Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01987

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01987

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01964 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.С-д холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 62 тоот хаягт байрлах Ү-2206002106 улсын бүртгэлийн дугаартай, 000112011 тоот гэрчилгээтэй, 44 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Б.Б- БЖЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас тус компанийн хэвийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг дэмжих зорилгоор тухайн орон сууцанд Б.С-ыг оруулж, Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасан албаны орон сууцны зориулалтаар ашиглуулсан. Б.С- нь ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн шаардлага хангахгүйгээр Тоёота Истана, Тоёота Рав-4, Киа прайм, Тоёота Приус 20, Хюндэй Эксел маркийн машинуудыг тус тус хэрэглэж байсан. Үүнээс Хюндэй Эксель маркийн машиныг хувьд нь өгсөн. Ажиллаж байх хугацаанд 55252376 дугаартай утсыг барьж байсан ба утасны төлбөрийг байгууллагаас төлж байсан. Мөн 88114809 дугаарыг хэрэглэж байгаад ажлаас гарахад нь хувьд нь өгч байсан. Хариуцагч тал Б.С-ыг огт цалингүй ажиллаж байсан тухай дурдаж байгаа боловч энэ нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалаас ирүүлсэн баримтаар нотлогдоно. Үүнд 2002 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 25 000 төгрөг байхад хариуцагч 50 000 төгрөгөөр, 140 000 төгрөг байхад 200 000 төгрөгөөр, 192 000 төгрөг байхад 500 000 төгрөгөөр, 240 000 төгрөг байхад 900 000 төгрөгөөр тус тус цалинжиж байсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл тус албаны орон сууцанд амьдарч байгаа бөгөөд албаны орон сууц гэдэг нь албан тушаал хашиж байхдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр түр хугацаагаар амьдрахыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Ямар тохиолдолд албаны орон сууцнаас гарах талаар Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт тодорхой заасан. Б.С- нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа надад амласан орон сууцаа өгсөн гэж бодож байсан талаар бичсэн байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлснээр үүрэг үүснэ гэж хуульчилсан. Бэлэглэлийн гэрээний эд хөрөнгийг хуулиар тогтоосон хэлбэрээр өмчлөх эрх үүссэн тохиолдол бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцно. Бэлэглэлийн гэрээ нотариатаар баталгаажсаны дараа улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Энэ байр бол Б.Б-ын хуваарьт хөрөнгө, БЖЦ ХХК бол энэ хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаа бөгөөд Б.Б- нь БЖЦ ХХК-д дэмжлэг үзүүлсэн болохоос бус өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Орон сууцыг чөлөөлж өгөхийг Б.С-аас удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөөгүй тул Б.Б- миний орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй Б.С-ыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: БЖЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б.Жаргал, Б.Б-, Б.Цэнгэл нар юм. Б.Жаргалтай урьд нь хамт нэг газар ажиллаж байхдаа танилцсан бөгөөд 2002 оны эхээр өвөл Б.Жаргал надтай уулзаад би шинэ ресторан /одоогийн Romance/ нээж байгаа чи надад сантехникийн ажилд туслаад өгөөч гэж анх ярьсан. Мөн ресторан нээгдэхийн өмнөхөн найздаа туслаад сандал угсраад өгөөч гэх мэт гуйх бүрд нь очиж туслаж байсан. 2002 оныхоо хавар 4 дүгээр сард Б.Жаргал надтай уулзаж Чи наад ажиллаж байгаа ажлаа орхиод надтай хамтарч ажиллаач, надад чиний тусламж хэрэгтэй байна гэсэн. Ингээд Romance рестораны ажлыг нь хүлээн авч, БЖЦ ХХК-ийн нярав хэмээх албан тушаалд ажиллаж эхэлсэн. Б.Жаргал надад компаниа өргөжүүлэн Улаанбаатар хотод олон салбар ресторан нээнэ. Чиний хувьд цаашид компанидаа ажиллаж байвал чамд орон сууц болон бусад урамшуулал олгоно гэсэн. , бид олон жил бие биенээ мэддэг болсон, Б.Жаргалыг надад худлаа хэлнэ гэж бодоогүй тул би тухайн үеийн цалингийн хамгийн бага буюу 100 000-200 000 төгрөг авч зөвхөн итгэл үнэмшлээрээ ажиллаж байсан. 2007 онд манай компани Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 7 гудамжинд буюу Энхтайвны гүүрний баруун хойд талд рестораны 2 дугаар салбараа нээсэн. Салбаруудын ажлыг би хариуцан, үйл ажиллагааг жигд сайн явуулахад чармайн ажиллаж, улмаар Б.Цэнгэл намайг компанийн гүйцэтгэх захирал болгохоор шийдсэн тухайгаа мэдэгдсэн. Ингээд Б.Жаргал надад ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, би БЖЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Энэ үедээ хоёр салбар зоогийн газар хариуцан ажиллаж байсан боловч сард 400 000 төгрөгийн цалинг ямар нэг урамшуулал, илүү цаг бодолгүй авч байсан. 2013 оноос цалинг 900 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. ...Хувьцаа эзэмшигч Б.Цэнгэлд анх ажилд ороход Б.Жаргал надад байр өгнө гэсэн, та ч бас хүссэн бүхнийг чинь аваад өгнө гэсэн, одоо надад орон сууц хэрэгтэй байна гэхэд Б.Цэнгэл за ойлголоо энэ талаар ярилцана гээд удалгүй Б.Б- намайг дуудан чамд байр өгөх болсон хоёр байр байгаа очоод өөрөө шилж сонгоод аваарай гэсэн учир би Баянзүрх болон Хан-Уул дүүрэгт байрлах хоёр байрнаас одоо амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 62 тоотод байрлах байрыг сонгож авсан. Уг байрны засварыг 13 500 000 төгрөгт багтаан хийлгэсэн. Миний хувьд уг байрыг өөрийн хөдөлмөрийн үр шимээр олж авсан эд хөрөнгө гэж ойлгож байгаа. Хөдөлмөрлөх эрхийн харилцаанд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байхдаа эзэмшсэн эзэмшил юм. Миний ажилласан 15 жилийн хөдөлмөрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар бодолцохгүй байна. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг дурдаж байна. Ямар албан тушаалтай хүн ямар хөнгөлөлт эдлэх талаар зохицуулсан хөдөлмөрийн дотоод журам байхгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.С- нь 2002 оноос эхлэн ажилласан бөгөөд ажиллах хугацаанд өөр байгууллагад нэг хэсэг ажилласан. Хариуцагч нь ажиллаж байхдаа алдаа дутагдал, ололт амжилт гаргаж байсан. Ололт амжилт байсан учраас бид Б.С-ыг цаашид удаан хугацаагаар ажиллуулахын тулд 2011 онд албаны байранд оруулсан. Ажлаас халагдах үеийн бичлэг байхгүй болсон гээд хардаад байгаа ч тийм зүйл байхгүй. Б.С- цалингүй ажиллаж байсан гэдэг нь огт үндэслэлгүй. 2002 оноос 2011 он хүртэл буюу 9 жил цалингүй ажиллаж байгаад байранд орсон гэж итгэл үнэмшилгүй зүйлийг ярьж болохгүй. Хувьцаа эзэмших тухай огт яригдаагүй, харин 2017 оны 01 дүгээр сард буцаад ажилдаа томилогдох үед ажиллаж байгаа хүмүүсээ идэвхжүүлэхийн тулд ашиг хүртээх тухай ярьсан. Гэхдээ энэ бол хувьцаатай ямар ч холбоогүй. Хариуцагч гар утасны төлбөрөө төлж үзээгүй, мөн ресторанд гэр бүлээрээ үнэгүй хооллодог байсан. Бас өөрийнх нь унаж байсан Хюндэй Эксель маркийн машиныг хувьд нь үнэгүй өгч байсан. Ажлаас гарахад нь 88114809 гэсэн дугаарыг хувьд нь мөн өгсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 62 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002106 дугаартай, орон сууцны зориулалттай 44 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь өөрийн сайн дураар уг байранд хариуцагчийг оруулсан. Энэ талаар талууд маргаангүй байхад шүүх нь хариуцагч Б.С-ыг дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хангаж байгаа нь хэт нэг талыг барьсан хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Б-ын гаргаж өгсөн баримтаас үзэхэд Б.С-ыг БЖЦ ХХК-д өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл ажиллавал уг байрыг түүний өмчлөлд шилжүүлнэ гэж, мөн нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасныг ярьж байгаа боловч нэхэмжлэл болох тайлбартаа БЖЦ ХХК нь Б.С-ыг сайн ажиллуулаад тэтгэвэрт гарсны дараа өмчлүүлэх асуудал нь Б.Б- БЖЦ ХХК нарын хооронд төлбөр тооцоо дууссаны дараа яригдах асуудал хэмээн тайлбарладаг.

Хариуцагч Б.С- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 62 тоот байрны шударга эзэмшигч тул албадан гаргах боломжгүй. Хариуцагч нь 2011 онд тухайн орон сууцанд орсон бөгөөд уг байрандаа 13 500 000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийж орсон байдаг.

Мөн хариуцагч талаас анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй уг байрыг компанийн хувь нийлүүлэгч Б.Б- болон Б.Жаргал нарын зүгээс бэлэглэсэн байрыг хөдөлмөрийн үр шимээрээ олж авсан гэдгийг нотлуулахаар гэрчүүдийг асуулгаж өгөөч хэмээн өөрөө болон өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэсэн утга бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан мөн л хүлээж аваагүй. Аль алиныг нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна хэмээн хэрэгсэхгүй болгож байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхээс ажил олгогч БЖЦ ХХК нь хөдөлмөрийн гэрээгээр Б.С-ыг орон сууцаар хангах үүрэг хүлээгээгүй, хамтын гэрээ хэлэлцээр талуудын хооронд байгуулагдаагүй, мөн хариуцагч нь ажил олгогчийг маш бага цалин хөлс олгож байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд хандан, хариуцагч Б.С-ын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 байр, 62 тоотод орон сууцны өмчлөгч нь Б.Б-, тус орон сууцанд Б.С- 2011 оноос хойш амьдарч байгаа үйл баримтад маргаангүй. Харин орон сууцыг эзэмшүүлсэн зорилгын талаар маргаж, хариуцагч нь Б.Б- нь байр өгөхөөр болж, сонгоод ав гэж хэлсний дагуу орон сууцыг сонгож авсан, байрыг надад бэлэглэсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийхээр заажээ. Зохигчдын хооронд уг хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй байна.

Хариуцагч Б.С- нэхэмжлэгч БЖЦ ХХК-д 2002 оноос ажилласан байх тэрээр 2017 онд компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санал гаргахдаа уг орон сууцны үнийг ажилласан жилийн хугацаанд тооцон зөрүү төлөх хүсэлт гаргаж байжээ. БЖЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын даргын хувьд хариуцагчийн гаргасан хүсэлтэд хариу өгөхдөө орон сууцны талаарх саналыг эс зөвшөөрч эзэмшлээсээ чөлөөлөхийг мэдэгдэж байсан болох нь хэргийн 26 дахь талд авагдсан баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД