Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01724

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01724

 

 

                       ПК ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01892 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  ПК ББСБХХК-ийн хариуцагч З.Ат холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30 661 306.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.А нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр .......... 434 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байршилтай 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 23 500 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч зээлийг хугацаа хэтрүүлэн төлдөг байсан, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээлд 21 176 759.08 төгрөг, зээлийн хүүнд 9 626 080.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 940 976.41 төгрөг, нийт 33 743 815.80 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулна. Гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, З.Ат зээлийн мөнгийг бэлнээр өгсөн. Хариуцагч 2016 оноос хойш нийт 7 удаа зээл авсан. Авсан зээлээсээ өмнөх зээлийн үлдэгдлээ хааж, үлдсэн мөнгөө авдаг байсан. Иймд 23 500 000 төгрөгийг З.Ат 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр кассын зарлагын баримтаар бэлнээр өгсөн баримтад зурагдсан гарын үсэг З.Аийнх мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч хариуцагчид бодитоор мөнгө олгоогүй, гэрээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээний нэмэлт болох барьцааны гэрээ адилхан хүчин төгөлдөр бус болно. Хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 21 176 759.08 төгрөг хариуцагчид бодитоор олгогдсон мөнгө биш. 10 000 000 төгрөгийн зээлийг хаах зорилгоор уг гэрээг байгуулж, мөнгө өгсөн мэт баримт үйлдсэн нь үндэслэлгүй. Уг зээлийг хариуцагчид ямар нэгэн дансаар хүлээлгэж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Аээс зээлийн гэрээний үүрэгт 33 743 815.80 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ПК ББСБХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 870 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч З.Аээс улсын тэмдэгтийн хураамжинд 326 669 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  ПК ББСБХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн  шийдвэрийн хариуцагч З.Аээс гэрээний үүрэгт 33 743 815.80 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх журмыг зөрчиж, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн. З.А зээлийн мөнгийг бодитойгоор аваагүй гэж маргахдаа ПК ББСБХХК зээлийн гэрээний дагуу олгох ёстой энэхүү мөнгөн хөрөнгөө 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20190930721200010-0 дугаартай кассын орлогын баримт гэх баримтаар зээл, хүү төлөв гэсэн агуулгатайгаар шууд буцаан авсныг нотолж буй хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэн маргасан. Шүүх уг нотлох баримтыг байхгүй мэтээр үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчид ашигтай баримтыг үндэслэн нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Шүүх зээлийн гэрээний дагуу авах ёстой мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь тухайн үед зээлдэгчид өгөхгүйгээр шууд буцаан авсан байхад зээлийн тухайн мөнгийг зээлдэгчээс дахин гаргуулахаар шийдвэрлэсэнд нь гомдолтой байна. Хариуцагч хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг дахин нэмж хүүлэх замаар удаа дараа зээл авахуулж байсны улмаас хууль бусаар давхар хүүгээс хүү тооцсон мөнгөн дүнг төлж байсан байна. Анх 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл авснаас хойш нийт 200.0 гаруй сая төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаас тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэгч давхар хүү тооцож, хууль бусаар мөнгө хүүлэх ажиллагааг явуулж байсан болох нь өөрийн дансыг ашиглалгүй дандаа бэлэн мөнгөний баримт үйлддэг байснаас тодорхой байх тул давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарч, хэргийг бүхэлд нь хянан үзэхийг хүсч байна.

Зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор авч ашиглаагүй, зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн эзэмшил, өмчлөлд захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлээгүй буцаан авсан тохиолдолд зээлийг ашигласны төлбөр хүүг зээлдэгч төлөх ёсгүй. Зээлийн гэрээнд тусгагдаагүй хэтэрсэн хугацааны хүүг зээлдэгч төлөх ёсгүй байхад шүүх анхаараагүй.

Хэтэрсэн хугацааны хүү нь зээлийг ашигласны хариу төлбөр бус зөвхөн зээлдэгчийн хариуцлагатай холбоотой зохицуулалт юм. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1, 25.2 дах хэсэгт зааснаас харахад үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүг талууд гэрээндээ зааж өгсөн тохиолдолд түүнийг зээлдэгчээс нэхэмжлэх хуулийн зохицуулалттай байхад хэтэрсэн хугацааны хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч ПК ББСБХХК хариуцагч З.Ат холбогдуулан зээлд 23 176 759.08 төгрөг, зээлийн хүүнд 9 626 080.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 940 976.41 төгрөг, нийт 33 743 815.80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч бодитоор мөнгө олгоогүй, хариуцагчийн дансанд хүлээлгэж өгөөгүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, барьцааны хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн түр дансны хуулга, кассын орлого, зарлагын баримтуудаар талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээл тус бүрийг төлж үүргийг дуусгавар болгосон гэж үзэхээр байна. Гэвч дээрх гэрээний дагуу мөнгийг зээлдэгч буюу нэхэмжлэгч нь бодитоор хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэхийг эргэлзээгүй нотлох баримт байхгүй. Гэрээнд заагдсан мөнгийг бэлнээр хүлээн авсан эсэх үйл баримтын талаар талууд маргаантай байна. /1хх8-9, 42-47, 51, 117-118/

Нэхэмжлэгч олгосон зээлээ өмнөх зээлийг хаах байдлаар буцаагаад авдаг байсан гэж хариуцагч тайлбарласан бөгөөд гэрээнүүдэд заасан мөнгөн дүн өөр өөр дансанд /түр данс/ шилжин орсон, уг данс нь нэхэмжлэгч ПК ББСБХХК-ийнх байна. /1хх32, 73-74, 81-82, 90-91, 100-101, 109-110, 119-120, 128-129/

Дээр дурьдсан гэрээнүүдээс нэхэмжлэгч тал 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 23 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд уг гэрээгээр талууд 23 500 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, үүргийн гүйцэтгэлд барьцааны гэрээнд нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /1хх8-10/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал “ ... мөнгө шилжүүлсэн зээлийн данс нь банк бус санхүүгийн байгууллагынх, харилцагчийн гүйлгээний данс биш. 2013 оноос хойш 7-8 удаа зээл өгч, авахдаа харилцагчийн банкан дах данс руу гүйлгээ хийгээгүй. Нэхэмжлэгч зээл олгохдоо өөрсдөө бүртгэлийн данс үүсгэдэг ...” гэж тайлбарлав.

Зохигчдын зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зөрүүтэй тайлбарыг анхан шатны шүүх тодруулаагүйн улмаас давж заалдах шатны шүүхээс хариуцагчид зээлийн үүрэг үүссэн эсэхт дүгнэлт өгөх боломжгүй байна. 

 

Түүнчлэн, нэхэмжлэгч өмнөх гэрээ тус бүрт мөнгийг бэлнээр өгч баримтад гарын үсэг зуруулсан, эсхүл өмнөх зээлийн төлбөрийг тооцсон, үүнээс хариуцагч хэдэн төгрөг буцаан төлсөн болох, хэрэв хариуцагч зээл авч өмнөх зээлийг төлдөг байсан бол хэдэн төгрөгийг үүрэгт суутгаж авсан талаар тодруулах шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                                 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                              ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

                                                                                              А.МӨНХЗУЛ