Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01898

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2022/01898 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруу 0, Хөвсгөл лэйк сити товер 0/0,  0давхарт байрлах, Н /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Оргил 00-00 тоот хаягт оршин суух, Хотгойд овогт Б-ийн Г /РД:000000000/-д холбогдох

 

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэгт 25 806 600 төгрөг гаргуулж, эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 120 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.А нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Г нь нийслэлийн өмч болох Баянгол дүүргийн 0 дугаар хороо, А төвийн барилгыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 м.кв талбайг 10 000 төгрөгөөр тооцон 5 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Н сангийн 000000000000 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.Б.Г нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Н газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаар Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолд дээрх хөрөнгө батлагдсан тул уг барилгыг хувьчлах бэлтгэл ажил хийгдэж байна. Иймд Б.Гоос 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарыг дуустал түрээсийн төлбөр 17,204,400 төгрөг, алдангид 8,602,200 төгрөг, нийт 25,806,600 төгрөгийг гаргуулж, Б.Гыг Нийслэлийн өмчийн байрнаас чөлөөлүүлж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулгаа тайлбарлахдаа: ...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 3.3-т түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй гэж заасан. Түрээсийн төлбөрийг төлөхгүй 2 сараас дээш хугацаа өнгөрснийг тухайн үеийн удирдлагын хүрээнд зохицуулсан ба хариуцагч түрээсийн төлбөрийг төлөхгүйгээр тухайн барилгад 120 000 000 орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийж орсон талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Түрээслүүлэгч нь зориулалтын дагуу ашиглах боломжтой буюу өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжтой барилга байгууламжийг түрээслэгчид шилжүүлж өгөөгүй тул Б.Г тухайн барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах үндэслэл үүсвэл түрээслүүлэгч түрээслэгчид зөрчлийг арилгах, гэрээг цуцлах талаар 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгөх ёстой. Нэхэмжлэгчээс хариуцагчид удаа дараа хүргүүлсэн мэдэгдэл хэрэгт авагдсан байх боловч хариуцагч тэдгээрийг хүлээн авсан эсэх баримтгүй. Гэрээнд зааснаар түрээслэгч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жил тус эд хөрөнгийг түрээсэлж ашиг олох зорилготой болохоос төрд үнэ төлбөргүй ажил хийж өгөөгүй. Гэрээ байгуулах үеийн удирдлага барилгад засвар үйлчилгээ хийгээд зориулалтын дагуу ашиглахыг зөвшөөрч гэрээ байгуулсан атлаа засан сайжруулсны дараа удирдлага солигдсон гэх шалтгаанаар гэрээг цуцалсан, хууль бусаар өмчлөлдөө байлгаж байгаа гэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Тус эд хөрөнгө нь ашиглах боломжгүй тул бид зардал гаргаж зассан. Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.3 дахь хэсэгт түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан. Түрээслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул миний бие түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжтой болгох зорилгоор зассаныг байрнаас салгах боломжгүй тул засварт зарцуулсан 120 000 000 төгрөгийн зардлыг Н гаргуулж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа ...Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын 2.9, 2.10, 2.11-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд нийслэлийн өмчийн эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг гэрээ цуцалсны дараа түрээслэгч буцаан авахгүй гэх нөхцөлийг Б.Г зөвшөөрч түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн барилгын засварыг түрээслэгч өөрөө хариуцах үүрэгтэй тул Н засварын зардлыг хариуцахгүй. Б.Г нь барилгын засвар үйлчилгээ хийхдээ журмын дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт урьдчилан мэдэгдээгүй ба өмнөх удирдлагатай байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй. Мөн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн. Захиалагч, гүйцэтгэгч нар нэг хаягт бүртгэгдсэн нь баримтын бодит байдалд эргэлзээ төрүүлж байна. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ зөрүүтэй байна. Засварын зардал 120 000 000 төгрөг баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс 2020-2021 оны түрээсийн төлбөр, алдангийн тооцоо гэх баримт, Нийслэлийн Засаг даргын 2020.12.03-ны өдрийн Б/216 дугаар захирамж, Өмчийн харилцааны газраас Баянгол дүүргийн 0 дугаар хорооны А төвд хүргүүлсэн 2017.10.06-ны өдрийн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай 00 дугаар албан тоот, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017.06.07-ны өдрийн 00 дугаартай Барилга, байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017.07.05-ны өдрийн 00 дугаар Балансаас балансад шилжүүлж, гэрээгээр эзэмшүүлэх тухай захирамж, 2020.07.01-ны өдрийн Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2021.01.08-ны өдөр Б.Год мэдэгдэл хүргүүлэх тухай 00 дугаар албан бичиг, 2021.02.03-ны өдрийн 00 дугаар мэдэгдэл дахин хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019.12.02-ны өдрийн 00 дугаар Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоол, түүний хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Журам, гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай 2014.05.05-ны өдрийн 00 дугаартай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, түүний хавсралт, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2019.05.25-ны өдрийн Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.09.06-ны өдрийн Сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний зүйл болох эд хөрөнгийн өмнөх болон засвар хийсний дараах байдлыг харуулсан фото зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой баримтыг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн ба Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021.11.25-ны өдрийн 00 дугаар албан бичгээр тухайн эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаар хариу ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.   Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үүргийн харилцан тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.   Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Г нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.6, 4.7, 6.1.1-д заасныг тус тус зөрчсөн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ дуусгавар болсон. Гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ. Гэрээг цуцлах хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 17 204 400 төгрөг, алданги 8 602 200 төгрөг, нийт 25 806 600 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3.   Хариуцагч ... гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул 120 000 000 төгрөгийн засвар хийсэн. Гэрээнд засварын зардлыг түрээсийн төлбөрт тооцохоор тохирсон. Гэвч гэрээг түрээсийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалсан тул засварын зардлыг нэхэмжлэгчээс гаргуулна... сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарлан, харилцан эс зөвшөөрч маргав.

 

4.   Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2000 оны 0 сарын 00-ны өдрийн 00 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 00 сарын 00-ны өдрийн 00 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Аийн балансад бүртгэлтэй барилга байгууламжийг Нт балансаас балансад шилжүүлжээ.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын оноосон нэр нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар болон өөрчлөгдөж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оноосон нэр дахин өөрчлөгдөн Н болсон байна.

 

 

 

Талуудын хооронд 2000 оны 0 сарын 00-ний өдөр Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аминжаргалан ӨЭМТ-ийн хуучин барилгын 108 м.кв талбай бүхий байрыг эмнэлгийн зориулалтаар түрээслүүлэхээр, гэрээний хугацааг 2020 оны 0 сарын 00-ний өдрөөс 2000 оны 0 сарын 00-ний өдрийг хүртэл 5 жил байхаар, түрээсийн төлбөр 1 м.кв-ийг 10 000 төгрөг буюу сар бүр 1 080 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан байна.

 

Талууд түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба эрх зүйн харилцааны хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь Аминжаргалан ӨЭМТ-ийн хуучин барилгыг түрээслэгч Б.Гын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн акт, баримт байхгүй боловч зохигчдын тайлбараа гэрээг бичгээр байгуулахаас өмнө хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан ёсоор сар бүрийн 25-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тэрээр гэрээний 3.3-т түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй гэж заасны дагуу түрээсийн төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байх боловч түрээслүүлэгч талд энэ талаар хүсэлт, санал тавьж байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээний эрх зүйд тусгайлсан заалт байхгүй тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг нэгэн адил хэрэглэж болохоор заасан ба мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслүүлэгч нь хөлслөгч гурван сарын туш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчээс гэрээ цуцлах мэдэгдлийг 2000 оны 00 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаар, 2021 оны 02 сарын 03-ны 00 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж, улмаар 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч засварын зардалд зарцуулсан 120 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд цуцалж, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч Н нь хариуцагч Б.Гоос 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 9 720 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага буюу 2021 оны 4 дүгээр сараас 9 сард хамаарах хугацааны түрээсийн төлбөр 7 484 400 төгрөг, алданги 8 602 200 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Учир нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болдог тул гэрээг цуцалж дуусгавар болсноос хойших хугацаанд хамаарах түрээсийн төлбөр, мөн алданги шаардах эрхгүй юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний зүйл болох барилгыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ гэснийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Б.Гоос түрээсийн гэрээний үүрэгт 9 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн газарт олгож, гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Аийн барилгыг нэхэмжлэгч Нт хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.Год даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 086 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч тал түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглахаар засвар үйлчилгээ хийж, зардал гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан фото зургууд болон бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрээний 3.3-т түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй гэх тохиролцооноос үзэхэд түрээсийн барилгад хариуцагч Ц.Г нь түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй засан сайжруулалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээний эрх зүйд тусгайлсан заалт байхгүй тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Хэргийн нотлох баримт нь зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар болон шүүх хуралдааны зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үед ...хариуцагчийн зүгээс 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр засварын зардалд 80 000 000 төгрөг зарцуулсан талаарх тайланг баталгаажуулалт хийлгэхээр нэхэмжлэгч байгууллагад хүргүүлж байсан... талаар тайлбарласан бөгөөд хэргийн үйл баримтаар хариуцагч нь түрээсийн зүйл болох Аийн хуучин барилгыг өөрийн зардлаар засаж сайжруулсан болох нь тогтоогдож байх боловч уг засварын ажилд хариуцагч шаардаж буй 120 000 000 төгрөг зарцуулагдсан болохоо нотлох баримтаар, эргэлзээгүйгээр нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн 80 000 000 төгрөгийн засварын ажлын тайланг баталгаажуулахыг хүссэн талаарх тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 80 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 40 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т биелүүлэх хугацаа болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 9 720 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тооцож, нэхэмжлэгчээс 70 280 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Год олгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3, 326 дугаар зүйлийн 326.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н 70 280 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Год олгож, гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Аийн барилгыг нэхэмжлэгч Нт хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.Год даалган, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 16 086 600 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 117 280 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ