Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2021/00469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, плаза төвийн 102 тоотод оршин суух, /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* байрны******* тоот хаягтай/, 1967 онд төрсөн, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* ******* ургийн овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй,, регистрийн дугаартай, ургийн овогт ын од холбогдох,

Түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, өрөөний засварын төлбөр 1,507,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Түрээсийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол 14,583,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагч П., хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: Миний бие төвийн 101 тоот 46,6 м/кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалтай, 1 өрөө байрыг 1 сарын 699,000 төгрөгийн түрээс гарсныг хөнгөлж, 540.000 төгрөгөөр түрээслэхээр Д.той 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Үүнээс хойш 2 тал түрээсийн байрны тооцоог нийлээгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор сумын плаза төвийн 202 тоот өрөөнд уулзаж тооцоог нийлсэн. Одоо 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын 540,000 төгрөг нийт 1,620,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй. Мөн дээр нь түрээсийн байрны хэрэглэсэн цахилгааны 6 дугаар сарын 13-ны байдлаар 234,452 төгрөгийн төлбөр, 7 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэл 136,149 төгрөг гарч нийт 370,580 төгрөгийн цахилгааны төлбөрөө төлөөгүй хохирол учруулаад байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 1,620,000 төгрөг, алданги 594,000 төгрөг, цахилгааны төлбөрт 310,580 төгрөг, нийт 2,524,601 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.*******тай L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Номгон 1-р багт байрлах төвийн 101 тоотод байрлах 4406 м/кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1 өрөө байрыг түргэн хоолны газар ажиллуулахаар 1 сарын түрээсийг 500,000 төгрөгөөр тооцож дээрх гэрээг байгуулсан. Уг түрээсийн байрыг түрээслэн суух өдрөөс түрээслүүлэгч Д.*******тай засварыг бид өөрсдөө хийж, засварын мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгаад явна гэж харилцан тохиролцож байж байрыг засварласан. Ингээд нийт 4,005,000 төгрөгийн засвар хийгдсэн. Үүнээс 1,275,000 төгрөгийг түрээсэнд суулгуулахаар тохиролцоод 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 2020 оны 5, 6 сарын түрээсийг 7 сарын 10-ны дотор төлөхөөр Д.*******тай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлээд тохиролцсон байсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан хойгуур 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөө түргэн хоолны газрыг гаднаас нь цоожилсон байсан. Энэ байдлыг манай тогооч над руу утсаар хэлсэн. Үүний дараа Д.*******ын 9 дугаар утас руу залгаж хоолны газраа ажиллуулах болон түрээсийн талаар ярихад хариуд нь түрээсийн тооцоогоо дуусга тэгж байж онгойлгоно гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа утас руу нь залгаж ярьж ойлголцох гэсэн боловч заримдаа авахгүй, зарим үед холбогдохгүй байсан. Миний хувьд одоог хүртэл түргэн хоолны газраа түрээслүүлэгчийн түрээсийн гэрээний үүргээ зөрчиж түүний ааш авираас болж их хэмжээний хохирол амсаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гарсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд хянагдаж буй Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч П Энх- Оршиход холбогдох иргэний хэрэгт Д.******* миний бие нэхэмжлэгчээр өмгөөлөгчийн хамт оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч Д.******* миний бие 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагад дутуу тусгасан зарим заалт болох блок хана буулгах 468,000 төгрөгийн нэхэмжлэлээс мөн 2 хаалганы төлбөр болох 1,160,000 төгрөг нийт 1,628,000 төгрөгийн нэхэмжлэлээс тус тус татгалзаж, эдгээр нэхэмжлэлийг өөрчилж, мөн түрээсийн дутуу төлсөн төлбөрийг 9.061.957 төгрөгөөр нэмж нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.******* надтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор суманд №СП/20181122/01 тоот түрээсийн гэрээг байгуулж, Д.*******ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67,76 м.кв талбайтай 2 өрөө байрнаас 30.8 м.кв талбайтай №102 тоот нэг өрөөг, трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м.кв талбайтай 103, 104, 105 тоот 3 өрөөтэй байрны 103 тоот 30.8 м.кв талбайтай 1 өрөөг, нийт 2 өрөөг тус тус түрээсээр ашиглахаар хүлээж авсан. Нэхэмжлэгч би трейд ХХК-аас 103 тоот 30,8 м/кв талбайтай 1 өрөөг түрээслүүлэх гэрээг хийх зөвшөөрөл бичгээр, итгэмжлэлийг авсан. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзээд ажлын байр дамждаг байж болохгүй, тусдаа хаалгаар орж гардаг шаардлага тавьсан тул хүлээж авсан 102, 103 тоот 2 өрөөг буцаах өгөх санал гаргасан. Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 102, 103 тоот 2 өрөөг буцааж өгч, оронд нь Д.******* миний өмчлөлийн 67,76 м.кв талбайтай 2 өрөөтэй, үл хөдлөх хөрөнгийн 36,96 м.кв талбайтай 101 тоот 1 өрөөг дээр нь нэмж ( трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м/кв талбайтай 3 өрөө байрны 103, 104 тоот өрөө руу коридороос орох хаалгыг хааж, нийт 210.11 м/кв талбайтай тус тусдаа 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй) байрны 2 хаалгыг. дундын коридортой нь хааж, нэмж 9.6 м/кв талбайтай нэг жижиг өрөөг шинээр гаргаж өгч, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг Түргэн хоолны зориулалтаар түрээсээр ашиглах L/2018/0404/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулж байрыг хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч би трейд ХХК-аас 103, 104 тоот өрөө рүү орж гардаг хаалгыг хааж, коридорыг хааж өрлөг блокоор өрж болох талаар зөвшөөрлийг бичгээр авсан болно. Тайлбар хэлэхэд: 103 тоот өрөө нь *******51179 регистрийн дугаартай, трейд ХХК-ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 давхрын эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрны 30.8 м/кв талбайтай 1 өрөө нь ба 102, 104 тоот өрөөнүүд рүү дамжиж ордог өрөөний хаалга ба энэ өрөөний хаалгыг хааж. коридорт нь шинээр блокон хана өрж, хоол бэлтгэх 9.6 м/кв талбайтай өрөөг шинээр гаргах авах саналыг түрээслэхээс өмнө нэхэмжлэгч надад тавьсан юм. Хариуцагч 2 жил урт хугацаанд түрээслэх хүсэлт гаргаж, түрээсийн байрны хийц, зохион байгуулалтын зарим хэсгийг өөрчилж өгөхийг хүссэн хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэж 101, 103 тоот өрөөнүүдийн хаалгыг хааж, коридорт түр хугацаанд блокоор 5.4 м.кв талбайтай хана шинээр өрөхийг зөвшөөрч 9.6 м.кв талбайтай хоол бэлтгэх өрөөг шинээр гаргуулсан байдаг. Коридороос орох Д.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай байрны 2 өрөөний нэг 101 тоот өрөөний хаалгыг хаахдаа, трейд ХХК-ийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 3 өрөө байрнаас 1 өрөөний буюу 103 тоот 30.8 м/кв талбайтай өрөөний хаалгыг түр хааж өрлөг өрж шинээр хана гаргахдаа түрээсийн гэрээ дуусахаар буцааж, хэвийн байдалд оруулахаар засаж өгөхөөр амлаж, жижиг өрөө гаргасан байдаг. Түрээсийн гэрээ цуцлагдаж цаашид шинээр барьсан блок ханыг ашиглах шаардлага байхгүй болсон тул барьсан блок ханыг буулгуулж, гарсан барилгын хогийг зөөж, цэвэрлэхэд гарах 468.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, уг блок ханыг хариуцагчийн өөрийнх нь зардлаар буулгах, гарсан барилгын хогийг зөөх 103 тоот өрөөний хаалгыг хаасан хаалтыг авч, хаалгаар орж гарах боломжтой болгож, урд нь түрээсийн байрыг хүлээж авсан шиг хана хаалгыг хэвийн байдалд оруулж засаж өгөхийг хариуцагчийн өөрийнх нь зардлаар хийж дуусгахыг тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн байранд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд хана өрсөн талаар тодорхой тусгаж тэмдэглэсэн байна. Харин түрээслүүлэгч надтай ярилцаагүй, зөвшөөрөлгүй, дур мэдэн хийц зохион байгуулалтыг өөрчилж зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоог өрөө рүү гаднаас орох цагаан вакум хаалганы дотор талд 50 см зайтай суулгасан 1.65х3.0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4.95 м/кв талбайтай 3 жилийн өмнө суулгасан, ямар ч эвдэрч хэмхэрсэн зүйлгүй модон хаалга, гадна кропын хамт хүлээлгэж өгсөн байсан, 101 тоот өрөөний арын хананд байсан коридор луу гарах 1,0х2,26 метрийн хэмжээтэй, 2.26 м/кв талбайтай, 5 жилийн өмнө суулгасан, ямар нэг хагарсан эвдэрсэн зүйлгүй, бүрэн бүтэн, 1 модон хаалга, кроптой хамт хүлээлгэж өгсөн байсан 2 ширхэг модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтуудад тодорхой харагдаж байгаа хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. Нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн байгаа тул дээрх 4.95, 2.26 м/кв талбайтай, нийт 7.21 м/кв талбайтай 2 модон хаалга, кропны нийт төлбөр 1.160.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 модон иж бүрдэл хаалганууд, кропуудыг хариуцагч өөрөө авч хадгалж байгаа гэх тул хариуцагчаас гаргуулж, мөн дээр дурдсан блокон ханыг буулгуулж, гарсан хогийг зөөлгөх, 103 тоот өрөөний хаалгыг коридор талаас хаасан хаалтыг авч засварлаж, хэвийн байдалд нь буцаан оруулах зэрэг ажлуудын хариуцагчийн өөрийнх нь зардлаар гаргуулж хийж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж, засварлаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж гаргаж байна. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Шинжээчдийн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот Баянхонгор аймгийн суурь ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр өрөөнүүдийн мөөгөнцөртсөн хана, дүүжин таазны засварын ажлын төсвийг тооцож 1,507,235 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргасан. Хариуцагчийн өрсөн блок ханыг буулгах, 2 модон хаалга суулгах зардлууд одоогоор хаана ч тооцогдож тусгагдаагүй болно. Хариуцагч П.Энх-оршихтой 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 36.9 м/кв 101 тоот өрөөг, коридорт шинээр гаргасан 9.6 м/кв 1 өрөө, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг түрээслэхээр L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилээр байгуулж түрээсэлсэн ба 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал бусад хэрэгслийг авч, өрөөг хүлээлгэн өгч сулласан өдөр хүртэл түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг, алдангид 10,960,875 төгрөг гарсныг бууруулж, хуульд зааснаар алдангийг нэхэмжилсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 4,948,500 төгрөгийг нэмж нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 14,365,500 төгрөг гарсан. Хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ашиглаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2 өрөөнд учруулсан хохирлын барилгын засварын төлбөрт 1,507,235 төгрөг шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 90,400 төгрөг, нийт нэхэмжлэлийн төлбөр 16,497,102 төгрөг болж байна. Иймд урд нь нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмж 9,061,957 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч П. нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргана гэжээ.

Хариуцагч П. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П. би Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 46,6 м/кв талбайг түргэн хоолны газраар ажиллуулахаар Д.*******тай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичгээр L/20180404/01 дугаарын гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. Бид түрээсийн байранд засвар хийж орохоор түрээслүүлэгчтэй харилцан тохиролцож засварын зардлыг өөрөө төлж түрээснээс суутган гэж амаар ярилцаж тохиролцож нийт 4,005,000 төгрөгийн засвар хийж байрыг өнгө үзэмжтэй, тав тухтай болгосон үүнээс түрээслүүлэгч нь 1,275,000 төгрөгийг түрээснээс суутган тооцож, үлдэгдэл 2,730,000 төгрөгийг суутгаагүй явж байсан. Ингээд би гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө сар бүр хугацаанд нь төлж, урсгал зардал болох цахилгаан, халаалт, хог гэх мэт зардлыг харилцан тохирсны дагуу би өөрөө төлж явсаар ирсэн. Гэтэл 2020 оны 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөр болох нийт 1,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгч Д.*******тай түрээсийн тооцоо нийлэх үед ярьж тохирсон байсан. Ингээд миний бие Улаанбаатар хот руу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас явсан байх хойгуур 2020 оны 7 дугаар сарын 1-ний өглөө 07 цаг 30 минутад манай ажилтан тогооч н.Батчимэг, бэлтгэгч н.Батчимэг нар нь ажил дээрээ ирэхэд түргэн хоолны газрын хаалгыг гадна талаас нь гинжилж цоож зүүсэн байсан талаар надад хэлсэн. Тухайн үед би түрээслэгчийн 9 дугаарын утас руу ярьж хэлэхэд хариуд нь түрээсийн тооцоогоо дуусгаа түүний дараа онгойлгож өгнө гэж хэлсэн. Хариуд нь би дотор талд муудах бүтээгдэхүүнүүд байгаа түүнийгээ авъя гэхэд хариуд нь онгойх боломжгүй түлхүүр нь надад байна. Би Улаанбаатарт байна гээд утсаа тасалсан. Үүнээс хойш би удаа дараа утас руу нь залгаж байгаад хоолны газрыг онгойлгуулж бэлэн байсан махан бүтээгдэхүүнийг тогооч, бэлтгэгч нараар гаргуулж авсан. Үлдэгдэл бүтээгдэхүүнийг авхуулалгүй гар гэж хөөгөөд байна гэж над руу ярьсан. Үүнээс хойш 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр миний бие аймагт ирж Д.******* руу дахин утсаар Түргэн хоолны газраа ажиллуулах талаар ярих гэсэн боловч 91103956 дугаарын утас нь холбогдоогүй. Ингээд өнөөдрийг хүртэл 48 хоногийн ажил тасалдаж, би орлогогүй сул зогсож мөн ажилчид маань ажилгүй болж хоолны газарт байгаа түргэн муудах бүтээгдэхүүнүүд өмхийрч муудаж, ажилчдаа авч үлдэхийн тулд сул зогсолтын цалинг хүртэл олгож өөрөө өнөөдрийг хүртэл хохирч явна. Мөн түүнчлэн түрээсийн байр нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, цэвэр, бохир усгүй, 00 байхгүй байр байсан ба аймгийн мэргэжлийн хяналтаас манайд удаа дараа шаардлага ирдэг байсан. Энэ талаар түрээслэгчид удаа дараа хэлж байсан ба анх түрээсэлж гэрээ хийхдээ ч хэлж шаардсан Д.******* инженерийн шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир устай болгож, 00 хийж өгнө гэж байнга хэлж, хамтарч дэмжиж ажиллана гэж хэлсээр ирсэн. Энэ үүргээ мөн түрээслүүлэгч биелүүлдэггүй байсан. Түрээслүүлэгч түрээсийн гэрээний үүргээ өөрөө зөрчиж, түрээслүүлэгчийн байж боломгүй авир ааш гаргаж байгаа нь түрээслэгч П. миний өнөөдрийг хүртэл Түргэн хоолны газраас олох байсан орлого, олон ажил үйлчилгээг тасалдуулж, миний болон ажилчдын маань эрх ашгийг ноцтой зөрчөөд байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 48 хоногийн орлого 7,200,000 төгрөг, түргэн хоолны газарт байгаа муудсан бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, 48 хоногийн ажилчдын цалин 2,880,000 төгрөг, түрээсийн байранд засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П. нь түрээслэх байр засвар хийх шаардлагатай байгаа тул засвар хийж орох хүсэлт гаргаж улмаар байрны засварын зардалд нийт 1,275,000 төгрөг зарцуулснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн П. нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд заасан 5, 6-р сарын төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьсан ч биелүүлээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж, маш бүдүүлэг зан гаргасан тул арга буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн түрээсийн байрыг түр хугацаанд хаасан. 7-р сарын 1-ний өглөө П.Энх-орших нь Улаанбаатарт өөрөө ирсэн гэхэд нь уулзаж тооцоогоо хийж дуусгая гэхэд хүлээж аваагүй, ирээгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлөх шаардлага удаа дараа тавьсан боловч утасдаад утсаа авдаггүй, мессеж бичээд хариу өгөхгүй П. нь гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн оролдлого хийгээгүй 44 хоног болсон тул би арга буюу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тиймээс түрээслүүлэгч миний зүгээс буруутай үйлдэл байхгүй учраас алдагдсан орлогыг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр ын төлөөний гэх хүмүүс байрны цоожтой хаалгыг өглөө эвдэх гээд зогсож байхад нь болохгүй гэж хэлсэн ч хүлээж авахгүй зодох гэж дайрсан тул манай талаас Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч, цагдаа байлцуулан түрээсийн байрнаас муудах зүйлээ бүгдийг нь аваад явсан.Тиймээс хариуцагч П.ын 14,583,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч П.од холбогдуулж 14,497,102 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Рашаант 10 дугаар багт байрлах төвийн 102, 103 тоот 2 өрөөг түрээслэхээр дугаар СП/20211122/01 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулсан 2 өрөө байрны тухайд эхний 102 тоот байр нь Д.******* миний өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-032000413 дугаартай 67.77 м.кв талбайтай 2 өрөө байрны 1 өрөө буюу 30.8 м.кв талбайтай 102 тоот өрөө, трейд ХХК-ийн өмчлөлийн 142.45 м.кв талбайтай 103, 104, 105 тоот 3 өрөө байрны 103 тоот буюу 30.8 м.кв талбайтай 1 өрөөг нийт 2 өрөөг түрээсээр ажиллуулахаар түрээсийн гэрээг байгуулж өрөөг хүлээлгэн өгсөн байдаг. Байрыг хүлээлгэн өгч байгаа нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан мессенжер чатаар зураг болон тухайн үед бичиж байсан чатууд зэрэг байрыг хүлээлцсэн талаар баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Уг байрыг хүлээж аваад хариуцагч П. нь байранд засвар үйлчилгээ хийлгэхээр надад саналуудыг явуулж байсан 103 тоот өрөөнд 2 паар дутуу байна, 2 паарыг хийж өгч болох уу, жижиг сажиг засварууд хийх хэрэгтэй байна, үүнийг хийж өгч болох уу гэх мэтчилэн санал ирж байсан. Ингээд байж байтал Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уг байранд үзлэг, шалгалт явуулаад Энэ байр нь дамждаг өрөө буюу 103, 104 өрөө рүү дамждаг өрөө байгаа тул шаардлага хангахгүй байр байна, шууд ороход нэг өрөө үү ордог байхаар зохион байгуулалттай болгуулахаар даалгасан гэж хэлээд П. нь надад хандаж Д.******* ахаа яах вэ мэргэжлийн хяналт газраас уг байрыг шаардлага хангахгүй байна гэж хэлж байсан бид хоорондоо ярилцаж 101 тоот өрөөнд П. нь түрээслэхээр болж коридорын нэг хэсгээр хааж хоол бэлтгэлийн өрөөг гаргая гэж ярилцаад би Улаанбаатар хотоос ирж үзээд ярилцаад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин Түрээсийн гэрээг байгуулахаар болсон. Түрээсийн гэрээг байгуулахдаа Ж.*******ын өмчлөлийн Худалдаа үйлчилгээний зориулалтын 67.76 м.кв талбайтай 2 өрөө байрны 36.96 м.кв талбайтай бүхий 1 өрөөг түрээслэхээр санал тохирч түрээсийн гэрээ байгуулсан. П. нь би зах дээр цемент зардаг юм, одоо дулаахан газарт орж бизнесээ авч явах хүсэлтэй байгаа тул туслаад өгөөч байрыг харахад ганц нэг хуучирсан элэгдсэн зүйлүүд байна гэж санал тавьсны дагуу бид яг юу хийх, юуг солих шаардлагатай байгаа талаар ярилцаад би шалны плитаг сольж, хариуцагч солих ажлын хөлсийг төлөхөөр мөн хаалга дулаан алдах магадлалтай тул хаалгыг сольж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу гадна вакум хаалгыг солихоор тохиролцож. Уг тохиролцооны талаар түрээсийн гэрээний ард хавсралт хэсэгт гараар бичиж 2 талаас гарын үсгээ зурсан. Гэрээг байгуулж би байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн, П. нь байрыг хүлээн авч засвар үйлчилгээг эхлүүлж, ашиглаж эхэлсэн. Харилцан саналаа илэрхийлж хүлээн авч байгуулагдсан Иргэний хуульд заасны дагуу харилцан ашигтай байгуулсан гэрээ гэж миний хувьд үзэж байгаа. Засварлах, солих шаардлагатай байрны засварын үйл явцыг бүгдийг нь хоорондоо ярилцаж, чат бичиж тохиролцож явдаг байсан. Ингээд түрээсийн гэрээний хугацаа дуусаж байрыг хүлээн авахад дотор талд байсан 2 хавтастай модон хаалга байхгүй байсан. Модон хаалгыг авсан талаар миний хувьд сүүлд мэдсэн бөгөөд намайг урьд нь байранд ороход хаалга байгаа эсэх нь мэдэгдэхгүй, мэдэх боломжгүй байдаг байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хаалга байсан гэдэг нь нотлогддог, хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч П. нь сүүлд гарган өгсөн тайлбар дээрээ муу модон хаалга байсан талаар бичсэн байсан. Хэрэв үнэхээр ашиглах боломжгүй хаалга байсан бол дээр хэлсэн шиг солих, засварлах асуудлыг надтай ярилцаж байж шийдсэн бол болохгүй зүйл байхгүй байсан. П. нь хүний байрыг аваад ариг гамтай ашиглаад хүлээлгэн өгсөн бол үл ойлголцол, маргаантай ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Бид 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2 талаасаа манай оффис дээр уулзаж тооцоо нийлсэн байдаг. Уг тооцоо нийлсэн акт дээр нийт түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс П. нь түрээсийн төлбөрт төлсөн нийт дүн нь 1,600,000 төгрөг төлсөн, түрээсийн гэрээнд заасан плита, хаалгыг засварлах, солих ажлын хөлсийг оруулж нийт 1,275,000 төгрөгийг хасаж тооцохоор харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээнд зааснаар сард цахилгааны төлбөрт 20,000 төгрөг гэж тооцохоор харилцан тохирсон байдаг. Энэ цахилгааны төлбөр 20,000 төгрөгөө 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ашигласан сараа тооцоход 16 сар болж нийт 320,000 төгрөг болсон ингээд П.ын цахилгааны суурь хураамжид төлсөн 58000, 69000, 128000 төгрөг төлсөн гэсэн баримтуудыг авч ирсэн энэ мөнгийг хоорондоо ярилцаж түрээсэлж байхдаа төлсөн байсан. 2 талаасаа тооцоо нийлж нийт төлсөн мөнгө нь 3,450,000 төгрөг болсон. Үлдсэн тооцоо нь 4,550,000 төгрөг гарсан алданги тооцох хугацааг мөн хоорондоо тохирч 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож алданги 5*******,000 төгрөг ингээд нийт 5,075,000 төгрөгийг үлдэгдэлтэй байна гэж тооцсон. П. нь сүүлд нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг төлсөн үлдэгдэл мөнгө нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2,575,000 төгрөг гарсан. 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түрээсийн гэрээнд зааснаар хоногийн төлөгдөх мөнгөний 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон түрээсийн төлбөрөөс төлөгдөөгүй мөнгийг тооцоход хоногт 12,875 төгрөгийг 349 хоног хэтэрснээр тооцоход нийт алдангийн дүн 4,4*******,375 төгрөг гардаг. Мөн гэрээний дагуу тооцоход 4 дүгээр сарын 10-ны өдрөөс, 5 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж сар сараар тооцож 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл П.оос надад төлөх нийт түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг гарсан. Нотлох баримтуудаас харахад П.ын гарган өгсөн түрээсийн гэрээнд гэрээний хугацааг гарааг 1 жил гэж гараар бичсэн гэрээг шүүхэд гарган өгсөн байсан. Анх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний хувьд 2 жилээр байгуулсан байдаг учир гэрээний хугацаа нь түрээсийн гэрээнд зааснаар хэрэв аль нэг тал нь ахин санал гаргаагүй бол анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгагдана гэж зааснаар П. бидний байгуулсан түрээсийн гэрээ нь миний хувьд 4 жилийн хугацаатай гэрээ юм гэж бодож байна. Уг хугацааг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байрыг хүлээлцсэн, авсан энэ үеэс тооцож нийт 9,418,000 төгрөг нийт алданги нь 10,960,870 төгрөгийн алданги тооцогдож хуульд зааснаар нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 4,948,500 төгрөг болгон багасгаж нийт түрээсийн төлбөр, алдангийн дүн нь 14,365,500 төгрөг гэж бодож гаргасан. Мөн хариуцагч түрээсийн байрны цахилгааны төлбөрт төлөх 543,967 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан ч төлөөгүй байсан. Баянхонгор аймгийн Эрчим хүчний компани ашиглалтын мөнгөө төлөөгүй тул байрны эрчим хүчийг хязгаарласан байсан тул арга буюу би өөрөө төлсөн. Мөн 2 өрөө байрыг түрээслэх явцдаа ашиглалтыг маш хангалтгүй ашигласан, зохих хэмжээний элэгдлээс хэтрүүлэн хэрэглэсэн жишээ нь: арын өрөөний ханыг хоол хийхдээ түлсэн, маш их хэмжээний уур цан гарснаас хана нь мөөгөнцөр үүссэн байсан энэ талаар хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд энэ байранд уур маш их хэмжээгээр үүсэж, уурыг гаргаагүйгээс болж ан цав, зэврэлт үүссэн шалтгаан нөхцөл тогтоогдсон гэсэн дүгнэлтийн хүлээн авсан тул шүүхэд шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж шинжээч томилуулсан шинжээчийн дүгнэлтээр хохиролд 1,507,235 төгрөг гарсан энэ хохирлоо нэхэмжилж байгаа. Нийт нэхэмжлэлийн төлбөрт өмнө нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмээд 9,061,957 төгрөг нийт 16,497,102 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 10 сард Д.*******тай утсаар холбогдож төвийн 103 тоотыг түрээслэхээр тохиролцож ингээд тохирч байрыг үзэхэд цаашаа нэвтэрч гардаг хаалгатай 3 өрөө байсан 103 тоот нь хуучирч муудсан, засвар хийгдээгүй өрөө байсан, 102 тоот өрөө нь засвар дутуу хийгдсэн, дахин засвар хийх шаардлага ихтэй байр байсан. 3 хоног цэвэрлэгээ хийгээд, 3 хоногийн дараа үүдний довжоо цутгах шаардлагатай юм байна гэж хэлэхэд Д.******* нь манай оффисоос наад байрыг чинь хоолны газарт түрээслэхгүй гэж байна 101 тоотыг хардаа гэсэн тул орж харахад өмнө бэлэн хувцас зарж байсан, ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй, хоолны газрын зориулалтаар шууд орж ажиллах боломжгүй хаалга нь гол дээр тогтсон вакум хаалгыг солих шаардлагатай байр байсан. Түүнийг би нэхэмжлэгчид хэлж байсан. Давхар хаалга гэж ярьж байгаа шүүхийн үзлэгээр очиж харахад хуучирсан, унжиж санжсан хаалга байсан. Гэрээг байгуулж байх үед засвар хийх шаардлагатай байна гэдгийг Д.******* нь өөрөө хүлээн зөвшөөрч амаар тохиролцож зөвшөөрсөн байдаг. Тухайн үед би Д.******* гуайд 101 тоот өрөө нь жижигдэж байна 103 тоот өрөөг түрээслэх саналаа хэлэхэд болох бүтэхээрээ засвар хийж өгнө гэсэн тохиролцоо дээр тухайн өрөөг түрээсэлж эхэлсэн. Д.******* нь тайлбар дээрээ намайг байрыг улам муутгасан гэж ярьж байна, миний хувьд тухайн байрыг байснаас нь улам сайжруулсан байдаг. Түрээсийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 26-нд байгуулсан гэдэг үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2018 оны 10 дугаар сард бид 2 утсаар ярьж, харилцан тохиролцож үйлчилгээ эхэлсэн цагаас хойш 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой хоолны газар хаах гэж байхад Д.******* нь гэнэт орж ирээд гэрээ гэж надад хэлэлгүйгээр түрээсийн гэрээний ард талд байх хавсралт хэсгийг л надтай хамт сууж бичсэн. Бичиж байх үед би хэлж байсан засвар, ажлын хөлс, вакум цонх, хаалга бүгд ороод нийт 4,005,000 төгрөг болсон талаар хэлэхэд түүнийг дараа ярьж болно чамд бэлдсэн зарлагын баримт, гүйлгээний баримт байна уу гэсэн миний хувьд Дэлгэр барилгын материалын дэлгүүрээс зээлээр авсан зарлагын 200,000 төгрөгийн баримт байсан түүнийгээ гарган өгсөн. Тэгтэл П.******* нь би 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, вакум хаалга 575,000 төгрөг, ажлын хөлс 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гээд нийт 1,275,000 төгрөгийг нь эхний удаагийн тайлбар хэсэгт оруулж бичнэ, ах нь хотод очиж байгаад хоёулаа гэрээгээ байгуулъя, шуудангаар явуулъя, хоёулаа тохиролцоно гэсэн тул Д.******* ахад итгэж тайлбарт гарын үсэг зурсан. Тэгээд сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 13-нд Д.******* нь ирж тооцоо нийлэхдээ энэ түрээсийн гэрээг авч ирж надаар гарын үсэг зуруулсан байдаг. Тооцоо нийлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай гэрээг байгуулна гэтэл Д.******* нь 4 дүгээр сарын 10-ны өдөр гээд 1 сар нэмж нийтдээ би 7,500,000 төгрөг өгөхөөр тооцоо гарсан. Миний тооцоогоор гэрээнээс 6,680,000 төгрөг суутгуулж нийт үлдэгдэл 820,000 төгрөгийг Д.*******д өгөх ёстой гэсэн тооцоо байгаа гэж бодож байсан. Д.******* нь намайг чи надад нийт 8,000,000 төгрөг өгөх ёстой үүнээс дансаар шилжүүлсэн 1,600,000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 58000, 69000, 128000 төгрөг буюу байранд орохоос өмнөх цахилгааны төлбөрийг, мөн ажлын хөлсөнд 500,000 төгрөг, вакум хаалга, цонхны 575,000 төгрөг, барилгын материалын мөнгө 200,000 төгрөг эдгээрийг би хүлээн зөвшөөрнө гэсэн байдаг. Анх байранд орж байхад надад данс өгч урьдчилгаанд 1,000,000 төгрөг өгсөн дүнг тооцоо нийлэх үед хүлээн зөвшөөрч хассан, төрийн банкаар 500,000 төгрөг тушаасан гэтэл Д.******* нь надад тэр чинь огт харагдахгүй байна тооцохгүй гэсэн тэр мөнгө тушаасан баримтаа би хэрэгт хавсаргаж өгсөн. Ингээд тооцоогоор Д.******* нь хэлэхдээ 3,050,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж хэлсэн. Төрийн банканд тушаасан 500,000 төгрөгөө хасуулж надад нийт 2,550,000 төгрөгийн үлдэгдэл байна гэж бид хоорондоо тохирч 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шилүүлэхээр болж би 2,550,000 төгрөг шилжүүлсэн. Би тайлбар бичиж байх үед Д.******* ахад хандаж Түрээсийн төлбөрөөс засвар хийсэн мөнгөө хасмаар байна гэж хэлэхэд ах нь ойлгож байгаа байрны дотоод, гадаад орчин болохгүй байгаа бүхнийг ойлгож байна. трейд ХХК-ийн засвар үйлчилгээ хийгдэж байна ашиглалтад өгөөдөхье, одоохондоо арай амжихгүй нь ахдаа ямар ч байсан мөнгөө өгөөдөхөө гэсэн тул би итгээд 2,550,000 төгрөгийг өгч 6, 7 сарын түрээсийн төлбөрт суутгах байх гэтэл гэнэт надад мэдэгдэлгүйгээр 2021 оны 6 дугаар сарын 30-ний орой хаасан байсныг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өглөө ажилчид хаалттай байна гэж утсаар ярьж би мэдсэн. Надад мэдэгдэлгүй хаасан тул маш их хэмжээний хохирлыг өнөөдрийг хүртэл амсаад явж байна. Ингээд Д.*******д холбогдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: 48 өдрийн орлого нийт 7,200,000 төгрөг, түргэн хоолны газарт муудсан бүтээгдэхүүнд шинжээчийн дүгнэлт гаргахаас өмнө 1,574,500 төгрөг болсноос зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг буцааж нийтдээ 843,175 төгрөг болсон, 48 өдрийн ажилчдын цалин хөлс 2,880,000 төгрөг энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа, 48 өдрийн түрээсийн байрны урсгал зардалд утас, интернэт, түрээсийн байранд засвар хийсэн мөнгө 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөгийг Д.*******аас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төвд байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч П.од түргэн хоолны газрын зориулалтаар түрээсийн гэрээ байгуулж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь биш тодорхой хэсгийг түрээсэлсэн тийм учраас уг гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Гэрээний хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бичгээр хийгдэх шаардлагыг хангасан. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж баримт бичигт гарын үсэг зурсан бол уг гэрээг бичгээр үйлдсэнд тооцдог. Хариуцагчийн хувьд түрээсийн гэрээний хугацаанд засвар оруулж гар бичмэлээр бичсэн гэх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс түрээсийн байрыг хаах хүртэл хугацаанд түрээсэлж байсан гэдэг хугацаа дээр маргадаггүй. Түрээсийн гэрээний 3.3-д Түрээсийн гэрээний хугацаа сунгах нөхцөлийг зааж өгсөн мөн гэрээний 4.8-д Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаанд ашигласан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөд явах үүрэгтэй 4.7-д Түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн тохиолдолд алданги тооцно гэж заасан нь анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хаалгыг авсан энэ хаалгаа нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5 зааснаар шаардах эрхтэй байх тул эд хөрөнгөө гаргуулахаар шаардах үндэслэлтэй байна. Хариуцагчаас тухайн байрыг ашиглах боломжгүй болсон гэж хохирол нэхэмжилсэн. Хариуцагч өөрөө түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд өөрийн эд хөрөнгийг битүүмжилсэн үйлдэл нь Иргэний хуулийн 301-д заасан эрхээ хэрэгжүүлсэн. Мөн хариуцагч нь тухайн үед түрээсийн төлбөрөө төлсөн тохиолдолд дахин байрыг ашиглах боломжтой байсан тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн эд хөрөнгө дотор байх бүтээгдэхүүнүүдийг хүлээн авах боломж олгосон ч хариуцагч аваагүй учраас хохирол алдагдлыг гаргах хууль зүйн үндэс байхгүй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Түрээслэгч Д.*******, түрээслүүлэгч П. нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр L/20180404/01 дугаар түрээсийн гэрээг байгуулж уг гэрээ дээр маргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс уг түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аливаа гэрээ нь Иргэний хуулийн 189, 195, 196 дугаар зүйлүүдэд заасан хуулийн шаардлагуудыг хангасан байх ёстой энэ гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хэт нэг талыг барьсан, нэг талын хүсэл сонирхлыг илүү давамгай тусгасан, илэрхийлсэн гэрээ байна. Түрээсийн гэрээг хариуцагч П. үзэглэхдээ өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, танилцах боломжийг нэхэмжлэгч талаас олгоогүй тул хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан, 318.4-т Энэ хуулийн 318.3-д заасан шаардлага хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар энэхүү гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тул хуулийн шаардлага хангаагүй үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус гэрээ. Нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээ тул гэрээний заалтууд заасан алданги болон бусад зүйлсийг шаардах эрхгүй юм. Анхнаасаа түрээслэгч, түрээслүүлэгч 2 нь түрээсийн байрыг засан сайжруулах, дотор ханыг өөрчлөх, хаалгыг авах, солих талаар хоорондоо тохирсны үндсэн дээр хариуцагч засвар хийсэн байдаг. Түрээслэгчийн зөвшөөрсний үндсэн дээр өөрийн ажиллах нөхцөл боломжоо бүрдүүлж зассан сайжруулсан асуудал хариуцагч дураараа хийсэн үйлдэл биш юм. Сөрөг нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр түрээслүүлэгч нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож үүд хаалгыг нь битүүмжилсэн. Түргэн хоолны үйл ажиллагаа явуулж байсан тул түргэн муудах бүтээгдэхүүнүүд байсан үүнийг мэдсээр байж гаднаас нь цоожилсон нь хариуцагч П.од 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байдаг энэ хохирол нь шүүхийн үзлэгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнээ авч хэрэглэх боломжгүй муудсан хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцоход 843,175 төгрөг болсон, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж шүүхэд маргаан гаргаж, шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хариуцагч нь үйл ажиллагаагаа явуулаагүй, сул зогсож, өрхийн орлого нь зогсож өр зээл нь нэхэгдэж, ажилтнуудаа тогтоохын тулд цалинг нь өгсөөр байсан тул 2,880,000 төгрөг болсон, засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг, холбооны мөнгө, цахилгааны мөнгөнд урьдчилж төлсөн байсан 190,000 төгрөг үүнийг нь өмгөөлөгчийн зүгээс хариуцагчид учирсан гэм хор, бодит хохирол гэж үзэж Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд зааснаар гэм хорд нийт 13,852,175 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгөх нь зүйтэй юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, өрөөний засварын төлбөр 1,507,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 ширхэг модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, Түрээсийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол түргэн хоолны газрын олох байсан 48 өдрийн орлого 7,200,000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000 төгрөг, түрээсийн байрны урсгал зардалд 199,000 төгрөг, түрээсийн байрны засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар анх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах төвийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий трейд ХХК-ийн өмчлөлийн 103 тоот, Д.*******ын өмчлөлийн 102 тоот нийт 61,6 м/кв талбай бүхий өрөөнүүдийг түргэн хоолны газар ажиллуулах зориулалтаар харилцан тохиролцож СП/20181122/01 дугаартай түрээсийн гэрээ[1] байгуулсан боловч үйл ажиллагаа явуулаагүй.

Харин зохигч талууд дахин харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинээр төвд байрлах 101 тоот өрөө болон хоол бэлтгэлийн өрөөг шинээр бий болгож 36,9+9.6=46.6 м/кв талбай бүхий түргэн хоолны үйлчилгээ явуулах зорилгоор L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг[2] 2 жилийн хугацаатай байгуулсан.

Тус гэрээний 4.3-д ...түрээсэлж буй талбайн 1 м/кв тутамд 15,000 төгрөг байхаар бодож 540,000 төгрөг, эхний саруудад 500,000 төгрөг байхаар хөнгөлөлттэй үнээр тохирсон ба барьцаанд нийт нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх дүн 500,000 төгрөгийг түрээслүүлэгч талын дансанд байршуулна гэж заасан боловч гэрээнд нэмэлтээр хоол бэлтгэх өрөө зайлшгүй шаардлагатай болсон тул коридорын хойд хонгилыг хааж 9.6 м/кв өрөө бий болгож ашиглаж байгаа ба нийт 47 м/кв талбай түрээсийн төлбөр 690,000 төгрөг боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1 сарын 500,000 төгрөгөөр тооцоог хийж эхлэхээр харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна.

Дээрх гэрээ нь түрээслүүлэгч тал түргэн хоолны газар эрхлэхэд нь зориулж үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг талбайг эзэмшилд нь шилжүүлж, түрээслэгч тал гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ нь бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсэг талбайг түрээсэлсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс шалтгаалан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл аливаа үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх бол гэрээг заавал бүртгүүлж, харин зарим хэсгийг түрээслэх бол гэрээг бичгээр байгуулах нь хуульд харшлахгүй ба талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна.

Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаж, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 1.     Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

1.1.    Түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг гаргуулах тухай

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байдаг.

Нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хүртэлх хугацааны 16 сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс хариуцагч П. цахилгааны төлбөрт хийсэн гэх *******5,000 төгрөг, түрээсийн гэрээгээр тохиролцсон түрээсийн байранд засвар хийхэд гарсан зардал болох 1,275,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус түрээсийн төлбөрт шилжүүлсэн 1,600,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон дагуу цахилгааны төлбөрийн зөрүү 360,000 төгрөг, нийт 3,450,000 хасаж түрээсийн төлбөрт 4,550,000 төгрөг, алданги 5*******,000 нийт 5,075,000 төгрөг төлөх ёстойгоос 2020 оны 5 дугаар сарын 20-ны түрээсийн төлбөрт 2,500,000 шилжүүлж 2,575,000 үлдэгдэл болон 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 6,842,000 төгрөг гэж үзэж үлдэгдэл 9,417,000 төгрөг алданги 4,948,500 төгрөг нийт 14,365,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй түрээсийн байранд хийсэн 4,005,000 төгрөгийн засварын зардлын 1,275,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж, үлдэгдэл 2,730,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгахаар тохиролцсон боловч суутгаагүй, мөн 5, 6 сарын төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохирон ажиллаж байсан.

Мөн хариуцагч түрээсийн төлбөрт 1,000,000 болон 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил ашиглалтад түрээсийн зүйлийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал шилжүүлэх үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 16 сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс хариуцагч П. цахилгааны төлбөрт хийсэн гэх *******5,000 төгрөг, түрээсийн гэрээгээр тохиролцсон түрээсийн байранд засвар хийхэд гарсан зардалд 1,275,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус түрээсийн төлбөрт шилжүүлсэн нийт 1,600,000 төгрөг, гэрээгээр тохирсны дагуу цахилгааны төлбөрийн зөрүү 360,000 төгрөг, нийт 3,450,000 хасаж түрээсийн төлбөрт 4,550,000 төгрөг, алданги 5*******,000 нийт 5,075,000 төгрөг төлөх ёстойгоос 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн төлбөрт 2,550,000 шилжүүлж үлдэгдэл 2,5*******,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн төлбөрт 500,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түрээсийн төлбөр буюу 20 өдрийн түрээсийн төлбөрт*******3,400 төгрөг нийт 3,358,400 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч П. нь түрээсийн гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс хугацаа хэтрүүлсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтөд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1 сарын 500,000 төгрөгөөр тооцож гэрээний 4.8-д заасны дагуу төлбөрийг Д.*******ын Хаан банкны 5079091402 тоот дансанд төлж байхаар гэрээг байгуулсан.

Түүнчлэн түрээсийн гэрээний 4.7-д зааснаар түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Дээрх хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал болон 289 дүгээр зүйлийн 289.2.1-д зааснаар түрээслүүлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруугаас болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алданги 2,5*******,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлөх түрээсийн төлбөрт 833,400 төгрөг, алданги 234,181 /500,000х65х0,5=162,500,*******3,400х43х0,5=71,681/ төгрөг нийт 3,592,581 төгрөгөөс түрээсийн гэрээнд заасны дагуу 2020 оны 5, 6 сарын цахилгааны төлбөрийн зөрүү нийт 40,000 төгрөгийг хасаж 3,552,581 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч Д.******* нь ...талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2 жилээр байгуулан түрээсэлсэн ба 2021 оны 5 дугаар сарын 19-нд түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал бусад хэрэгслийг авч өрөөг хүлээлгэн өгсөн өдрөөр гэрээг цуцлагдсанд тооцож, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болон алданги нэхэмжлэх эрхгүй байна.

Зохигчдын тайлбараар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээний зүйл болох түрээсийн байрны гадна хаалгыг түгжиж хариуцагч П. түргэн хоолны газрын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон нь үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан.

Түрээсийн гэрээний агуулгаас үзвэл түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээснээр уг гэрээний үндсэн шинж нь эд хөрөнгө түрээслэх, дараагийн шинж нь түүний хариу төлбөрийг төлөхтэй холбоотой юм.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасан эхлэн гүйцэтгэх үүрэг нь түрээсийн зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүрэг байх ба хариу үүрэг нь төлбөр төлөх тул нэхэмжлэгч Д.*******ын зүгээс түрээсийн байрыг түгжих замаар П.ын түрээсийн зүйлийг эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн бөгөөд эзэмшил, ашиглалтад байгаагүй хугацааны төлбөр болон алданги төлөх үүрэггүй.

Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ын гаргасан түрээсийн гэрээний төлбөрт 9,417,000 төгрөг, алданги 4,948,500 төгрөг нийт 14,365,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч П.оос 3,552,581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,812,919 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй үзэж үзлээ.

1.2.    Цахилгааны төлөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ажиллаж байх үед гарсан цахилгааны төлбөрт төлөгдөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөгийг гаргуулахаар Баянхонгор Эрчим хүч цахилгаан түгээх ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан болон тус хугацаанд 533,967 төгрөгийн цахилгаан эрчим хүчний тооцоотой байгаа тухай мэдэгдэл, 2021 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх ХХК болон Д.******* нарын байгуулсан 146 дугаартай эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг[3] үндэслэл болгон нэхэмжилж байна.

Хариуцагч П. нь гэрээний дагуу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацааны цахилгааны төлбөрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч түрээсийн байрыг түгжиж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосноос хойш хугацаанд гарсан цахилгааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбар гаргасан.

Хариуцагч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах хугацаандаа буюу 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цахилгааны төлбөрийн 234,451 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна.

Харин 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 136,148 төгрөгийн цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд улмаар 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэмэгдэж цахилгааны төлбөрийн үлдэгдэл 534,067 төгрөг гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2020 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор түрээсийн байрыг түгжиж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосноос хариуцагч П. нь тус байранд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хэрэглэгдсэн цахилгааны төлбөр 136,148 төгрөг гарсан байх тул цахилгааны төлбөрийн 50 хувь болох 68,074 төгрөгийг нэхэмжлэгч Д.******* төлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

1.3.    Түрээсийн байранд учруулсан хохиролд 1,507,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч нь түрээсийн байрыг ашиглах хугацаанд түрээсийн байрыг ердийн хэмжээгээс илүү муутгасан гэж үзэж түрээсийн байранд учруулсан хохиролд 1,507,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн байрны хана болон таазанд үүссэн хөгц, мөөгөнцөр, дүүжин таазны бэхэлгээний төмөрт үүсэн зэврэлт юунаас болж үүссэн талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан.

Шинжээчээр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар томилогдон зориулалтын бус барилгад инженерийн тооцоололгүйгээр хүчин чадал хангалтгүй уур зайлуулах төхөөрөмж угсарч, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулсны улмаас чийгшил байнга үүсэж заслын материалууд ховхорч, хөгц мөөгөнцөр үүссэн болохыг тогтоож, одоогоор тухайн барилгын үндсэн хийц, чанарт нөлөөлөх хэмжээнд хүрээгүй талаар шинжээчийн дүгнэлт[4] гаргасан.

Улмаар нэхэмжлэгч түрээсийн байранд үүссэн хөгц мөөгөнцрийг арилгахад гарах зардлын тооцоог гаргуулахаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж шинжээчээр буурь ХХК томилогдон засварын ажлын төсөвт өртөг 1,507,235 төгрөг болох талаар шинжээчийн дүгнэлт[5] гаргаж тус шүүхэд ирүүлсэн.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан.

Ердийн элэгдэл гэдэг нь гэрээний зүйлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахад үүсэх жам ёсны /байж болох, хүлцэхүйц/ элэгдэл бөгөөд уг элэгдлийн төлөө түрээслэгч төлж байгаа мөнгө нь түрээсийн төлбөр байдаг.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар ...түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж зохицуулжээ.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийхийг түрээслүүлэгчид үүрэг болгосон.

Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч нь эд хөрөнгийг гэрээнд заасан тэр байдлаар нь ашиглуулах талаар бүх арга хэмжээг авах үүрэгтэй ба тиймээс гэрээний хугацаанд ч мөн адил засан сайжруулалт хийж, засвар үйлчилгээ явуулж байх ёстой. Энэ үүрэг нь гэрээнд заасан зориулалтаар ашигласнаас үүдсэн эд зүйлийн ердийн элэгдлийг арилгах явдал хамаардаг бөгөөд тухайн элэгдэлд тохирох хөлсийг түрээслэгч төлж байдаг тул үүнийг хариуцан арилгах үүрэггүй юм.

Тухайн түрээсийн байранд хариуцагч тал хоол үйлдвэрлэл явуулахыг нэхэмжлэгч тал мэдэж байсан бөгөөд түрээсийн байранд зориулалтын хүчин чадал сайтай уур зайлуулах төхөөрөмж угсарч гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах үүргийг түрээслүүлэгч тал хариуцаж, үүний төлөө төлбөр авдаг.

Хариуцагч П. нь гэрээнд заасан зориулалтын дагуу буюу түргэн хоолны үйлдвэрлэл эрхлэх явцад уур, чийгшил үүсэж заслын материалууд ховхорч, хөгц мөөгөнцөр үүссэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.******* энэ үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн байранд үүсэн хөгц, мөөгөнцөр, дүүжин таазны төмөрт зэврэлт үүссэн бөгөөд хариуцагч П. түрээсийн байрыг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн байранд учруулсан хохиролд 1,507,235 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн түрээсийн байранд учруулсан хохиролд 1,507,235 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардалд гарсан 90,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал 90,400 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулж ХХК-ийн Хаан банкны 52*******345569 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.4.    Хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөх, түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулахыг тус тус даалгуулах тухай

 

Нэхэмжлэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаа Хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөх, түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулахыг тус тус даалгуулах тухай гэж өөрчилсөн.

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр түрээсийн байранд засвар хийх талаар буюу 9.6 м/кв талбай бүхий хоол бэлтгэх арын өрөөг хариуцагч өөрийн зардлаар бий болгосон бөгөөд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...харилцан тохиролцож коридорын хэсгийг хааж 9.6 м/кв талбай бүхий хоол бэлтгэх өрөөг шинээр байгуулахдаа түрээсийн гэрээ дуусахаар буцааж хэвийн байдалд оруулахаар засаж өгөхөөр амлаж тус өрөөг байгуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин түрээсийн байранд 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалганууд ашиглагдаж байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын түрээсийн байранд засвар хийж байх үед facebook хаягаар явуулсан гэрэл зургаар нотлогдож байна.

Хариуцагчийн зүгээс 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалга байгаагүй, нугасгүй гипсэн хавтан байсан. Харин 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалганы хувьд хаадаггүй, үйл ажиллагаа явуулахад өнгө үзэмж, чанарын шаардлага хангахааргүй байсныг авч хаясан гэж тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын түрээсийн байранд засвар хийж байх үеэр facebook хаягаар нэг нэгэндээ явуулсан гэрэл зурагт үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлж авсан бөгөөд гэрэл зургаас үзэхэд 101 тоот өрөөний арын хананд байсан хаалга нь нугасгүй гипсэн хавтан байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд онгойдог, шилэн бариултай нугастай 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалга байсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс дээрх хаалгануудыг авч хаях тухай зөвшөөрөл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд зохигчдын тайлбараар дээрх маргаан бүхий түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгануудыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байх тул түрээсийн гэрээний 10.2-д Түрээслэгч нь түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр барилгын үндсэн хийцийг өөрчлөх, салгах боломжгүй хөрөнгө оруулалт хийхийг хориглоно гэж заасан гэрээний үүргээ зөрчсөн үзэх үндэслэл болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-д ...хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгануудыг хариуцагчийн зардлаар буцаан хийлгэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгчээс гаргасан Хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулахыг даалгуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.    Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч П. Түрээсийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол түргэн хоолны газрын олох байсан 48 өдрийн орлого 7,200,000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000 төгрөг, түрээсийн байрны урсгал зардалд 199,000 төгрөг, түрээсийн байранд засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагч П. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 843,175 төгрөг гаргуулахаар болгож багасгасан.

Мөн нэхэмжлэгч Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэв.

Хариуцагчаас нэхэмжлэгч нь түрээсийн байрны хаалгыг түгжиж түрээсийн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 48 өдрийн хохиролд нийт 13,852,175 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч П.ыг гэрээний үүргээ зөрчиж түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй улмаас Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд зааснаар түрээсийн байрны хаалгыг түгжсэн үйлдлээ хөрөнгийг саатуулан барьсан гэж тайлбарлаж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөөд цааш үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан гэж маргажээ.

Түрээсийн гэрээний зохицуулалтад түрээслүүлэгч барьцааны эрхтэй талаар заагаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй заажээ.

Энэхүү хэм хэмжээ нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг дуусгавар болгоход биш харин үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргийг түүний эд хөрөнгөөс хангуулах боломжийг бүрдүүлэхээр түрээслүүлэгчид хуулиар олгосон барьцааны эрх юм.

Гэвч нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч П.ын түрээсийн байранд байгаа эд хөрөнгийг эзэмдэж авахгүйгээр түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн байрны гадна хаалгыг түгжсэн нь түрээсийн гэрээнээсээ татгалзаж байгаа үйлдэл болох бөгөөд Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасан журмын дагуу түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барьсан үйлдэл болж чадаагүй байна.

Хэрвээ гэрээнээс татгалзаж байгаа бол түрээсийн гэрээний 7.9-д зааснаар саналаа ажлын 30 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэх ёстой байсан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх... үүрэгтэй ба нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагчид мэдэгдэлгүйгээр түрээсийн байрны хаалгыг түгжиж хариуцагч П.ыг түргэн хоолны үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна.

Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу хариуцагч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

Хариуцагчийн зүгээс тус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байхдаа өдөрт 500,000 төгрөгийн орлого олдог байсан тухай дурдаж орлогын 30 хувь болох ашиг 150,000 төгрөгөөр тооцож шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа буюу 48 өдрийн нийт 7,200,00 төгрөгийг олох ёстой орлогыг хохиролд тооцон өөрийн Хаан банкны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дансны хуулга[6], өдрийн орлогын бүртгэлийн дэвтэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас гаргаж өгсөн өдрийн орлогын бүртгэлийн дэвтэр нь тус цайны газрын орлогын дэвтэр мөн эсэх нь тодорхойгүй, өдөрт хэдэн төгрөгийн орлого олж байсан эсэхийг тус дэвтрээс тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байна гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин хариуцагч П.ын Хаан банкны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дансны хуулганы Settlement-Terguun fast Food гэх өдөр бүрийн картын орлогын баримтаас харахад өдөрт дунджаар 132,000 төгрөгийн орлоготой ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Дээрх баримтыг үндэслэн өдрийн орлого 132,000 төгрөгийн цэвэр ашиг буюу 30 хувь болох 39,600х48=1,900,800 нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.*******ын зүгээс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн байрны гадна хаалгыг түгжиж тус байранд нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд түргэн хоолны газарт байсан хоолны материалуудыг авч чадаагүй улмаас хариуцагчид 843,175 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн оролцогчийн хүсэлтээр түрээсийн байранд шүүхээс үзлэг[7] хийсэн бөгөөд үзлэгээр Жүр-Үр ХХК-ийн 26х5=130 ширхэг бургерийн талх, 20 ширхэг хот догны талх, Жаргалт хүнс ХХК-ийн 10,350+3,700 кг жуулчин хиам, 18 ширхэг зайдас, сиры 5х48=240, задгай******* ширхэг нийт 277 ширхэг, 1 боодол далайн байцаа, шар доктор шингэн жүүс 9х10=90 задгай 8 ширхэг нийт 98 ширхэг, өндөг 30х6=180, задгай 17 ширхэг нийт 197 ширхэг, Майонез 2 килограмм 2 ширхэг байсныг тогтоож, бургерийн талх, хот догны талх, хиам, зайдас, өндөг, далайн байцаа зэрэг бүтээгдэхүүнүүд муудсан хүнсэнд хэрэглэх боломжгүй, харин сиры, майонез, шар доктор жүүс зэрэг бүтээгдэхүүн хүнсэнд ашиглах боломжтой, боломжгүй эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд бусад бүтээгдэхүүнүүд хадгалалтын горим зөрчөөгүй хүнсэнд ашиглах боломжтой байсан тул хариуцагч уг бүтээгдэхүүнийг хүлээн авч эдгээр бүтээгдэхүүний хувьд ямар нэгэн шаардлага гаргахгүйгээр тохиролцсон.

Нэхэмжлэгчийн зүгээс далайн байцаа, шар доктор зэрэг бүтээгдэхүүний хувьд хадгалах хугацаа дуусаагүй байхад дээрх бүтээгдэхүүнийг хариуцагч өөрөө аваагүй, мөн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байрны хаалгыг цагдаа нар ирж нээхэд түргэн муудах бүтээгдэхүүнийг өөрсдөө авч явсан, би тэр өдрөөс хойш түрээсийн байрны цахилгааны хэвийн өгч хадгалалтын горим алдагдуулахгүйгээр хадгалж байсан учир эдгээр муудсан гээд байгаа бүтээгдэхүүний үнийг төлөхгүй гэж мэтгэлцсэн.

Шүүхээс явуулсан үзлэгээр бургерийн талх, хот догны талх, хиам, зайдас, өндөг далайн байцаа зэрэг бүтээгдэхүүнүүд муудсан хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон, харин сиры, майонез, шар доктор жүүс зэрэг бүтээгдэхүүнүүд хадгалах хугацаа дуусаагүй боловч хүнсэнд ашиглах боломжтой, боломжгүй эсэхийг тодорхойлох боломжгүй гэж, бүтээгдэхүүний тоо, хэмжээг бүрэн тогтоосон бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх бүтээгдэхүүнийг аваагүй болох нь үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү хариуцагчид муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөгийг хохирол учирсан нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Зохигчид дээрх бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний хувьд маргаагүй болохыг дурдав.

Түүнчлэн хариуцагчаас 4 ажилтанд сул зогсолтын үеийн цалин буюу 48 өдрийн цалин нийт 2,880,000 төгрөг, урсгал зардал 199,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал хариуцагч тус түргэн хоолны газарт 4 ажилтныг өдрийн 15,000 төгрөгийн цалинтай ажиллуулж байсан гэх бөгөөд хэрэгт ажилтнуудын хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус ажилтнуудад сул зогсолтын үеийн цалин өгсөн, мөн цахилгааны зардалд 150,000 төгрөг, цахилгаа холбооны зардалд 49,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх сөрөг нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үндсэн дээр хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрт сард 500,000 төгрөгийн төлөхөөр тохиролцсон түрээсийн байрыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ашигласан ба одоо гэрээний харилцаа дуусгавар болсонд зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч П. нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түрээсийн байранд хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын зардалд 2,730,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хэдийгээр түрээсийн гэрээний 6.2.5-д Түрээслэгч түрээсийн байранд тохижилт хийсэн тохиолдолд гарах зардлыг өөрөө хариуцна гэж, 10.2-т Түрээслэгч нь түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр барилгын үндсэн хийцийг өөрчлөх, салгах боломжгүй хөрөнгө оруулалт хийхийг хориглоно заасан боловч нэхэмжлэгч хариуцагч нар түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түрээсийн байранд хариуцагчийн зүгээс нэмж хоол бэлтгэх өрөө гаргах, хананд обой наах зэрэг засан сайжруулалт хийсэн, түүнийг хариуцагч зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, facebook хаягаар хоорондоо явуулж байсан зураг, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь түрээсийн байранд нийт 4,005,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж засан сайжруулалт хийсэн бөгөөд үүнээс 1,275,000 төгрөгийн түрээсийн төлбөрт суутгуулан үлдэгдэл 2,730,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон барилгын материал худалдан авсан зарлагын баримтыг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн.

Хэрэгт авагдсан зарлагын баримтаар хариуцагч түрээсийн байранд 1,901,700 төгрөгийн барилгын материал авсан болох нь нотлогдож байна.

Нэгэнт түрээсийн гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр, өөрийн зардлаар түрээсийн байранд хийсэн засан сайжруулалт хийхэд гарсан зардал болох 1,901,700 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулж хариуцагч П.од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 828,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,640 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 301,068 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.оос 143,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, нэхэмжлэгч Д.*******аас 89,280 төгрөгийг гаргуулан П.од олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь::

1.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хариуцагч П.оос түрээсийн төлбөр болон алдангид 3,552,581 төгрөг, цахилгааны төлбөрт 68,074 төгрөг нийт 3,620,655 /гурван сая зургаан зуун хорин мянга зургаан зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.******* олгож, түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгануудыг хариуцагчийн зардлаар түрээсийн байранд буцаан суурилуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,876,447 төгрөгийг гаргуулах болон хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөхийг даалгах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн Түрээсийн гэрээний үүргийн зөрчлөөс хохиролд олох ёстой байсан өдрийн орлого 1,900,800 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөг, түрээсийн байранд засан сайжруулалт хийхэд гарсан зардалд 1,901,700 төгрөг нийт 4,645,675 /дөрвөн сая зургаан зуун дөчин таван мянга зурган зуун далан тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч П.од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 9,206,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах төвийн 105 тоотод байрлах түргэн хоолны газарт байрлах П.ын өмчлөлийн модон ширээ 5 ширхэг, түшлэгтэй сандал 20 ширхэг, түшлэггүй сандал 14 ширхэг, хөргөгч 2, хоол халуун баригч 1, шилэн хөргүүр 1 ширхэг, 2 дамжлагын угаалтуур 1 ширхэг, 1,5*70 хэмжээтэй тек 1 ширхэг, хоол бэлтгэлийн тавиур бандан 1, халаагч шүүгээ 1, эгнээтэй тавиур 2, будаа агшаагч 2, жин 1, шарагч 1, гал тогооны комплект 1, камер, интернэт модем 1, газын плитк 2, 2 ширхэг МСS cola ХК-ийн хөргөгчийг тус тус нэхэмжлэгч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,640 /гурван зуун арван мянга зургаан зуун дөч/ төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 301,068 /гурван зуун нэг мянга жаран найм/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.оос 143,080 /нэг зуун дөчин гурван мянга ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, нэхэмжлэгч Д.*******аас 89,280 /наян есөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулан П.од олгосугай.

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал 90,400 /ерэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулж ХХК-ийн Хаан банкны 52*******345569 дугаартай дансанд төлүүлсүгэй.

5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ

 

 

 

 


[1] 3 дугаар хавтас хэргийн ******* дугаар хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 7-14, 78-85 дугаар хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 228-231 дүгээр хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 209-213 дугаар хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 49-77 дугаар хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 96-99 дүгээр хуудас