Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн,

Нэхэмжлэгч Г.Н,

Нэхэмжлэгч Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар Ш.Б-, Г.Н- нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, эд материалын хохиролд 29,297,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 2015.12.02-ны өдрийн 241 тоот Ш.Б-, Г.Н- нараас 25,962,700 төгрөгийг гаргуулан Р.М, Д.О нарт, Р.М, Д.О нараас 13,220,400 төгрөгийг гаргуулан Ш.Б-, Г.Н- нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Завхан аймгийн ШШГА-аас төлбөр төлөгч Ш.Б-, Г.Н- нарт холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдаж буй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан шаардлага, хориглох заалтуудыг зөрчсөн байдалтайгаар явагдаж дууссан. Өөрөөр хэлбэл хуулийн нэр барьж олон нийтийн газар биднийг 25,962,700 төгрөгний өртэй, өчнөөн олон хөрөнгө илэрсэн, үүнээс машин, хашааг нь бимүүмжилж хурааж байна гэж биднийг бүдүүлэгээр доромжилж нэр төрийг минь олны дунд унагасанд гомдолтой байна. Энэ шүүхийн шийдвэрийн хууль бус ажиллагаанаас болж бидний нэр хүнд асар их унаж бид хүмүүсээс ичих айх, хүмүүстэй харьцахад хүртэл бидэнд итгэхгүй байдал үүсч цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд итгэл үнэмшилгүй болж сэтгэл санааны хямрал, хохиролд ороод байна. Иймд бид өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, түүн дээрээ нэмж сэтгэл санааны хохирол болох 50,000,000 төгрөг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаад хяналт тавих үүрэгтэй боолохыг хууль тогтоогч хуульчлан өгсөн байх тул Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ш.Б-, Г.Н- бидний хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоож, бидэнд учирсан эд материалын хохирол 29,702,700 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Харин 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа илт хууль бус явагдаж буй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эд материалын хохирол 29,292,700 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах гэж нэмэгдүүлсэн болно. Хариуцагч Завхан аймгийн ШШГА-наас шүүхэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэвээр үлдээн харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.

Үүнд: Завхан аймгийн ШШГА нь төлбөр төлөгч Б-, Н- нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчдийн эрхийг зөрчин хуульд заасны дагуу ямар эд хөрөнгө төлбөртөө төлөх тухайд хүсэлт тавих эрхийг хязгаарласан, төлбөр төлөгч нараас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх мөн шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, төлбөрт эд хөрөнгө хураах болон битүүмжлэх ажиллагааг хамтад нь явуулж төлбөр төлөгчид шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байхад шүүхийн шийдвэр гаргаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж хууль бус ажиллагаа хийсэн болохыг тогтоолгох гэж өөрчилж байна гэжээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Б, хариуцагч Ц.Д нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Д нь төлбөр төлөгчөөс төлбөртөө ямар эд хөрөнгө өгөх тухай саналыг хүлээн авахгүйгээр өөрөө шууд дур мэдэн нэр заасан эд хөрөнгийг бүгдийг төлбөртөө битүүмжлүүлэхийг удаа дараа шаардаж, төлбөрт эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг төлбөрт эд хөрөнгө хураах ажиллагаатай хамтатган явуулсан гэх гомдлын хүрээнд: Улсын бүртгэлийн хэлтсийн тус албанд ирүүлсэн албан бичигт Ш.Б-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0918002625, Ү-0918002565, Ү-0918002566 дугаар бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 8,13,12 тоотуудад байрлах орон сууцнууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0918002228, Ү-0918001992 дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0918000518 дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар тус тус бүртгэлтэй, Г.Н-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0918002936 дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гандангийн 1-11 тоотод байрлах хувийн сууц, газар тус тус бүртгэлтэй. Мөн Ш.Б-ийн эзэмшилд Ланд-Круйзер-100 маркийн автомашин бүртгэлтэй байсан. Дээрх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шалгахад Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 8, 12 тоотуудад байрлах орон сууцнууд Завхан аймгийн Шүүхийн тамгын газрын өмчлөл, 13 тоот байр нь эзэмшлийн маргаантай буюу Р.Ж гэх иргэний эзэмшилд байгаа, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц нь бусдын эзэмшлийн хөрөнгийг мөнгө зээлүүлж түр шилжүүлж авсан байх улсын эрхийн бүртгэлийн Ү-0918000518 дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашин, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гандангийн 1-11 тоотод байрлах хувийн сууц, газар зэрэг эд хөрөнгүүд Ш.Б-, Г.Н- нарын өмчлөл, эзэмшилд байх тул Ш.Б-, Г.Н-ийн амьдарч байгаа гэрийг битүүмжлэлгүй үлдээж Ү-0918000518 дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжлэх үндэслэлтэй байсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно гэж заасны дагуу эзэмшлийн маргаантай байр нь шийдвэр гүйцэтгэхэд саад болох тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан эрхийг хангах боломжгүй байсан болно.

2. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэх гомдлын хүрээнд: Шийдвэр гүйцэтгэгч Ц.Д-ийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянахад: 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04,05 дугаар битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Ш.Б-, Г.Н- нарын эзэмшлийн Ү-0918000518 дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжилж, төлбөр төлөх 7 хоногийн хугацаа өгч , эд хөрөнгүүдийг Ш.Б-, Г.Н- нарын хамгаалалтанд үлдээсэн байх бөгөөд эд хөрөнгө хураах ажиллагаа давхар хийгдээгүй, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг одоог хүртэл төлбөр төлөгч нар ашиглаж байх тул үндэслэлгүй байна.

3. Шийдвэр гүйцэтгэлийн оролцогч талуудын гаргасан гомдолд хариу өгөөгүй гэх гомдлын хүрээнд: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Ш.Б-ээс Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 13 тоот байрыг битүүмжлүүлэх гомдол гаргасны дагуу тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.Б гомдлын хариуг Ш.Б-, Г.Н- нарт тэр өдөр нь дуудаж битүүмжлэх боломжтой хөрөнгүүдийг тайлбарлан нэгдсэн ойлголтонд хүрсэн байх ба хариуг бичгээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр дуудахад аваагүй, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтаан хариу хүргүүлсэн байна. Иймд Ш.Б-, Г.Н- нарын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар нь хариуцагч Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон шийдвэр гүйцэтгэгч Ц.Д нарт холбогдуулан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан эд материалын хохирол 29,702,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар нь эд материалын хохирол 29,702,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 29,297,700 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Дайриймааг уг хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан эд материалын хохирол 29,297,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ..

1.Нэхэмжлэгч нар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагынхаа талаар: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүцэтгэлийн ажиллагаа явуулахдаа ямар эд хөрөнгөө өгөхөө сонгох эрхийг эдлүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбогдуулан дээд шатны албан тушаалтанд нь гаргасан гомдлын хариу өгөөгүй байхад төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах үйл ажиллагаа явуулсан, мөн битүүмжлэх, хураан авах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан, энэ талаарх гомдлоо шүүхэд гаргасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан зэрэгт гомдолтой байна... гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч эдгээр байдлууд нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Тодруулбал:

1.1. 2003 оны 5 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх, үүргийг тодорхойлон заасан хэдий ч төлбөр төлөгч нь төлбөртөө ямар эд хөрөнгө өгөхөө өөрөө сонгох эрхийн талаар тусгаагүй байна.

Харин мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно гэж зааснаас үзвэл төлбөр төлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эсэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээний асуудал байхаар байна.

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нь төлбөртөө ямар эд хөрөнгө өгөх талаар хүсэлт гаргах эрхийг хуульд зааснаас сонгох эрх заагаагүй байх тул шийдвэр гүйцэтгэгч Ц.Д-г шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх талаар сонгох эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

1.2. Нэхэмжлэгч Ш.Б-ээс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Ц.Д-ийн нэр дээр ирүүлсэн ...байр зарж борлуулсаны дараа төлбөрийг төлөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах ба түдгэлзүүлж өгнө үү... гэсэн хүсэлтэд Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлан шийдвэр гүйцэтгэгч Л.Баасансүрэн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн хариу тайлбартаа ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул таны хүсэлтийг хангах боломжгүй... гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б-ээс 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дахин Завхан аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд ...Р.М, Д.О нараас 3 өрөө байрыг султгаж, байрны ордерийг Б- миний нэр дээр шилжүүлбэл банкны барьцаанд тавьж, 7 хоногийн дотор бэлнээр мөнгийг төлнө... гэсэн агуулгатай хүсэлтийг ирүүлсэн боловч энэ хүсэлт нь байрны ордерийг шилжүүлж өгөх тухай хүсэлт байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ш.Б-ээс 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.Б-ийн нэр дээр ирүүлсэн ...Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, 14 айлын 13 тоот байрыг битүүмжлүүлэх, 12 сая төгрөгт таарсан эд хөрөнгө битүүмжлүүлэх гэсэн... гомдлыг гаргасан бөгөөд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 6 дугаар сарын 15-ы өдрийн 07 тоот хариу мэдэгдэх албан бичгээрээ ...дээрх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шалгахад Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 13 тоот байр нь эзэмшлийн хувьд маргаантай, ...шийдвэрийг гүйцэтгэхэд эзэмшлийн маргаантай байр саад болох тул таны хүсэлтийг хангах боломжгүй... гэсэн хариуг Ш.Б-эд 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.

Төлбөр төлөгч Ш.Б-ээс гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хугацаанд нь шийдвэрлэсэн хэдий ч тухайн хугацаандаа төлбөр төлөгчид хариуг хүргүүлээгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсох үндэслэл биш юм.

Иймд хүсэлт гомдлыг шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

1.3. Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан талаар акт, тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт Хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаас үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааг зэрэг явуулсан талаарх нотлох баримтаа нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар өөрсдөө шүүхийн өмнө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч нараас энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааг зэрэг явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

1.4. Нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нарын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдол гэх бичвэрт: ...Богдын голын баруун бүсийн худалдааны төвийн зүүн талд байрлах 800м2 бүхий А зэрэглэлийн бүсэд байрлах хашааг 40,000,000 төгрөгөөр үнэлж байна. Би энэ хашаагаа заруулахгүй. Би М, О нараас 56,500,000 төгрөгийн авлагатай. Миний энэ газар 30 айл барихаар төлөвлөөд зураг төсөв нь гарсан байгаа... гэсэн байна.

Дээрх бичвэрт ямар нэг үйл ажиллагаанд гомдсон талаар бичээгүй, харин барилга баригдахаар зураг төсөвт орсон талаар тайлбарласан бичвэр байх тул үүнийг Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдол гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нарын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан ...төлбөр төлөгчөөс төлбөрт ямар эд хөрөнгө өгөх тухай саналыг хүлээн авахгүйгээр өөрөө шууд дур мэдэн нэр заасан эд хөрөнгийг бүгдийг төлбөртөө битүүмжлүүлэхийг удаа дараа шаардаж, төлбөрт эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг төлбөрт эд хөрөнгө хураах ажиллагаатай хамтатган явуулсан, мөн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.Баасансүрэнд хандан өөрийнх нь үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу өгөөгүй байхад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг аявуулсан, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлын хариу ирээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, шийдвэр гүйцэтгэлийн оролцогч талуудын гаргасан гомдолд хариу өгөөгүй, 12742300 төгрөгнөөс 1000000 төгрөгийг боломжоороо олж өгч барагдуулсан, 11700000 төгрөгнөөс давсан эд хөрөнгө битүүмжлэх нэрийдлээр төлбөрт эд хөрөнгийг хураах ажиллагаа хийсэн, Ш.Б-, Г.Н- бидний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчин олны дунд нэр хүндийг гутаан доромжилж, өртэй гэж зарлан тунхагласан гэх... гомдолд Завхан аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлан шийдвэр гүйцэтгэгч Л.Баасансүрэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өгсөн тайлбартаа ...нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй... гэсэн хариу өгчээ.

Улмаар 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 46 минутад нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгө хураан авах ажиллагаа явуулсан байна.

Өөрөөр хэлбэл Ш.Б-, Г.Н- нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа эд хөрөнгө хураан авах ажиллагаа явагдсан уу, эд хөрөнгө хураан авах ажиллагаа явагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан уу гэдэг нь тодорхойгүй, энэ байдлаа нэхэмжлэгч нар шүүхэд нотлоогүй.

Ш.Б-, Г.Н- нарын нэхэмжлэлд шүүх 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба энэ хүртэлх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсохгүй.

Зүй нь шүүх иргэний хэрэг үүсгэсэний дараа Ш.Б-, Г.Н- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргах ёстой байсан ба ийнхүү хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Харин нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр энэ хүсэлтээ шүүхэд гаргасан байх ба шүүх түдгэлзүүлэх захирамжийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна. Уг захирамжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж, мөн оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2017 оны 07 дугаар сарын 07-16-ны хооронд түдгэлзүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй ба бусад хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад харшлах шалтгаан хуульд байхгүй байна.

Иймд уг хугацаанд буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хүчинтэй байх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй учир гомдол гаргасан хугацаанд ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нараас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдсаныг тогтоолгохоор нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 241 дугаартай шийдвэр, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр 19-ний өдрийн 1281 дугаартай тогтоолоор Ш.Б-, Г.Н- нараас 25,962,700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, уг шийдвэрүүдийг үндэслэн гүйцэтгэх баримт бичиг үйлдэж, Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 25,962,700 төгрөгийн өр төлбөрийг төлөхөөр байх ба шийдвэр гүйцэтгэгч энэ байдлыг нь тайлбарлаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь буруу биш юм.

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр, хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас болж нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нарын сэтгэл санаа хямарсаныг сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нараас сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар нь эд материалын хохиролд 29,297,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: ... Автомашины зөрүү үнэ 15,000,000 төгрөг /40,000,000 төгрөгөөр зарах боломжтой байсан автомашинаа 25,000,000 төгрөгөөр зарж төлбөрөө төлсөн /, төлбөр төлөхийн тулд бусдаас зээлсэн 12,000,000 төгрөг, зээлсэн мөнгөний хүүд өгсөн 2,297,700 төгрөг /уг нь хүүд 3,600,000 төгрөгийг өгсөн боловч 2,297,700 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн/ гэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нараас төлбөр төлүүлэх үндэслэл бий болсон бөгөөд төлбөр төлөгч нар нь дээрх төлбөрийг заавал төлөх үүрэгтэй бөгөөд харин ямар эд хөрөнгөө захиран зарцуулж уг төлбөрийг төлөх нь өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөх зорилгоор өөрсдийн эзэмшлийн автомашиныг худалдан борлуулсан үйл баримт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоогүй байна.

Мөн бусдаас зээлсэн мөнгө, түүний хүүний хувьд ч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай хамааралгүй юм. Учир нь төлбөр төлөгч нь төлбөрийг төлөх үүрэг хүлээхээс уг үүргээ өөрийн сонгон хэрэглэсэн ямар арга, хэлбэрээр гүйцэлдүүлэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамааралгүй юм.

Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд төлбөр төлөгч төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан ба 56 дугаар зүйлд төлбөр гаргуулж болохгүй эд хөрөнгө орлогын талаар заасан. Хуульд зааснаар төлбөр гаргуулж болохгүй эд хөрөнгө, орлогод зээл, түүний хүү хамааралгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нараас эд материалын хохиролд 29,297,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан ба нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 446,863 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна.

Гэвч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан ба нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нараас Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгдөхөөр байна.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлах тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгох, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, эд материалын хохирол 29,297,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-, Г.Н- нарын нэхэмжлэл гаргахдаа төлсөн 446,863 төгрөгийг буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй брлохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ

ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ

Б.УРТНАСАН