Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01778

 

 

 

 

 

 

 

 

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02092 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.А т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 33,743,816.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О , хариуцагчийн өмгөөлөгч Р.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч З.А нь 2019 оны 09 сарын 30-ны өдөр манай ББСБ-д хандаж өөрийн эзэмшлийн ... тоот хаягт байршилтай гэр бүлийн зориулалттай 434 м.кв газар болон тус хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 23,500,000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдэхээр харилцан тохиролцож зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Зээлдэгч З.А нь зээл авснаас хойш удаа дараа хугацаа хэтрэлттэй зээлээ төлж байсан ба зээлээ яаралтай төлөх талаар удаа дараа сануулж байсан ч 2020 оны 07 сарын 25-ны өдрөөс хойш нэг ч төгрөгийн зээл төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч З.А ээс зээл 23,176,759.08 төгрөг, хүү 9,626,080.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 940,976.41 төгрөг, нийт 33,743,815.80 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. З.А миний бие анх 2016 оны 07 сарын 06-ны өдөр П ХХК-тай 00-00000000 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж авч байсан болно. Тухайн үед энэхүү зээлийн өр төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулж чадаагүй байсан тул зээлдүүлэгч нь зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэгтгэн бодох замаар 2018 оны 03 сарын 14-ний өдөр 25,000,000 төгрөгийн, 2018 оны 07 сарын 03-ны өдөр 26,000,000 төгрөгийн, эцэст нь 2019 оны 09 сарын 30-ны өдөр 23,500,000 төгрөгийн зээлийн гэрээг зээлдэгч З.А надтай шинэчлэн байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан 2019 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 23,500,000 төгрөг нь анхны зээлж авсан зээл болон түүнээс хойш удаа дараа давхардуулан бодсон хүү, нэмэгдүүлсэн хүүний нийлбэр бөгөөд барьцаанд байсан автомашины дүнг хасч тооцсон дүн юм. Талууд анхнаасаа зээл төлүүлэх талаар харилцан тохиролцоогүй байхад зээлдүүлэгч нь өөрсдийн давуу нөхцөл байдлыг ашиглан өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн зээл төлүүлэхээр зээлдэгчийн хүсэл зоригоо илэрхийлэх бие даасан байдал болон эдийн засгийн хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлж зөвхөн хүүлэх зорилгыг агуулсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Мөн зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлж олгоогүй, түүнийг ашиглах боломжоор хангаагүй учраас зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн өр, төлбөр шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.А ээс 33,743,815.80 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 326,669 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэх хуулийн журмыг зөрчиж зөвхөн нэхэмжлэгч талд нотлох баримтыг ашигтайгаар тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.а. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож буй үйл баримтаар зээлд З.А нь өмнөх зээлийн гэрээний үүргийг хугацаанаас нь өмнө зээл авах байдлаар хааж, зөрүү мөнгөн хөрөнгийг хүлээн авч байсан, түүнчлэн хүү бууруулах байдлаар зээлийн гэрээний нөхөцлийг сайжруулж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дүгнэснээр бол харин ч эсрэгээрээ зээлийн гэрээний нөхцөл сайжрах биш, олгогдоогүй мөнгөн хөрөнгө буюу олон удаагийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дахин дахин нэмэх замаар зээлийн гэрээний үнийн дүнг зээлийн гэрээндээ тусгаж, түүнээсээ дахин дахин давхар хүү тооцон хүүлэх бодлого баримталж мөнгө нэхэмжилж байгаа нь илт байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг хуульд нийцсэн мэтээр дүгнэж, хэт нэг талыг барьж, нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан шийдвэр гаргасан.

З.А ийн хувьд анхнаасаа маргаан бүхий зээлийг бодитоор аваагүй гэж маргасан бөгөөд 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 12,000,000.00 төгрөг, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 12,000.000.00 төгрөг, 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 19,288,300 төгрөг, 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 23,440,000 төгрөг, 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 26,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 23,036,100 төгрөгийг тус тус бодитоор авч байгаагүй, энэ талаарх тайлбараа хэлсээр байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгохдоо зээл олгосэн болон зээл төлүүлсэн гэж бичүүлсэн баримтыг үндэслэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүйгээр бүхий л талаас нь дүгнэх хүулийн заалтыг ноцтой зөрчсөн.

Учир нь энэхүү маргааныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 сарын 01-ний өдөр хянан шийдвэрлэхдээ гэрээний дагуу мөнгийг нэхэмжлэгч нь бодитойгоор хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэхийг нотлох эргэлзээгүй баримт байхгүй байна гэж дүгнэсэн бөгөөд энэхүү магадлал хүчин төгөлдөр хэвээр байхад анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэлгүй магадлалд дурдсан дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан нь өөрөө үндэслэлгүй болсон.

4.б. "П"  ХХК нь 2018 оны 03 сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 03-ны өдөр 2,300,000 төгрөгийг З.А ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд бодитоор шилжүүлэн олгосон. Харин зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй үедээ кассын орлого, зарлагын баримтад гарын үсэг зуруулж авдаг байсан болохоос мөнгө бэлнээр өгч, авдаг асуудал огт байгаагүй. Миний хувьд хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг хүүг дахин нэмж хүүлэх замаар удаа дараа зээл авахуулж байсныг, үүний улмаас хууль бусаар давхар хүүнээс хүү тооцсон мөнгөн дүнг төлж байсан тул давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарч, хэргийг бүхэлд нь хянан үзэхийг хүсэж байна.

4.в. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Тухайн зээлийн мөнгөн хөрөнгөөс өмнөх зээлийн үүрэгт 23,036,100 төгрөгийг төлсөн, зөрүү мөнгөн хөрөнгийг аваагүй гэж маргаагүйн дээр тухайн гэрээний зээлийн үүргээс зээл зээлийн хүү 3,690,007 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлж байсан. 2020 оны 3 сарын 13, 09 сарын 21, 10 сарын 21-ний өдрүүдэд тус тус нэхэмжлэгч байгууллагад хандан гаргасан өргөдлийн агуулга зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Зээл төлсөн баримт нь өмнө авсан зээлийн үлдэгдэл гэж ойлгон төлж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын эдийн засагчийн шахалт, шаардлагаар баримтууд бичиж байсан. Уг нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн тохиолдолд тэрхүү баримтыг үндэслэж эдгээр баримт нотлох ёстой болохоос эдгээр баримтыг үндэслэж зээл олгогдсон байна гэж хүчээр шахуу нотлох гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчиж байна.

4.г. Зээлийн гэрээнд тусгагдаагүй хэтэрсэн хугацааны хүүг зээлдэгч төлөх ёсгүй болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг нь хэтэрсэн хугацааны хүү нь зээлийг ашигласны хариу төлбөр бус зөвхөн зээлдэгчийн хариуцлагатай холбоотой зохицуулалт юм. Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан /1995 / Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүг талууд гэрээндээ зайлшгүй тусгаж өгөх, гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү тохиролцож гэрээнд заасан тохиолдолд түүнийг зээлдэгчээс нэхэмжлэх хуулийн зохицуулалттай байхад энэхүү хэтэрсэн хугацааны хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Бид 2019 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардсан. Гэтэл уг зээлийг аваагүй, зээлийн гэрээ болон мөнгө хүлээж авсан баримт дээрх гарын үсэг минийх биш гэж маргасан боловч шинжээчийн дүгнэлтээр З.А ийн гарын үсэг мөн болохыг тогтоосон. Арга барил нь өөрчлөгдөн дахин дахин хүүгээс хүү бодсон мэтээр ярьж байна. Өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ...хариуцагч зээл авч өмнөх зээлийг төлдөг байсан бол хэчнээн төгрөгийн өр суутгаж авсан талаар тодруулах шаардлагатай... мөн ...П ХХК-аас зээлийг бодитой өгсөн эсэх талаар нотлох баримт байгаа эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй... гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. 2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр талд нэхэмжлэгч талаас шүүхэд нэмж өгсөн баримтууд авагдсан. Тухайн зээлдэгч 2016 оны 04 сарын 13-ны өдрөөс 2019 оны 09 сарын 30-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн зээл авсан. Тус зээлүүдийг ямар хугацаанд зээлсэн, хэдэн төгрөгийг төлсөн тухай дансны хуулгыг авах, ямар зорилготой авсан талаарх материалуудыг гаргаж өгсөн. Гомдолд дурдсан 10,000,000 төгрөгийн зээл 200,000,000 төгрөг болох үндэслэл байхгүй. Хариуцагч нийт 9 удаа 148,000,000 төгрөгийн зээл авсан. Хариуцагч 60,000,000 төгрөгийн зээл төлсөн гэдэг үндэслэлгүй. Жишээ нь 2016 оны 04 сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг авч, 11,163,782 төгрөг болгож төлсөн. Хүү 36,286,347 төгрөг төлсөн. Иймд давж заалдах шатны шүүхээс буцсан хэрэг хэвээр дахин ирсэн гэдэг нь үндэслэлгүй.

Бид кассын гүйлгээний мэдээгээр 9 удаагийн зээлийг бэлэн болон бэлэн бусаар гарсан мөнгөний баримтуудыг архиваас авч өгсөн. 25,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг дансаар, 20,000,000 төгрөгийг бэлнээр, 26,000,000 төгрөгийн 2,300,000 төгрөгийг дансаар, 23,700,000 төгрөгийг бэлнээр авсан тухай баримтууд хэрэгт авагдсан. 2017 оны 11 сарын 09-ний өдрийн зээлээс урьд авсан зээлээ төлчихөөд 11,000,000 төгрөгийн зөрүү зэргүүдийг өөрөө авдаг байсан, энэ талаар ярьдаггүй. Бодитойгоор зээл авсан баримтууд хэрэгт авагдсан. 2019 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийг өгөөгүй талаар н.П удаа дараа ярьсан. Гомдолд дурдсан автомашиныг барьцаалж зээл авсан. Энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч автомашиныг 4,071,000 төгрөгөөр худалдаж, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн хүүгээ төлж чадахгүй учраас хүүд суутгуулж 23,700,000 төгрөгөөс хасуулсан. Зээлийн дансны хуулгаар 4 удаагийн төлөлт хийсэн. Гэрээний 2,3 2.11-д нэмэгдүүлсэн хүү хэрхэн тооцох талаар заасан. Эдгээр баримтууд бүгд хэрэг авагдсан учир давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч З.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 23,176,759.08 төгрөг, хүү 9,626,080.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 940,976.41 төгрөг, нийт 33,743,815.80 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ...анх 2016 оны 07 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг зээлдэн авсан, үүнээс хойш нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж зээлийн гэрээг шинээр байгуулдаг, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 23,500,000 төгрөгийг аваагүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг ... тоот хаягт байршилтай 434 м.кв талбайтай газар, 56 м.кв талбайтай хувийн сууцаар хангуулах тухай шаардлага анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаг уг шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 00-00000000 тоот Баталгаат ипотекийн гэрээ-ний талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. /1хх 10/

 

3.   Хэрэгт авагдсан 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 00-00000000 тоот Зээлийн гэрээ /1хх 8-9/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх 9-арын нүүр/, З.А ийн П ХХК-д 2020 оны 03 сарын 13, 20, 09 сарын 18, 10 сарын 21-ний өдрүүдэд гаргасан өргөдөл /1хх 33, 34, 35, 36/, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн Кассын зарлагын баримт /1хх 175/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 0000 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх 222-234/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлбэл, хариуцагч З.А нь 2019 оны 09 сарын 30-ны өдөр 23,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай нэхэмжлэгч П ХХК-аас зээлдэн авахаар харилцан тохиролцож, мөн өдрөө зээлийн мөнгөн хөрөнгө болох 23,500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж үзэхээр байна.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 06 сарын 10-ны өдрийн А-155/134 тоот тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.4.14-т Банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно гэж зохицуулжээ.

1-р хавтаст хэргийн 175-р талд авагдсан 2019 оны 09 сарын 30-ны өдрийн Кассын зарлагын баримт, 180-р талд авагдсан мөн өдрийн Кассын орлогын баримт зэргийг харьцуулан үзвэл З.А нь 2019 оны 09 сарын 30-ны өдөр П ХХК-аас 23,500,000 төгрөг зээлдэн авч, мөн өдөр 23,036,100 төгрөгийг П -д буцаан төлсөн буюу өмнөх зээл, хүүг төлж хаасан үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 00-00000000 тоот Зээлийн гэрээ-ний 2.7-д зээлийн зориулалтыг хэрэглээ гэж тусгасан байх боловч зориулалтын дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжийг зээлдэгчид олгоогүй, өмнөх зээлийн гэрээний үүргийг төлүүлсэн буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 23 дугаар зүйлийн 23.6, 26 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, мөн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 06 сарын 10-ны өдрийн А-155/134 тоот тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.4.14-т заасны дагуу нэмж актив болон харгалзах хүүг нэмж актив олгох зэргээр төлүүлэхийг хориглох зохицуулалтыг зөрчжээ.

 

5.   Иймд нэхэмжлэгч П ХХК нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдсан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зээлдэгч З.А нь 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 00-00000000 тоот Зээлийн гэрээ-ний дагуу 23,500,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэн авч, улмаар уг гэрээний дагуу 3,690,007.88 төгрөгийг төлсөн /1хх 32/ байх тул үлдэх 19,809,992.12 төгрөгийг хариуцагч З.А ээс гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...33 743 815.80 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай гэснийг ...19,809,992.12 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, үлдэх 13,933,826.68 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...326 669 төгрөг... гэснийг ...257,000 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 327,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР