Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/02641

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, М овогт Х.Б,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт байрлах, Э ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

1. Нэхэмжлэгч Х.Б нь Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Х.Б нь 2015 оны 6 дугаар сарын 02 -ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Э эмнэлэгт эрүүл мэндийн даатгал болон статистикийн эмчээр ажилласан. Энэ хугацаанд хамт ажилладаг байгууллагын удирдлага Д.М, Д.Б нар нь удаа дараа дуудаж эмнэлэгт мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө байвал зээлээч гэсэн. Х.Б нь байрны урьдчилгаа төлбөрийн мөнгө байна гэхэд 1 сарын хугацаатай л зээлнэ гэхээр нь итгээд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 60,000,000 төгрөгийг тэдний хэлсэн дансруу шилжүүлсэн. Байр ашиглалтанд орж байрны урьдчилгаа төлбөр төлөх болоход мөнгө байхгүй, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр захирал Д.Б байрны захиалга өгсөн О ХХК-тай уулзаж урьдчилгаа төлбөрийг төлөхөө илэрхийлэн улмаар 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2019/ОХ-05 тоот нэмэлт гэрээг байгуулсан. Увуулж цувуулан байж 11,000,000 төгрөгөө авсан, үлдэх мөнгөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. Иймд Э ХХК-иас 49,000,000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: 60,000,000 төгрөгийг манай эмнэлэг хүлээн аваагүй, эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулаагүй. Хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Хувь хүнд зээлсэн мөнгийг эмнэлэг хариуцах учиргүй. Хамт олон жил ажилласан юм чинь Д.М захирлын авсан мөнгийг компани төлнө гээд гэрээ байгуулахаар ярьсан ч нэхэмжлэгч нь кассаар ажиллаж байхдаа байгууллагаас мөнгө завшсан байсан. 11,000,000 төгрөгийг компани өгөөгүй, өөрөө кассанд байсан мөнгөнөөс авчихсан байх тул зээлийн мөнгийг компани төлөхгүй байхаар шийдэж компанийн тамга тэмдэгийг дараагүй, тэр хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, О ХХК-ийн 2020.05.25-ны 20/19 тоот мэдэгдэх хуудас, 2019.07.05-ны өдрийн 2019/ОХ-05 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020.06.17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт, Голомт банк дахь Х.Б-ын 0000000000 тоот дансны хуулга, 2020.01.02-ны 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022.01.20-ны 88 тоот хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан Х.Б-ын өргөдөл, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.11.09-ний 460 тоот тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Б, У.Т, Д.М нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Д.М, Д.Б нар нь удаа дараа дуудаж эмнэлэгт мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө байвал зээлээч гэсэн. Х.Б нь байрны урьдчилгаа төлбөрийн мөнгө байна гэхэд 1 сарын хугацаатай л зээлнэ гэхээр нь итгээд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 60,000,000 төгрөгийг тэдний хэлсэн дансруу шилжүүлсэн. Байр ашиглалтанд орж байрны урьдчилгаа төлбөр төлөх болоход мөнгө байхгүй, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр захирал Д.Б байрны захиалга өгсөн О ХХК-тай уулзаж урьдчилгаа төлбөрийг төлөхөө илэрхийлэн улмаар 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2019/ОХ-05 тоот нэмэлт гэрээг байгуулсан. Увуулж цувуулан байж 11,000,000 төгрөгөө авсан, үлдэх мөнгөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. Иймд Э ХХК-иас 49,000,000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: 60,000,000 төгрөг авсан нь Э ХХК-тай хамааралгүй. Д.М захирал хувьцаа мөнгө хэрэг болоод зээлсэн байсан. Ажилтныхаа зээлийг байгууллага хариуцаж болох ч Х.Б нь байгууллагын кассаас 300 орчим сая төгрөг шамшигдуулсан тул төлөх үндэслэлгүй. Гэрээний нэмэлт гэх баримт дээр компанийн тамга тэмдэгийг дараагүй, тэр хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн О ХХК-ийн 2020.05.25-ны 20/19 тоот мэдэгдэх хуудас, 2019.07.05-ны өдрийн 2019/ОХ-05 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2020.06.17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт, Голомт банк дахь Х.Б-ын 0000000000 тоот дансны хуулга, 2020.01.02-ны 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022.01.20-ны 88 тоот хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан Х.Бын өргөдөл, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.11.09-ний 460 тоот тогтоол, Д.Б, У.Т, Д.М нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Х.Б нь У.Т гэх хүний данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд заасан этгээдийн дансанд мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж, зээлсэн мөнгөнөөс 11,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн, үлдсэн 49,000,000 төгрөгийг орон сууцны захиалга өгсөн О ХХК-д төлнө гэсэн боловч төлөөгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр болох 49,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар шаардаж байна.

6. Талууд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хариуцвал зохих этгээдийн талаар маргав.

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан.

Зохигчийн тайлбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтаар нэхэмжлэгч нь Э ХХК-ийн захирал ажилтай байсан Д.М гэх хүнд мөнгө зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна.

8. О ХХК, Э ХХК, Х.Б нарын байгуулсан 2020.06.17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлтийг хариуцагч нь компанийн тамга тэмдэгээр баталгаажаагүй тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй. Учир нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах журмыг зөрчөөгүй, Д.Б нь Э ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцдог.

10. Иймд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар Б.М-ын зээлийн төлбөр төлөх үүргийг гуравдагч этгээд Э ХХК нь гүйцэтгэхээр болж, улмаар уг үүргээ Х.Б-ын өмнө биш О ХХК-ийн өмнө төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан гэж дүгнэлээ.

11. Энэхүү гэрээний нэмэлтийг хийснээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, шинээр Э ХХК нь О ХХК, Х.Б нарын орон сууц худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагчтай хамтран үүрэг хүлээсэн буюу гэрээний үнээс 60,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн байна.

12. Хариуцагч нь О ХХК, Э ХХК, Х.Б нарын байгуулсан 2020.06.17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлтээр хүлээсэн 60,000,000 төгрөгийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, О ХХК-иас өгсөн мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний нэмэлтээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь 2020.06.17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлтийг байгуулснаар Э ХХК-ийн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.

13. Харин О ХХК, Э ХХК, Х.Б нарын байгуулсан 2020.06.17-ны өдрийн 2019/ОХ-05 тоот гэрээний нэмэлтээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж зааснаар шаардах буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б нь О ХХК-д Э ХХК-ийн төлөх төлбөрийг төлснөөр шаардах эрхийн асуудал яригдахаар байна.

14. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний төлбөрт 49,0000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх заалтыг баримтлан хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ