Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00500

 

НӨАУГ-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02905 дугаар шийдвэртэй

НӨАУГ-ын нэхэмжлэлтэй Б.Г-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 25,806,600 төгрөг гаргуулж, түрээсийн зүйлийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зайлшгүй зардалд 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Б.Г нь нийслэлийн өмч болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, “Аминжаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 м.кв талбайг 10,000 төгрөгөөр тооцон 5 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Нийслэлийн төрийн сангийн  дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Б.Г нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул НӨАУГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/26 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/181 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч шуудангаас буцаагдсан. Манай байгууллагын мэргэжилтнүүд Б.Г ын оршин суух хаягаар очсон боловч хаалгаа тайлаагүй.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/32 дугаар “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолд дээрх хөрөнгө батлагдсан тул уг барилгыг хувьчлах бэлтгэл ажил хийгдэж байна.

 

 

Иймд Б.Г оос 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарыг дуустал түрээсийн төлбөр 17,204,400 төгрөг, алдангид 8,602,200 төгрөг, нийт 25,806,600 төгрөгийг гаргуулж, Б.Г ыг Нийслэлийн өмчийн байрнаас чөлөөлүүлж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын 2.9, 2.10, 2.11-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд нийслэлийн өмчийн эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг гэрээ цуцалсны дараа түрээслэгч буцаан авахгүй гэх  нөхцөлийг Б.Г зөвшөөрч түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн барилгын засварыг түрээслэгч өөрөө хариуцах үүрэгтэй тул НӨАУГ засварын зардлыг хариуцахгүй. Б.Г нь барилгын засвар үйлчилгээ хийхдээ журмын дагуу НӨАУГ-т урьдчилан мэдэгдээгүй ба өмнөх удирдлагатай байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй. Мөн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн. Захиалагч, гүйцэтгэгч нар нь нэг хаягт бүртгэгдсэн нь баримтын бодит байдалд эргэлзээ төрүүлж байна. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ зөрүүтэй байна. Засварын зардал 120,000,000 төгрөг баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 3.3-т “түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй гэж заасан. Түрээсийн төлбөрийг төлөхгүй 2 сараас дээш хугацаа өнгөрснийг тухайн үеийн удирдлагын хүрээнд зохицуулсан ба хариуцагч түрээсийн төлбөрийг төлөхгүйгээр тухайн барилгад 119,000,000 орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийж орсон талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Түрээслүүлэгч нь зориулалтын дагуу ашиглах боломжтой буюу өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжтой барилга байгууламжийг түрээслэгчид шилжүүлж өгөөгүй тул Б.Г тухайн барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах үндэслэл үүсвэл түрээслүүлэгч түрээслэгчид зөрчлийг арилгах, гэрээг цуцлах талаар 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгөх ёстой. Нэхэмжлэгчээс хариуцагчид удаа дараа хүргүүлсэн мэдэгдэл хэрэгт авагдсан байх боловч хариуцагч тэдгээрийг хүлээн авсан эсэх баримтгүй тул гэрээ цуцлагдсан гэж үзэх боломжгүй. Гэрээнд зааснаар түрээслэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жил тус эд хөрөнгийг түрээсэлж ашиг олох зорилготой болохоос төрд үнэ төлбөргүй ажил хийж өгөөгүй. Гэрээ байгуулах үеийн удирдлага барилгад засвар үйлчилгээ хийгээд зориулалтын дагуу ашиглахыг зөвшөөрч гэрээ байгуулсан атлаа засан сайжруулсны дараа удирдлага солигдсон гэх шалтгаанаар гэрээг цуцалсан, хууль бусаар өмчлөлдөө байлгаж байгаа гэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Тус эд хөрөнгө нь ашиглах боломжгүй тул бид зардал гаргаж зассан. Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.3 дахь хэсэгт түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан. Түрээслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул миний бие түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжтой болгох зорилгоор зассаныг байрнаас салгах боломжгүй тул засварт зарцуулсан 120,000,000 төгрөгийн зардлыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч НӨАУГ-ын хариуцагч Б.Г оос Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэгт 25,806,600 төгрөг гаргуулж, байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч Б.Г ын засварын зардалд 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,

хариуцагч Б.Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч Б.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх агуулгын алдаатай, зардлыг тодорхойлоогүй дүгнэлт хийж, үйл баримтыг тогтоогоогүй гэрэл зураг үнэлж, хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Шүүхээс түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нөхцөлд түрээсийн төлбөрт 17,204,400 төгрөг, алданги 8,602,200 төгрөг нийт 25,806,600 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Б.Г нь уг түрээсийн байранд ямар хэмжээний засвар хийсэн, түрээсийн төлбөрөөс хэдэн төгрөгийг чөлөөлүүлэх тухай саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлж байгаагүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам” хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба түрээсийн гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд түрээслэгч нийслэлийн өмчийг үнэ төлбөргүй, зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглах эрхгүй. Б.Г нь түрээсийн төлбөрөө 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцалсанд тооцож Б.Г ыг нийслэлийн өмчийн байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэгч НӨАУГ нь хариуцагч Б.Г-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17,204,400 төгрөг, алдангид 8,602,200 төгрөг нийт 25,806,600 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зайлшгүй зардалд нийт 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр НӨАУГ нь  нутаг дэвсгэрт байрлах “Аминжаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн 108 м.кв талбай бүхий барилгыг Б.Г ын эзэмшилд шилжүүлэх, Б.Г нь 5 жилийн хугацаанд сар бүр 1,080,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-12-17/

 

Түрээслүүлэгч нь түрээслэгчид түрээсийн зүйл болох эд хөрөнгийн эзэмшлийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний зүйл болох барилгыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах тухай шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Учир нь түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад эд хөрөнгийг бусдын эзэмшлээс гаргуулахаар шаардахын тулд уг гэрээ дуусгавар болсон байх учиртай. Гэтэл нэхэмжлэгч бичгээр гаргасан нэхэмжлэлдээ уг гэрээ хэрхэн дуусгавар болсон талаар дурдаагүй. Энэ нэхэмжлэлийг шүүх хариуцагчид гардуулсан. Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ хариуцагч Б.Г-д 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/06 тоот, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/181 тоот мэдэгдэл хүргүүлсэн гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцалж, эд хөрөнгийг эзэмшлээс гаргуулах агуулгаар тайлбарлажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж буй бол үүнийгээ бичгээр гаргасан байх, хариуцагчид гардуулсан байх, энэ талаар талууд мэтгэлцсэн байх учиртай.

 

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/32 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” жагсаалтад дээрх түрээсийн зүйл болох барилга орж батлагдсан тул хувьчлах ажлын бэлтгэл ажил хийгдэж байгаа гэх үндэслэлийг заасан байх ба шүүх хуралдаанд энэ талаархи үндэслэлээ дэмжээгүй буюу тайлбарлаагүй байна. Энэ тохиолдолд шүүх мөн уг нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгч дэмжиж байгаа эсэхийг тодруулаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүйгээс гэрээг цуцлах урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх нь тодорхойгүй, үндэслэлээ заагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх замаар алдааг залруулах боломжгүй байна.

 

4. Түүнчлэн, анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй, энэ үндэслэлээ шүүх заагаагүй алдаа гаргажээ.

 

5. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА              

                                                           

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ