Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 140/ШШ2022/00353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                

     Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ны  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн *******т холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон нэмэлт гарсан зардалд нийт 154.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ны захирал Н.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /Улаанбаатар хотоос онлайн/ нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ны захирал Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2016 онд газрын барилгыг барихаар ажлаа эхэлсэн. Манай компани барилга угсралтын ажлыг 2016 ондоо нэлээн богино хугацаанд өөрийн компанийн боломжит хүчин чадлаа дайчилж уг барилгыг барьж 2016 онд ашиглалтад хүлээлгэж өгсөн. Барилгыг экспертизээр батлагдсан төсөв нь 1 тэр бум 487 сая 235 төгрөг байсан. Манай компани уг барилгыг барьж дуусаад 740 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг авсан. Одоо миний гаргаж байгаа нэхэмжлэл юу вэ? гэхээр манай компани уг барилгыг барьж ашиглалтад оруулахын тулд 904 сая төгрөгийн зардал гаргасан, үүнээс манай компани 740 сая төгрөгийг авсан, одоо 154.000.000 төгрөгийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Энэ мөнгөн дүн бол экспертизээр батлагдсан төсвөөс бага мөнгө гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа. Манай компанийн гаргасан зардал бол бодит зардал. Барилга нь ашиглалтад ороод шаардлага хангаад дотор нь үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас бид нар гарсан зардлаа гүйцээж авахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг маргаан 2016 оноос хойш шүүхээр явж байна. Тухайн үед мөнгөний ханш хэр байсан, одоо ямар байгаа вэ гээд үзэхээр манай компанийн зүгээс хохирол маш их амсаж байгаа. Бид энэ зардлаа нөхөхийн тулд арилжааны банкнаас зээл авсан, одоо ч тэр зээлээ төлж дуусаагүй төлөөд явж байна. Энэ хэрэг маргаан дээр шинжээч томилоход арилжааны банкнаас авсан зээлийн талаарх баримтаа гаргаж өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Би батлагдсан төсөв болох 1.4 тэр бум төгрөгийг надад өгөөч гэж огт хэлээгүй. 1.4 тэр бум төгрөг чинь тэр чигтээ байгаа, тэр дотроо 904.000.000 төгрөг болчихлоо шүү, түүнээс 154.000.00 төгрөгийг олгоод манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан түүн дээрээ нэхэмжлэлийн шаардлагын талаар тодорхой бичсэн байгаа тул нэмж тайлбарлах зүйлгүй шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцээд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэгд: нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилгыг 2016 оны 9 дүгээр сард хүлээлгэж өгсөн гэж дурдсан байна. Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь “*******” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т 4 давхар барилга угсралтын ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр эхэлж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэж заасан. Гэвч уг барилыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 34/2016 дугаар бүхий актаар манай байгууллага хүлээн авсан. Гэрээнд зааснаар барилгыг хүлээлгэж өгөх хугацаа хэтэрсэн талаар манай талаас дурдаагүй байна. Барилга хүлээлгэж өгсөн комиссын актаас харахад нэхэмжлэгч тал уг барилгыг хүлээлгэж өгсөн хугацааг худал мэдүүлсэн байна гэж үзэж байна.

 Хоёрт: Нэхэмжлэгч тал барилгын ажил гүйцэтгэх үед хөрсний бүтцээс шалтгаалж барилгын шугамын суурин гүний хэмжээ нэмэгдэх байршлаас болж гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн, халуун усны хангамжийн агшин суур халаагчийг шийдсэн, наралаганы байр нэмж барьсан, халаалт зурагт заагдаагүй гэх мэт нийт төлөвлөх боломжгүй байдлаас гэрээнд заасан үнийн дүн нэмэгдэж манай компани бусдаас мөнгө болон бараа материал зээлж 154.500.000 төгрөгийн нэмэлт хөрөнгө гаргаж уг барилгыг дуусгасан гэсэнтэй холбогдуулж хариуцагч тал нэхэмжлэгч талтай уг барилгыг барилга байгууламж цэвэр ус хангамж, дулаан түүний нэгдсэн шугам сүлжээ холболт буюу ерөнхийдөө түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тус гэрээг байгуулсан. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ талаараа захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалт, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т дараах тохиолдолд захиалагч нэн даруй мэдэгдэнэ: ажлын үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл бий болсон гэж заасан үндэслэлийн дагуу захиалагч талд төсвийн нэмэгдлийн талаар нэн даруй нэмэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, нэхэмжлэгч тал ямарваа нэгэн нөхцөл байдал бий болсон бол тар талаараа захиалагч талд мэдээлж ажил гүйцэтгэгч ажлаа зогсоож захиалагч талаас гарах саналыг хүлээх ёстой байсан боловч ийм зүйл огт болоогүй бөгөөд захиалагч тал гэрээнд заасан нийт үнийн дүнг төлж барагдуулсны дараа мөнгө нэхэмжилж байгаа нь иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Гуравт: Нэхэмжлэгч тал “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтан гэрээний үнийн дүн дээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийг барилгын ажлын явцад шийдвэрлэж өгөхөөр амласан гэдгийг тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан албаны дарга, нягтлан бодогч нар надад ярьж тайлбарласан гэжээ. Нэмэлт хөрөнгө гаргах талаар ямар нэгэн баримт бичиг болон уулзалтын тэмдэглэл, нотлох баримт байхгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэмэлт хөрөнгийн талаар ямар нэгэн албанд өгөөгүй байдаг. Энэ талаар огт ярилцаж байгаагүй.

Дөрөвт: “*******” ХХК нь нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор цагдан хорих байрны барилгыг 750.000.000 төгрөгийн гэрээгээр барихаар тохиролцсон. Дээрх зардлаас хэт доогуур байснаас гадна барилгын ажлыг гүйцэтгэх явцад барилгын зурагт тусгагдаагүй ажил гарч ирснээр хийж гүйцэтгэх зардал хэмнэгдсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарласан байна. Гэвч гэрээний 1.4-т гүйцэтгэгч захиалагчийн даалгаврын дагуу өөрийн материалаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилгыг хугацаанд нь хийж гүйцэтгээд захиалагчийн эзэмшилд шилжүүлнэ. Мөн гэрээний 3.1-т захиалагч нь нэг цонхны үйлчилгээ бүхий контор цагдан хорих байр гэх гэрээнд заасан ажлыг 750.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн саналыг хүлээн зөвшөөрөв гэж гэрээн дээр тодорхой заасан байна. гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж заасан байна. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1 дэх заалтаар гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулж хоёр тал гарын үсэг зурж тус гэрээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр болсон.

Тавд: Нэхэмжлэгч талын гаргасан зардлыг гэрээний үнийн дүн дээр нэмж тооцоход 750.000.000 төгрөг дээр нэмэх нь 154.500.000 төгрөг нийт 904.500.000 төгрөг буюу дээр хэлсэн зайлшгүй гарсан 4 төрлийн зардлаас 23.975.426 төгрөгийн бага зардлаар хийж гүйцэтгэсэн гэсэн байна. Архангай аймагт 812.000.000 төгрөгөөр санхүүжүүлэгдсэн ийм барилга анхнаасаа 750.000.000 төгрөгөөр барих боломжгүй нотолгоо гэсэн байна. Нэхэмжлэгч тал буюу “*******” ХХК нь гэрээний 3.1-т заасан Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээний үнийн саналыг хүлээн зөвшөөрч иргэний хуулийн хүрээнд байгуулсан гэрээгээ өөрсдөө үгүйсгэж байгаа нь байж боломжгүй зүйл гэж үзэж байна. Анхнаасаа хариуцагч талаас гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол барилгын ажлыг эхлүүлэхгүй буюу гэрээ байгуулахгүй байх боломж байсан.

Зургаад: Төсөвт ажил гүйцэтгэснийхээ төлөө компани хохирох ёсгүй ба иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Гэвч гэрээний 3.1-т гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж заасан. Энэхүү ажлын гүйцэтгэл нь өөрөө гэрээнд заасан үнийн дүнгээр тодорхойлогдохоор гэрээнд маш нарын тусгагдсан байна. Иймд хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тус гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйл, гэрээний 3.1 дэх заалт заасны дагуу нэхэмжлэгч талд ажил гүйцэтгэсний хөлс буюу 750.000.000 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлж барагдуулсан байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлд заасан өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын угсралтын ямар ажил гүйцэтгэсэн, хөрөнгө оруулсан үнийн дүнг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн ажилд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байдаг. Түүнчлэн 3 шатны шүүх хуралдааны шийдвэрүүдийг харахад хамгийн эхний шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн байдаг. Дараа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо үнийн зөрүүтэй байдаг. Энэ байдлуудаас харахад нэхэмжлэгч тал нь анхнаасаа өөрсдийн компаниас гараагүй зардлын төлөө шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн, дараа дараагийн шинжээчийн дүгнэлтийг харахад харьцангуй адилгүй байгааг харахад тухайн ажил бодит биш байна гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Нэхэмжлэгчээс “*******” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөл, Завхан аймгийн *******, “*******” ХХК -ны хооронд  2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хийгдсэн албаны “нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр”-ны барилгын ажлыг гүйцэтгэх ажлын захиалагч гүйцэтгэгчийн хоронд байгуулсан гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, албаны контор, урьдчилан хорих байрны барилга угсралтын ажлын төсөв, барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, инженер геологийн дүгнэлт, барилгын буурь хөрсний хяналтын акт, “*******” ХХК-ны албан тоот, хавсралтын хамт, Завхан аймгийн *******ы контор урьдчилан хорих байрны барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн товчоо, төлбөрийн баримт, нэхэмжлэгч компани хүсэлтээр *******-аас Завхан аймгийн *******ы барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн материал, ажлыг санхүүжүүлсэн тухай 14 хуудас холбогдох баримт бичгүүд, нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол улсын Сангийн яамнаас нотлох баримт гаргуулахыг хүссэн ба түүнд Сангийн яамнаас ирүүлсэн хариу албан тоот, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Д.*******, Д.******* нарыг асууж авсан тэмдэглэл, нэхэмжлэгч талын хүсэлтээр Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс нотлох баримт гаргуулахаар захирамжилсны дагуу тус төвөөс ирүүлсэн магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралтын хамт, барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт, аймгийн сумын иргэн *******ээс “*******”ХХК-нд ирүүлсэн 67.500.000 төгрөгийн, 61.041.600 төгрөгийн тоосгоны нэхэмжлэхүүд, “*******” ХХК-ны хүсэлтээр Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны контор урьдчилан хорих байрны барилга угсралтын ажлын төсвийг Завхан аймгийн Архивын газраас хуулбарлуулан гаргуулсан, 

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбар, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Монгол улсын Сангийн яамнаас *******азарт дүгнэлт хүргүүлж байсан албан тоот, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт дүгнэлт хүргүүлсэн албан тоот, үнэлгээчний холбоондоо гаргасан тайлбар, Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас *******-ын санхүү хангамжийн газрын дарга Я.д “*******” ХХК-ны барилгын нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтийг хүргүүлж байсан албан тоот, уг албан тоотын хариу, Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас *******-ын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга хурандаа Ш.т хандан ажил гүйцэтгэх гэрээ, танилцуулга, барилгын тэг тэнхлэгийн газар дээр байгуулсан тухай акт хүргүүлж байсан албан тоот, хорих байрны ялтны 2016 оны бүтэн жилийн мэдээний хавсралт, *******-аас ялтан ажиллуулах тухай албан тоот, тус албаны даргын барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тухай тушаал, ажлын хэсэг байгуулах тухай тушаал, хавсралтын хамт, Завхан ШШГГ-ын төлбөрийн хүсэлтүүд 10 хуудас, “*******” ХХК-аас ШШГА-нд хүргүүлсэн нэхэмжлэхүүд 2 хуудас зэргийг ирүүлсэн байна.

Шүүх талуудын хүсэлтээр 4 удаа шинжээч томилж уг барилгын нийт өртгийг тогтоолгуулахаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Завхан аймгийн *******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон нэмэлт гарсан зардалд нийт 154.500.000 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч компани зүгээс шаардах эрхийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ”манай нэхэмжилж буй 154.500.000 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон ажил гүйцэтгэх үед захиалагчийн хүсэлтийн дагуу хийсэн нэмэлт ажлуудын зардлын нийлбэр юм. 1. Барилгын зургийг барилга барих газар дээр нь тохируулан зурж уг зургийн дагуу барих ёстой байдаг. Гэтэл уг барилгын зургийг барилга барих газарт нь тохируулан зураагүйгээс / аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгын зургаар бариулсан/ хөрсний бүтцээс шалтгаалан шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гарсан нэмэгдэл зардал 9.856.184 төгрөг болсон.

2. аймгийн ШШГГ-ын барилгын ханын тоосгыг 8 км зайнаас тээвэрлэхээр зураг төсөвт заасан байна. аймаг тоосгоны үйлдвэртэй зай нь 8 км. Гэтэл Завхан аймаг аймгаас буюу 600 км газраас татаж байсан учир төсөвт заасан тээврийн зардлаас 126.567.786 төгрөгийн илүү зардал гарсан.

3. Граж зоорийн давхрын гаднах пандусыг зурагт зааснаар хийх боломжгүй уулын ус орж ирэх аюултай байснаас пандусын чиглэл хэмжээг өөрчилсөнтэй холбоотойгоор төсөвт зааснаас 5.306.403 төгрөгийн илүү зардал гарсан.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 12.770.627 төгрөгийн зардал нь барилгын зураг төсөвт заагдаагүй нэмэлтээр хийсэн ажлын зардал юм. Өөрөөр хэлбэл газрын хүсэлтээр доорх ажлуудыг нэмж хийсний зардал юм. Үүнд: 1. Цэвэр усгүйн улмаас халуун усны хангамжийг  агшин зуурын халаагчаар шийдсэн, халаагч хэрэглэлийн тоог нэмж суурилуулсны зардал 6.028.105 төгрөг

2. Нарлагаа салхилгааны байр барьж өгсний зардалд 6.742.522 төгрөг

            Завхан аймгийн ШШГГазрын барилгын экспертизээр батлагдсан төсөв 1.487.238.848 төгрөг бөгөөд манай компани өмнө авсан санхүүжилт 750.000.000 төгрөг үүн дээр нэмж аваагүй байгаа үлдэгдэл 154.500.000 төгрөгийн зардлыг нэмээд 904.500.000 барьж гүйцэтгэсэн. Бид батлагдсан төсвийн 60.81% буюу 582.738.848 төгрөгийн бага зардлаар барьсан болно. Манайх төсөвт хөрөнгөнөөс бага зардлаар чанарын шаардлага хангасан ажлыг хийж гүйцэтгэсэн байтал Завхан аймгийн ШШГГ нь 154.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний биелэлттэй холбоотой 147.757.478 төгрөг, барилгын зурагт заагдаагүй нэмэлтээр хийсэн ажлын зардал 12.770.027 төгрөг, нийт 154.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа “... Нэхэмжлэгч тал барилгын ажил гүйцэтгэх үед хөрсний бүтцээс шалтгаалж барилгын шугамын суурин гүний хэмжээ нэмэгдэх байршлаас болж гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн, халуун усны хангамжийн агшин суур халаагчийг шийдсэн, наралгааны байр нэмж барьсан, халаалт зурагт заагдаагүй гэх мэт нийт төлөвлөх боломжгүй байдлаас гэрээнд заасан үнийн дүн нэмэгдэж манай компани бусдаас мөнгө болон бараа материал зээлж 154.500.000 төгрөгийн нэмэлт хөрөнгө гаргаж уг барилгыг дуусгасан гэсэнтэй холбогдуулж хариуцагч тал нэхэмжлэгч талтай уг барилгыг барилга байгууламж цэвэр ус хангамж, дулаан түүний нэгдсэн шугам сүлжээ холболт буюу ерөнхийдөө түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тус гэрээг байгуулсан. Мөн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтан гэрээний үнийн дүн дээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийг барилгын ажлын явцад шийдвэрлэж өгөхөөр амласан гэдгийг тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан албаны дарга, нягтлан бодогч нар надад ярьж тайлбарласан гэжээ. Нэмэлт хөрөнгө гаргах талаар ямар нэгэн баримт бичиг болон уулзалтын тэмдэглэл, нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1 дэх заалтаар гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулж хоёр тал гарын үсэг зурж тус гэрээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч талын гаргасан зардлыг гэрээний үнийн дүн дээр нэмж тооцоход 750.000.000 төгрөг дээр нэмэх нь 154.500.000 төгрөг нийт 904.500.000 төгрөг буюу дээр хэлсэн зайлшгүй гарсан 4 төрлийн зардлаас 23.975.426 төгрөгийн бага зардлаар хийж гүйцэтгэсэн гэсэн байна. Иймд хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тус гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйл, гэрээний 3.1 дэх заалт заасны дагуу нэхэмжлэгч талд ажил гүйцэтгэсний хөлс буюу 750.000.000 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлж барагдуулсан байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлд заасан өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

            Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй гэж /Иргэнийн хуулийн 343-р зүйлийн 343.1, 343.2/,  мөн төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах худалдан авах гэрээг зохицуулсан журмууд үйлчилнэ /Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.4/ гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл захиалагч Завхан аймгийн *******, гүйцэтгэгч “*******” ХХК -ны хооронд  2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр албаны “нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр”-ны барилгын ажлыг гүйцэтгэх ажлыг гүйцэтгэх гэрээгээр 1440 м квадрат талбайтай, 3600 шоо метр эзлэхүүнтэй, бүтэн бетон суурь, тоосгон хана, бетон хучилттай, 4 давхар барилга угсралт, /байгууламж, тоног төхөөрөмж суурилуулах/-ын ажлыг дэд бүтэц инженерийн шугам сүлжээ /дулаан, цахилгаан, цэвэр бохир усан хангамж/, туслах ажил /бусад ажил/-ын хамт хийж гүйцэтгэж 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эхэлж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар, гэрээний үнэ 750.000.000 төгрөг байхаар тохиролцжээ.

            Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 34/2016 дугаар актаас үзвэл барилга батлагдсан зураг төслийн дагуу баригдаж 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ашиглалтад орсон болох нь тогтоогдож байна.

            Талууд гэрээ байгуулагдсан эсэх, барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн, уг барилгын чанар, үнэ бүрэн төлөгдсөн эсэх зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            Харин “*******” ХХК -ны зүгээс гэрээнд зааснаар уг барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад 147.757.478 төгрөгийн зардал нэмэгдэж гарсан, мөн ажил гүйцэтгэх үед захиалагчийн хүсэлтийн дагуу 12.770.027 төгрөгийн үнэ бүхий нэмэлт ажлуудын хийж гүйцэтгэсэн гээд нийт 154.500.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилжээ. 

            Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж буй суурийн гүний хэмжээ нэмэгдсэн, гаднах пандусын хэмжээ өөрчлөгдсөн, материал түүхий эд тээвэрлэх тээврийн үнэ нэмэгдсэн зэрэг нь гэрээнд заасан боловч нөхцөл байдлын улмаас хийхэд гарсан нэмэлт ажлын зардал, агшин зуурын халаагч хийсэн, наралгааны байр, халаалт, шилэн кабель хийсэн зэрэг нь захиалагчийн хүсэлтээр хийгдсэн нэмэлт ажил байна гэж үзэв. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг барилгын нийт өртгийг тогтоолгуулахаар гаргасан талуудын хүсэлтүүдийг шүүх хангаж нийт 4 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсны нэг нь хүчингүй болсон, нөгөө 3 дүгнэлтээр уг барилгыг барихад төсөвлөснөөс илүү нэмэлт зардал гарсан гэдгийг тогтоосон байх ба нэмэлт зардлыг эрх олгогдсон мэргэжлийн шинжээчид 57.361.282 төгрөг, 34,248,773 төгрөг, 35.219.087 төгрөг гэж өөр өөрөөр дүгнэсэн байна.

Гэвч хамгийн сүүлд буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн шинжээчид багаараа гаргасан дүгнэлтийг илүү бодитой, хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж шүүх дүгнэв.

Учир нь өмнөх шинжээчдийн дүгнэлт нь 2 талыг байлцуулаагүй зөвхөн нэхэмжлэгч талын хийгдсэн гэж тайлбарлан гаргаж өгсөн баримтыг үндэслэсэн, өөрөөр хэлбэл барилгыг газар дээр нь үзэж нягтлаагүй, барилгын төсөв өөрчлөгдсөнийг харгалзаж үзээгүй, барилгын хананы тоосгыг аймгаас тээвэрлээгүй, Завхан аймгийн Улиастай сумаас ын тоосгыг тээврийн өртөг шингэсэн үнээр нь худалдаж авсан болохыг нягталж тогтоохгүйгээр дүгнэлт гаргасан байгааг дурдах нь зүйтэй. 

Хариуцагч талаас “ажил гүйцэтгэх гэрээний 3.1, 3.2-т барилгын нийт үнийг тодорхой зааж өгсөн ба ажил гүйцэтгэх гэрээнд өөрчлөлт оруулах, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч, захиалагчид нэн даруй мэдэгдэнэ” гэсний дагуу төсвийн нэмэгдлийг захиалагч талд гаргаагүй гэж тайлбарлаж байгаа ч “*******” ХХК-аас Завхан аймгийн *******д 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 29 тоот албан бичгээр 71,2 сая төгрөгний нэмэлт санхүүжилт хүссэн албан бичиг хүргүүлж байсан, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/955 тоот албан бичгээр *******-ын санхүү хангамжийн газрын дарга, хошууч Я.Ган-Эрдэнэд барилгын нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтийг хүргүүлж байжээ.

Дээрх албан бичгүүдээс харахад ажил гүйцэтгэгч тал төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагч талд мэдэгдэж байсан байна гэж үзэв.

            Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил, гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасан.

албаны “нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр”-ны барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв болон хийгдсэн нэмэлт ажлын талаар залууд зөрүүтэй тайлбарлаж, тайлбараа баримтаар нотолж чадахгүй байх тул, шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч талаас гэрээний үнэ 750.000.000 төгрөгийг манайд бүрэн шилжүүлж өгөөгүй 740 гаран сая төгрөг шилжигдэж орсон, нэхэмжилж буй 154.500.000 төгрөгөнд энэ дутуу шилжүүлсэн мөнгөө ороогүй гэж тайлбарлаж байгаа ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлээгүй, түүндээ таарсан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй учир үүнийг нэхэмжлэгч талаас нэмж нэхэмжилсэн гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон нэмэлт гарсан зардалд 35.219.087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 119.281.000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 930.450 төгрөгөөс 334045 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогын данснаас 596405 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 334045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч компанид олгох нь зүйтэй 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон нэмэлт гарсан зардалд 35.219.087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 119.281.000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 930.450 төгрөгөөс 334045 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогын данснаас 596405 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 334045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ