Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02092

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/02092                                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 0000 тоот хаягт байрлах, П ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалантын 00 гудамж, 000 тоот хаягт оршин суух, З-ын А /РД:000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 33 743 815,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, өмгөөлөгч Р.Б, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Хариуцагч З.А нь 2000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр 23 500 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж авсан. Тухайн оны 10, 12 дугаар саруудад төлөлтөө хийсэн. Түүнээс хойш төлөлт хийгээгүй. Хэрэгт 7 удаагийн зээл хүссэн анкет, зээлийг судалсан судалгаа, зээлийн хорооны шийдвэр, тухайн үед олгож байсан дансны хуулгууд, төлсөн төлөлтүүдийг бүгдийг гаргаж өгсөн. Хэрвээ аваагүй байсан бол төлөлтүүдийг хийхгүй байсан. Гэвч бэлнээр аваагүй, гарын үсэг биш гэж маргадаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсэгт шинжээч томилоод З.Аийн гарын үсэг мөн болох нь мөн  кассын зарлагын баримтаар бэлэн өгсөн болох нь тогтоогдсон тул үндсэн зээл 23 176 759,08 төгрөг, зээлийн хүү 9 626 080,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 941 976,41 төгрөг, нийт 33 743 815,80 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээний үүрэг шаардаагүй...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөл, ашиглалтад захиран зарцуулах эрхэд шилжүүлж байж зээлийг олгосон гэж үзэх үндэстэй. Гэтэл бодитоор мөнгө өгөөгүй байж, бэлнээр олгосон гэх баримт дээр гарын үсэг зуруулаад, буцааж авсан гэж зуруулаад 7, 8 удаагийн зээл болсон. Үнэхээр бодитой зээл олгогдсон бол данс руу нь хийдэг. Өмнөх зээлийг хаалгах гээд гарын үсэг зуруулаад буцаагаад хаасан гээд мөнгө олгоогүй байж уг бичилтийг үндэслээд бодитойгоор олгосон гэж үзэх боломжгүй. З.А нь тухайн байгууллагыг хохироогоогүй, бодитой төлсөн 60 сая төгрөгийн баримтаар хангалттай нотлогдож байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж, тэмдэглэл дээр зээлийг бодитой өгөөгүй талаар дурдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүх зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн судлан өөрийн дотоод итгэлээр үнэлэн

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0000000000 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23 176 759.08 төгрөг, зээлийн хүүд 9 626 080.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 940 976.41 төгрөг, нийт 33 743 815.80 төгрөг гаргуулна...” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор мөнгө олгоогүй, хариуцагчийн дансанд хүлээлгэж өгөөгүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэн маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн түр дансны хуулга, кассын гүйлгээний мэдээ,  кассын орлого, зарлагын баримтуудаар талуудын хооронд 2000 оны 0 дугаар сарын 00-ны өдрөөс 2000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан байна. Тодруулбал:

 

- 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000000000 дугаар зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн ба гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж дуусгавар болгосон талаар талууд маргаагүй.

- 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 0000000000 дугаар зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 6 035 790 төгрөгийн төлөлт хийснээр гэрээ дуусгавар болсон.

- 2000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000000000 дугаар зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргийг 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 14 120 060 төгрөгийн төлөлт хийснээр гэрээ дуусгавар болсон. 

- 2000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 000000000 дугаар зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргийг 2000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр 19 288 300 төгрөгийн төлөлт хийснээр дуусгавар болсон.

- 2000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 000000000 дугаар зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээний үүрэгт 2000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр 23 440 000 төгрөгийн төлөлт хийснээр гэрээ дуусгавар болсон.

- 2000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000000000 дугаар зээлийн гэрээгээр 26 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 23 036 100 төгрөгийн төлөлт хийснээр гэрээ дуусгавар болсон байна.

- 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0000000000 дугаар зээлийн гэрээгээр 23 500 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээний үүрэг нь маргааны зүйл болж байна.  

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож буй үйл баримтаар зээлдэгч З.А нь өмнөх зээлийн гэрээний үүргийг хугацаанаас өмнө дахин зээл авах байдлаар хааж, зөрүү мөнгөн хөрөнгийг хүлээн авч байсан, түүнчлэн хүүг бууруулах байдлаар зээлийн гэрээний нөхцөлийг сайжруулж байсан болох нь тогтоогдож байна.

 

Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн            0000000000 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч П ХХК нь зээлдэгч З.Ат 23 500 000 сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, тухайн гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т “...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж заасан.

 

Хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор мөнгө олгоогүй гэж маргасан. Тухайн зээлийн мөнгөн хөрөнгөөс өмнөх зээлийн үүрэгт 23 036 100 төгрөгийг төлсөн, зөрүү мөнгөн хөрөнгийг аваагүй гэж маргаангүйн  дээр тухайн зээлийн гэрээний үүргээс зээл, зээлийн хүү 3 690 007 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлж байсан, 2020 оны 3 дугаар сарын 13, 9 дүгээр сарын 21, 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус нэхэмжлэгч байгууллагад хандан гаргасан өргөдлийн агуулга зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ба үүгээр хариуцагчийн татгалзал няцаагдаж байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд  талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0000000000 дугаар зээлийн гэрээ нь талуудын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эгүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч 2000 оны 00 дүгээр сарын  00-ны өдрийн байдлаар зээл, хүүгийн тооцоо гарган хариуцагчаас шаардаж байгааг буруутгах боломжгүй.

 

Иймд хариуцагч З.Аээс 2000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 0000000000 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23 176 759.08 төгрөг, зээлийн хүүд 9 626 080.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 940 976.41 төгрөг, нийт 33 743 815.80 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Аээс 33 743 815.80 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 326 669 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ