Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 0017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.М, З.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Н.Д

               Шүүгдэгч                                           Ш.М, З.Э

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                О.С, Р.Б

               Хохирогч                                           Ч.Г, Д.З /онлайнаар/

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.М, З.Э нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.М, З.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Б овогт Ш-н М.

Монгол Улсын иргэн, Б овогт З-н Э.

 

Ш.М, З.Э нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө  аймгийн  сумын  багийн байрны гадна иргэн А.Ин улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины урд талын жижиг цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч Никон D-3200 загварын зургийн аппаратыг хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө  аймгийн  сумын  багийн дүгээр байрны гадна  улсын дугаартай Тоёото Приус 30 маркийн автомашины урд талын жижиг цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж 439.336 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ш.М нь ганцаараа  аймгийн  сумын  багт үйл ажиллагаа явуулдаг “Н” хүнсний дэлгүүрт 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 365.400 төгрөгийн хохирол, 2020 оны 01 дүгээр сарын 14- 15-нд шилжих шөнө дахин хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 703.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө дээрх дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлс хулгайлан 352.700 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй З.Б, Э.Э нарт хүч хэрэглэхээр заналхийлж, тэдгээрийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд холбогдуулан хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийг, шүүгдэгч З.Эд холбогдуулан Ш.Мтэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  аймаг  сум  баг  байрны гадна А.И-н тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч Никон D3200 загварын зургийн аппарат хулгайлсан гэх гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Б овогт Ш-н Мөнх-Э, Б овогт З-н Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч З.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.М, З.Э нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мэс 1,191,100 төгрөг гаргуулан хохирогч Д.З-т, 35,000 төгрөг гаргуулан хохирогч А.И-т олгож,

 

Шүүгдэгч Ш.М, З.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч З.Э бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.М давж заалдах гомдолдоо:

“ ... 1.5 дугаар байрны гадна зогсоол дээр байсан Приус-20 маркийн авто машины урд талын жижиг цонхыг З.Этай цуг явж цохисон. З.Э нь намайг энэ хэргийг ганцаараа үүрчих гээд байсан болохоор би энэ хэргийг өөр дээрээ үүрээд хохирогчид хохирлыг барагдуулчихсан байгаа. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна, үлдсэн хохирлыг барагдуулна. Би энэ үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна, дахин ийм гэмт хэрэг, зөрчил дахин гаргахгүй гэм буруугаа маш их ухамсарлаж байна. Иймд миний биеэр эдлэх ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч З.Э давж заалдах гомдолдоо:

“ ... Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хэрэгт буруутгаж хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Тээврийн хэрэгсэл агуулах сав биш, дээрх хуулийн зүйлчлэлд заасан гэмт хэрэг миний бие үйлдээгүй гэж өмгөөлөгч Р.Б анхан шатны хуралд өгүүлснийг шүүгч хүлээн аваагүй. Тээврийн хэрэгсэл нь хамгаалах шаардлагатай үнэ цэнэтэй хөрөнгө гэж шүүх үзсэн. Миний цонхыг нь хагалсан машин тусгайлан хамгаалсан цоож, түгжээтэй граж, эсхүл тусгай харуул хамгаалалттай зогсоолд бус хамгаалалтгүй зогсоол дээр байсан. Өөрөөр хэлбэл намайг буруутгасан үндэслэл шиг тусгайлан хамгаалсан байр биш гэж үзэж байна. Иймд дээрх зүйлчлэлийг өөрчилж, зохих хуулийн заалтаар хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.

Миний бие багадаа авсан гэмтлийн улмаас мэдрэлд нөлөөлж унаж, татдаг, группт /70%/ байдаг, цагдан хорих байранд хоригдсоноос хойш удаа дараа ийм байдалд хүрсэн шалтгаан, буруутай үйлдлээ ойлгож ухаарсан, дахин ийм хэрэг хийхгүй зэргийг минь анхаарч үзнэ үү” гэжээ.

Шүүгдэгч Ш.М-н өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо: “... Шүүх Ш.Мд ял хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан ялыг хойшлуулах зохицуулалтыг хэрэглээгүй, үүнийхээ үндэслэлийг тодорхой тусгаагүй. Иймд шийтгэх тогтоолын Ш.Мд ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ:  “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.М, З.Э болон шүүгдэгч Ш.М-н өмгөөлөгч О.С нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.М, З.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч Ш.Мд холбогдох хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг, шүүгдэгч З.Эд холбогдох хэргээс Ш.Мтэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө иргэн А.И-н тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч Никон D-3200 загварын зургийн аппаратыг хулгайлсан үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч нарыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэн тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тусгахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдсэн гэмт хэрэг, хуулийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн улмаас үүсэх хууль зүйн бүхий л үр дагаврыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцох учиртай.  

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгаалсан байр гэдэгт тээврийн хэрэгсэл хамаарахгүй” гэж мэтгэлцсэн, шүүгдэгч З.Э нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэдэг боловч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол гаргасан бөгөөд мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн өмгөөлөгч Р.Б-н хамт “хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч З.Эг  “ ... хохирлоо төлж барагдуулсан байх ба анх удаа хөнгөн гэмт хэрэгт шийтгүүлж байгаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан ... ” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бий эсэх талаар бүрэн дүгнэлгүй орхигдуулжээ.

Түүнээс гадна З.Эгийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах атал анхан шатны шүүх түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэгт шийтгүүлж байгаа гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Ш.М, З.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын гаргасан гомдлууд болон шүүгдэгч нарт холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгүүдийг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.М, З.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүгдэгч Ш.М, З.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ХОСБАЯР

              ШҮҮГЧИД                                                                С.ЦЭЦЭГМАА

                                                                                                       С.УРАНЧИМЭГ