Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02454

 

 

2022 оны... сар . ө..дөр Дугаар 102/ШШ2022/0...  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: А....,

Хариуцагч: Я....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С....,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч А.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би 2011 оноос хойш Япон улсаас автомашин оруулж ирэн автомашины худалдаа эрхэлж байсан бөгөөд 2013-2014 онд Баянгол дүүргийн ... дугаар хороонд зам дагуу авто засварын гараж барьж, 2014-2015 онд Япон улсад 1 жилийн хугацаанд авто сэлбэгийн худалдаа эрхэлж, судалж байсан. 2016 оны 9 дүгээр сард Я.... надаас автомашин худалдаж авах үед бид танилцсан. Ингээд намайг Япон улсаас хямд машин оруулж ирэхэд зориулан Я.... 2016 оны 12 дугаар сард 46,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 5 дугаар сар хүртэл хамтран автомашины худалдаа эрхэлж, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоо хувь тэнцүү эзэмшихээр тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн ... тоотод байрлах газрын хууль ёсны хамтран өмчлөгчөөр, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг газар дээрх 260 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон. 260 м.кв автогаражийг өөрийн эхнэр С....ын ах дүү хоёроор бариулж, 2018 онд Хятад улсаас тэнхлэг тохиргооны төхөөрөмж, авто засварын төхөөрөмж, 2 ширхэг лифт, 20 орчим сая төгрөгийн эргэлтийн сэлбэгтэй Я....д хариуцуулж өгсөн бөгөөд түүнтэй бизнесээ өргөжүүлж 2019 оны 5 дугаар сараас эхлэн Япон автомашины сэлбэгийн худалдаа, угсралтын ажлыг дангаараа эрхэлж, өөрөө Япон улсад автомашины худалдаа эрхлэх болсон. 2018 оны 12 дугаар сард Хас банкнаас 250,000,000 төгрөгийн зээл миний нэр дээр авсан байсан. Хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд зээл нэмж авах шаардлагатай болсон. Ингээд миний нэр дээр их хэмжээний зээлтэй байсан учир Улаанбаатар хотын банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авах боломжгүй боллоо гэсэн шалтгаанаар дээрх хамтран өмчилж байсан хөрөнгүүдээс бэлэглэлийн гэрээ хийж би өмчлөлөө хасуулсан. Тухайн үед нэрийг чинь буцаагаад гэрчилгээнд оруулна гэхэд нь итгэл төрж уг бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс биш миний хувьд бодитоор хийх хүсэл зориг байгаагүй. Ингээд 100,000,000 төгрөгийн зээлийг Я.... өөрийн нэр дээр авсны дараа Японоос сэлбэг оруулж ирэх бизнесийн үйл ажиллагаанд хамтран оролцож, хариуцагчийн Япон явах визийг би гаргаж өгөхөд туслан, тус улсаас сэлбэг оруулж ашиг олох боломжоор хангаж, уг ашиг орлогоос анх хэлэлцэн тохирсны дагуу 50 хувийн ашиг өгөх байтал өгөөгүй ба хамтын хөдөлмөрийн үр шимээр худалдан авч хамтран өмчилж байсан гараж, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр орох талаар Я....д хэлэхэд ямар ч үндэслэлгүйгээр татгалзаж, эд хөрөнгөө өмчлөх эрхийг минь зөрчиж байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гараж болон газар бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, А.... намайг газар болон гаражийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.

Я.... өөрийн нэрээр зээл авах гэхээр болохгүй байгаа болохоор дүүгийнхээ нэрээр авъя гэхэд нь би зөвшөөрсөн. Гэтэл банкнаас зээл авж үл хөдлөх хөрөнгө болон газраа барьцаалах гэхээр намайг өндөр зээлтэй болохоор барьцаалбарын шаардлага хангахгүй байна, нэрээ хасуулчих гэж гуйсан. Би итгээд бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Дараа нь н....тэй холбогдоод Япон улс руу явах виз хөөцөлдөх талаар ярилцсан. 4 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотын банкнаас зээл гарсан. Японд очоод хийх бүх зүйлийг би бэлдээд, хариуцагчийг түрүүлээд явуулсан. Я....ын нэр дээр 2,000,000 иен шилжүүлсэн, би хамтран өмчлөгчөөс хасагдсан байсан учир виз гарах боломж мөн нэмэгдэж байгаа юм. Хариуцагч Японд очоод 20-30 машин, 1 ачааны машин авсан. Япон явж ирээд тэндээ Монгол хүмүүстэй танилцаад, өөртөө итгэлтэй болоод, хамтарч ажиллах боломжгүй гэж надад хэлсэн. Зээлээс бусад миний тус байгаа. 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үлдэгдлээ бичсэн, гарын үсэг өөрөө зурсан. Би 700 гаруй машин оруулж ирсэн. Надад 170 машины ашиг өгөх ёстой байтал 103 машины ашиг өгсөн байна. 2019 оны 4 дүгээр сарын байдлаар би 110,000,000 төгрөг авах ёстой байсан. Үүнийг зөвшөөрөөд эвээр асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан. Гол нь Улаанбаатар хотын банкнаас зээл авах зорилгоор л би түр хугацаанд өмчлөх эрхээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Түүнээс биш жинхнээсээ уг гэрээг байгуулж өмчлөх эрхээ шилжүүлээгүй. Улаанбаатар хотын банкнаас 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 100,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөөрөө Япон улс руу сэлбэгэнд явж авчраад, бизнесээ үргэлжлүүлэхээр ярилцсан байсан. 110,000,000 төгрөгийг би хариуцагчид одоо өгөөд гаражийг 100 хувь авах боломжтой. Нийт 300,000,000 орчим өртөгтэй боссон. Хариуцагч 110,000,000 төгрөг аваагүй гэж хэлээд байдаг. Зөрүү 190,000,000 төгрөг байгаад байгаа нь миний мөнгө байна. Дансанд орж ирж байгаа орлого нь ямар нэгэн зориулалтгүй, тодорхой бус байдаг. Мягмаад, ...орлого, гэх мэт, мөн машины мөнгө гэж ордог. Бэлэглэлийн гэрээний гол нөхцөл нь хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагчид шилжүүлдэг онцлогтой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар эдгээр бэлэглэлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бусд тооцож, мөн хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар үр дагаврыг буюу хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардаж байна...гэв.

2.Хариуцагч Я.... шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 9 дүгээр сард зар дээрээс орж ирсэн 2 машин худалдан авахаар холбогдож А....тэй очиж уулзан анх танилцаж байсан. Энэ үед нэхэмжлэгч өөрөөсөө машин худалдан авч байхыг надад санал болгосноор өөрийн хоббигоор авто засварын үйл ажиллагаа эрхлэхээр ажиллаж байсан би жижиг, сажиг засвар бүхий машиныг боломжийн үнээр авч, нэмж засварлаад бага зэргийн ашиг гаргаж амьдралдаа нэмэрлэх, үйл ажиллагаагаа бага ч болов өргөжүүлэх зорилгоор түүнтэй хэсэг хугацаанд холбоотой байх болсон. Энэ үед А.... энд ч тийм боломжийн үнэтэй машин байна, энд ч хямд машин гарах гэж байна, ингэж ч Японоос машин дарахаар болчихлоо, ороод ирсэн машинаа гаалиас авах гэсэн мөнгө дутаад байна, тэрийг аваад ийм юмыг нь янзалчихвал ашиг унахаар байна, мөнгөтэй бол чи аваад засварлаад цааш нь зарчихмаар байна, даанч мөнгө алга гэх зэргээр ирэхэд нь би өөрт байсан мөнгөнөөсөө өгсөөр байгаад нийт 48,000,000 төгрөг өгчихсөн байсан. Аваад ирсэн машинуудыг нь ч засварлаад бид цааш нь борлуулж байсан. Энд тэндээс авсан, гаднаас оруулж ирсэн эвдрэлтэй машиныг өөрийн дүү ...ар үнэгүй засуулж өгч, би машиныг нь зарж борлуулан өгч тодорхой урамшуулал авч өгдөг байсан. Манай дүү Я....ийн 28,000,000 төгрөг, манай эгч Я....ийн 22,000,000 төгрөг, өөрийн мөнгөнөөс А....гээс хагас хугасыг нь авч нийлүүлэн байж 2017 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн .... д байрлах авто засварын зориулалттай сэндвичэн гаражийг би зар дээрээс харж холбогдон 65,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Энэ гараж шууд үйл ажиллагаа явяуулахад шаардлага хангахааргүй болохоор цаашид үйл ажиллагаа явуулах мөнгө дутагдаад байсан учир хамтран ажиллах тухай яриад явсан. А....д хөрөнгө оруулалт хийх талаар шаардлага тавихад 2013 онд Баянхошуунд гараж барих гээд чадаагүй учраас ийм бизнес хийхээс халширч байна гэдгээ хэлж дургүйцсэн. Анх бид хамтран ажиллах талаар ярилцаж байх үед нэхэмжлэгч доод тал нь 20,000,000-30,000,000 төгрөг гаргаж чадна гэж байсан ч гаргаж чадахгүй байсан. Үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд ядаж 65,000,000 төгрөг хэрэгтэй байсан учир миний өгсөн мөнгөнөөс эхлээд засварлаж зарсан машины орлого гэх мэтээр гайгүй сайн гүйлгээ А....гийн дансаар хийгдсэн. Мөн гаднаас машин оруулж ирдэг бизнесийн нэр буюу гаалийн бичгүүдээр зээл авах нь илүү хялбар байсан болохоор худалдан авсан хөрөнгө, газрынхаа гэрчилгээг 2 биенийхээ нэр дээр гаргуулан авч, ... ББСБ-аас уг гаражийг болон манай ээжийн хашаа байшинтай нийлүүлж барьцаанд тавьж 75,000,000 төгрөг зээлж дараагийн төсөлдөө зарцуулсан. Ингээд хуучин сэндвичэн гаражийг буулгаж, суурийн блокоор шинэ гараж барих ажилд орж, гарах барих ажлаа би 100 хувь гардан хийсэн ба А....гийн эхнэрийн ах, дүү хоёрыг хөлсөлж бариулсан нь үнэн. Төлбөрийн нөхцлийн хувьд төлбөрийг цаг тухайд нь өгсөн. А.... гараж барих ажилд огт оролцоогүй, харин зөвхөн бичиг баримт хөөцөлдөх ажилд тусалсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгө болон газар нь дан ганц Я.... миний өмчлөлд эрх бүхий байгууллага дээр бүртгэлтэй байгаа. Энэ бүртгэл нь хууль бус болох талаар ямар нэгэн эрхийн акт байхгүй. Эдгээр нь хэн нэгэн этгээд уг хөрөнгийн өмчлөлийн талаар ямар нэгэн маргаан гаргах хууль зүйн үндэслэлгүйг харуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Харин манай эгч, дүү, хадам ааваас мөнгө авч байсан, миний эхнэрээр зээл авхуулж ч байсан. Нэхэмжлэгч надтай танилцах хүртлээ н.... гэдэг хүнтэй хамтардаг байсан. Түүний оруулж ирдэг машин ихэнх нь хар тамга дарагдсан байдаг. Би 90-ээд сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан. Миний дүү Я.... машинуудыг нь засдаг байсан. Худалдаж авсан гаражийг би анх зараас олж, би гаражийг авсан. Байшин баригдаж дуустал нэхэмжлэгчийн дансаар зарлага хийгддэг байсан. 5-6 машинуудаа барьцаалаад зээл авч байсан. Үүнээс хойш гаражийг би ажиллуулж 2019 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Энэ үед 100,000,000 төгрөгийн зээл яг хэвээрээ байсан. 2017 оны сүүлээр миний мөнгөөр н.... гэдэг хүнтэй хамтарч өөр бизнес хийж байсныг нь олж мэдсэн. Нэг өдөр дуудаад хамтран өмчлөлөөсөө хасуул гэж хэлсэн. Би зээл авсан. Надад мөнгө орж ирэхээр нэхэмжлэгчийн дансанд хийдэг байсан. Нэхэмжлэгч н....ийг өөрөө ч танихгүй. Харин найз н....гаар дамжуулж холбогдож байсан. Япон явахад тусалсан нь үнэн. Сарын дараа Японоос 12 машинтай ирэхэд нэг бүтэн сар ямар ч орлгогүй, дампуурлын байдалтай байсан учир нэхэмжлэгчийг гаражийг худалдаж авах үгүйг асуусан. 90,000,000 төгрөгөөр авъя гээд, үүндээ хүргэх гээд баахан машин шахсан. Нэг найз нь авъя гэж байсан гэсэн боловч болилоо гэсэн. Ингээд бид холбоо тасарсан, харин муудалцсан зүйл байхгүй. 2016-2017 оны хооронд гараж авах хүртэл орсон мөнгө миний гэдэг нь дансны хуулгаар тогтоогдоно. Миний зорилго бол өрнөөс гарах гэж бодож орсон. 2018 онд 152,000,000 төгрөг төлөхгүй бол гараж, газрыг алах байсан. Гаражийн нийт зардал шар дэвтэр дээрээс харвал 133,000,000 төгрөг болсон байгаа. 2019 оны 7, 8 сард шар дэвтэрний 26 дугаар хуудаст нэхэмжлэгчид санал тавьсан байгаа. Санал нь: А....г гаражийг аваад, Хас банкны 150,000,000 төгрөг болон Улаанбаатар хотын банкны 100,000,000 төгрөгийн үлдэгдэл зэргийг хариуцаж төлөөд, үргэлжлүүлээд яв гэсэн. Үүнийг хүлээж авсан боловч тохироогүй. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа талууд ямар хэлцлийг халхавчлах зорилготой байсан гэдэг нь тодорхой бус, нотлоогүй гэсэн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч төлсөн эсэх нь эргэлзээтэй байна...гэв.

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор:

1 дүгээр хавтаст хэрэгт: 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах /газар/ гэрээ /хх-6/, Э....ийн газар өмчлөх эрхийн 2012 оны 12 дугаар сарын 07-нд олгогдсон гэрчилгээний хуулбар /хх-7/, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /гараж/ гэрээ-ний хуулбар /хх-8, 10/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /газар/ гэрээ-ний хуулбар /хх-9/, Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн нөхөн хуудас №... /хх-13/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №... дугаар Техникийн нөхцөл /хх-14-15/, Я...., А.... нарын 2020 оны 10 дугаар сарын 07-нд үйлдсэн гар бичмэл баримт /хх-16/, А....гийн Хаан банк ХХК дахь .... тоот депозит дансны хуулга /хх-17-47/, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Хас банк ХХК-ийн Гадаад гуйвуулгын маягт /хх-48/, фото зургууд /хх-48-49, 52-93/, А....гийн гадаад паспортны хуулбар /хх-51/, ... ББСБ ХХК болон А...., Я.... нарын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-197-198/, мөн өдөр талуудын байгуулсан .... дугаар Зээлийн шугамын гэрээ /хх-199-202/,

2 дугаар хавтаст хэрэгт: А....гийн Хаан банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн ... тоот дансны хуулга /хх-82-241/, А....гийн Хас банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн ...дугаар дансны хуулга /хх-242-250/,

3 дугаар хавтаст хэрэгт: А....гийн Хас банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн ... (үргэлжлэл) дансны хуулга /хх-1-6/, А....гийн Хаан банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн ... дугаар дансны хуулга /хх-8-12/, А....гийн гадаад паспортын хуулбар /хх-13/, А....гийн ... ББСБ-ын зээлийн дансны хуулга /хх-15-16/, А....гийн Хаан банк ХХК дахь хугацаагүй хадгаламжийн... дугаар дансны хуулга /хх-17-32/, Хас банкнаас А....гийн нэр дээр авсан зээлийг хариуцах хуваарилалт хийсэн гар бичмэл баримтын эх хувь /хх-130/, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний эх хувь /хх-131/, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №4516 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /хх-225/

4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор: Я....ын нотариатаар гэрчлүүлэн гаргасан зээл төлөлтийн болон хамтран ажилласан хугацаанд А....гийн дансанд шилжүүлсэн мөнгөний тооцоолол /3-р хх-38-40/, Я....ын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ... тоот харилцах дансны хуулга /3-р хх-197/, хамтран ажиллах хугацааны тооцоолол бүхий бүртгэлийн дэвтэр /3-р хавтаст хэрэгт хавсаргасан/, Я....ийн Хаан банк ХХК дахь....дансны хуулга /3-р хх-214-216/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн .... дүгээр захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-115/, захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас А....гийн ... тоот харилцах дансны хуулга /1-р хх-132-187/, ... ББСБ ХХК-иас А...., Я.... нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг /1-р хх-121-131/, Эс би эл ХХК-иас А.... тээвэр зуучийн үйлчилгээгээр автомашин оруулж, хэдэн төгрөгийн төлбөр төлсөн талаарх лавлагааг /1-р хх-239-241/, Гаалийн ерөнхий газраас А....гийн 2016 оны 6 сараас 2019 оны 6 сарын хооронд гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн лавлагаа /1-р хх-192-196/ зэргийг ирүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №.... дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу ... ББСБ ХХК-иас А...., Я.... нарын байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулгыг /1-р хх-223-236/, Хас банк ХХК-иас А....гийн авч байсан зээлийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг, зээлийн дансны хуулгын хамт /1-р хх-213-219/, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас Я....ын зээлийн түүхчилсэн лавлагааг /1-р хх-237-238/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №10128 дугаар захирамжаар иргэн Ц....г гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, гэрчийг шүүх хуралдаанд асуусан. /3-р хх-137-139/, мөн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №5413 дугаар захирамжаар хариуцагчийн дүү гэх Я....ийг гэрчээр асуух, шүүхийн журмаар үзлэг хийх, Хаан банк ХХК-иас нотлох баримт гаргуулахаар тус тус шийдвэрлэж, захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас Я....ийн .... тоот харилцах дансны хуулгыг ирүүлж /3-р хх-218-220/, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлэн тэмдэглэл үйлдэн /3-р хх-207-212/, Я....ийг шүүх хуралдаанд гэрчээр асуусан. /4-р хх-96/

Мөн нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №....дугаар захирамжаар А....гийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлэн, тэмдэглэл үйлдсэн. /4-р хх-6-94/

6.Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №... дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Хаан банк ХХК-иас Я....ын .... дугаар дансны хуулгыг /2-р хх-3-74/, Хас банк ХХК-иас А....гийн зээлийн .... харилцдаг түүний харилцах дансны хуулгыг /2-р хх-75-77/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №... дугаар захирамжаар иргэн С.....ийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, гэрчийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр асууж тэмдэглэл үйлдсэн. /3-р хх-205-206/

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №.... дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус дүүргийн .... хаягт байршилтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг ирүүлсэн. /3-р хх-49-129/

Зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт нотлох баримтаар цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх А....гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: хариуцагчтай хамтран өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хувийг Я....д бэлэглэх санаа зорилго агуулалгүйгээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардана. Бэлэглэлийн гэрээг байгуулах болсон үндэслэл нь хариуцагчтай хамтран ажиллаж, Япон улсаас автомашин, автомашины задаргаа Монгол улсад оруулан ирж зарах зорилгоор банкнаас зээл авахад А....гийн нэр дээр Хас банкны өндөр дүнтэй зээл байсан учир дахин зээл олгогдох боломжгүй бөгөөд Я....ын нэр дээр зээл байгаагүй тул түр хугацаанд өөрийн ногдох хэсгийг бэлэглэсэн мэт дүр үзүүлэн шилжүүлсэн гэж тодорхойлсон.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдан авахад зарцуулсан мөнгийг би бүрэн гаргасан, миний хөрөнгө, гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгчид 123,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний хөрөнгө учир цаашид Япон улсаас автомашины задаргаа оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байсан тул банкнаас зээл авах хэрэгтэй болсон. А....гийн нэр дээр зээл авах зорилгоор хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан. Түүний нэр дээр их хэмжээний зээл байсан учир би өөрийн хөрөнгөө буцаан авсан. Энэ гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч надад 110,000,000 гаруй төгрөгийн өглөгтэй байсныг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бид тооцсон. Япон явж бизнес хийхэд А....тэй хамтраагүй. Нэхэмжлэлийн шаардлагаар ямар гэрээг халхавчлах зорилгоор уг бэлэглэлийн гэрээ хийсэн гэдэг нь тодорхойгүй байна гэж тайлбарлан маргажээ.

3.Зохигчид тэдний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа аман хэлбэрээр хийгдэж, 2016 оноос эхлэн Япон улсаас Монгол улсад автомашин импортлон оруулж, эвдрэл гэмтлийг засварлан худалддаг байсан, 2017 оны 3 дугаар сард маргаан бүхий газар болон гаражийг хамт худалдаж авсан ба энэ үед Я.... хамтын үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан байсан, мөн гаражийг засан сайжруулж ... ББСБ ХХК-д барьцаалан зээл авч, 2018 онд уг зээлээ төлж дуусгасан болон, бэлэглэлийн гэрээнүүд байгуулагдах үед маргааны зүйл болох газар болон гараж нь аливаа банк, ББСБ-д барьцаалагдаагүй байсан талаар маргаагүй.

4.Харин бэлэглэлийн гэрээг дүр үзүүлж хийсэн эсэх, нэхэмжлэгч тухайн газар болон гаражийг өмчлөх эрхтэй эсэх, бэлэглэлийн гэрээ хийгдсэнээс хойш талууд хамтран ажилласан эсэх талаар өөр, өөрийн үндэслэлийг зааж маргасан.

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1.А...., Я.... нар 2016 оноос эхлэн аман хэлбэрээр хийгдсэн хэлцлийн дагуу хамтарч, Япон улсаас Монгол улсад автомашин импортлон оруулж, засварласнаар зарж борлуулах чиглэлээр ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн Э....өөс Чингэлтэй дүүргийн .... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдах, худалдан авах гэрээ /газар/-ний дагуу шилжүүлэн авч, уг гэрээний төлбөр 65,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр А....гийн данснаас худалдагч Э....өд шилжүүлж, автомашин төлбөрт тооцон өгсөн байна.

5.2.Газрыг худалдан авсны дараа зохигчид хамтран ... ББСБ ХХК-иас зээл авч, уг хөрөнгийг бусад хөрөнгийн хамт барьцаалан 80,000,000 төгрөг зээлж, худалдан авсан газартаа авто гараж барьж улсын бүртгэлд бүртгүүлэн, дахин 2017 оны 12 дугаар сард 150,000,000 төгрөгийн шугамын зээл нэмж авсан байна. Эдгээр зээлийн гэрээний үүргийг А....гийн нэр дээр Хас банк ХХК-иас 2018 онд зохигчдын дундын найз гэх гэрч Ц....гийн эд хөрөнгүүдийг барьцаалан А....гийн нэр дээр зээл авсан байна.

5.3.Улмаар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ-г талууд байгуулан газар болон гараж тус бүрийг 6,000,000 төгрөгөөр үнэлэн, А....д ногдох хэсгийг 3,000,000 төгрөгөөр үнэлж, өөр хаягт шилжих гэсэн үндэслэлээр Я....д бэлэглэж шилжүүлжээ.

5.4.Үүнээс хойш хариуцагч Я.... нь дүү Я....ийн хамт Улаанбаатар хотын банк ХХК-иас 100,000,000 төгрөгийг зээлж, газар болон гаражийг барьцаалсан ба талууд хоорондоо холбоотой байж, хариуцагч Я.... Япон улс руу явсан, нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийн зээлийн эхний сарын төлбөрийг төлсөн гэж тайлбарласан бол түүнээс хариуцагчийн дүү, гэрч Я....д дээрх утга бүхий мөнгө шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

6.Бэлэглэлийн гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нь хариуцагчид 110,000,000 төгрөгийн өглөгтэй байсан талаар талууд харилцан тооцоо нийлж, хариуцагчийн хөтөлдөг байсан дэвтэрт тэмдэглэсэн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч тухайн авлагад маргаан бүхий газар болон гаражийн 50 хувийг өмчилж байгаа гэж тайлбарласан бол, хариуцагчийн хувьд нэхэмжлэгч түүнд 110,000,000 төгрөгийн өглөгтэй, энэ нь тухайн газар болон гаражийн өмчлөлтэй хамааралгүй гэж тайлбарласан.

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг хэлнэ.

8.Хариуцагч Я.... ...өөрийн мөнгөөр худалдан авсан, зээл авахын тулд нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, нэмж зээл авах шаардлагатай болсон учир түүнийг хамтран өмчлөгчөөс хассан гэж тайлбарлаж байгаа нь өөр хоорондоо зөрчилдөж байна. Мөн талуудын хоорондын хамтран ажиллах хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 110,000,000 төгрөгийн өглөгтэй талаар зохигчид тайлбарлах ба тэмдэглэлийн дэвтэрт үүнийг баталгаажуулсан байна. Харин уг 110,000,000 төгрөгийн өглөг нь хариуцагчид ногдох 50 хувийн өмчлөл гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

9.Иймд маргаан бүхий бэлэглэлийн гэрээг байгуулснаар талууд хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэн, бизнесээ өргөжүүлэхээр зээл авахад А....гийн нэр дээр өндөр зээлтэй байсан учраас зээл авах боломжгүй болж, түр хугацаагаар нэрээ хасуулсан, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэл зорилготой байсан гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, үндэслэл нь зохигчдын хоорондоо харилцсан чат, дансны хуулга, гэрч Ц...., Я.... нарын мэдүүлэг, зээлийн төлбөрт тооцон Я....д нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлсэн баримт, иргэн н....тэй А....гийн харилцсан чат-д хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

10.Ингэснээр банкнаас зээл авах зорилгоор бусад банкид өндөр зээлтэй хамтран өмчлөгч А.... нь өөрийн өмчлөлийг хамтран өмчлөгч Я....д бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш, харин хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хийсэн байх боломжтой тул эдгээр үндэслэлээр зохигчдын байгуулсан маргаан бүхий бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

11.Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгож, үүрэг сольсон гэж тайлбарлах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарлан гэрээг гэрчилсэн нотариатчийг гэрчээр асуулгасан. Дээрх бэлэглэлийн гэрээнүүд хэдий хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байгаа боловч гэрээний талуудын хүсэл зориг дүр үзүүлэн хийсэн шинжийг агуулж байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 623,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 623,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан А...., Я.... нарын 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /гараж/ гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /газар/ гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, А....г Чингэлтэй дүүргийн ..... улсын бүртгэлийн дугаартай 260 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах .... нэгж талбарын дугаартай 416 м.кв талбайтай, ... улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 623,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 623,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА