Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00774

 
 

Зост-Өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00013 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Зост-Өргөө ХХК

Хариуцагч: Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: 154,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагийн 2020.05.20-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүрэнжав, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Зост-Өргөө ХХК нь 2016.04.08-ны өдөр Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаартай барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т зааснаар ажил гүйцэтгэгч Зост-Өргөө ХХК нь 1440 м2 талбайтай бетон суурь, тоосгон хана, бетон хучилттай, 4 давхар барилгын ажлыг дэд бүтэц инженерийн шугам сүлжээ бусад ажлуудын хамт хийж гүйцэтгэн нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрны барилгын улсын комисс болон захиалагч болох Завхан аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд 2016.09 сард хүлээлгэн өгсөн. Барилгын ажил гүйцэтгэх явцад хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдэх, байршлаас болж гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн, халуун усны хангамжийг агшин зуур халаагчаар шийдсэн наралгааны байр нэмж барьсан, халаалтын зурагт заагдаагүй зарим нэмэгдэл ажил, гадна шилэн кабелийн угсралт, хийгдсэний гадна валютын ханшаас шалтгаалан материал, түүхий эдийн үнэ, тээврийн зардлын хэмжээ өсөх зэргээр гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас гэрээнд заасан үнийн дүн нэмэгдэж манай компани бусдаас мөнгө болон бараа материал зээлдэж 154,500,000 төгрөгийн нэмэлт хөрөнгийг гаргаж уг барилгыг барьж дуусгасан юм. ШШГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан гэрээний үнийн дүн дээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийг барилгын ажлын явцад шийдвэрлэж өгөхөөр амласан гэдгийг тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан албаны дарга, нягтлан бодогч нар надад ярьж тайлбарласан юм. Гэрээний 4.5-д зааснаар барилга угсралтын ажилд барилгын норм дүрэм зөрчилгүйгээр гүйцэтгэгчийн талаас гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд хөрсний бүтцээс шалтгаалан урьдчилан төлөвлөх боломжгүй байсан нэмэлт зардал гарах болсныг гүйцэтгэгч компани тухайн үед нь захиалагчид мэдэгдэж байсан ба үүнийг захиалагч газар дээр нь өөрсдөө ч үзэж харсан болно. Тухайн үед нэмэлт зардал гарах болсныг захиалагч мэдсэнээс гадна биднээс мэдэгдэх үед ч захиалагч гэрээг цуцлах талаар ажил гүйцэтгэгч манай компанид мэдэгдээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэмэлт хөрөнгө гарган барилгыг барьж дуусгасныг захиалагч хүлээн авсан юм. Энэ барилгын экспертизээр батлагдсан зургийн дагуу хийсэн төсөв 1,489,235,848 төгрөг байсан юм. Аливаа нэг барилгын батлагдсан зураг, төсвийн дагуу барьж гүйцэтгэхэд зайлшгүй гардаг 4 төрлийн шууд зардал /материал, цалин, тээвэр, механизм/ байдгаас уг барилгын шууд зардал гэхэд 931,457,426 төгрөг байгаа юм. Зост-Өргөө ХХК нь нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ны барилгын 750,000,000 төгрөгөөр барихаар гэрээгээр тохирсон нь дээрхи шууд зардлаас хэт доогуур байсны гадна барилгын ажлыг гүйцэтгэх явцад барилгын зурагт дутуу тусгагдсан ажлууд явцын дунд гарч ирснийг хийж гүйцэтгэсэн нь зардал нэмэгдэх үндэслэл болсон билээ. Манай гаргасан зардлыг гэрээний үнийн дүн дээр нэмж тооцоход 750,000,000+154,500,000=904,500,000 төгрөгөөр буюу дээр хэлсэн зайлшгүй гардаг 4 төрлийн зардлаас 23,957,426 төгрөгийн бага зардлаар ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн үг юм. Дашрамд тэмдэглэхэд манай барьж босгосон барилгатай ижил барилга Архангай аймагт 812 сая төгрөгөөр санхүүжигдсэн нь ийм барилга угаасаа 750 сая төгрөгт яагаад ч багтахгүй байгаагийн тод нотолгоо юм. Ажил гүйцэтгэгчийн хувьд хэмнэж болох бүх зардлыг хэмнэсэн боловч 4 давхар, 1440м2 талбайтай цогц шийдэл бүхий барилгыг барихад 904,500,000 төгрөгөөс хямд барих боломж байгаагүй юм. Нэгэнт л нэмэлт зардлын мөнгийг шийдвэрлэж өгөхийг захиалагчид гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй, ажил гүйцэтгэгч захиалагчийн ажлыг өөрөөсөө нэмэлт хөрөнгө гаргаж ажлыг нь зохио ёсоор чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн нь бодит үнэн тул нэмэлт гарсан зардал 154,500,000 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Төсөвт ажил гүйцэтгэснийхээ төлөө компани хохирох ёсгүй ба иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг тул нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Улсын төсвийн хөрөнгө оруулалт болох дотоод эх үүсвэрээр 2016 онд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 750,000,000 төгрөгийн төсөвтэй Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрыг шинээр барьж гүйцэтгэх ажлыг барилгын компаниудаас үнийн санал авсан ба уг саналын дагуу Зост-Өргөө ХХК нь 750сая төгрөгөөр хийж гүйцэтгэх саналыг ирүүлж сонгогдсон байна. Улмаар Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ыг 2016.04.08-2016.09.30-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж ашиглалтад бүрэн оруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2016.04.08-ны өдөр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Зост-Өргөө ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх албатай №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаартай гэрээг байгуулж, барилгын ажил эхэлжээ. Уг гэрээний 3.1, 3.2-т барилгын нийт үнийг тодорхой зааж өгсөн ба ажил гүйцэтгэгч гэрээнд өөрчлөлт оруулах, ИХ-н 345.2 дахь хэсэгт ... төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч, захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасны дагуу төсвийн нэмэгдлийг захиалагч талд гаргаагүй байна. Ажил гүйцэтгэгчийн хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдэх, байршлаас болж, гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн талаар захиалагч талаас тухай бүр нэмж төсөв шаардах эрх нь нээлттэй байсан. Архангай аймгийн тухайн барилга нь гадна тохижилт, автомашины зогсоол зэргийг яаралтай хийх шаардлага гарсан тул ажил гүйцэтгэгчийн албан ёсны хүсэлтийн дагуу ШШГЕГ-аас нэмэлт санхүүжилт олгосон байна. Мөн Зост-Өргөө ХХК-ийн барьсан барилгатай ижил барилга Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 онд 750 сая төгрөгөөр баригдсан байна. Мөн нэхэмжлэгч ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаар гэрээгээр хүлээсэн Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ыг 2016.09.30-ний өдрийн дотор гүйцэтгэж ашиглалтад бүрэн оруулж, түлхүүр гардуулах хугацааг хэтрүүлж хүлээлгэн өгснийг захиалагч шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг шүүх анхаарна үү. Иймд 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд ИХ-н 343, 344 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид ажил гүйцэтгэсний хөлсийг 750 сая төгрөг бүрэн төлж барагдуулсан ба мөн хуулийн 345.2-т заасан өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 80 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Зост-Өргөө ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 930,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Зост-Өргөө ХХК-иас шинжээчийн зардал 300,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн салбар, үнэлгээчин, мэргэжлийн төсөвчин Ж.Цэдэн-Иш, Л.Пүрэвжаргал нарт олгож хариуцагч шинжээчийн зардалд 2,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсан байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00013 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсгүүдэд зааснаар Зост-Өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 154,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 34,248,773 төгрөгииг гаргуулж, Зост-Өргөө ХХК-д опгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,251,227 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын Нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 930.450 төгрөгийг улсын орлого болгосугай гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 930,450 төгрөгнөөс 329,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогын данснаас 601,256 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 329,194 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зост-Өргөө ХХК-д олгосугай гэж, 3 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 930,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар Зост-Өргөө ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ыг 2016 онд шинээр барьж гүйцэтгэх ажлыг барилгын компаниудаас үнийн санал авсан ба уг саналын дагуу Зост-Өргөө ХХК нь 750,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх саналыг ирүүлж сонгогдсон байна. Ямар ч барилгын компани захиалагчийн тавьсан санал өөрт нь ашиггүй тохиолдолд татгалзах бүрэн эрхтэй ба гэрээний хэрэгжилтийн явцад төсөв нэмэгдэхээр байвал захиалагчид мэдэгдэх үүрэгтэй тухай тус тус хуульд заасан байна. Улмаар талуудын хооронд 2016.04.08-ны өдөр №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаар гэрээг байгуулж, барилгыг 2016.04.08-2016.09.01-ний өдрийн дотор гүйцэтгэж ашиглалтад бүрэн оруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилгын ажил эхэлсэн. Тус гэрээ нь ИХ-н 199-д заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний 3.1, 3.2-т барилгын гүйцэтгэлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр бус нийт үнэ гэж тодорхой зааж өгсөн ба ажил гүйцэтгэгч гэрээнд өөрчлөлт оруулах, ИХ-н 345.2 дэх хэсэгт ...төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч, захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасны дагуу төсвийн нэмэгдлийг захиалагч талд гараагүй байна. Өөрөөр хэлбэл гэрээнд нийт үнэ гэж зааж өгсөн бол гүйцэтгэгч тухайн үнийн дүнд багтааж, тогтоосон хугацаанд доголдолгүй ажил гүйцэтгэж захиалагчид шилжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн гэрээний хэрэгжилтийн явцад төсөв ихээхэн хэмжээгээр хэтрэх тохиолдолд ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь захиалагч энэ тухай мэдсэн даруйд захиалгаа цуцлах, өөрчлөх, нэмэлт санхүүжилт олгох гэх мэт хариу үйлдэл үзүүлэх, гүйцэтгэгчийн хүсэл зоригийг биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэгч гэрээг цуцлах, гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагчаас шаардах эрх үүсдэг. ИХ-н 345.2 дэх хэсэгт төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч, захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж, 350.1.3-н б-д ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон. тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Мэдээлэх үүрэг байгаа л бол ажил гүйцэтгэгч ажлаа зогсоож, захиалагчийн зүгээс гарах саналыг хүлээх ёстой байсан бөгөөд захиалагчийг гэрээнд заасан нийт үнийн дүнг төлж барагдуулсны дараа их хэмжээний хөлс шаардаж, нөхцөл байдлыг тулгаж байгаа нь иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй юм. Түүнчлэн ИХ-н 345.4-т Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй." гэж заасан эрхийг захиалагч хэрэгжүүлсэн. 2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тухайд: Хэргийн оролцогчдын хүсэлтээр анхан шатны шүүх 3 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд 1 дүгнэлт хүчингүй болж, 2 шинжээчийн дүгнэлтүүд харилцан адилгүй гарсан. Хэрэв шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэргийн оролцогчид үзвэл ИХШХШТХ-н 47.1-д ... хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно. гэж заасан бөгөөд талууд дахин шинжээч томилуулах хүсэлт шүүхэд гаргаагуй байна. Иймд шүүх өөр өөр дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүдийн үнэн зөв эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй юм. 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч анх удаа барилгын угсралтын ажил дууссаны дараа буюу 2016.11.11-ний өдөр Завхан аймаг дахь ШШГА-аас 71,2 сая төгрөгийн санхүүжилт шаардаж байсан бөгөөд шүүхэд 154.5 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан, мөн үнэлгээчин Т.Пүрэвжаргал 57.3 сая, үнэлгээчин Л.Оюунзул 34.2 сая төгрөгийн ажил илүү хийсэн гэж өөр өөр дүгнэсэн байна. Энэ нь барилга угсралтын батлагдсан зурагт заасан ажлаас ажил гүйцэтгэгч барилгын ажлын журнал, холбогдох баримт бичгийг хөтлөөгүйгээс Гүйцэтгэгч талын илүү болон дутуу хийсэн ажлуудын үнийн дүнг шинжээчид харилцан адилгүй зөрүүтэй дүгнэсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын угсралтын ямар ажлыг гүйцэтгэсэн, хөрөнгө оруулсан үнийн дүнг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл яг ямар ажилд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх Л.Оюунзулын гаргасан дүгнэлт тооцоо, судалгаанд үндэслэгдсэн, илүү ойлгомжтой гэж дүгнэж нэхэмжлэгчийн 34,248,773 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэр гаргахад шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байгаа бол Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-нд хийгдээгүй, барилгын чанарт нөлөөлж байгаа дутуу ажлыг харгалзан үзэж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүх хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь судалж, бодитой, эргэлзээгүй дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Зост-Өргөө ХХК 2017.01.11-ний өдөр Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 154,500,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байна.

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

1. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөр байдлаар тодорхойлсон байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

а\. Шийдвэр, магадлалаас үзвэл Зост-Өргөө ХХК-ийн нэхэмжилсэн 154,500,000 төгрөгийг анхан шатны шүүх ...ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт... гэж, харин давж заалдах шатны шүүх ...ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэмэлт ажлын зардал ... гэж тодорхойлсон байна.

Өөрөөр хэлвэл, 154,500,000 төгрөгийг анхан шатны шүүх ...ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлс... гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх ... ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй буюу нэмж хийсэн ажлын зардал ... гэж тодорхойлжээ.

б\. Зост-Өргөө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдсэн... байршлаас болж гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн... халуун усны хангамжийг агшин зуур халаагчаар шийдсэн.... наралгааны байр нэмж барьсан.... халаалтын зурагт заагдаагүй зарим нэмэгдэл ажил хийсэн...гадна шилэн кабелийн угсралт хийгдсэн... материал, түүхий эдийн үнэ, тээврийн зардлын хэмжээ нэмэгдсэн... гээд хариуцагчаас 154,500,000 төгрөг шаарджээ. /хх1-н 1-2,125,229/

Нэхэмжлэлийн шууд утгаар ... хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдсэн... байршлаас болж гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн.. материал, түүхий эдийн үнэ, тээврийн үнэ нэмэгдсэн.... гэдэг нь гэрээний үнийн дүнд ороогүй боловч гэрээнд заасан ажлыг хийх явцад гарсан зардал гэж ойлгогдож байна. Харин ...халуун усны хангамжийг агшин зуур халаагчаар шийдсэн.. гэдэг нь гэрээнд заасан ажлыг өөрчилсөн утгатай байна. ... наралгааны байр халаалтын зурагт заагдаагүй байсан зарим ажил хийсэн...гадна шилэн кабель угсарсан.. гэдэг нь гэрээнд заагаагүй ажил хийсэн гэсэн агуулгатай байна.

Дээр дурдсанаас үзвэл, Зост-Өргөө ХХК нь ... гэрээнд заасан зарим ажлыг хийхэд...мөн зарим ажлыг өөрчилж хийхэд нэмэлт зардал гарсан.. буюу өөрийн материалаар гэрээнд заасан зарим ажлыг гүйцэтгэсэн, түүнчлэн гэрээнд заагдаагүй ажил хийсэн... гэсэн үндэслэлээр хариуцагчаас 154,500,000 төгрөг шаардсан байна.

Зост-Өргөө ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан зарим ажлыг мөн гэрээнд заагдаагүй ажлыг гүйцэтгэсэн гэж мөнгө нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх ....нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг хийсэн.. гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх ..нэмэлт ажил хийсэн.. гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцэхгүй байна.

в\. Зост-Өргөө ХХК нь 154,500,000 төгрөгийн задаргааг гаргаж өгөөгүй, зохигч энэ талаар мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-г зөрчинө.

2\. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй, шинжээчээс хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг асууж, тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан нь дутагдалтай болжээ.

а\. Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шүүх шинжээчийг томилно.

Шинжээчийн гаргасан дүгнэлтийг хэрэгт буй бусад баримттай харьцуулан үнэлэх нь шүүхийн ажиллагаа тул эрх зүйн дүгнэлтийг шүүх хийнэ.

Дээр дурдсан үндэслэлээр тусгай мэдлэг шаардагдах асуудлаар шинжээч томилсон захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ.

б\. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч томилсон байх бөгөөд энэ ажиллагааг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19-23 дугаар зүйлийг зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 ны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205/МА2020/00013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Х.ЭРДЭНЭСУВД