Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01902

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2022/01902 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 0 хороолол, Жлханз Хутагт Дамдинбазар гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Ж овогт Бийн Б /РД:00000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, А овогт Бын Ст /РД:00000000/-д холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, хариуцагч Б.Ст, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, Б.М, гэрч Н.А, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг дэмжин хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 хороолол, 00 байрны 00 тоот хаягт байрлах Ү-0000000000 Улсын бүртгэлийн дугаартай 0 өрөө орон сууцыг н.Н гэх хүнээс бэлэглэлээр авсан байдаг. Тухайн орон сууцыг бэлэглэлээр хүлээж авсны дараа н.О гэх нягтлан албан тушаалын орон сууцаар ашиглаж байсан. 00 дугаар хороололд мөн нэг орон сууц байсан. Тухайн үед гүйцэтгэх захирал Б.Стыг дуудаад алийг сонгохоо өөрөө мэд гэсэн. Тэгээд 00 дүгээр байрыг сонгоод 2 түлхүүр, гэрчилгээний хуулбарын хамт өгч байсан. Ресторанд хүмүүсийн хажууд гардуулах үед манай захирлын өөрийн орон сууц байсан. 2011 онд Б.Б нь өөрийн өмчлөлийн хуваарьт хөрөнгөдөө Б.Стыг амьдруулахаар болсон. Учир нь Б ХХК-ийн боловсон хүчнийг тогтвортой байлгах, компанийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигч аль ч талаар дэмжих үүргийн хүрээнд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасны дагуу албаны сууцны дагуу ашиглуулсан. 2017 оны 12 дугаар сарын дундуур Б.Ст нь ажил үүргээ гүйцэтгээгүй, орон сууцыг хүлээлгэж өгөх шаардлагаа биелүүлээгүй учраас 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүхээс хуралдааны товыг 15 цагт гэж хэлсэн. 15 цагт ирэхэд хурал 13 цагт ороод нэхэмжлэл буцсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин гаргаад өнөөдөр хүртэл явж байна. 2019 оны 05 дугаар сарын 00-ний өдрийн Б.Стын хариу тайлбараар надад амласан орон сууцаа өгсөн гэж тооцож байсан. Б ХХК-ийн Аод өгсөн шиг бодож байна гэж, мөн 2017.11.20-ны өдөр гаргасан хувьцаа эзэмшигчид Б.Жд гаргасан хүсэлтээр тухайн орон сууцыг шилжүүлэх хүсэлт, А болон бусад гэрчүүдийн тайлбарласнаар тухайн орон сууцыг Б.Стад бэлэглэж байна гэж бодож байна гэснээс бэлэглэсэн гэж хэлээгүй учраас бэлэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд иргэн Б.Стыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхино уу ... гэв.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2002 оны 04 дүгээр сард Б ХХК-ийн үйл ажиллагаа нээгдэж байх үед би 100 айлын барилгын материал дээр үйл ажиллагаа явуулж, өөрийн гэсэн лангууг ажиллуулдаг байсан. Ж бид хоёр замын цагдаад өмнө нь олон жил ажиллаж найзалсан. Тэр үед Жтай таараад найз нь ресторан нээж байгаа, төрийн ажил хийж байгаа болохоор хүндрэлтэй, хэцүү байна. Чи хүрээд ирээ, манай ажлыг хийгээд өгвөл чамайг 1 жилийн дараа цагдаад буцааж оруулаад өгье гээд 1 жилийн хугацаатай гэрээ хийж байсан. 1 жилийн дараа өнгөрөөд цагдаад оруулах юу болсон бэ гэхэд цагдаад оруулж өгч чадахгүй нь гэсэн. Яг тухайн үед ажлаасаа гаръя гэж хэлэхэд чи санаа зоволтгүй, Аын дараа чамд байр аваад өгнө, байр аваад энэ ажлаа үргэлжлүүлээд хийгээд явчих гэсэн. 2016-2017 онд өвчтэй эхнэртэй, дөнгөж төрсөн хүүхэдтэй би 5-8 цагийн хооронд гэртээ очоод ирснээрээ үнэлүүлмээргүй байна. 15 жил ажиллахдаа 2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг бодуулмаар байна. Энэ ажиллаж байх хугацаанд өдөр болгон муу байсан бол бүтэн 15 жил ажиллахгүй байсан. Ажиллаж байх хугацаанд байрыг өгнө гэсэн итгэл үнэмшил байсан нь үнэн. Ж ч өөрөө өдөр бүр хэлдэг байсан, үүнийг гэрчүүд гэрчилж байгаа. Өөрөө ч гэрчлэх ёстой. Энэ хугацаанд муудалцахгүйгээр энэ байрыг өөр дээрээ авах чин хүсэлтэй байсан. 2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж өгсөн. Байрны найр хийхэд Б.Баа захирал өөрөө ирээд Б.Сгийн олон жилийн ажилласны үр дүнд өгч байгаа шагналын байр юмаа, энэ байр чамд аз Ж, сайн, сайхан бүхнийг авчирч өгнө гээд хүүхдийг минь үнсээд, үг хэлж байсан нь нүдэнд одоо ч харагдаж байна. Бусад хүмүүс ч мэдэж байгаа. Дөнгөж төрсөн хүүхдийг минь үнсээд байртайгаа ирж байна, олон жил ажилласны үр дүн гээд надад хэлж байсан итгэл үнэмшил байна. Хамаг залуу насаа зориулаад өчнөөн удаа, зодоон нүдээн хийж, цагдаа сэргийлэх дээрээ тулж байхад эцэст нь юу ч хийгээгүй нэр авмааргүй байна. 5 цагт босч өдөр болгон ухаан алдаж унадаг эхнэртээ цай хоолыг нь дөхүүлж өгөөд 8 цагт би ирдэг байсан. Би л ажлаас гарвал болох байсан юм бол өнөөдөр энэ ресторан байсаар л байх ёстой байсан. Надаас хойш 4, 5 захирал солигдсон, өнөөдөр энэ ресторан байхгүй. Ажиллаж чадахгүй болоод гарсан. Энэ ажил чинь маш хүнд, цаг нар байхгүй, илүү цаг бодож байгаагүй. Хамгийн бага цалин өгөөд байр өгнө гэсэн амлалтаар ажиллуулж байснаа өөрөө мэдэж байгаа. Нэг ч удаа ээлжийн амралт авч байгаагүй. 3 захирал 3-уулаа суугаад Б.С чи 15 жил ажиллахдаа ганц удаа ч ээлжийн амралт авч үзээгүй гэж үү гээд итгэхгүй байхад нь нягтлан бодогч тиймээ, нэг ч удаа ээлжийн амралт авч байгаагүй, мөнгийг нь өгч байснаас амралтаа биеэр эдэлж байгаагүй гэж хэлэхэд 2 сар амраад ир гээд явуулж байсан. Ажлаа хийж байгаагүй гэдэг үгийг хүлээж авч чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Аман гэрээ байгуулж, шагналын журмаар авсан байраа өөрийн нэр дээр болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цэвэр ашиг нь орчихсон, алдагдалгүй болчихсон компанийг хүлээлгэж өгсөн учраас уг байрыг өөрийн өмчлөгчөөр тогтоолгох нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа ...Шагнал олгохоор амлалтыг бичгээр байгуулсан тохиолдолд үүрэг хүлээхээр хуульчилсан. Тодорхой хөрөнгийг өгөхөөр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж заасан. Өөрөөр хэлбэл Б.Ж, Б.Б нар нь амлалт өгсөн үү, амласан бол нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүсэх ёстой. Бэлэглэлийн гэрээний бэлэглэгч нь хүлээн авагч  бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. Ямар нэг бэлэглэлийн гэрээ болон амлалтаа нотариатаар баталгаажуулсан баримтгүй учраас уг үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн буюу амласан, шагнал урамшууллаар өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Б.Б нь Б.Стад ажил олгогч биш, ажил олгогч Б ХХК нь ажил үйлчилгээний хөлсөнд орон сууц өгөхөөр амлаж байгаа зүйлийг ялгах хэрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхино уу... гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Эхнэр нь эрүүл мэндийн асуудалтай байсныг мэднэ. Буцаж ирдэг байсан эсэхийг мэдэхгүй байна. 2 асуудал дээр Стад ажил олгогчдын хувьд хэлж байсан. С чиний хувийн амьдралд чинь хүндрэл, бэрхшээлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ хамгийн гол нь ард үлдэж байгаа хүмүүсийнхээ хийх ёстой ажлыг алдаагүй хийлгэчихдэг бол цагаа бүртгүүлээд суу гэж нэг ч удаа хэлж байгаагүй. С бид хоёрын хооронд удаа дараа маргаан болсон асуудал нь манайд хүмүүс орж ирээд үйлчлүүлэх гэхээр архи нь ч байхгүй, пиво нь ч байхгүй, хэдэн хүүхдүүд зүгээр сууж байдаг болохоор бид хооронд үл ойлголцол гарч байсан. Тэрнээс болоод ажлаа хаяад явсан. Байрны хувьд үнэн. Ст нь ажлаасаа гарснаас гадна, авах юмгүй хүн байсан бол олон жил хамт явахгүй байсан. Хамгийн гол нь Аын дараа орон сууцаар хангах асуудал байсан уу, байсан. Н.А 5 жилийн хугацаа дуусаагүй байхдаа архи уугаад, дийлдэхээ байсан. С хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлсэн байсан. Н.Аг явуулчих юм бол хэцүү байна, явуулахгүй бол архи уугаад хэцүү байна. Гуйгаад байлгаад байгаагаа хэлж байсан. Байраар хангах болзлыг хангаж байсан. Монголд ажил хийх хүн олдохгүй, 2 ахлах тогооч нартай болоод Н.А юу ч хийхээ больсон, сүүлдээ хоолоо ч хийхээ больсон. 5 жилийн хугацааг Н.Атай тохирсон тэгээд 6 жил болоод байрыг шилжүүлсэн, тодорхой нөхцөлтэйгөөр. Байраа аваад л жинхэнэ төрх нь гарсан, тэгээд л болъё гээд салсан. Сд байр өгөх нөхцөл Н.Агаас болж өөрчлөгдсөн юм уу гэхэд нь би тийм гэж үнэнээ хэлсэн. Н.Агаас болоод 5 жилд байр өгөхөө больсон. Б.Стад сайн, давуу талууд зөндөө байсан. Тахир дутуу болох, ажиллах боломжгүй, тэтгэвэрт гарахад байрыг шилжүүлнэ гэдэг асуудал байсан. Уг ажил нь хүндийн хувьд хүнд, сэтгэлээрээ ажиллахын хувьд ажилласан, Б.Сгаас хойш 2, 3 захирал солигдсон нь үнэн, Б.Сг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд байрны асуудал яригдсан. Гэтэл өөрөө хаяад явчихсан. Баримт үйлдсэн, баримт үйлдээгүй гэдэг талаар ярьмааргүй байна. Б.Б захирал Б.Стай 1 жилийн хугацаанд хамт ажилласан. Тэгээд дээр дурдсан 3 нөхцөлийг дурдаад Б.Стад гэрээгээ боловсруулаад өөрөө хүрээд ир би зураад өгье өчнөөн удаа хэлж байсан. Баримтыг үйлдэх өчнөөн боломж байсан, гэнэдүүлсэн зүйл огт байхгүй... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...5 гэрчийн үндсэн санаа ижил байна. Тогтвор суурьшилтай ажилласан гээд орон сууцыг өгсөн гэж, өгсөн гэх агуулгыг илэрхийлэхдээ ашиглалтад нь өгсөн ойлголт биш, өмчлүүлээд бүр өгсөн агуулгатай тайлбарыг хэлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж Б ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигчдийн хооронд ямар асуудал байсан, ямар тохиролцоо байсан, бодит нөхцөл байдлыг тайлбарлаж хэллээ. 100 айл дээр өөрийнхөө бизнесийг хийгээд явж байхад манай рестораныг босгоод үйл ажиллагааг хариуцаад явах хүсэлт, саналыг Б.Ж тавьсан. 5 жилийн хугацаанд ажиллавал байр өгнө гэж амлачихаад А нь байраа аваад ажлаасаа гараад явчихаар нь ярилцаад нас барах, хөдөлмөрийн чадваргүй болох, тэтгэвэрт гарах 3 болзолтойгоор байр өгөхөөр болсон гэж байна. Байр өгөх анхны нөхцөл болзол хэдий хангагдсаны дараа, байр авах эрх нь үүсчихээд байхад үзэмжээрээ Б ХХК нь асуудалд хандаж байгаа нь хуураад, явсан байна гэж үзэхээр байна. Хариуцагчийн өөрийн итгэл үнэмшил, сэтгэл зүрхээ зориулж байсан нь харагдаж байна. 16, 17 жил ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бага цалин авдаг, хувьцаа эзэмшигчдийн хурлаар архи уусан хүмүүсийг хариуцаж ажиллаж байгаад гэр лүүгээ харих замдаа осолд орж, үүнээс болж эхнэр нь өнөөдрийг хүртэл өвчтэй байна. Ийм хэмжээнд ажиллаж байсныг шүүх анхаараасай. Нэхэмжлэгчийн дурдсан Иргэний хуулийн 420 дугаар зүйл заалтыг ярьж байна. Шагнал олгохоор тодорхой нөхцөл болзлыг нийтэд зарласан. Энэ бүх нөхцөл болзлыг Б.Ст нь хангасан. Иргэний хуулийн 196.1-т гэрээ байгуулсанд тооцсон асуудлыг дурдсан. 196.1.5-т талууд нүүр, нүүрээ хараад гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Б.Ж нь бичиг, цаас байгуулаагүй гэдгийг шалтаглаагүй гэж хэлж байгаа нь тохиролцоо, гэрээ нь хөдөлмөрийн хуульд ямар байхаас үл шалтгаалаад үндсэн зарчмын асуудлыг анхаарах нь зүйтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэгчээс 106 дугаар зүйлийн 106.1.1-ээр буюу өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргасан гэж хэллээ. Б.Стад тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг байр нь хууль бус эзэмшлийнх бишээ, тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд байр өгсөн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэхээр байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасанчлан хэлцэл хийгдээд, хэрэгжсэн байна. Байрны найр хийгээд байрыг өгсөн үйл баримт тогтоогддог. Гэрчүүд 2002 оноос хойш сайн ажиллаж, бага цалин авсныхаа урамшуулалд авсан гэж хэлдэг. Иргэний хуулийн 43.1.1-ээр талууд хэлэлцэн тохиролцоод дуусгавар болсон гэрээ гэж үзэхээр байна. Хэрвээ хуваарьт хөрөнгө гэж хууль бус хэлэлцэл гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу, шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхээ алдсан. Үнэхээр Б гэх хүний хуваарьт хөрөнгөд халдаад 6 жил гарахгүй байсан бол шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Иймд Б ХХК-аас Стад тухайн үед сайн ажилласны төлбөрт өгсөн үйл баримтыг гэрч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тогтоогоод өглөө. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс шагнал урамшууллын байр тул өмчлөгчөөр тогтоолгох үндэстэй гэж үзэж байна. Аман хэлцлээр тухайн байр нь Б ХХК-ий 4 гишүүд нь аман хэлцлээр сайн ажиллавал байраар шагнана гэдэг зүйл яригддаг. Компани нь хүмүүсээ тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд байраа амалдаг, тэгэхээр сайн ажилладаг байна. Үүний дагуу 2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийсэн гэж байгаа нь хэрэгжээд дууссан гэж үзэж байгаа тул өмчлөгчөөр оролцуулж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол 00 дүгээр байрны 00 тоот 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.01.01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Б.Стаас 2017.10.30, 2017.11.20-ны өдрүүдэд Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын даргад гаргасан хүсэлт, 2017.12.04-ны өдрийн 00 дугаар Б ХХК-ийн салбарын гүйцэтгэх захирал асан Б.Ст танаа гэх хүсэлтийн хариу, Б ХХК-ийн дүрэм, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх гуравдагч этгээдийн хүсэлтээр Нийслэлийн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Б.Стын 2002-2016 оны дуусталх Б ХХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулан, хариуцагчийн хүсэлтээр нэр бүхий этгээдүүдийг гэрчээр асуух ажиллагааг гүйцэтгэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Стад холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 62 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Б ХХК-д олон жил үр бүтээлтэй ажилласныг урамшуулан шагнасан байр тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

3. Хэрэгт авагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 62 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон лавлагаагаар тогтоогдож байна. /хх-7, 160/

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй гэдгийг нэхэмжлэгч нь нотолсноор шаардах эрх үүснэ.

 

5. Маргаж буй орон сууцыг хариуцагч Б.Ст нь 2011 оноос эхлэн эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин уг орон сууцыг ямар зориулалт, зорилгоор хариуцагч Стын эзэмшилд шилжүүлсэн үйл баримт нь маргааны зүйл болсон болно.

 

6. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Б.Б Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн хэвийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг дэмжих зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг Иргэний хуулийн 311 дүгээр зүйл зааснаар албаны орон сууцны зориулалтаар Б.Стад ашиглуулсан. Б.Ст нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас гарсан тул орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардаж байна... гэж тайлбарласан.

 

7. Хариуцагч ... хувьцаа эзэмшигч Б.Ж анхнаасаа орон сууц болон бусад урамшуулал олгоно, чи жаахан тэсээд хүлээчих гэсний дагуу 2 рестораны үйл ажиллагааг хариуцан уртасгасан цагаар, маш бага цалинтайгаар орон байртай болно гэсэн итгэл үнэмшлээр 2002 оноос хойш ажилсан. Б.Б захирал уг орон сууцыг надад олон жил үр бүтээлтэй ажилласны чинь шагнал гэж ажлын хамт олны дунд байрны найран дээр эхнэрийнхээ хамтаар ирж Б хүргэж, үг хэлж байсан нь одоо ч миний нүдэнд харагдаж байна. Би уг байраа хууль бусаар эзэмшээгүй. Миний олон жилийн хөдөлмөрийн үр дүнд надад шагнал, урамшуулал болгон өгсөн тул өмчлөх эрхтэй болохоо тогтоолгоно... гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарлав.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Б.Б, Б.Ж, Б.Ц нар байх бөгөөд хариуцагч Б.Ст тус компанид 2002 онд няраваар ажиллаж эхэлснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ.

 

Улмаар ажил олгогч Б ХХК нь Б.Стад 2002 оноос 2016 оны 4 дүгээр сарыг дуустал цалин хөлс олгож байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Ст нь гуравдагч этгээд Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхлэн тус компанийн Romance рестораны 2 салбарыг хариуцан үр бүтээлтэй ажиллаж байсан талаар гэрчүүд мэдүүлсэн бөгөөд гуравдагч этгээдийн төлөөлөгч хариуцагчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг үгүйсгэн няцаагаагүй.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

Хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхэд гэрчээр асуугдсан Ч.Цандэлэг ...Ст ажиллаж байх хугацаандаа чадварлаг сайн ажилладаг байсан. Тэгээд удирдлагын зүгээс шагнасан гэж бодсон. Н.Аод мөн ур чадвартай сайн ажилласан гээд байр өгсөн... гэж, П.Э...Б.Ж намайг дуудаад танай найзад байр бэлэглэх гэж байна гэсэн тэгээд хажуу талын өрөөнд нь ороод байр өгөх арга хэмжээнд нь оролцсон. Байрны найранд найзын хамт уригдсан... гэж, Д.Саранчимэг ...Б.Ж захирал өөрөө байр өгөх талаар хэлж байсан. Б.Ц над руу утасдаад Б.Ж Б.Сд байр өгнө гээд аваад ирсэн юм байна. Чи байр өгөх талаар юу гэж бодож байна гэж асуусан. Тэгэхээр би ажлын ачаалалтай, хонон өнжин ажиллаж байгаа хүнд байр өгөх нь зүйтэй гэж хэлсэн. А таван жил гаруй ажиллаад байраа нэр дээрээ шилжүүлэн авсан... гэж, Н.А ...орон сууц өгнө гэсэн тохиролцоотойгоор бага цалинтай ажиллаж байсан. Надад Б.Ц захирлын нэр дээр байсан байрыг надад шилжүүлж өгсөн... гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрчүүдийн дээрх мэдүүлэг болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээхээр заасан.

 

Хэргийн үйл баримтаар маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч Б.Б нь Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хариуцагчид үр бүтээлтэй ажилласны үр дүнгийн шагнал болгон шилжүүлснээр тухайн орон сууцыг эзэмшил хариуцагч Б.Стад үүссэн гэж үзэхээр байна.

 

Дээр дүгнэсэнчлэн, хариуцагчийн эзэмшил хууль бус гэх үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Бын хариуцагч Б.Стад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 62 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин хариуцагч Б.Ст нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 62 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, өмчлөх эрхтэй этгээд болсон гэж үзэх үндэслэлтэй тул маргаж буй орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Б.Стыг тогтоож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын хариуцагч Б.Стад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 62 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Стыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 62 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагчаас төлсөн 432 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 432 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ