Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2022/00021

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 140/ШШ2022/00353 дугаар шийдвэртэй 

Нэхэмжлэгч: ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн *******т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 154,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******ын давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /Улаанбаатар хотоос ZOOM/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ХХК-ийн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компани 2016 онд Завхан аймгийн газрын барилгыг барихаар ажлаа эхэлсэн. Манай компани барилга угсралтын ажлыг 2016 ондоо нэлээн богино хугацаанд өөрийн компанийн боломжит хүчин чадлаа дайчилж уг барилгыг барьж 2016 онд ашиглалтад хүлээлгэж өгсөн. Барилгыг экспертизээр батлагдсан төсөв нь 1 тэр бум 487 сая 235 төгрөг байсан. Манай компани уг барилгыг барьж дуусаад 740 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг авсан. Одоо миний гаргаж байгаа нэхэмжлэл юу вэ? гэхээр манай компани уг барилгыг барьж ашиглалтад оруулахын тулд 904 сая төгрөгийн зардал гаргасан, үүнээс манай компани 740 сая төгрөгийг авсан, одоо 154.000.000 төгрөгийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Энэ мөнгөн дүн бол экспертизээр батлагдсан төсвөөс бага мөнгө гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа. Манай компанийн гаргасан зардал бол бодит зардал. Барилга нь ашиглалтад ороод шаардлага хангаад дотор нь үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас бид нар гарсан зардлаа гүйцээж авахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг маргаан 2016 оноос хойш шүүхээр явж байна. Тухайн үед мөнгөний ханш хэр байсан, одоо ямар байгаа вэ гээд үзэхээр манай компанийн зүгээс хохирол маш их амсаж байгаа. Бид энэ зардлаа нөхөхийн тулд арилжааны банкнаас зээл авсан, одоо ч тэр зээлээ төлж дуусаагүй төлөөд явж байна. Энэ хэрэг маргаан дээр шинжээч томилоход арилжааны банкнаас авсан зээлийн талаарх баримтаа гаргаж өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Би батлагдсан төсөв болох 1.4 тэр бум төгрөгийг надад өгөөч гэж огт хэлээгүй. 1.4 тэр бум төгрөг чинь тэр чигтээ байгаа, тэр дотроо 904.000.000 төгрөг болчихлоо шүү, түүнээс 154.000.00 төгрөгийг олгоод манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцээд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэгд: нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа *******ны барилгыг 2016 оны 9 дүгээр сард хүлээлгэж өгсөн гэж дурдсан байна. ******* нь Зост Өргөө ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т 4 давхар барилга угсралтын ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр эхэлж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэж заасан. Гэвч уг барилыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 34/2016 дугаар бүхий актаар манай байгууллага хүлээн авсан. Гэрээнд зааснаар барилгыг хүлээлгэж өгөх хугацаа хэтэрсэн талаар манай талаас дурдаагүй байна. Барилга хүлээлгэж өгсөн комиссын актаас харахад нэхэмжлэгч тал уг барилгыг хүлээлгэж өгсөн хугацааг худал мэдүүлсэн байна гэж үзэж байна.

Хоёрт: Нэхэмжлэгч тал барилгын ажил гүйцэтгэх үед хөрсний бүтцээс шалтгаалж барилгын шугамын суурин гүний хэмжээ нэмэгдэх байршлаас болж гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн, халуун усны хангамжийн агшин суур халаагчийг шийдсэн, нарлагааны байр нэмж барьсан, халаалт зурагт заагдаагүй гэх мэт нийт төлөвлөх боломжгүй байдлаас гэрээнд заасан үнийн дүн нэмэгдэж манай компани бусдаас мөнгө болон бараа материал зээлж 154.500.000 төгрөгийн нэмэлт хөрөнгө гаргаж уг барилгыг дуусгасан гэсэнтэй холбогдуулж хариуцагч тал нэхэмжлэгч талтай уг барилгыг барилга байгууламж цэвэр ус хангамж, дулаан түүний нэгдсэн шугам сүлжээ холболт буюу ерөнхийдөө түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тус гэрээг байгуулсан. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ талаараа захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалт, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т дараах тохиолдолд захиалагч нэн даруй мэдэгдэнэ: ажлын үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл бий болсон гэж заасан үндэслэлийн дагуу захиалагч талд төсвийн нэмэгдлийн талаар нэн даруй нэмэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, нэхэмжлэгч тал ямарваа нэгэн нөхцөл байдал бий болсон бол тар талаараа захиалагч талд мэдээлж ажил гүйцэтгэгч ажлаа зогсоож захиалагч талаас гарах саналыг хүлээх ёстой байсан боловч ийм зүйл огт болоогүй бөгөөд захиалагч тал гэрээнд заасан нийт үнийн дүнг төлж барагдуулсны дараа мөнгө нэхэмжилж байгаа нь иргэний эрх зүйн зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Гуравт: Нэхэмжлэгч тал газрын эрх бүхий албан тушаалтан гэрээний үнийн дүн дээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийг барилгын ажлын явцад шийдвэрлэж өгөхөөр амласан гэдгийг тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан албаны дарга, нягтлан бодогч нар надад ярьж тайлбарласан гэжээ. Нэмэлт хөрөнгө гаргах талаар ямар нэгэн баримт бичиг болон уулзалтын тэмдэглэл, нотлох баримт байхгүй. Мөн ерөнхий газраас нэмэлт хөрөнгийн талаар ямар нэгэн албанд өгөөгүй байдаг. Энэ талаар огт ярилцаж байгаагүй.

Дөрөвт: Зост Өргөө ХХК нь нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор цагдан хорих байрны барилгыг 750.000.000 төгрөгийн гэрээгээр барихаар тохиролцсон. Дээрх зардлаас хэт доогуур байснаас гадна барилгын ажлыг гүйцэтгэх явцад барилгын зурагт тусгагдаагүй ажил гарч ирснээр хийж гүйцэтгэх зардал хэмнэгдсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарласан байна. Гэвч гэрээний 1.4-т гүйцэтгэгч захиалагчийн даалгаврын дагуу өөрийн материалаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилгыг хугацаанд нь хийж гүйцэтгээд захиалагчийн эзэмшилд шилжүүлнэ. Мөн гэрээний 3.1-т захиалагч нь нэг цонхны үйлчилгээ бүхий контор цагдан хорих байр гэх гэрээнд заасан ажлыг 750.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн саналыг хүлээн зөвшөөрөв гэж гэрээн дээр тодорхой заасан байна. гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж заасан байна. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1 дэх заалтаар гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулж хоёр тал гарын үсэг зурж тус гэрээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр болсон.

Тавд: Нэхэмжлэгч талын гаргасан зардлыг гэрээний үнийн дүн дээр нэмж тооцоход 750.000.000 төгрөг дээр нэмэх нь 154.500.000 төгрөг нийт 904.500.000 төгрөг буюу дээр хэлсэн зайлшгүй гарсан 4 төрлийн зардлаас 23.975.426 төгрөгийн бага зардлаар хийж гүйцэтгэсэн гэсэн байна. Архангай аймагт 812.000.000 төгрөгөөр санхүүжүүлэгдсэн ийм барилга анхнаасаа 750.000.000 төгрөгөөр барих боломжгүй нотолгоо гэсэн байна. Нэхэмжлэгч тал буюу Зост Өргөө ХХК нь гэрээний 3.1-т заасан *******наас ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээний үнийн саналыг хүлээн зөвшөөрч иргэний хуулийн хүрээнд байгуулсан гэрээгээ өөрсдөө үгүйсгэж байгаа нь байж боломжгүй зүйл гэж үзэж байна. Анхнаасаа хариуцагч талаас гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол барилгын ажлыг эхлүүлэхгүй буюу гэрээ байгуулахгүй байх боломж байсан.

Зургаад: Төсөвт ажил гүйцэтгэснийхээ төлөө компани хохирох ёсгүй ба иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Гэвч гэрээний 3.1-т гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж заасан. Энэхүү ажлын гүйцэтгэл нь өөрөө гэрээнд заасан үнийн дүнгээр тодорхойлогдохоор гэрээнд маш нарын тусгагдсан байна. Иймд хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тус гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйл, гэрээний 3.1 дэх заалт заасны дагуу нэхэмжлэгч талд ажил гүйцэтгэсний хөлс буюу 750.000.000 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлж барагдуулсан байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлд заасан өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын угсралтын ямар ажил гүйцэтгэсэн, хөрөнгө оруулсан үнийн дүнг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн ажилд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхой бус байдаг. Түүнчлэн 3 шатны шүүх хуралдааны шийдвэрүүдийг харахад хамгийн эхний шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн байдаг. Дараа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо үнийн зөрүүтэй байдаг. Энэ байдлуудаас харахад нэхэмжлэгч тал нь анхнаасаа өөрсдийн компаниас гараагүй зардлын төлөө шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн, дараа дараагийн шинжээчийн дүгнэлтийг харахад харьцангуй адилгүй байгааг харахад тухайн ажил бодит биш байна гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон нэмэлт гарсан зардалд 35.219.087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зост-өргөө ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 119.281.000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 930.450 төгрөгөөс 334045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогын данснаас 596405 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 334045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зост-өргөө ХХК-д олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ХХК-аас Завхан аймгийн -нд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 29 тоот албан бичгээр 71.2 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт хүссэн албан бичиг хургуулж байсан, Завхан аймаг дахь нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/955 тоот албан бичгээр Ерөнхий газрын санхүү хангамжийн газрын дарга, д барилгын нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтийг хүргүүлж байжээ"

Дээрх албан бичгүүдээс харахад ажил гүйцэтгэгч тал төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагч талд мэдэгдэж байсан байна гэж үзэв шүүгч дүгнэжээ.

Шүүгч Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй", 350 дугаар зүйлийн 350.1.3-т дараах тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэж ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон. гэж заасан хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

Шүүгч нэхэмжлэгч тал болох төсвийн нэмэгдлийн талаар мэдэгдсэн хугацааг нарийвчлан авч үзээгүй бөгөөд гэрээнд заасан *******ны барилгыг Завхан аймгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 34/2016 дугаар бүхий актаар манай байгууллага хүлээн авсан ба хүсэлтийг тус барилгыг хүлээн авахаас 14 хоногийн өмнө гаргасныг шүүх мэдэгдсэн гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгтэй нийцэхгүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухай үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө" гэж заасан.

Завхан аймгийн албаны Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ны барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв болон хийгдсэн нэмэлт ажлын талаар талууд зөрүүтэй тайлбарлаж, тайлбараа нотолж чадахгүй байх тул, шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зүйтэй гэж үзжээ.

Шүүгч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсгийг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тухайн хуулийн зохицуулалт нь хоёр талыг ажил гүйцэтгэсэн хөлсийг тохиролцоогүй тохиолдолд баримтлах зохицуулалт байна.

Гэвч Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрны барилгын ажлыг 750.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хоёр тал харилцан тохиролцож гэрээг байгуулсан байдаг.

Түүнчлэн барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв болон хийгдсэн нэмэлт ажлын талаар талууд зөрүүтэй тайлбарлаж, тайлбараа нотолж чадахгүй байх тул, шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зүйтэй гэж байгаа нь мөн адил үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг барилгын нийт өртгийг тодруулахаар гаргасан талуудын хүсэлтүүдийг шүүх 4 удаа шинжээч томилоход 4 өөр үнэлгээ гарсан байдаг. Эхнийх нь 57.361.282, 2 дахь нь 34.248.773, 3 дахь нь 35.219.087 1 шинжээчийн тогтоолыг хуурамчаар үйлдсэн тул шуух тус тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрөө барилгын өртгийг нийт төсвөөс 154.500.000 мянган төгрөгөөр илүү өртгөөр барьсан гэж үздэг.

Дээрх шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгч талын гаргасан үнийн дүнгүүд хоорондоо харилцан адилгүй болон зөрүүтэй байдал нь тухайн нэхэмжлэгч талын илүү хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг үндэслэлгүйг нотолж байна гэж үзэж байна.

Иймд Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 140/ШШ2022ЮOЗ5З дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон нэмэлт гарсан зардалд 35.219.087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 119.281.000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай", 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 930.450 төгрөгөөс 334045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогын данснаас 596405 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 334045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зост-өргөө ХХК-д олгосугай гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 140/ШШ2022/00353 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргасан байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ХХК-аас Завхан аймгийн -нд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 29 тоот албан бичгээр 71.2 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт хүссэн албан бичиг хүргүүлж байсан, Завхан аймаг дахь нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/955 тоот албан бичгээр Ерөнхий газрын санхүү хангамжийн газрын дарга, д барилгын нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтийг хүргүүлж байжээ" Дээрх албан бичгүүдээс харахад ажил гүйцэтгэгч тал төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагч талд мэдэгдэж байсан байна гэж үзэв шүүгч дүгнэжээ. Шүүгч Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй", Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т дараах тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэж ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон. гэж заасан хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүгч нэхэмжлэгч тал болох төсвийн нэмэгдлийн талаар мэдэгдсэн хугацааг нарийвчлан авч үзээгүй бөгөөд гэрээнд заасан *******ны барилгыг Завхан аймгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 34/2016 дугаар бүхий актаар манай байгууллага хүлээн авсан ба хүсэлтийг тус барилгыг хүлээн авахаас 14 хоногийн өмнө гаргасныг шүүх мэдэгдсэн гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгтэй нийцэхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө" гэж заасан. Завхан аймгийн албаны Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ны барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв болон хийгдсэн нэмэлт ажлын талаар талууд зөрүүтэй тайлбарлаж, тайлбараа нотолж чадахгүй байх тул, шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зүйтэй гэж үзжээ. Шүүгч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсгийг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тухайн хуулийн зохицуулалт нь хоёр талыг ажил гүйцэтгэсэн хөлсийг тохиролцоогүй тохиолдолд баримтлах зохицуулалт байна. Гэвч Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрны барилгын ажлыг 750.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хоёр тал харилцан тохиролцож гэрээг байгуулсан байдаг. Түүнчлэн барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв болон хийгдсэн нэмэлт ажлын талаар талууд зөрүүтэй тайлбарлаж, тайлбараа нотолж чадахгүй байх тул, шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зүйтэй гэж байгаа нь мөн адил үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг барилгын нийт өртгийг тодруулахаар гаргасан талуудын хүсэлтүүдийг шүүх 4 удаа шинжээч томилоход 4 өөр үнэлгээ гарсан байдаг. Эхнийх нь 57.361.282, 2 дахь нь 34.248.773, 3 дахь нь 35.219.087 төгрөг гэх мэтчилэн дээрх шинжээчдийн дүгнэлт болон нэхэмжлэгч талын гаргасан үнийн дүнгүүд хоорондоо харилцан адилгүй болон зөрүүтэй байдал нь тухайн нэхэмжлэгч талын илүү хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг үндэслэлгүйг нотолж байна гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон нэмэлт гарсан зардалд 35.219.087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 119.281.000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай", 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 930.450 төгрөгөөс 334.045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогын данснаас 596.405 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 334045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зост-өргөө ХХК-д олгосугай гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ маргаан нь цэвэр гэрээтэй холбоотой маргаан юм. Анх 2016 онд тухайн байгууллагын албан барилгыг барихдаа ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд 750.0 сая төгрөгийн төсөвтэй шүү үүнийг зөвшөөрч байвал ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя гэж байгаад гэрээ байгуулсан юм. Өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад гэрээ байгуулсан асуудал нь ямар ч утга учиргүй юм шиг харагдаад байна. Яах гэж гэрээ байгуулсан бэ? гэхээр. Нийт барилгынхаа төсөв, ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг тогтсон зүйл юм. Манай байгууллагын зүгээс ХХК-тай байгуулсан гэрээг бүрэн биелүүлсэн байгаа. Харин нөгөө талаас нэмэлт асуудлуудыг ярьж мөнгө нэхэмжилдэг. Тэгээд энэ нэмэлт зүйлсээ нотлох баримтаар нотлоод өгөөч гэдэг шаардлагыг тавихаар нотолж чаддаггүй. Анхан шатны шүүх яагаад тус байгууллагаас 35.0 сая төгрөг гаргаж байгааг шинжээчийн дүгнэлтийг баримтлан шийдвэрлэсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтийг дараах байдлаар манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Үүнд: Шинжээч нь дүгнэлт гаргахдаа ямар ч үндэслэлгүй дүгнэлт гаргасан бөгөөд тухайн байгууллагын гражын паднусын чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотой нэмэлт зардал гэсэн байдаг.

Яг бодит байдал дээр хэдэн ширхэг блок, цемент орсон бэ гэдгийг тогтоож чадаагүй байгаа. Мөн ажиллах хүчний талаар нэмээд оруулчихсан байдаг. 1.400.000.000 төгрөгийн үнэлгээтэй барилгын нормоор дүгнэлтүүдээ гаргачихсан байдал нь ямар ч үндэслэлгүй юм. Ажиллах хүчний асуудал нь бид нарын гэрээгээр хоорондоо тохиролцсон асуудал байгаа. Анх 750.0 сая төгрөгийн барилга барихдаа манай талаас тухайн барилга дээр ялтнуудыг ажиллуулахаар тохиролцсон бөгөөд 20-оос 24 ширхэг ялтан тогтмол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллахаар тохиролцож барилгыг барих гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд Ховд аймгаас тоосго татсан гэсэн зүйл байгаа. Гэтэл тухайн тоосгоо хаанаас авах нь ажил гүйцэтгэгч байгууллагын шийдэх асуудал харин манайх бол 750.0 сая төгрөгийн гэрээг л байгуулсан болохоос биш хаанаас тоосго авах нь хамаагүй зүйл юм. Мөн 5 ширхэг агшин зуурын халаагчийг нэмэлтээр суурилуулсан гэж 5.0 сая гаруй төгрөгийн зардлыг оруулаад байдаг. Гэтэл тухайн агшин зуурын халаагч нь зах зээлийн үнэлгээгээр 1 ширхэг нь 300.000 төгрөг хүрэхтэй үгүйтэй л байдаг. Тухайн агшин зуурын халаагч нь барилга ашиглалтад ороод 1 сар болоод л бүгд эвдэрчихсэн байгаа. Энэ мэтчилэн үндэслэлгүй зүйлсийг нэхэмжлээд байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагаас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Барилга баригдаж байх явцад төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдэгдээгүй, улсын комисс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тухайн барилгыг хүлээн авсан. Энэ өдрөөс 14 хоногийн өмнө албан бичиг ирсэн гэх зүйлийг яриад байх шиг байна. Нэхэмжлэгчийн тайлбараар анхнаасаа хэргийн материалд энэ талаар тайлбарлаад явсан байгаа. Анх гэрээг байгуулсан нөхцөл бол ШШГЕГ-аас 1.400.000.000 төгрөгийн үнэтэй барилга баригдах зураг, төсөв хийлгэсэн бөгөөд яг барилгаа барихдаа 750.0 сая төгрөгт багтааж барина, энэнд багтааж барих барилгын компанийг ол гэсэн үүргийг *******нд ирүүлсэн байдаг. Ингээд ******* нь хэд хэдэн барилгын компанид санал тавиад тухайн өртгөөр нь барих компани олдоогүй. Ингээд шууд Н.*******т санал тавьсан бөгөөд энэ санхүүжилт дээр нэмэлт санхүүжилт олгож болно гэх байдлаар тохиролцож энэ гэрээг 750.0 сая төгрөгөөр хийхээр болж барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Ингээд ажлаа эхэлсэн чинь барилгын зураг төсөв нь Завхан аймгийн нутаг дэвсгэрт суурилсан зураг төсөл биш бөгөөд тухайн барилгын доод хөрс нь хиймэл хөрс байсан тул доош нь нэмж ухах болсон тул төсөв нь нэмэгдэхээр байна гэдгийг талууд ярилцаж тохиролцсон талаар тайлбарладаг. Мөн гражын паднус буюу гражын хашлагыг хийх болтол зураг төсөв нь Хөвсгөл аймгийн ШШГГ албанд зориулж зурсан зураг болохоор Завхан аймагт тохироогүй. Барилгаа барих газрын гражын паднусыг барих гэтэл уулын үер, ус орж ирэхээр чиглэлд таарахаар байсан тул ажил гүйцэтгэгч талаас энэ зураг төсвөөрөө хийх юм бол үерийн ус гражд орж ирэх тул өөрчлөх шаардлагатай байна гэдэг саналаа гаргасан бөгөөд захиалагч тал түүнийг нь хүлээн зөвшөөрч гражын паднусын хэмжээг өөрчилсөн. Паднусын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой нэмэлт зардал гарч байгааг мөн хоорондоо тохиролцоод хийсэн байдаг. Тоосгыг Хөвсгөл аймагт 8 км газраас авна гэж барилгын зурагт үндэслэж төсөвт тусгасан байдаг. Гэтэл Завхан аймагт тус барилгыг авч ирж барих гэтэл 8 км газраас тоосго татах ямар ч боломжгүй болсон бөгөөд энэ талаар хэлэхэд нэмж санхүүжилт өгнө гэж хэлсэн байдаг. Мөн агшин зуурын халаагч, нарлагааны асуудлууд нь зурагт тусгагдаагүй байсан бөгөөд энэ ажлыг хийх шаардлагатай гэдгийг ШШГГ албаны чиг үүрэг, мэргэжлийн талаар гүйцэтгэгч талаас бол мэдлэггүй бөгөөд энэ саналыг захиалагч сүүлд өөрөө тавьсан гэж тайлбарладаг. Тэгээд ШШГЕГ-ын хөрөнгө оруулалтын дарга болох гэх хүнтэй уулзахад барилга дууссаны дараа нэмэлт санхүүжилтийг чинь шийдвэрлэх боломжгүй юм байна гэдэг хариуг өгөөд энэний дагуу шүүхэд хандсан гэх зүйлийг ярьдаг. Тэгэхээр мэдэгдсэн асуудал барилгыг барихаас өмнө гэрээ байгуулах явцад талууд тохиролцож байсан нөхцөл байдал байгаа. Гэтэл энэ барилгат гүйцэтгэгч талаас нэмэлт санхүүжилт орж ирнэ гэсэн итгэлээр өөрийн хөрөнгийг гаргаж барилгын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд энэ барилгат Завхан аймгийн алба өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн атлаа тэнд бодитой шингэсэн хөрөнгийг гаргаж өгөхгүй гээд байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 345.2 дахь хэсгийг үндэслэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Үүн дээр гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухайгаа захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Төсвийн хэмжээг барилгын зураг төслийг хийдэг компани зохиосон. 1 тэрбум 400 гаруй сая төгрөгөөр зохиосон бөгөөд үүнийг нь барилгын экспертүүд хүлээн зөвшөөрч энэ төсвөөр барилга барих зөвшөөрөл олгосон байгаа. Гүйцэтгэгч тал бол 2017 оны 01 дүгээр сард Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үеэсээ илүү зардал гарсан гэдгээ өөрийнхөө хэмжээнд нотлох баримтаа бүрдүүлж ирсэн байгаа. Өнөөдөр бол хариуцагч талаас ямар ч нотлох баримт байхгүй гэдэг тайлбарыг хэлээд байгаа нь хэтэрхий цаг хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийн нас өндөр болсонтой холбоотой мартаж, санах зүйл байгааг нь ашиглах гээд байна уу? гэсэн зүйл анзаарагдаж байна. Нэхэмжлэгч зураг нь бэлэн, төсөв нь бэлэн бол гэрээ байгуулна гэсэн байгаа. Гэтэл хариуцагч талаас нэмэлт санхүүжилт өгнө гэсэн хүсэлтийг нь үндэслэж нэхэмжлэгч маань гэрээ байгуулсан зүйл яригддаг. Мөн энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт 4 удаа гарсан байдаг. 1 шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр гаргасан шинжээч нь өөрөө буруугаа хүлээж энэ талаар шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Бусад шинжээчийн дүгнэлтийг аль ч тал хуульд нийцэхгүй, бодит байдалд нийцэхгүй байна гэж маргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэг нь 7 дахь жилдээ үргэлжилж байна. Шүүхэд хохирсон хүн гомдол гаргаад хохирсон хүний эсрэг ямар олон толгой эргэсэн хууль байдаг юм бэ? Хариуцагч талын яриад байгаа зүйлийг 7 жил сонслоо энэ олон хавтаст хэргийн материал дотор энэ ярьж байгаа зүйл л байгаа болохоос биш би өөр зүйл байхгүй байгаа гэж бодож байна. Санхүүгийн баримт гаргаад ир гэхээр гаргаж ирэхгүй байна гэсэн зүйл яриад байна. Хэн нь намайг гаргаад ир гэж хэлж, нэхсэн юм бэ? би одоо л сонсож байна. Санхүүгийн баримт гаргаад ир гэхээр гаргаж ирэхгүй байгаа зүйл байхгүй бөгөөд өмнө нь ийм хүсэлтийг огт гаргаж байгаагүй. Төрийн байгууллага нь ингэж надаар тохуурхаж намайг хохироож байгаад гомдолтой байна. Миний хувьд хохирсон минь үнэн бөгөөд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж авна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Зост Өргөө ХХК нь хариуцагч Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэхэд нэмэлт зардал гарсан, мөн гэрээнд заагдаагүй нэмэлт ажлын хөлс нийт 154.500.000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...барилгын зургийг барилга барих газар дээр нь тохируулан зурж уг зургийн дагуу барих ёстой байдаг. Гэтэл уг барилгын зургийг барилга барих газарт нь тохируулан зураагүйгээс /Хөвсгөл аймгийн газрын барилгын зургаар бариулсан/ хөрсний бүтцээс шалтгаалан шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гарсан зардал 9.856.184 төгрөг,

Мөн Хөвсгөл аймгийн ШШГГ-ын барилгын ханын тоосгыг 8 км зайнаас тээвэрлэхээр зураг төсөвт заасан байна. Гэтэл Завхан аймаг Ховд аймгаас буюу 600км газраас татаж байсан учир төсөвт заасан тээврийн зардлаас 126.567.786 төгрөгийн нэмэлт зардал гарсан,

Граж, зоорийн давхрын гаднах паднусыг зурагт зааснаар хийх боломжгүй уулын ус орж ирэх аюултай байснаас паднусын чиглэл хэмжээг өөрчилсөнтэй холбоотойгоор төсөвт зааснаас 5.306.403 төгрөгийн илүү зардал гарсан,

Завхан аймгийн газрын хүсэлтээр цэвэр усгүйн улмаас халуун усны хангамжийг агшин зуурын халаагчаар шийдсэн, халаагч хэрэглэлийн тоог нэмж суурилуулсны зардал 6.028.105 төгрөг,

Нарлагаа салхилгааны байр барьж өгсний зардалд 6.742.522 төгрөг, Завхан аймгийн ШШГГ-ын барилгын экспертизээр батлагдсан төсөв 1.487.238.848 төгрөг бөгөөд манай компани өмнө нь авсан санхүүжилт 750.000.000 төгрөг үүн дээр нэмж аваагүй байгаа үлдэгдэл 154.500.000 төгрөгийн зардлыг нэмээд 904.500.000 төгрөгөөр барьж гүйцэтгэсэн. Манайх бага зардлаар чанарын шаардлага хангасан ажлыг хийж гүйцэтгэсэн байтал Завхан аймгийн ШШГГ нь 154.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний биелэлттэй холбоотой 147.757.478 төгрөг, барилгын зурагт заагдаагүй нэмэлтээр хийсэн ажлын зардал 12.770.027 төгрөг, нийт 154.500.000 төгрөгийг гаргуулж өгөхийг шаардаж байна.

Хариуцагч Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...нэмэлт хөрөнгө гаргах талаар ямар нэгэн баримт бичиг болон уулзалтын тэмдэглэл, нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээний 3.1 дэх заалтаар гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрч хоёр тал гарын үсэг зурж тус гэрээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр болсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч талд ажил гүйцэтгэсний хөлс 750.000.000 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлж барагдуулсан. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлд заасан өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.. гэж тус тус тайлбарлажээ.

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Завхан *******тай 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Завхан аймгийн багийн нутагт албаны 1440 мкв талбайтай нэг цонхны үйлчилгээ бүхий албаны контор, цагдан хорих байрны барилга угсралтын ажлыг /барилга байгууламж, цахилгаан холбоо, цэвэр бохир усан хангамж, дулаан түүний нэгдсэн шугам сүлжээ, холболт/түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 750.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу ажлын хөлсөнд 750.000.000 төгрөгийг шилжүүлсэн, барилга байгууламжийг 2016 оны 11-р сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

Талууд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй байна.

Харин барилгын ажлыг гэрээнд зааснаар гүйцэтгэхэд 750.000.000 төгрөгөөс илүү нэмэлт зардал гарсан, гэрээгээр тохироогүй ажил гүйцэтгэсний хөлсний талаар маргаантай байна.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий барилгын ажлыг гүйцэтгэхэд ажил гүйцэтгэгчээс нэмэлт зардал гарсан болох нь тогтоогдсон байна.

Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд 1 ...барилга барих шугаман суурийн ажил нь батлагдсан зураг төсвийн дагуу хийгдсэн, нэмэгдэл хөдөлмөр зарцуулалт болон материалын зардал гараагүй,

2. граж зоорийн гаднаас орох паднусын ханыг барилгын зурагт зааснаар хийх боломжгүй байсан,

3. ...паднусын ханын чиглэл, хэмжээ өөрчилсөнтэй холбоотой 6.652.329 төгрөгний нэмэлт зардал гарсан...,

4. ... хүмүүжигчдийн нарлагаа, салхижуулалтын байр нь барилгын ажлын зурагт төсөвт тусгагдаагүй байна.

5. Хүмүүжигчдийн нарлагаа, салхижуулалтын байр нь барилгын ажлын зурагт төсөвт тусгагдаагүй тул ... Төсөвт нэмэлт зардал 7.593.733 төгрөг гарсан,

6. ...барилгын хэрэглээний халуун усыг эзлэхүүний болон агшин зуурын халаагч тавьж шийдэх боломжтой

7. Хэрэглээний халуун усны халаах технологийн шийдлийг зураг, төсөвт тусгаагүй учир халуун усны хангамжийг агшин зуурын халаагчаар болон халагчийн хэрэгслийн тоог нэмж суурилуулахад гарсан нэмэгдэл зардал 5.262.423 төгрөг байна.

8. ...тоосгыг төсөвт тусгагдсаны дагуу 8 км-ээс тээвэрлэх боломжгүй байсан

9. ...төсөвт зааснаар 8 км-ийн зайнаас тээвэрлэсэн, нэг ширхэг тоосгоны үнийг 400 төгрөгөөр тооцож төсөв хийсэн ба бодит байдал дээр хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэг ширхэг тоосгоны үнийг 450 төгрөгөөр тооцож тээврийн хөлс шингээсэн дүнгээр авсан байна. Нэмэгдсэн зардлын дүн 15.710.602 төрөг байна гэжээ.

Шинжээчийн дээрх дүгнэлтээс харахад граж зоорийн гаднаас орох паднусын ханыг барилгын зурагт зааснаар хийх боломжгүй байсан, паднусын ханын чиглэл, хэмжээ өөрчилсөнтэй холбоотой 6.652.329 төгрөгийн нэмэлт зардал гарсан, мөн төсөвт зааснаар 8 км-ийн зайнаас тээвэрлэсэн, нэг ширхэг тоосгоны үнийг 400 төгрөгөөр тооцож төсөв хийсэн ба бодит байдал дээр хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэг ширхэг тоосгоны үнийг 450 төгрөгөөр тооцож тээврийн хөлс шингээсэн дүнгээр авснаас байна. нэмэгдсэн зардлын дүн 15.710.602 төрөг, гэрээнд тусгагдсан нь ажлыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй зардал гэж үзэхээр байна.

Харин хүмүүжигчдийн нарлагаа, салхижуулалтын байр барих, хэрэглээний халуун усны халаах технологийн шийдэл зэргийг зураг, төсөвт тусгаагүй, гэрээнд тусгагдаагүй байх ба ажил гүйцэтгэгч өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Хүмүүжигчдийн нарлагаа, салхижуулалтын байр барих зардалд 7.593.733 төгрөг, халуун усны хангамжийг агшин зуурын халаагчаар болон халагчийн хэрэгслийн тоог нэмж суурилуулахад гарсан нэмэгдэл зардал 5.262.423 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гарсан дүгнэлтийг илүү бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэн зөв баримт гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр барилгыг газар дээр үзэж нягталсан, тооцоо судалгаанд үндэслэгдсэн, шүүгч нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн асуусан асуултад илүү ойлгомжтой дэлгэрэнгүй хариулт өгсөн, өмнө нь хэрэгт авагдсан Д.Оюунзул шинжээчийн дүгнэлттэй ойролцоо байх тул үнэн зөв бодитой гэж үзэхээр байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг баримтаар няцааж чадаагүй, Өөрөөр хэлбэл, нэмэлт зардал гарсан болон нэмэлт ажлын хөлс төлөх боломжгүй гэдгээ нотлох баримтад үндэслэн тайлбарлаагүй байна.

Зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад ажил гүйцэтгэгч нь ажлыг захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байхаар байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч нь энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байхаар зохицуулсан.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, баримтаас харахад ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэхэд гэрээгээр тохирсон ажлын хөлс, зардал нэмэгдэхээр байгааг гэрээний хугацаанд захиалагчид амаар болон 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр мэдэгдсэн. Нэмэлтээр ажил гүйцэтгэхийг харилцан тохиролцсон талаар маргаагүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд гүйцэтгэхээр тохиролцсон ажил нь бодит байдал дээр гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс өөр байж болох ба энэ нь урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал, саад бэрхшээлээс болж гүйцэтгэх ажлын хэмжээ, түүнд тохирсон зардал хөлс өөрчлөгдөж болдог онцлогтой.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч нь гэрээний зорилгыг хангахын тулд зайлшгүй нэмэлт зардал гаргасан, өөр ажил нэмж гүйцэтгэхээр байгаа тохиолдолд захиалагчид мэдэгдсэн тохиолдолд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасан ажлын хөлс шаардах нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлээр ажил гүйцэтгэгчид гэрээний хөлс төлөхийг зохицуулсан байх бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцож болохоор заасан байна. Мөн 2 дахь хэсэгт хөлсийг тохироогүй тохиолдолд түүнийг хэрхэн тооцоолж болохыг зохицуулсан байна.

Маргааны нөхцөл байдлаас харахад талууд хүмүүжигчдийн нарлагаа, салхижуулалтын байр барих, хэрэглээний халуун усны халаах технологийн шийдэл зэрэг зураг, төсөвт тусгаагүй, гэрээнд тусгагдаагүй ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцохдоо ажлын хөлсийг тохироогүй байна.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь зохицуулалтаас харахад харахад ажлын хөлс гэдэг ойлголтод / материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс бусад зардлыг / тооцож тохиролцож болохоор байна.

Иймд нэмэлт ажлын хөлсийг талууд тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал, зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасныг үндэслэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэмэлт ажлын хөлс, нэмэлт зардлыг 35.219.087 төгрөгийг Завхан аймаг дахь газраас гаргуулж, Зост Өргөө ХХК-нд олгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шинжээчийн зардлыг хуульд зааснаар нөхөн төлүүлээгүй орхигдуулсан тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч хуваарилан хариуцуулан шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 140/ШШ2022/00353 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зост Өргөө ХХК-аас шинжээчийн зардалд 2.223.360 төгрөг, хариуцагч Завхан аймаг дахь газраас шинжээчийн зардалд 656.640 төгрөг гаргуулж, шинжээч Г., Х., Ц. нарт олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР