Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 229

 

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Ц, Ц.Э нарт холбогдох

 

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Хариуцагч, хариуцагч Э.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У болон "Могул Скай" ХХК-ийн хооронд 2011 оны 7 дугаар сарын 06-ны байгуулагдсан "Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 1В/79 тоот "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 1В байрны 907 тоот 100,53 м.кв 3 өреө орон сууц, 1В-17 тоот 1 ширхэг автомашины зогсоолын захиалагчийн эрхийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1В/907 тоот "Эрх шилжүүлэх гэрээ"-г үндэслэн хариуцагч Э.Ц-д шилжүүлэн өгсөн.

"Эрх шилжүүлэх гэрээ"-ний 3.1.2-т "энэхүү гэрээний үнийг 100 хувь урдчилан авна", 3.1.3-т "гэрээний үнийг 100 хувь хүлээн авсны дараа 1В/79 тоот гэрээний орон сууц болон авто зогсоолын захиалагчийн эрх үүргээ эрх хүлээн авагчид шилжүүлсэн тухай мэдэгдлийг энэхүү гэрээний хуулбар хувийн хамт “Могул Скай” ХХК-д өгнө" гэж тус тус заасан боловч төлбөрийг хүлээн аваагүй байхдаа захиалагчийн эрх үүргээ Э.Ц-д шилжүүлсэн. Мөн Э.Ц-ийн найз гэх Б.Мөнхцогт уг байрыг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдэн авахаар хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үнэ 261 150 000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан тул итгээд шилжүүлсэн. Уг хамтран ажиллах гэрээгээр 2 зүйлийг зохицуулсан.

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхоны, 1В байрны 907 тоот 100,5 м.кв 3 өрөө гараашийн хамт орон сууцыг худалдан авах, төлбөрийн хүү болгож, сонгосон загварын дагуу дүнзэн байшин барьж хүлээлгэн өгөх, дүнзэн хаус хотхон барих бизнест хөрөнгө оруулж хамтран ажиллах. Тус гэрээний 1.2.2-т зааснаар дүнзэн хаус хотхон барих бизнест хамтран ажиллах тохиолдолд тусгай гэрээ хийхээр тохиролцсон.

Гэвч н.Мөнхцогт нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 261 150 000 төгрөгөө 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 261 150 000 төгрөгөө 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл цувуулж төлөхөөр баталгаа гаргасан боловч мөн л төлөөгүй холбогдохгүй, утсаа салгаад алга болсон. Удаа дараа танилын замаараа хайж очиж, нэхүүлж байж 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12 000 000 төгрөгөөс өөр төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй, Э.Ц ч нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Э.Ц-той байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1В/907 тоот "Эрх шилжүүлэх гэрээ"-нээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгохоор энэхүү нэхэмжлэхийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг Э.Ц-той байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, автозогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох гэж тодруулж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д.У нь "Могул скай" ХХК-тай 1В байрны 907 тоот орон сууц, авто зогсоолыг худалдан авч гэрээ байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уг орон сууц, авто зогсоолыг эрх шилжүүлэх гэрээгээр Э.Ц-д шилжүүлсэн байдаг. Гэтэл Э.Ц нь орон сууц, авто зогсоолыг хүлээн авч амьдарч байгаа мөртлөө үнийг нь одоо болтол төлөөгүй, нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн авто зогсоол, орон сууцны төлбөрийг хүлээн аваагүй.

Нэхэмжлэгч нь Э.Ц-ийн найз болох Б.Мөнхцогттой хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээгээр орон сууц, авто зогсоолын төлбөрийг нь төлнө гэсэн боловч гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Иймд эрх шилжүүлэх гэрээний үүргийг хариуцагч нар нь биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын шилжүүлэн авсан орон сууц, авто зогсоолын үнийг төлөх үүрэг нь эрх шилжүүлэх гэрээнээс үүссэн тул уг гэрээний үүргийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийг хохироож байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны намар миний төрсөн дүү Ц.Энхтайван нь надад байсан зарим үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр арилжин орон сууц худалдах саналтай хүн байгаа тухай надад хэлж орон сууцнууд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун хотхонд байрлалтай юм байна гэсэн. Зайсанд агаар салхи гайгүй гэж бодоод тэр хүний орон сууцнуудыг үзье гэж хэлээд цаг тохиролцон очиж үзэхэд 1В буюу 97 байранд 10 давхарт 907, 909 тоот 2 ширхэг орон сууц үзүүлсэн. Тэр үед Б Мөнхцогт гэдэг залууг анх харсан болно. Түүнээс биш эхнэр Э.Ц-той ямар ч найз нөхдийн харилцаагүй, урьд танил байгаагүй.

Тухайн орон сууцнуудыг үзэхэд 909 тоот нь 130 гаруй м.кв талбайтай, 907 тоот нь 100.53 м.кв талбайтай байсан. Б.Мөнхцогтод том талбайтайгаар нь арилжих санал тавихад эгч зөвшөөрөхгүй байна, бага талбайтайгаар нь соливол болж байна гэсэн тул тохиролцоод 2015 оны 10 дугаар сард Д.У-ийн оффис дээр эхнэр Э.Ц-ийн хамт очиж захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Д.У нь чи арилжиж буй хөрөнгөө Б.Мөнхцогтод шилжүүлэн өгч болно гэсний дагуу Б.Мөнхцогт болон түүний нэр заасан хүмүүсийн өмчлөл, эзэмшилд өөрийн нийт 180 м.кв талбайтай 6 ширхэг орон сууцнууд болон 4 ширхэг зуслангийн газар эзэмших эрх зэргийг шилжүүлэн өгсөн.

Ийнхүү бид үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнд үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тэлбөр төлсөн тухай заалт байгаа болно. Тухайн орон сууц нь анх авахад эрхийн доголдолтой буюу 97 байр нь бүхэлдээ "Төрийн орон сууцны корпораци ТОСК"-ийн барьцаанд бүртгэлтэй, улсын комисс хүлээж аваагүй төвийн нэгдсэн дулаан хангамжид холбогдоогүй, засвар орох шаардлагатай, цонх цантдаг муу, хүйтэн сийгсэн, сантехникийн холболт муутай байр байсан. Мөн сууц өмчлөгчдийн холбоондоо 1 500 000 төгрөгийн өртэй байсан. Хүү маань тархи толгой нь өвдөөд байдаг учир цэвэр агаартай гэж бодож бүгдийг засаж янзлаад авсан. Улмаар ТОСК-ийн барьцаанаас чөлөөлүүлж улсын бүртгэлд Ү-2206048534 тоот бүртгэлийн дугаарт бүртгүүлж 000532201 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Мөн 30 гаруй сая төгрөгийн салгах боломжгүй тавилга, 10 сая гаруй төгрөгөөр засвар хийж цонх солиулсан Түүнчлэн, албан ёсоор 2017 оноос төвлөрсөн дулаан хангамжид холбогдоод байна. Д.У болон Б.Мөнхцогт нарыг эгч, дүү төрөл садангийн холбоотой гэж бодож байсан боловч хамтран ажиллах гэрээний харилцаатай хүмүүс байна. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурьдаж төлбөр мөнгө хүлээн авсан тухайгаа бичжээ. Бидний зүгээс гэрээнд заасан төлбөрийг нэр зааж, шилжүүлэхийг зөвшөөрсөн этгээдэд нь төлсөн тул нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нь биднээс шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний харилцаатай Б.Мөнхцогтоос төлбөр мөнгөө шаардаж гаргуулан авах нь зүйтэй. Д.У нь Б.Мөнхцогтын талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан нөгөөх нь төлбөрөө төлнө гэж баталгаа гаргаж өгсөн байдаг тухай надад нэхэмжлэгч хэлж байсан. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 236 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эрх шилжүүлэх гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн талаар дурдсан байгаа. Нэхэмжлэгч Б.У нь өөрөө Б.Мөнхцогтод орон сууц авто зогсоолын үнийг төлөөрэй гэсэн учраас миний бие Б.Мөнхцогттой хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн. Үүрэг дуусгавар болсон.

Гэтэл Б.Мөнхцогт нь мөнгө төлөөгүй тул нэхэмжлэгч нь эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг биднээс буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй. Б.У нь уг орон сууц, авто зогсоолыг “Могул Скай” ХХК-иас худалдан авсан гэдэгтэй маргахгүй, бид “Могул Скай” ХХК болон Б.Уранчимэг нартай эрх шилжүүлэх гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, хамтран ажиллах гэрээгээр Б.Мөнхцогтод төлбөр төлөх үүрэгтэй гэсэн учраас бид Б.Мөнхцогтод газар үйлчилгээний обьект хүлээлгэн өгсөн. Гэтэл үүнээс Б.Мөнхцогт нь 22 000 000 төгрөг өгсөн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хэн аль нь хүсэл зоригийн дагуу байгуулсан, хууль зөрчөөгүй, дүр үзүүлээгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 204 дүгээр зүйлийн 204.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.У-ийн хариуцагч Э.Ц, Ц.Э нарт холбогдуулан гаргасан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 465 000 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хариуцагч эрх шилжүүлэх гэрээгээр үнийг төлөх үүрэг хүлээгээгүй, орон сууцны үнийг хамтран ажиллах гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч нар маргаан бүхий орон сууцны өмчлөгч анхнаасаа Д.У байсан, эрх шилжүүлэх гэрээний 1.3-т "энэхүү гэрээний төлбөр болох 261 219 000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр бүрэн төлж барагдуулна", 2.1-т "эрх хүлээн авагч нь энэхүү гэрээний 1.3-т заасан нийт төлбөрийг 100 хувь төлсөн бөгөөд аливаа төлбөрийн тооцоогүй болно" гэж заасан боловч бодит байдал дээр орон сууцны үнийг төлөөгүй гэдэгт тус тус маргадаггүй зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл эрх шилжүүлэх гэрээгээр үнийг төлөх үүрэг хүлээсэн гэдгээ зөвшөөрсөөр байхад хүлээгээгүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн.

Эрх шилжүүлэх гэрээ зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээнд төлбөрийг Б.Мөнхцогт гэгч төлөх талаар огт тусгаагүй, хэн нэгэн гуравдагч этгээд төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн талаар байхгүй, харин гэрээнд зааснаар хаиуцагчийг төлбөр төлөх үүрэгтэй гэдгийг тодорхой заасан. Гэтэл шүүхээс Б.Мөнхцогттой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу төлбөрийг төлнө гэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн байна. Хамтран ажиллах гэрээг Б.Мөнхцогт байгуулахдаа “манай найз орон сууцныхаа үнийг төлнө, бүр төлөхгүй 1 жил болбол би ч гэсэн уг байрыг худалдаж аваад төлбөрийг нь төлнө" гэж хэлээд би итгэсэн учраас гэрээтэй байх нь зүйтэй гэж Б.Мөнхцогттой байгуулсан. Уг гэрээнд хариуцагч нарын орон сууц худалдаж авсан төлбөрийг Б.Мөнхцогт төлнө гэж огт дурдаагүй байгааг шүүх анхаарсангүй.

Шүүхээс “Э.Ц, Б.Мөнхцогт, Х.Хишигбат нартай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 1В/907 тоот эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг барагдуулах зорилгоор тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байна” “...орон сууцны үнийг төлсөн, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаад 2015 оны 11 дүгээр сарын 13-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус шүүхэд ирүүлсэн'' байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Тус гэрээнүүдийг байгуулахад нэхэмжлэгч оролцоогүй, мэдээгүй, хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн, нөхөж үйлдсэн гэрээнүүд юм. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээнд огт тусгагдаагүй, урьд нь огт хэлж, ярьж байгаагүй, хий хоосон зүйлийг үндэслэн хийсвэрээр шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна. Хариуцагч нар Д.У-тэй гэрээ байгуулсан байтлаа гэрээнд хамааралгүй гуравдагч этгээд болох Б.Мөнхцогтод мөнгө төлсөн, түүнийг нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэдгээ Б.Мөнхцогт гэрчээр оролцохдоо хэлсэн. Б.Мөнхцогтод төл гэж нэхэмжлэгч зөвшөөрөл өгөөгүй гэдгийг хариуцагч, гэрч нар мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь орон сууцны үнийг эрх шилжуүлэх гэрээний тал болох Д.У-т төлөөгүй байхад шүүх хийсвэрээр дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь зөвхөн шүүхийн үндэслэх хэсэгтээ дурсан шиг эрх шилжүүлэх гэрээний үнийг төлөөгүй тул эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах шаардлагыг гаргаагүй. Харин ч орон сууцаа буцаан гаргуулах үндэслэлээ уг гэрээг байгуулахад үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр шилжүүлээгүй хууль зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчингүй болгуулах, мөн орон сууцныхаа төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээгээ цуцлах, татгалзах эрх нь гэрээний эрх чөлөөний зарчимд нийцдэг талаар тайлбарласаар байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн орон сууцаа буцаан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ц.Э, Э.Ц нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц болон авто зогсоолыг гаргуулж өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.У нь “Могул скай” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр тохиролцсон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 315 айлын орон сууцны хотхоны 1В байрны 907 тоот 3 өрөө орон сууц, болон 1В-17 тоот авто зогсоолыг захиалж үнэд 161 768 500 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.                                                                                       /хэргийн 5-10 дахь тал/

 

Үүний дараа нэхэмжлэгч Д.У, хариуцагч Э.Ц нар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр захиалан бариулж буй 3 өрөө орон сууц болон авто зогсоолын захиалагч талын эдлэх эрх, үүргийг Э.Ц-д шилжүүлж, эрх хүлээн авагч Э.Ц эрх шилжүүлэгч Д.У-т төлбөрийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна./хэргийн 69 дэх тал/

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Э.Ц-д шаардах эрхээ шилжүүлэхдээ үнэ төлөхөөр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.У 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Мөнхцогттой хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд дүнзэн хаус хотхон барихад хамтран ажиллах, дээрх 3 өрөө орон сууц болон авто зогсоолын төлбөр тооцоог Б.Мөнхцогт, Ц.Э, Э.Ц нар төлөх, уг орон сууц болон авто зогсоолын үнийн дүнд нийцсэн хөрөнгө буюу 261 150 000 төгрөгөөр дүнзэн хаус барих бизнест Д.У хөрөнгө оруулах агуулгаар тохиролцсон байна. /хэргийн 16-17 дэх тал/

 

Хэргийн 133 дахь талд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр Х.Хишигбат нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 16 айлын орон сууцнаас 183 м.кв талбайтай гэрчилгээ гараагүй 260 000 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Э.Ц-д өр төлбөрт тооцож өгсөн, Э.Ц нь төлбөрт хүлээн авсан орон сууцны талбайг өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой болсон үед Б.Мөнхцогтод болон түүний нэр заасан этгээдэд шилжүүлэн өгөх, дээр дурдсан эд хөрөнгийг Э.Ц-д шилжүүлэн өгснөөр Могул тауны эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн өгсөн 3 өрөө орон сууц болон авто зогсоолын төлбөрийг барагдуулсанд тооцохоор тохирчээ.

 

Дээрх хамтран ажиллах гэрээ болон тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний дагуу Ц.Э, Э.Ц нараас 3 өрөө орон сууц болон авто зогсоолын төлбөр тооцоог барагдуулсан талаар гэрч Б.Мөнхцогт шүүхэд “...Д.У-ийн орон сууцыг зарахаар хамтарч ажилласан, дүнзэн хотхон барьж өгөхөөр тусгасан хэлэлцээртэй байсан. ...Байрыг Б.У эгчээс Б.Мөнхцогт авсан байх, эрх шилжүүлэх гэрээг Ц.Э-тай хийсэн, Б.Мөнхцогт, н.Энхтайван, н.Хишигбат бид гурвын дунд бий болсон асуудал, би Могул тауны байрыг Э.Ц-д өгөөд н.Хишигбатад барилга барих газар, н.Хишигбатаас надад 170 м.кв үйлчилгээний талбай, 60 м.кв бүхий 2 өрөө орон сууц өгсөн, 2 зуслангийн зориулалттай газраар наймаа хийсэн. Б.У-тэй хоорондын тооцоо дуусаагүй, Э.Ц, Ц.Э нар ын тооцоо дууссан” гэж мэдүүлснийг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч Д.У гаргаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн “Б.Мөнхцогт орон сууцны үнээс 2 удаагийн төлөлтөөр 22 000 000 төгрөг төлсөн гэх тайлбар, Д.У-ийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан “О.Мөнхцогт миний төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл тодорхой графикийн дагуу төлнө “ гэсэн хүсэлт зэрэг баримтаас үзвэл Д.У-т хамтран ажиллах гэрээгээр Могул тауны 3 өрөө орон сууц болон гараашийн үнийг хөрөнгө оруулалтаар авсан тул буцаан О.Мөнхцогт төлөхөөр тохирсон гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд Д.У, Э.Ц нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 3 өрөө орон сууц болон авто зогсоолын үнийг дээрх хүчин төгөлдөр хамтран ажиллах болон тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг үндэслэж төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, хэргийн 15 дугаар талд Д.У-ийн “Э.Ц-д 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй харилцан тохиролцсон төлбөр тооцоо байхгүй” гэж бичилт хийснээс үзвэл гэрээний үүргийн зөрчил үүссэн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзахаар шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.У-ийг эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч Ц.Э, Э.Ц нартай байгуулсан гэрээнээс татгалзсан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нөхцөлд бичгийн хэлбэрээр шүүхэд гаргаж улмаар хариуцагч нарт хуульд зааснаар гардуулах учиртай. Шүүх хуралдаан завсарлахаас өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласныг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг өөрчилсөн гэж үзэхгүй учраас энэ талаар анхан шатны шүүх дүгнэсэн буруу давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу тул хасч, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 204 дүгээр зүйлийн 204.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 465 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ