгэж өгөн акт үйлдэж зээлийн гэрээ дуусгавар болсон зүйл байхгүй. Өмнө нь фидуцийн гэрээ байгуулагдсан гэж ойлгож байсан ч фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 19,000,000 төгрөгөөр худалдсан учир нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.О нь 2017.07.18-ны өдөр өөрийн өмчлөлийн 00000 улсын дугаартай Toyota Хааяландер маркийн машинаа иргэн Д.Б нэр дээр шилжүүлэн 25,000,000 төгрөгийг түүнээс зээлж авсан бөгөөд бид бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Тухайн үед 7-14 хоногийн дараа зээлсэн мөнгөн дээрээ 500,000 төгрөг нэмж өгөхөөр амаар тохиролцсон. Нэхэмжлэгч Д.Б нэр дээр шилжүүлсэн машин нь 2008 онд үйлдвэрлэгдэж, 2013 онд Монгол Улсад орж ирсэн бөгөөд би 2017 онд 45,000,000 төгрөгөөр, азын 00000 улсын дугаарыг 2,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Нэхэмжлэгч Д.Бэс зээлсэн 25,000,000 төгрөгийг авсан даруйдаа өөрт байсан 90 гаран сая төгрөгийн хамт Өэх хүний 0000000 тоот Хаан банкны дансанд шилжүүлэн луйвардуулсан. Дээрх залилангийн хэрэг нь одоог хүртэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 0 дугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд миний бие хохирогчоор татагдан оролцож байна. Тухайн үед нэхэмжлэгчээс зээлсэн 25,000,000 төгрөгийг Өнөрзаяад шилжүүлж байгааг Д.Б мэдэж байсан. Өмнө нь нэхэмжлэгч Д.Бэс 2019.07.07-ны өдөр 24,000,000 төгрөг зээлэн Өийн дансанд шилжүүлэн өгсөн. 2019.07.09-ний өдөр нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 0000000 тоот дансанд 24,800,000 төгрөгийг буцаан шилжүүлж байсан. Д.Б нь 2020 оны 02 дугаар сард ажил дээр байн байн ирэн энэ дээр гарын үсэг зурчих хэмээн /гар гэрээ гэх нотлох баримтаар авагдсан байгаа зүйл дээр/ дарамталж гарын үсэг зуруулсан. Үүний дараагаар буюу 2020 оны 3 дугаар сар орчим машинаа түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгө буцааж өгч чадахгүй удсан тул Д.Б нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2019 оны сүүлээр өргөдөл гаргасан байсан. Миний бие тухайн үед Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр удаа дараа дуудагдан очиж тайлбар, мэдүүлэг өгч байсан. Болсон явдлын талаар цагдаагийн албан хаагчид тайлбар, мэдүүлэг өгөхөд “өөрөө хохирогч болсон тул эхний хэрэг /намайг залилсан хэрэг/ шийдэгдтэл машинаа өгч болохгүй” гэж хэлж байсан. Гэвч Д.Б нь миний ажил дээр удаа дараа ирж, “танай дарга нартай уулзана, чамайг ажил төрөлгүй болгоно” хэмээн дарамталж байгаад “машинаа өгчих тэгээд хоёулаа өргүй салья” гэж байсан. Гэтэл гэнэт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагч 2020 оны эхээр удаа дараа утсаар ярьж “машинаа Д.Бд яаралтай өг” гэж  дарамталсан. Үүний дараа Д.Б хамт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр очин “машинаа бүрэн бүтэн хүлээлгэн өгч, өр авлагагүй болсон” тухай бичиг хийж өгсөн. Дээрх бичгийг цагдаагийн албан хаагч авч үлдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид анх гэрээ байгуулаагүй. Би 2017 оны 07 сарын 18-ны өдөр нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөг авсан. Энэ талаараа маргахгүй. Гэхдээ би нэхэмжлэгчид энэ мөнгөний оронд 00000 улсын дугаартай 2008 оны хайландер маркийн тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Би хүнд луйвардуулаад 130,000,000 төгрөгөөр хохирсон байгаа. Чингэлтэй дүүргийн 1, 2 дугаар хэлтэс дээр очоод өрөө дуусгая гээд би Д.Бд машинаа өгсөн. Үүнээс хэдэн сарын дараа Д.Б намайг шүүхэд өгсөн байсан. Би барьцаанд өөрийн машиныг өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үеийн машины зах зээлийн ханш 40,000,000-50,000,000 төгрөг байсан гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2017.07.18-ны өдрийн Зээлийн гэрээ гэх гар баримт, мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн тухай баримт, 2020.04.06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх нь баримт, гар бичмэл зэрэг нотлох баримтыг,

 

Хариуцагчаас 2017.08.03-ны өдрийн 170500240 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай, 2017.07.31-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2017.07.31-ний өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2017.07.31-ний Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг,

 

Шүүгчийн захирамжаар Авто тээврийн үндэсний төвийн 2021.05.18-ны өдрийн №000 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 0 дугаар хэлтсийн 2021.05.28-ны өдрийн албан бичиг зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Д.Б хариуцагч Т.О холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Т.О холбогдох Д.Б гаргасан зээлийн гэрээний үүрэгт 49,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Оыг зээлийн гэрээний үүргийг зөрчиж, үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 24,300,000 төгрөг, нийт 49,300,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Т.О нь Би 2017 оны 07 сарын 18-ны өдөр нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөг авсан. Энэ талаараа маргахгүй. Зээлийн гэрээний үүрэгт тооцуулж би нэхэмжлэгчид энэ мөнгөний оронд 00000 улсын дугаартай 2008 оны Toyota Хааяландер маркийн тээврийн хэрэгслийг Д.Б нэр дээр нь шилжүүлж өргүй болсон. Би өөрийн машиныг өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үеийн машины зах зээлийн ханш 40,000,000-50,000,000 төгрөг байсан хэмээн маргажээ.   

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.О нар 2017.07.18-ны өдөр Зээлийн гэрээг байгуулж, 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй, үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөх нөхцөлтэйгөөр зээлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 5-р хуудас/

 

Хариуцагч Т.О, нэхэмжлэгч Д.Б  нар нь  2017.07.18-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчид 25,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь 25,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэмжээгээр шаардах эрхтэй болно.

 

Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд  хариуцагч 2018 оны 7 дугаар сарын 18-ны дотор зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байхаар зээлийн гэрээгээр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь тогтсон хугацаанд зээлийн мөнгөн төлбөрийг төлөөгүй байх хэдий ч Д.Б зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр  00000 улсын дугаартай Toyota Хааяландер автомашиныг  нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргийн 8 хуудаст авагдсан хэлцэлд “Төмөрбат овотой Оюунбат миний бие нь Д.Бд 6 сарын 20 гэхэд авсан 25,000,000 төгрөгөө өгөхгүй бол 00000 дугаартай Хааяландер машинаа өгөхөө амлаж байна” гэх хэлцлийн агуулга нь  Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасантай нийцэж байна.

 

Өөрөөр хэлбэл 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлд бодитойгоор хариуцагчаас шилжүүлэн авсан.

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дүгээр магадлалд 00000 улсын дугаартай Toyota Хааяландер тээврийн хэрэгслийн өмчлөгч П.Ц тодруулах шаардлагатай гэж, тус шүүхийн анхан шатны шүүхийн 2310 дугаар шийдвэр хүчингүй болсон билээ. Анхан шатны шүүх зөрчлийг залруулж, өмчлөгч П.Ц шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “00000 улсын дугаартай Toyota Хааяландер маркийн тээврийн хэрэгсэл нь  хариуцагч Т.Оын машин, өмчлөгч нь Т.О мөн, 2017 онд уг тээврийн хэрэгслийг худалдагчаас Т.О худалдаж авах гээд завгүй байна та ойр байвал 00000 улсын дугаартай Toyota Хааяландер маркийн тээврийн хэрэгслийг түр өөр дээрээ шилжүүлж авах хүсэлт утсаар тавьсан учир би худалдан авах гэрээг худалдагчтай байгуулж, машины гэрчилгээ миний нэр дээр шилжиж ирсэн ” гэж мэдүүлсэн байна. /х.х-ийн 87-88 хуудас/

  

Иймд нэхэмжлэгч Д.Б зээлийн гэрээний үүрэгт тооцож 00000 улсын дугаартай Toyota Хааяландер маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчаас өмчлөлдөө шилжүүлэн авсан байх тул  нэхэмжлэлийн шаардлага 49,300,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.О зээлийн гэрээний үүрэгт 49,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                 

 

 

 

                        ШҮҮГЧ                              Ц.О