Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

М.М, Э.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогч С.Г, шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Л.Сарангуа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр магадлалтай, М.М, Э.Б нарт холбогдох 2025001110235 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Л.Сарангуа, Д.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 9-08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М.М,

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг хариуцсан цагдаагаар ажиллаж байсан, одоо “Улаанбаатар” хамгаалалтын компанид хамгаалагч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Зүүн дэнжийн 5-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Б нар нь

бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Т-т жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 64-67 УНЯ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа (байр)-ны бүртгэлд оруулалгүй, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарган явуулж, бусдад давуу байдал олгосон,

М.М нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байхдаа Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд 541980001498 дугаарт бүртгэгдэн эрэн сурвалжлалт зарласан цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Т-т нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлээд Замын хөдөлгөөний дүрэм, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам (код)-аар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.М, Э.Б нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.М-ийг хууль сахиулагч албан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, М.М нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасч, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 360 хоногийн хорих ялаар тооцон мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ад оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

 

            Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Л.Сарангуа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Л.Сарангуа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Яллах дүгнэлт болон анхан шатны шүүх хүчингүй болсон хуулийн заалт хэрэглэсэн. Энэ хэрэгт Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ямар журам, кодоор албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хайнга хандсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн 25, 31 дүгээр зүйл, Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын заалтууд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй, хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангахгүй байгаа учир хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр болсон. Хүчингүй болсон хуулийн заалтаар хүнийг буруутгаж буй нь шүүхийн шийдвэрийн хуульд заасан шаардлагыг хангахгүй. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа зэрэг зүйлүүдэд хоёр шатны шүүх хууль ёсны дүгнэлтийг өгч чадаагүй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн залруулахгүйгээр хуулийн заалтыг нэмж, яллах талыг баримталж ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөхдөө гэмт хэргийн шалтгаант холбооны талаар буруу дүгнэлт өгсөн. Шалтгаант холбоо гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болсон хор уршгийн хоорондын хамаарал бөгөөд гэм хор бүхий хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөлийг хэлдэг. Шүүгдэгч М.М нь иргэн Н.Т-тийн унаж явсан автомашиныг журмын хашаанаас гаргасан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлагыг хүлээсэн. Харин хоёр хоногийн дараа уг тээврийн хэрэгслийг иргэн н.Ариунгэрэл жолоодон явахдаа хүний амь нас хохироосон нь энэ хэрэгт шалтгаант холбоогүй. Эрүүгийн хуульд “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй”, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан. Хэргийн нэг хавтас нь н.А-тэй холбоотой хэрэг байна. Мөн тээврийн хэрэгслийг хэрхэн эрэн сурвалжлах, “АСАП” санд хэрхэн бүртгэх эсэх нь эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа байдаг бөгөөд шийдвэр гарсан тохиолдолд л ажиллагаа хийдэг. Гэтэл М.М-ийн хувьд Н.Т-тийн автомашиныг журамлахаас 1 цагийн өмнө нь “АСАП” санд бүртгэгдсэн тухай баримт авагдсан байдаг. Үнэндээ хэргийг хариуцах ёстой албан тушаалтнууд нь уг хэргээс мултарч, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй жирийн хэдэн цагдаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь харамсалтай байна. Шүүгдэгч М.М нь бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь 2019 онд Солонгос руу явсан бөгөөд цар тахлын улмаас Монгол Улсад ирэх боломжгүй байгаа. Энэ асуудалд мөрдөгч, прокурор, шүүх ямар нэг хариу арга хэмжээ аваагүй, хүүхдүүд эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Холбогдох баримтуудыг гомдолдоо хавсаргаж өгсөн байгаа учир хүүхдүүдийг анхаарч үзэхийг хүсье. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 1,3 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Н.Т гэгчийг саатуулж тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийсэн боловч хамт ажилладаг цагдаа Э.Б-ын гуйлтаар журамласан тээврийн хэрэгслийг гарган өгч цаашид бүртгэж шалгах ажиллагааг хийгээгүй үйлдэл гаргасан. Энэ асуудлаар цагдаагийн албанаас халагдах сахилгын шийтгэл хүлээсэн. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татагдсан. Түүний гэм буруутай үйлдэл нь өрдөө л энэ юм. Энэ санаатай үйлдсэн гэмт хэргээ, гэм буруутай үйлдлээ М.М хүлээн зөвшөөрдөг. Гэтэл цагдаа Э.Б журамлагдсан тээврийн хэрэгслийг гаргаж өгөхийг гуйхаар нь тээврийн хэрэгслийг гаргаж өгснөөс хойш уг машин Э.Б, н.Г, н.Т, н.А нарыг дамжин шилжиж явсаар нэг хоногийн дараа н.А нь зам тээврийн осол гаргаж бага насны хүүхдийн амь насыг хохироосон хэрэгт М.Мийг буруутгаж түүнд Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж ял сонсгосон.

            Эрүүгийн хуулийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэг бол эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй байна гэж Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 407 дугаартай тогтоолоор тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл хийх ёсгүй үйлдлийг санаатай хийх, эсвэл санаатай хийхгүй байж өөртөө, эсвэл бусдад давуу байдал олгохыг ойлгох бөгөөд бүрэлдэхүүний хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй санаатай гэмт үйлдэл юм.

            Харин Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийг Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 381 дүгээр тогтоолоор тайлбарлахдаа “Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, өөрийн үүрэгт үйл ажиллагааг явуулсан боловч тэр нь шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байхыг ойлгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл албандаа хайнга хандсан санаатай бус үйлдлийг хайнга хандах гэж ойлгох юм.

            Гэтэл анхан шатны шүүх нь нь зам тээврийн осол гарч, хүүхдийн амь нас хохирсон явдалд Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо хууль зүйн дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх М.М санаатайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл гаргаж бусдад давуу байдал олгосон гэмт үйлдэл, зам тээврийн осол гарч хүүхдийн амь нас хохироосон н.Айн болгоомжгүй үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэлт хийсэн нь Улсын дээд шүүхийн тайлбарыг буруу ойлгон зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл М.М-ийн санаатай үйлдлийг бас болгоомжгүй үйлдэл гэж үзсэн. Ингэж үзвэл зам тээврийн осол гаргасан н.А-ийг гэм буруугүйд тооцох бололтой. Иймд хэргийг хянаж хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, М.М-ийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хүчингүй болгосон заалтыг шийтгэх тогтоол, магадлалд оруулна уу” гэжээ.

 

            Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.М, Э.Б нар нь бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Н.Тт давуу байдал олгосон, М.М нь хууль сахиулагчийн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч М.М нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.Т-д Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулахаар байцаагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу давуу байдал бий болгосон үйлдэл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Л.Сарангуа, Д.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн М.М, Э.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч М.М, Э.Б нар нь бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Т-т жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 64-67 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа (байр)-ны бүртгэлд оруулалгүй, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарган явуулж, бусдад давуу байдал олгосон,

Шүүгдэгч М.М нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байх үедээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд 541980001498 дугаарт бүртгэгдсэн эрэн сурвалжлалт зарласан 64-67 УНЯ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй Н.Т-т нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлээд Замын хөдөлгөөний дүрэм, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам (код)-аар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан ба шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Л.Сарангуа, Д.Оюунчимэг нар нь шүүгдэгч М.М-ийн үйлдэл нь Г.А тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ бага насны хүүхдийн амь нас хохироосон хэрэгтэй хамааралгүй гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Н.Т-тийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлэн, уг автомашиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан атлаа цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “АСАП” санд бүртгэлтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр Э.Бын гуйлтаар түр саатуулах бүртгэлд оруулаагүйгээс гадна орчин тойрондоо аюул учруулж болзошгүй эд зүйлсд хамаарах тээврийн хэрэгслийг хэрэг зөрчилд холбоотой, эрэн сурвалжлагдаж буй эсэхийг шалгахгүйгээр өгч явуулсны улмаас Г.А нь уг тээврийн хэрэгслийг мансуурсан үедээ жолоодон айлын хашааг мөргөж, бага насны хүүхдийн амь насыг хохироосон байх тул М.М-ийн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсан үйлдэлтэй дээрх хор уршиг, үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Л.Сарангуа, Д.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Л.Сарангуа, Д.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

  ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                           Б.БАТЦЭРЭН

                                                          Ч.ХОСБАЯР

                                                   Б.ЦОГТ