Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01594

 

 

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01594

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.ЭнхБ-, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Б.С-ад холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Б- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоотхаягт байрлах 4 өрөө орон сууцыг н.Нямцэрэнгээс бэлэглэлээр авч, өмчлөгч болсон. Тухайн орон сууцыг бэлэглэлээр хүлээж авсны дараа нягтлан н.Отгонцэцэг албаны орон сууцны зориулалтаар ашиглаж байсан. Тухайн үед Б.С-ыг дуудаад 2 үл хөдлөх эд хөрөнгөөс сонгуулахад уг орон сууцыг сонгосон тул ресторанд хүмүүсийн хажууд түлхүүрийг гэрчилгээний хуулбарын хамт өгсөн. Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн боловсон хүчнийг тогтвортой байлгах, компанийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд 2011 онд Б.Б-ын өмчлөлийн орон сууцанд Б.С-ыг Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасны дагуу албаны орон сууцны дагуу амьдруулсан. 2017 онд Б.С- ажил үүргээ сайн гүйцэтгээгүй тул орон сууцыг хүлээлгэж өгөх шаардлага тавихад биелүүлээгүй. Б.С- орон сууцыг бэлэглэсэн гэж бодсон болохоос бэлэглэсэн үйл баримт тогтоогддоггүй. Иймд орон сууцыг Б.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Б-, Б.Ж-, Б.Ц- нар А ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Б.Ж- Б.С-ыг А ХХК-д 2002 оноос эхлэн няраваар ажилд авсан бөгөөд идэвх, зүтгэлтэй сайн ажиллаж байсан тул орон сууц өгөхөөр амаар тохиролцсон. Орон сууц, урамшуулал өгнө гэж амласан тул цалин бага байсан ч ажилласан. 2007 онд компани салбар ресторан нээж, Б.С-ыг гүйцэтгэх захирал болгосон ч тухайн үед хамгийн бага цалинтай ажиллуулж байсан. Б.С- нь 15 жил ажиллахдаа компанийг 2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан. Тэрээр орон сууц өгнө гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байсан. Хувьцаа эзэмшигч Б.Ц-д анх ажилд ороход Б.Ж- надад байр өгнө гэсэн..., одоо надад байр хэрэгтэй байна гэж хэлсэн. 2011 онд Б.Б- Б.С-ыг дуудан байр өгөхөөр болсон, 2 байрнаас сонгоод аваарай гэж хэлсэн. Б.С- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоотхаягт байрлах орон сууцыг сонгон авч, 13,500,000 төгрөгөөр бүрэн засвар хийсэн. Байрны найранд Б.Б- ирж Б.С-ыг олон жил ажилласны үр дүнд өгч байгаа шагналын байр гээд Б- хүргэж үг хэлж байсан, энэ талаар бусад хүмүүс мэдэж байгаа. Б.Б- 2015 онд Б.С-ыг ресторан муу ажиллуулж байна гэж буруутгаж, гүйцэтгэх захирлын ажлаа өгөхийг шаардсан ба улмаар эхнэр Я.Өсөхийг захирлаар томилсон. 2017 оноос эхлэн Б.Б- нь чи ажлаа өгсөн бол байраа өг гэж шаардах болсон. Б.С-ыг компанид ямар нэгэн ажил хийхээр гуйсан боловч татгалзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.С- 2002 оноос эхлэн А ХХК-д идэвх, зүтгэлтэй олон жил сайн ажилласан үндэслэлээр уг орон сууцыг бэлэглэсэн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Ямар нэг бэлэглэлийн гэрээ болон амлалтаа нотариатаар баталгаажуулсан баримтгүй учраас уг үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн буюу амласан, шагнал урамшууллаар өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Б.Б- ажил олгогч биш, ажил олгогч А ХХК нь ажил үйлчилгээний хөлсөнд орон сууц өгөхөөр амлаж байгааг ялгах хэрэгтэй гэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Б.Б- Б.С-ыг А ХХК-д тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд орон сууц өгнө гэж ярилцаж, 2011 оноос эхлэн уг орон сууцанд амьдруулсан. Гэтэл Б.С- 2017 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаа хүлээлгэн өгснөөс хойш тэрээр хууль бус эзэмшигч болсон гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Б.С-ад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол *** дүгээр байрны *** тоот44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-ыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол *** дүгээр байрны *** тоот44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 432,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 432,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл, түүний агуулга: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Б-ыг рестораны ажилчдын хажууд орон сууцны түлхүүр, гэрчилгээний хуулбарыг Б.С-ад гардуулсан гэх зүйл мэдүүлээгүй. Б.Б- орон сууцны түлхүүрийг хариуцагч Б.С-ад хүлээлгэн өгөхдөө ямар нөхцөлтэйгөөр хаана хэн хэн байлцсан талаар шүүх худалдаанд мэдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлгийг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүхийн шийдвэрт өөрчлөн бичсэн байж болзошгүй. Тухайн орон сууцны өмчлөгч Б.Б- болохыг шүүх тогтоосон. Б.Б- А ХХК-ийн боловсон хүчнийг тогтвортой байлгах, тус компанийн үйл ажиллагааг хувьцаа дэмжих үүргийн хүрээнд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасан албаны орон сууцанд 2011 оноос Б.С-ыг амьдруулсан. Харин Б.С- нь 2017 оны 10 сард өөрийн хүсэлтээр ажил үүргээ хүлээлгэн өгснөөр талуудын хооронд хийгдсэн аман хэлцэл дуусгавар болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл уг хэлцлийг хүчинтэй мэтээр үзсэн. Шүүх ямар тодорхой үйлдэл, ямар тодорхой үр дүн бий болсныг тогтоогоогүйгээр Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн Б.С- нь хууль бус эзэмшигч болсон. Иймээс Б.Б- өөрийн өмчлөлийн орон сууцаа хууль бус эзэмшигч болох Б.С-аас чөлөөлүүлэх шаардах эрх 2017 оны 10 дугаар сард үүссэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдсэн болох нь талуудын хоорондын тайлбараар нотлогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Б.Б- өөрийн өмчлөлийн албаны орон сууцаар Б.С-ыг шагнаагүй, түүнийгээ ч нийтэд зарлаагүй. Б.С- албаны орон сууцаар ашиглуулж байгаа орон сууцанд ороод, уг орон сууцанд байрны найр буюу албан бус үйл ажиллагаанд Б.Б-ыг урьсан. Б.С- нь Б.Б-ыг уг ажиллагаанд оролцохдоо Б.С-ад орон сууц бэлэглэсэн, шагнасан гэсэн агуулагатай мэдэгдэл хийсэн мэтээр мэдүүлсэн байна. Гэрч нар энэ талаар Б.С-тай ижил мэдүүлээгүй. Б.Б- албан бус үйл ажиллагаанд уригдсан тул тэнд байсан олон хүмүүсийн өмнө Б.С-ад албаны орон сууцанд амьдрах нөхцөлийг нэг бүрчлэн танилцуулаагүй. Шүүх нэхэмжлэгч Б.Б-ыг хаана, хэзээ, ямар арга хэлбэрээр Б.С-ыг орон сууцаар шагнасан нийтэд зарласан болохыг тогтоогоогүй. Шүүх талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж худал дүгнэлт хийсэн. Энэхүү иргэний хэргийн талууд гэдэгт нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Б.С-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А ХХК болно. Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Б.С- нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зөвхөн эзэмших эрх үүсэх нөхцөлийг тодорхойлсон. Харин өмчлөх эрх үүсэхгүй. Гэтэл уг заалтыг үндэслэн өмчлөх эрх үүссэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт хамааралгүй хуулийн заалтыг баримталсан. Б.С- Б.Б-ын өмчлөлийн орон сууцыг ямар эрх зүйн үндэслэлээр өмчлөх эрхтэй болохоо тайлбарлаагүй байтал Б.С-ыг өмчлөх эрхтэй гэж үзэн Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.С- нь Б.Ж-д 24,600,000 төгрөгийг төлөөд албаны орон сууцыг шилжүүлэн авах санал, түүний гаргасан тайлбарыг харьцуулан үзвэл Б.С-ад тухайн албаны орон сууцыг өмчлүүлэхээр бэлэглээгүй, түүнийг шагнаагүй болохыг нотлож байна. Б.С- 2011 онд албаны орон сууцанд нүүж орсон. Б.С- 2011 оноос хойш 2017 оныг хүртэл 6 жилийн хугацаанд өөрт нь бэлэглэсэн гэж үзээд байгаа орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар санал, хүсэлт, шаардлагаа ямар шалтгаанаар гаргаагүй болохоо тайлбарлаагүй. Б.С-ад тухайн албаны орон сууцыг өмчлүүлэхээр бэлэглээгүй, түүнийг шагнаагүй болохыг дахин нотлож байна. Гэрч Ч.Л-, П.Э-, Д.Ё-, Н.П- нарын мэдүүлгээс орон сууцны өмчлөгч Б.Б- нь Б.С-ад орон сууц бэлэглээгүй, түүнийг орон сууцаар шагнаагүй, түүнд амласан зүйл огт байхгүй болох нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Б.С-ыг ажилд авахдаа 5 жил ажилласны дараа орон сууц өгнө гэж ажилд оруулсан. 2002 оноос хойш А ХХК-д албаны орон сууц гэж байгаагүй. Ерөнхий тогооч н.П- 7 жилийн ажиллаад орон сууц авсан, Б.С- 9 жил ажиллаж орон сууцанд орсон. Орон сууцандаа орж, хамт олон, хамаатан садан, найз нөхдөө урьж байсан. А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ж- нь тухайн үед захирлаар ажиллаж байх үедээ ажилд авсан. Гэвч Б.С-ыг гүйцэтгэх захирал болох үед Б.Б- нь хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга байсан, Б.Ж-тай гэрээ хийж байсан тул хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. Орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх асуудлыг хөөцөлдөөгүй. Тухайн үед Би нөхцөл бололцоогоо биелүүлсэн тул уг орон сууцыг өгнө үү гэж хэлсэн. 2002 онд ажилд орсон тул 2007 онд орон сууцаа авсан байх ёстой. Б.Б- нь өөрийн өмчлөлийн орон сууцыг өгсөн гэх боловч гэрчийн мэдүүлэгт уг орон сууцыг К-ийн өөрийн хөрөнгөөр авсан талаар нягтлан бодогч н.Ё- нотолсон. Намайг шүүхэд удаа дараа худал мэдүүлэг өгсөн гэж ярьсан боловч надад худал хэлсэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Б.С-ад холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

4.а. Б.С- нь А ХХК-д 2002 оноос 2012 он хүртэл ажилласан, маргаан бүхий орон сууцыг 2011 оноос эхлэн одоог хүртэл бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин орон сууцыг эрхэлж байгаа албан тушаалтай нь холбоотойгоор эзэмшилд нь шилжүүлсэн, эсхүл тодорхой болзол нөхцөлтэйгөөр түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон эсэхэд талууд маргаж байна.

 

4.б. Нэхэмжлэгч Б.Б- нь маргаан бүхий орон сууцыг А ХХК нь албаны зориулалтаар Б.С-ад ашиглуулж байсан гэж, хариуцагч Б.С- нь компанид олон жил, үр дүнтэй ажилласан учраас урамшуулал болгож өгсөн гэж 2011 онд байгуулагдсан аман хэлцлийн талаар харилцан адилгүй зөрүүтэй тайлбар гаргажээ. Тодруулбал, орон сууцыг эзэмшүүлэх, шилжүүлэх үндэслэл болсон тохиролцооны агуулгын талаар талууд маргаантай байсан болох нь Б.С-аас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын даргад гаргасан хүсэлтүүд, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга Б.Ж-ын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтийн хариу гэх баримтаар тогтоогдож байна. /1хх 24-26/

 

4.в. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүнийг үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн зүйлийн 198.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж, мөн зүйлийн 198.6 дахь хэсэгт Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан.

 

4.г. Талууд орон сууцтай холбоотой хэлцлийн агуулгын хувьд бичгээр гэрээ байгуулаагүй, харилцан зөрүүтэй тайлбар гаргаж байна. Иймд гэрээ байгуулагдах үеийн талуудын хоорондын харилцаа, тухайн байгууллага бусад ажилтанд орон сууц олгосон нөхцөл байдлыг харгалзан гэрээний агуулгыг тодорхойлох шаардлагатай байна.

 

5. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдсон.

5.а. Б.С- маргаан бүхий орон сууцыг 2011 оноос эхлэн одоог хүртэл бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5.б. Хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхэд гэрчээр асуугдсан 5 хүний /Ч.Л-, Д.Ё-, Н.П-, П.Э, Ц.Б/ мэдүүлэгт орон сууцыг урамшуулал болгон олгосон гэх агуулга нь хоорондоо зөрүүгүй, эдгээрээс 4 /Ч.Ц, Д.Ё-, Н.П-, П.Э/ нь тухайн цаг үед Б.С-тай хамт А ХХК-д ажиллаж байсан.

 

5.в. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч Б.С- Б.Ж-д тухайн үед ажлаасаа гаръя гэж хэлэхэд чи санаа зоволтгүй, П-ын дараа чамд байр аваад өгнө, байр аваад энэ ажлаа үргэлжлүүлээд хийгээд явчих гэж хэлсэн гэх, гуравдагч этгээд А ХХК-ийн төлөөлөгч Б.Ж- ...5 жилийн хугацааг Амгаа /тогооч Н.П-/-тай тохирсон, тэгээд 6 жил болоод байрыг шилжүүлсэн, тодорхой нөхцөлтэйгөөр... Сайнаа /Б.С-/-д байр өгөх нөхцөл Амгаа /Н.П-/-аас болоод 5 жилд байр өгөхөө больсон... Тахир дутуу болох, ажиллах боломжгүй болох, тэтгэвэрт гарахад байрыг байрыг шилжүүлнэ гэдэг асуудал байсан... Сайнааг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд байрны асуудал яригдсан... гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах ...тухайн үед гүйцэтгэх захирал Б.С-ыг дуудаад алийг сонгохоор өөрөө мэд гэсэн. Тэгээд 19 дүгээр байрыг сонгоод 2 түлхүүр, гэрчилгээний хуулбарын хамт өгч байсан... 2011 онд Б.Б- нь өөрийн өмчлөлийн хуваарьт хөрөнгөдөө Б.С-ыг амьдруулахаар болсон... гэх тайлбарыг тус тус гаргажээ. /2хх 24-25/

 

5.г. Дээрх нотлох баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл гуравдагч этгээд А компани болон хариуцагч Б.С- нарын хооронд тогтвор суурьшилтай ажилласнаар орон сууцыг өмчлөх эрх олж авах агуулгаар хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийгдсэн байна гэж үзэв. Тодруулбал, хариуцагч Б.С- болон А ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг тодорхой болзол нөхцөлтэйгөөр хариуцагч Б.С-ын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээн, эзэмшилд нь орон сууц шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

6.а Талуудын хувьд дээрх гэрээний үүргийг гүйцэтгэх арга журмын талаар маргаантай байх бөгөөд хариуцагч Б.С- 2002 оноос 2011 он хүртэл 9 жил ажиллаж, уг орон сууцыг эзэмшиж ирсэн тул өмчлөх эрхтэй болсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан, харин нэхэмжлэгч тэтгэвэрт гарах, ажиллах боломжгүй болох, тахир дутуу болох тохиолдолд орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх байсан гэж маргажээ. /1хх 14-16, 2хх 9-10, 23-39/

 

6.б. Ажил олгогчийн зүгээс ажилтантай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлөө ийнхүү тодорхойлсон нь эргэлзээтэй бол Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэх учиртай. Хэрэгт авагдсан Б.С-аас А ХХК-д хаягласан хүсэлтэд зохих төлбөр төлөх талаар санал, тайлбар тавьж байсан байна. Гэвч талууд зөвшилцөлд хүрээгүй байна.

 

6.в. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг тодорхойлохоор гэрээний аль нэг тал шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй. Нэхэмжлэгч нь өмчлөх эрх шилжүүлж өгөөгүй тул хариуцагч нь шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

7.а. Хариуцагч Б.С- нь А ХХК-д нийт 15 жил ажилласан, түүнд орон сууцны түлхүүрийг бусад этгээдүүдийг байлцуулан гардуулж өгсөн, 2011 онд орон сууцыг эзэмшилдээ авсан зэрэг нөхцөл байдал, мөн компанийн зүгээс 5 жил ажилласан өөр ажилтанд орон сууцны өмчлөх эрх шилжүүлж байсан зэрэг үйл баримтыг харьцуулан үзэхэд орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлийг хариуцагч Б.С- хангасан, харин А ХХК тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй байна.

 

7.б. Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

8. Гэвч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Б.С-ын сөрөг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

8.а. А ХХК-ийн Б.С-ад орон сууц олгох үүргийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд болох Б.Б-аар гүйцэтгүүлэхээр эзэмшлийг шилжүүлсэн байна. Гэвч Б.Б- нь уг орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээс татгалзаж, түүнд холбогдуулан шүүхэд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

 

8.б. Талуудын хоорондын гэрээний үүргийг Б.Б- зохих ёсоор гүйцэтгээгүй буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт зааснаар үндсэн үүрэг гүйцэтгэгч болох А ХХК хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.С-ын өмнө нэхэмжлэгч Б.Б- үүрэг хүлээгээгүй тул өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

Учир нь маргааны зүйл болох орон сууцыг Б.С- аман хэлцлийн үндсэн дээр бодитоор шилжүүлж, шударгаар эзэмшиж байх боловч Иргэнй хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэж шилжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Б.Б- нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар өмчлөгч болно. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Б.С-ын нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

8.в. Гэрээний дагуу үүрэг хүлээсэн А ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан.

 

Иймд хариуцагч Б.С- нь өмчлөгч Б.Б-т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан болно.

 

9. Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаагүй анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

9.а Маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар Б.Б- мөн боловч Б.С- болон А ХХК-ийн хооронд хэлцэл хийгдэж, нэхэмжлэгч Б.Б-ын зөвшөөрлийн үндсэн дээр орон сууцыг хариуцагч Б.С- Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг зааснаар эзэмшилдээ авсан байна.

 

9.б. Иймд хариуцагчийн эзэмшил хууль бус байх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх Б.Б-т үүсээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 2011 онд Б.С- нь А ХХК-тай хийсэн хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа учраас түүний эзэмшил хууль бус биш юм.

 

9.в. Мөн хариуцагч Б.С- нь эзэмшиж, ашиглаж байсан орон сууцанд засан сайжруулалт хийсэн нь Б.С-аас А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга Б.Ж-д гаргасан хүсэлт болон А ХХК-аас хүсэлтийн хариуд тусгагдсан байна. /1хх 24-26/

 

Иймд шударга эзэмшигч болох Б.С- нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.С-ын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 хороолол, *** дүгээр байрны *** тоотхаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Б.С-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБ-

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ