Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00877

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02348 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 229 дүгээр магадлалтай,

Д.У-ийн нэхэмжлэлтэй,

Э.Ц, Ц.Э нарт холбогдох,

Гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгаланнямын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Ц.Э, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би "Могул Скай" ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 1В байрны 907 тоот 100,53м.кв 3 өрөө орон сууц, 1В-17 тоот 1 ширхэг автомашины зогсоолыг захиалсан ба энэхүү   эрхээ  2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Э.Цд шилжүүлсэн. "Эрх шилжүүлэх гэрээ"-ний 3.1.2-т "энэхүү гэрээний үнийг 100 хувь урьдчилан авна", 3.1.3-т "гэрээний үнийг 100 хувь хүлээн авсны дараа 1В/79 тоот гэрээний орон сууц болон авто зогсоолын захиалагчийн эрх үүргээ эрх хүлээн авагчид шилжүүлсэн тухай мэдэгдлийг энэхүү гэрээний хуулбар хувийн хамт Могул Скай ХХК-д өгнө" гэж заасан боловч төлбөрийг хүлээн аваагүй байхдаа захиалагчийн эрх үүргээ Э.Цд шилжүүлсэн.

Э.Цгийн найз гэх Б.Мөнхцогт  уг байрыг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдан авахаар хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үнэ 261.150.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан тул итгээд шилжүүлсэн. Уг хамтран ажиллах гэрээгээр 2 зүйлийг зохицуулсан. Гэвч н.Мөнхцогт нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 261.150.000 төгрөгөө 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр12.000.000 төгрөгөөс өөр төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй, Э.Ц ч нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Э.Цтой байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулж,  өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Э.Ц, Ц.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун хотхонд байрлалтай орон сууцнуудыг үзсэн. 2015 оны 10 дугаар сард Д.У-ийн оффис дээр эхнэр Э.Цгийн хамт очиж захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Д.У- нь арилжиж буй хөрөнгөө Б.Мөнхцогтод шилжүүлэн өгч болно гэсний дагуу Б.Мөнхцогт болон түүний нэр заасан хүмүүсийн өмчлөл, эзэмшилд өөрийн нийт 180 м.кв талбайтай 6 ширхэг орон сууцнууд болон 4 ширхэг зуслангийн газар эзэмших эрх зэргийг шилжүүлэн өгсөн. Ийнхүү бид үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнд үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн төлбөр төлсөн тухай заалт байгаа болно. Тухайн орон сууц нь анх авахад эрхийн доголдолтой буюу 97 байр нь бүхэлдээ "Төрийн орон сууцны корпораци ТОСК"-ийн барьцаанд бүртгэлтэй, улсын комисс хүлээж аваагүй төвийн нэгдсэн дулаан хангамжид холбогдоогүй, засвар орох шаардлагатай, цонх цантдаг муу, хүйтэн сийгсэн, сантехникийн холболт муутай байр байсан. Мөн сууц өмчлөгчдийн холбоондоо 1.500.000 төгрөгийн өртэй байсан. Улмаар ТОСК-ийн барьцаанаас чөлөөлүүлж улсын бүртгэлд Ү-2206048534 тоот бүртгэлийн дугаарт бүртгүүлж 000532201 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Мөн 30 гаруй сая төгрөгийн салгах боломжгүй тавилга, 10 сая гаруй төгрөгөөр засвар хийж цонх солиулсан Түүнчлэн, албан ёсоор 2017 оноос төвлөрсөн дулаан хангамжид холбогдоод байна. Д.У- болон Б.Мөнхцогт нарыг эгч, дүү төрөл садангийн холбоотой гэж бодож байсан боловч хамтран ажиллах гэрээний харилцаатай хүмүүс байна. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдаж төлбөр мөнгө хүлээн авсан тухайгаа бичжээ. Бидний зүгээс гэрээнд заасан төлбөрийг нэр зааж, шилжүүлэхийг зөвшөөрсөн этгээдэд нь төлсөн тул нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нь биднээс шаардах эрхгүй. Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний харилцаатай Б.Мөнхцогтоос төлбөр мөнгөө шаардаж гаргуулан авах нь зүйтэй. Д.У- нь Б.Мөнхцогтын талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан нөгөөх нь төлбөрөө төлнө гэж баталгаа гаргаж өгсөн байдаг тухай надад нэхэмжлэгч хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02348 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 204 дүгээр зүйлийн 204.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.У-ийн хариуцагч Э Цолмон, Ц.Э нарт холбогдуулан гаргасан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.465.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 229 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 204 дүгээр зүйлийн 204.2,56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.465.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгаланням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр арын 30-ны өдрийн 229 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч орон сууцаа худалдахдаа энэ талаар огт дуулаагүй, ингэж тохирсон талаар гэрээнд ч байхгүй. Э.Ц ямар өртэй байгаад ямар хөрөнгө өрөнд нь өгөөд байгааг нэхэмжлэгчид хэлээгүй нэхэмжлэгч ч мэдэхгүй. Тэгээд тэр хөрөнгүүд нь өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжтой болсон үед Б.Мөнхцогтод шилжүүлэн өгнө гэж тохирсон гэдэг үндэслэлгүй зүйл. Б.Мөнхцогт ч шүүхэд гэрчээр асуугдахдаа нэхэмжлэгчид дээрх тохиролцоо байснаа хэлээгүй, мөн Уранчимэг эгч мэдэхгүй гэж хэлдэг. Гэтэл нэхэмжлэгчийн мэдэхгүй зүйлийн талаар тулгаад төлбөрөө төлсөн байна гэж дүгнээд байгааг огт ойлгохгүй байна. Шүүхээс “2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 1В/907 тоот эрх шилжүүлэх гэрээ”-ний талаар дүгнэх байтал өөр нэхэмжлэгчийн тохиролцоогүй гэрээний талаар дүгнэлт өгч, яг маргаан бүхий гэрээний талаар ямар ч дүгнэлт өгөөгүй. Гэрч шүүхийн дүгнэсэн шиг мэдүүлсэн боловч маргаан бүхий орон сууцанд ороод амьдарч байгаа этгээд болох Э.Ц, Энхбадрал нар болон маргаан бүхий орон сууцыг зарсан нэхэмжлэгч Д.У- нарын хооронд дээрх тохиролцоо байгаагүй. Үүнийгээ Б.Мөнхцогт “...Д.У- энэ талаар мэдээгүй” гэж гэрчилж хэлсэн. Хоорондоо хуйвалдан тохиролцож мэдээлээд байгаагийн эсрэг маргаан бүхий “2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 1В/907 тоот эрх шилжүүлэх гэрээ”-гээ мөрдөе, дагая, түүнд ийм зүйл тохиролцоогүйг харуулахаас өөрөөр яаж үгүйсгэх юм. Б.Мөнхцогт маргаан бүхий байрыг худалдаж авна гэж хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу Б.Мөнхцогтоос мөнгөө нэхэхэд дээрх бичгийг бичиж өгсөн. Гэтэл үүнээс хойш огт төлбөрөө хийгээгүй, гэрээний үүргээ хэн аль биелүүлэхгүй нь тодорхой болсон тул гэрээгээр өгсөн орон сууцаа буцаан авахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл Б.Мөнхцогтод биш орон сууц Э.Цд шилжсэн байгаа тул Э.Ц, Энхбадрал нараас гаргуулахаар шаардсан. Хариуцагч нартай байгуулсан эрх шилжүүлэх гэрээний 1.3-т “энэхүү гэрээний төлбөр болох 261 219 000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр бүрэн төлж барагдуулна” гэж тохиролцсон боловч орон сууцны үнийг нэхэмжлэгчид төлөөгүй. Хэрэв нэхэмжлэгч биш өөр этгээдэд бартераар төлөх байсан бол яагаад энэ эрх шилжүүлэх гэрээнд нэхэмжлэгчид төлнө гэж тохиролцсон юм бол? Ер нь орон сууцаа худалдчихаад мөнгө нь төлөгдөөгүй 5 дахь жилдээ орж байхад гэрээнээсээ татгалзая, орон сууцаа буцаан авъя гэх эрх нэхэмжлэгчид яагаад байдаггүй юм бэ? гэдгээс л үүрэг хүлээсэн этгээд үүрэг хүлээсэн этгээдийнхээ өмнө л үүргээ хариуцах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж ургаж гарна. Эрх шилжүүлэх гэрээ зөвхөн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээнд төлбөрийг Мөнхцогт гэгч нөхөр төлөх талаар огт тусгаагүй, хэн нэгэн гуравдагч этгээд төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн талаар байхгүй, харин гэрээнд зааснаар хариуцагчийг төлбөр төлөх үүрэгтэй гэдгийг тодорхой заасан. Гэтэл шүүхээс Мөнхцогттой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу төлбөрийг төлнө гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзсэнийг гайхаад барахгүй байна. Хамтран ажиллах гэрээг Мөнхцогт байгуулахдаа “манай найз орон сууцныхаа үнийг төлнө, бүр төлөхгүй 1 жил болбол би ч гэсэн уг байрыг худалдаж аваад төлбөрийг нь төлнө” гэж хэлээд би итгэсэн учраас гэрээтэй байх нь зүйтэй гэж Мөнхцогттой байгуулсан. Уг гэрээнд хариуцагч нарын орон сууц худалдаж авсан төлбөрийг Мөнхцогт төлнө гэж огт дурдаагүй байгааг шүүх анхаарсангүй.

Иймд Хан уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02348 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 229 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн орон сууцаа буцаан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Д.У- нь хариуцагч Э.Ц, Ц.Э нарт  холбогдуулан эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц болон авто зогсоолыг гаргуулах,  өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Д.У- нь “Могул скай” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 6-ний өдөр гэрээ байгуулж, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1В байрны 907 тоотын 100.53 м.кв 3 өрөө орон сууц, 1В-17 тоотын автозогсоолыг захиалж, үнэ 161.768.500 төгрөг төлжээ. Тэрээр  Э.Цтой 2015 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх гэрээнд заасан захиалагчийн эрх үүргийг шилжүүлэх, хариуцагч нар нь гэрээний төлбөрт 261.219.000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон байх ба Э.Ц, Ц.Э нар гэрээнд заасан орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгджээ /хэргийн 6-12, 28-39 дүгээр тал/.

Д.У- нь эрх хүлээн авагчаас гэрээний үнийг 100 хувь хүлээн авч, захиалагчийн эрх үүргээ эрх хүлээн авагчид шилжүүлсэн тухай мэдэгдлийг Могул Скай ХХК-д өгөхөөр Эрх шилжүүлэх гэрээний 3.1.2, 3.1.3-т заасан, нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэлийн үндэслэлд уг заалтыг дурдаж, хариуцагч нар төлбөрөө төлөөгүй гэжээ.

Гэрээний агуулгаас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба зохигчид гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Д.У- нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Мөнхцогттой хамтран ажиллах гэрээ байгуулж, эрх шилжүүлэх гэрээнд заасан орон сууцны үнийн дүнд нийцсэн хөрөнгөөр дүнзэн хаус хотхон барих бизнест хөрөнгө оруулан хамтран ажиллахаар тохирчээ  /хэргийн 16-17 дугаар тал/.         

Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч нар “...эрх шилжүүлэх гэрээг Д.У-ийн оффис дээр очиж хийсэн, ...тэр арилжих хөрөнгөө Б.Мөнхцогтод шилжүүлэн өгч болно гэсний дагуу 6 ш орон сууц, газар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн” гэжээ.

Э.Ц нь Б.Мөнхцогттой 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Х.Хишигбатаас өр төлбөрт тооцон авсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 16 айлын орон сууцнаас 183 м.кв талбай бүхий 260.000.000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг түүнд шилжүүлэн өгснөөр  Д.У-ээс шилжүүлэн авсан байр, зогсоолын төлбөр болох 261.219.000 төгрөгийг барагдуулсанд тооцохоор харилцан тохирчээ. Үүний дагуу Б.Мөнхцогт нь Х.Хишигбатаас 170 м.кв үйлчилгээний талбай, 60 м.кв 2 өрөө орон сууц, 2 зуслангийн зориулалттай газар авч, Э.Цтой тооцоо дууссан талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгчээ /хэргийн 133, 142-144 дүгээр тал/.  

Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөхөөр Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-т заасан,  хариуцагчийн “...үүргийг гүйцэтгэлийг  Д.У-ийн хүсэлтээр Б.Мөнхцогтод хүлээлгэн өгсөн” гэсэн тайлбар болон дээрх баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Түүнчлэн эрх шилжүүлэх гэрээний 1.3, 2.1-т       эрх хүлээн авагч нь нийт төлбөрийг 100 хувь төлсөн, аливаа төлбөрийн тооцоогүй талаар дурдсанаас гадна  Д.У- нь Могул скай ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 10-ний өдөр гаргасан өргөдөлдөө “...төлбөр тооцоо байхгүй тул Э.Цд эрхээ шилжүүлэхэд татгалзах зүйлгүй”  гэжээ.

Дээр дурдсанаас үзвэл хариуцагч нар эрх шилжүүлэх гэрээнд заасан орон сууц, авто зогсоолын үнийг бүрэн төлсөн, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад тулгуурласан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.               

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 229 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгаланнямын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1.464.045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ