Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.М, Э.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                              Ц.М

               Шүүгдэгч                               М.М /онлайнаар/

               Шүүгдэгчийн өмгөөлөгч    Д.О,

           Л.С, Б.Б /онлайнаар/

               Хохирогч                               С.Г

Нарийн бичгийн дарга     Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолтой М.М, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Д.О, Л.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт М-н М.

Монгол Улсын иргэн, Б овогт Э-н Б.

М.М, Э.Б нар нь бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Т-т жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-ны бүртгэлд оруулалгүй, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарган явуулж, бусдад давуу байдал олгосон,

М.М нь  аймаг дахь Цагдаагийн газарт   ажиллаж байхдаа У хот Б дүүргийн Цагдаагийн  хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “А” санд  дугаарт бүртгэгдэн эрэн сурвалжлалт зарласан цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Т-т нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлээд Замын хөдөлгөөний дүрэм, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/-аар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт М-н М, Б овогт Э-н Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт М-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч албан үүргээ биелүүлэхгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, М.М нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасч, 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 360 хоногийн хорих ялаар тооцон мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хугацаагаар хасч, 1 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 1 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.Г нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:

 

“ ... Шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар.мөн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон бөгөөд М.М нь саатуулагдсан тээврийн хэрэгслийг бүртгэлд оруулалгүй найзынхаа гуйлтаар буцаагаад гаргаад өгсөн нь буруу гэж өөрөө хүлээн зөвшөөрдөг боловч өмгөөлөгчийн хувьд энэ асуудлыг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй, харин сахилгын шийтгэл хүлээж албанаас халсан гэж үзэж шийтгэл давхардсан. Уг тээврийн хэрэгслийг Б журмын хашаанаас өөрөө жолоодож гараад Г гэдэг хүнд өгөөд Г нь Т-д, Т-с А гэсэн дарааллаар дамжиж явсаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А осол гаргаж бусдын амь нас хохироосон хэрэг гарсан байдаг. М.Мийг чухам хэнд давуу байдал олгосон гэдгийг нарийн тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан ....бусдад давуу байдал олгох гэдэг нь ерөнхий заалт бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэнд давуу байдал олгосныг тогтоох ёстой.

Осол гаргасан А-г М.М нь танихгүй, түүнийг осол гаргана гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй юм. Энэ хүнд давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй гэж үздэг. Харин цагдаагийн алба хаагчийн хувьд холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн байх бөгөөд энэ асуудлаар сахилгын шийтгэл хүлээсэн гэж үздэг. Энэ талаар өмгөөлөгч хууль дүрэм журмын хэрэглээний талаарх үзэл баримтлалыг илэрхийлж байна.

Харин Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг М.М үйлдээгүй. Ийм гэмт хэрэг гараагүй. Хууль сахиулагч М.М нь жолооны эрхийн үнэмлэхгүй мөртлөө тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т-г шалгаад тээврийн хэрэгслийг журамласан. Дараа нь Б-н гуйлтаар журмын хашаанаас гаргахыг зөвшөөрсөн үйлдэл гаргасан. Цагдаагийн болон бусад холбогдох дүрэм журмыг санаатай зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж шүүх гэм буруутайд тооцчихоод энэ үйлдлийг яагаад хайнга хандсан гэсэн эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хохирогч хүүхэд А гэдэг хүний болгоомжгүй үйлдлийн улмаас буюу ослын улмаас амь насаа алдсан байхад яагаад М.М үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас хохирсон гэж үзэж байгаа юм бэ. Энэ 2 үйлдлийн хооронд ямар шалтгаант холбоо байгааг шүүгч шийтгэх тогтоолдоо дурдаагүй байна. М.М албаны үүргээ биелүүлээгүй юу эсвэл урвуулан ашигласан уу гэдэг нь хоорондоо эрс зөрүүтэй ойлголт бөгөөд хүүхдийн амь нас хохирсон явдалтай шалтгаант холбоогүй байна. Иймд М.Мийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон заалтыг шийтгэх тогтоолд оруулна уу” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.С давж заалдах гомдолдоо:

“ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүх буруу дүгнэлт хийсэн бөгөөд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго байгаагүй гэдгийг нэмж хэлэх ёстой.

Харин М.Мийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн тухайд шүүх “ ... хайнга хандсаны улмаас уг тээврийн хэрэгслийг авч зугтаасан байж болзошгүй, 17 настай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Г.А нь мансуурсан байдалтай жолоодож яваад айлын хашаа мөргөж бага насны хүүхдийг дайрч, хүний амь нас хохироосон байна “ гэх дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, нөхцөл байдал, шалтгаант холбоог шүүх зөв үнэлэлгүй, шүүгдэгчийн эрхийг дордуулсан шийдвэр гэж үзэн гомдолтой байна.

Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэдэг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. Нэг гэмт хэрэг нэг удаа ял оногдуулна гэх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим зөрчигдөж байна.

Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно“ гэж заажээ.

М.М нь хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. М.Мийн жижүүртэй ажиллаж байх хугацаанд журамлагдсан машины тухайд цагдаагийн  санд мэдээлэл 2019 оны 08 дугаар сарын 22-ны 20:48 цагт орсон гэх боловч осол гарснаас 7 хоногийн дараа дээрх сан руу орж шалгахад аймагт мэдээлэл ирээгүй,  аймгийн цагдаагийн байгууллагаас нэг ч хүн уг санд орж мэдээлэл аваагүй байсан.

Ийм тохиолдолд Прокуророос “Замын хөдөлгөөний дүрэм, цагдаагийн байгууллагын тухай хууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам \ код\-аар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж яллах дүгнэлт үйлдэх, шүүхээс “ ...шүүгдэгч М.Мийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон ... албан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай “ гэж үзэх нь хуульд заасан шударга ёсны, хууль ёсны журам зөрчигдөж байгаагаас гадна хуулийн зүйл хэсгийн агуулгад нийцэхгүй байна.

Журмын хашаанаас гарснаас осол болох хүртэл хугацаанд уг автомашин замын хөдөлгөөнд оролцож, 3 удаа замын цагдаа зогсоосон боловч бичиг баримтыг шалгаагүй, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаад явуулсан нь камерын бичлэгээр баталгаажсан бөгөөд тийнхүү шалгасан цагдаа нар сахилгын арга хэмжээ авагдсан. Цагдаагийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй ажиллагаа байгаа нь тодорхой байгаа ч тухайн үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд хариуцлага хүлээснийг шударга гэж үзэхгүй байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам\ код\ баримт бичгийн хэддүгээр кодын ямар ажиллагаа явуулахыг зөрчсөнөөс хайнга хандах гэм буруутай болж буйг тогтоогоогүй байна.

Тухайлбал: Энэхүү баримт бичиг нь  кодтой, тэр дотроо Эрэн сурвалжлах санд хүн, мал, эд зүйлийн мэдээллийг оруулаагүй, хянаж бүртгээгүй, зарлан мэдээлээгүй, эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулаагүй ... зэрэгт хэнд хариуцлага тооцохыг журамд заасан. Тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах код ажиллагааг тусгайлан заасан.

Энд бүртгэж авах, зарлан мэдээлэх, хулгайлагдсан тээврийн хэрэгслийг олж тогтоох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хүсэлт мэдээллийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код  заасны дагуу тэмдэглэл үйлдэн хүлээн авч, эрэн сурвалжлах эсэх асуудлыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ерөнхий жижүүр байгууллагын даргад танилцуулан шийдвэрлэх ба эрэн сурвалжлахтай холбоотойгоор гарсан маргааныг тухайн нэгж хариуцна гэж заажээ.

Түүнчлэн 1 шатлалын хүрээнд эрэн сурвалжлах, 2 шатлалын , 3 шатлалын хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэл хэмээн зарлан мэдээлэх гэх мэт эрэн сурвалжлах ажиллагаа, арга хэмжээ авах, хэн хийх, хэн хариуцах талаар тодорхой заасан байхад прокурор шалгаж тогтоолгүй, хуулийн нэр баримтлан 24 цагаар алба үүрэг гүйцэтгэж байсан цагдааг буруутган яллаж байгаа нь үндэслэлгүй, хууль ёсны бус байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 38-р зүйл, Хууль зүйн Сайдын 2015 оны А\190 дүгээр тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам “-ын 8 хэсэгт заасны дагуу цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах, зарлан мэдээлэх, олж тогтоохтой холбоотой харилцаанд хэрхэн оролцож, хэн ямар үүрэгтэй ажиллахыг заасан байхад шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу тухайлбал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон хэн үйлдсэн нь тодорхойгүй, мөн энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар хэрэгт авагдсан зүйлгүй, хэдэн цагдаад сахилгын, ёс зүйн, төрийн албаны хуулийн заалт зааж ажлаас нь чөлөөлж, төрийн ажлыг хийх боломжгүй болгож, эрүүгийн хариуцлага тооцож гэм буруутай гэж үзэж буй нь шударга бус байна.

М М нь насанд хүрээгүй 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, эхнэр нь бага ангийн багшийн цалин хүрэхгүй, 30-аад сая төгрөгийн цалингийн зээлтэй зэргээс 2020 оны 1 сард Солонгос улсад ажиллах виз гарснаар одоо хоёр хүүхэд эх эцэггүй, өвчтэй, өндөр настай эмээ өвөөгийн гар дээр хоцорч байна.

2002 оноос С.С даргатай  аймгийн Цагдаагийн газарт туслах ажилтнаас авахуулаад ахлах ахлагч цол авах хүртлээ үе үеийн дарга нарын удирдлага дор ажиллаж, нийт 17 жил хөдөлмөр зүтгэлээ зориулан Цагдаагийн газрын ажил хөдөлмөрийн аварга, Цагдаагийн Ерөнхий газрын жуух, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын сайшаалын үнэмлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын баярын бичиг,  аймгийн болон Цагдаагийн газар хэлтсийн ойн медалиудаар шагнагдаж байсан.

Автомашиныг барьж, жолоодож хүний амь хохироосон тодорхой эзэнтэй энэ хэрэгт үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөн хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүйд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна.

Шүүхийн дүгнэлт нь М.М гэм буруутай нь нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэхгүй гэж хуульд заасан.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:  “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Д.О, Л.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалбал:

 

шүүгдэгч М.М нь  аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж байх үедээ 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад  улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын автомашиныг иргэн Н.Т-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлэн, уг автомашиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулах үед  аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг хариуцсан цагдаа Э.Бын гуйлтаар холбогдох бүртгэлд оруулалгүйгээр 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  улсын дугаартай, Тоёота Приус-20 загварын автомашиныг түр саатуулах хашаанаас гаргаж бусдад өгсөн үйл баримт тогтоогджээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүгдэгч М.М, Э.Б нарын дээрх үйлдлүүд нь албан тушаалын  байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж Н.Т-т болон бусад этгээдэд давуу байдал /уг автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох боломж/ олгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Тодруулбал шүүгдэгч М.М, Э.Б нар нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт хуульчилсан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг буюу 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д заасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.23-д заасан ”Алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоож шалгахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална”, 2.24.3-т заасан “бичиг баримтыг шалгахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасныг баримталж, цагдаагийн шалгах төхөөрөмж, мэдээллийн сангаас хайлт хийх”,

4.2-т заасан “Алба хаагч илрүүлсэн зөрчлийг шийдвэрлэхдээ зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.6, 6.8 дахь хэсэгт заасны дагуу илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан, шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ...Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр хүн, тээврийн хэрэгслийг түр саатуулах” зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоож шалгах үндэслэл, шалгах явцад үндэслэл бүхий сэжиг илэрсэн тохиолдолд хийх ажиллагаа, авах арга хэмжээний талаар тодорхой тусгасан байна.

Түүнээс гадна шүүгдэгч М.Мийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр түр саатуулах хашаанаас гаргасан дээрх автомашиныг 2019 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Г.А нь мансууруулах бодис хэрэглэсэн үедээ  аймгийн  сумын  нутаг дэвсгэрт жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж, 5 дугаар гудамжны 10 тоот хашаан дотор тоглож байсан 8 настай Г.Г-г дайрч амь насыг нь хохироожээ.

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч М.М өөрийн үүрэгт ажилдаа хайнга хандаж, хууль болон журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хууль бус ажиллагаа нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл “Хууль сахиулагч ...  үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэдгийг захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлэх зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсаны улмаас хүний амь нас хохирсныг хамааруулж ойлгоно.

Шүүгдэгч М.Мийн дээрх гэм буруу /хууль бус ажиллагаа/ нь түр саатуулах хашаанаас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан  улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинаар үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас амь хохирсон Г.Г-н үхэлтэй шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... нэг үйлдлийг хоёр гэмт хэрэгт тооцож болохгүй ...  сангаас шүүж үзэх боломж байгаагүй ... сахилгын шийтгэл хүлээж албанаас халсан тул шийтгэл давхардсан ... ” гэсэн тайлбар гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Мөн улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин нь иргэн н.Б-с гаргасан “2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 02 цагийн үед Б дүүрэг  дүгээр хорооноос ... зүс таних эмэгтэй хулгайлсан” гэсэн гомдлын дагуу У хотын Б дүүргийн Цагдаагийн  хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “А” санд “Хулгайлагдсан тээврийн хэрэгсэл” нэрээр бүртгэгдэн эрэн сурвалжлагдаж байсан нь нотлогдож байна.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  дугаар тушаалаар М.М, Э.Б нарыг цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, тэдгээрийн “цагдаагийн ахлах ахлагч”, “цагдаагийн дэд ахлагч” цолыг тус тус хураасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч М.М, Э.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, Л.С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, Л.С нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ХОСБАЯР

              ШҮҮГЧИД                                                                С.ЦЭЦЭГМАА

                                                                                                       С.УРАНЧИМЭГ