Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01644

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01644

 

2022 09 02 210/МА2022/01644

 

НӨХ газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НӨХ газрын хариуцагч Б.Год холбогдуулан гаргасан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэгт 25,806,600 төгрөг гаргуулж, эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Г нь нийслэлийн өмч болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, А Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 м.кв талбайг 10,000 төгрөгөөр тооцон 5 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Нийслэлийн төрийн сангийн 100200000956 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Б.Г нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/26 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/181 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/32 дугаар Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолд дээрх хөрөнгө батлагдсан тул уг барилгыг хувьчлах бэлтгэл ажил хийгдэж байна. Иймд Б.Гоос 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарыг дуустал түрээсийн төлбөр 17,204,400 төгрөг, алдангид 8,602,200 төгрөг, нийт 25,806,600 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн өмчийн байрнаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 3.3-т түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй гэж заасан. Түрээсийн төлбөрийг төлөхгүй 2 сараас дээш хугацаа өнгөрснийг тухайн үеийн удирдлагын хүрээнд зохицуулсан ба хариуцагч түрээсийн төлбөрийг төлөхгүйгээр тухайн барилгад 120,000,000 орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийж орсон талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Түрээслүүлэгч нь зориулалтын дагуу ашиглах боломжтой буюу өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжтой барилга байгууламжийг түрээслэгчид шилжүүлж өгөөгүй тул Б.Г тухайн барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах үндэслэл үүсвэл түрээслүүлэгч түрээслэгчид зөрчлийг арилгах, гэрээг цуцлах талаар 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгөх ёстой. Нэхэмжлэгчээс хариуцагчид удаа дараа хүргүүлсэн мэдэгдэл хэрэгт авагдсан байх боловч хариуцагч тэдгээрийг хүлээн авсан эсэх баримтгүй. Гэрээнд зааснаар түрээслэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жил тус эд хөрөнгийг түрээсэлж ашиг олох зорилготой болохоос төрд үнэ төлбөргүй ажил хийж өгөөгүй. Гэрээ байгуулах үеийн удирдлага барилгад засвар үйлчилгээ хийгээд зориулалтын дагуу ашиглахыг зөвшөөрч гэрээ байгуулсан атлаа засан сайжруулсны дараа удирдлага солигдсон гэх шалтгаанаар гэрээг цуцалсан, хууль бусаар өмчлөлдөө байлгаж байгаа гэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Маргаан бүхий эд хөрөнгө нь ашиглах боломжгүй байсан тул бид зардал гаргаж зассан. Түрээслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул миний бие түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжтой болгох зорилгоор зассаныг байрнаас салгах боломжгүй тул засварт зарцуулсан 120 000 000 төгрөгийн зардлыг НӨХ газраас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын 2.9, 2.10, 2.11-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд нийслэлийн өмчийн эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг гэрээ цуцалсны дараа түрээслэгч буцаан авахгүй гэх нөхцөлийг Б.Г зөвшөөрч түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн барилгын засварыг түрээслэгч өөрөө хариуцах үүрэгтэй тул НӨХ газар засварын зардлыг хариуцахгүй. Б.Г нь барилгын засвар үйлчилгээ хийхдээ журмын дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт урьдчилан мэдэгдээгүй ба өмнөх удирдлагатай байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй. Мөн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн. Захиалагч, гүйцэтгэгч нар нэг хаягт бүртгэгдсэн нь баримтын бодит байдалд эргэлзээ төрүүлж байна. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ зөрүүтэй байна. Засварын зардал 120,000,000 төгрөг баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3, 326 дугаар зүйлийн 326.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч НӨХ газраас 70,280,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Год олгож, гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 8 дугаар хорооны А өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нэхэмжлэгч НӨХ газарт хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.Год даалган, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 16,086,600 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 117,280 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Гэвч Б.Г нь гэрээ байгуулсан хугацаанаас хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй тул уг гэрээний 2.4-ийн б, 4.6, 6.11-д тус тус зааснаар гэрээг цуцалж байгаа тухай 2 удаа мэдэгдэл өгсөн. Хариуцагч нь төлбөр төлөхгүй, байр чөлөөлөхгүй, олдохгүй байсан тул шүүхэд хандсан. Улсын өмчийг төлбөргүйгээр эзэмших давуу эрх үүсээгүй нөхцөлд гэрээнд заасан түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Түрээсийн гэрээний 3.2, 3.5-д түрээсийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ сайжруулах, барилгын дотор гадна тохижилт засварын зардлыг түрээслэгч нь бүрэн хариуцна гэж заасан. Гэтэл шүүх хэргийн нотлох баримтаар хэлэлцэгдээгүй, нотлох баримтаар эргэлзээгүй нотолж чадаагүй, зөвхөн хариуцагчийн аман тайлбарыг үндэслэж 80,000,000 төгрөгийн засварын төлбөрийг нийслэлийн төсөв бүрдүүлэгч төсөвт байгууллагаас гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боллсон тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрээ байгуулснаас хойш хариуцагч нэг ч төгрөг төлөөгүй гэсэн тайлбарт шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулахыг хүсч байна. Учир нь, талуудын хооронд гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжгүй түрээсийн байрыг шилжүүлэх тохиролцоо анхнаасаа хийгдсэн болох нь харагддаг. Нөгөөтээгүүр, өмгөөлөгчөөс НӨХ газар нь төсөв бүрдүүлэгч байгууллага гэсэн тайлбарыг анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байна. Гэтэл А өрхийн эрүүл мэндийн төвийн гол зорилго нь нийгэмд үйлчлэх, нийгмийн эрүүл мэнд буюу тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд болоод тэдгээрт ач холбогдол өгөх зорилгоор зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй байсан байрыг хариуцагчид түрээслүүлж ашиглах байсан. Тийм ч учраас түрээсийн төлбөр маш бага байсан. Харин тухайн байгууллагын удирдлага солигдсоны улмаас тус гэрээг цуцлах гол шалтгаан нөхцөл бий болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан үндэслэх хэсэг болоод шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,806,600 төгрөг гаргуулж, эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Г эс зөвшөөрч, 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А өрхийн эрүүл мэндийн төвийн 108 м.кв талбай бүхий барилгыг эмнэлгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай Б.Гын эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь сарын 1,080,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхээр тохиролцжээ.

4.а. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 500 дугаар магадлалаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан хугацаанаас хойш шүүхээс нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг тодруулж хариуцагчид гардуулах ажиллагааг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацааг олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

4.б. Түрээсийн гэрээний зүйлийг хариуцагч тал хэзээ чөлөөлсөн үйл баримт нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолтой байхад тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч түрээсийн гэрээний дагуу бодитойгоор эзэмшилдээ байлгаж байгаа эсэх, гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн хугацаанаас хойш түрээсийн барилгыг тодорхой хугацааны дараа чөлөөлсөн эсэх, эсхүл одоо бодит эзэмшил хэнд байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

4.в. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр зөвхөн хэргийн оролцогчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх зохицуулалттай. Хэрэгт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А өрхийн эрүүл мэндийн төвийн барилгад хариуцагчийн гүйцэтгэсэн засан сайжруулалтаас салгаж болох засан сайжруулалт байгаа эсэх, үлдэх салгаж үл болох засан сайжруулалтын үнийг тодруулаагүй байна.

5. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01898 дугаар шийдвэрийг хүчингүй, болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР