Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 213/МА2021/00023

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

П.*******од холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 131/ШШ2021/00469 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дашлхагвын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Пүрэвдагвын *******од холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн 14.365.500 төгрөг, цахилгааны төлбөр 533.967 төгрөг, өрөөний засварын төлбөр 1.507.235 төгрөг, шинжээчийн зардал 90.400 төгрөг, нийт 16.497.102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

түрээсийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирлын 14.583.500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нар цахимаар, хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Лемон төвийн 101 тоот 46,6 м/кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалтай, 1 өрөө байрыг 1 сарын 699.000 төгрөгийн түрээс гарсныг хөнгөлж, 540.000 төгрөгөөр түрээслэхээр Д.*******той 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Үүнээс хойш 2 тал түрээсийн байрны тооцоог нийлээгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор сумын Сонголт плаза төвийн 202 тоот өрөөнд уулзаж тооцоог нийлсэн. Одоо 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын 540,000 төгрөг нийт 1,620,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй. Мөн дээр нь түрээсийн байрны хэрэглэсэн цахилгааны 6 дугаар сарын 13-ны байдлаар 234,452 төгрөгийн төлбөр, 7 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэл 136,149 төгрөг гарч нийт 370,580 төгрөгийн цахилгааны төлбөрөө төлөөгүй хохирол учруулаад байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 1,620,000 төгрөг, алданги 594,000 төгрөг, цахилгааны төлбөрт 310,580 төгрөг, нийт 2,524,601 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гарсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Тус шүүхэд хянагдаж буй Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч П Энх- Оршиход холбогдох иргэний хэрэгт Д.******* миний бие нэхэмжлэгчээр өмгөөлөгчийн хамт оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч Д.******* миний бие 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагад дутуу тусгасан зарим заалт болох блок хана буулгах 468,000 төгрөгийн нэхэмжлэлээс мөн 2 хаалганы төлбөр болох 1,160,000 төгрөг нийт 1,628,000 төгрөгийн нэхэмжлэлээс тус тус татгалзаж, эдгээр нэхэмжлэлийг өөрчилж, мөн түрээсийн дутуу төлсөн төлбөрийг 9.061.957 төгрөгөөр нэмж нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн нэмэгдүүлж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.******* надтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор суманд №СП/20181122/01 тоот түрээсийн гэрээг байгуулж, Д.*******ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000413 дугаартай 67,76 м.кв талбайтай 2 өрөө байрнаас 30.8 м.кв талбайтай №102 тоот нэг өрөөг, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м.кв талбайтай 103, 104, 105 тоот 3 өрөөтэй байрны 103 тоот 30.8 м.кв талбайтай 1 өрөөг, нийт 2 өрөөг тус тус түрээсээр ашиглахаар хүлээж авсан.

Нэхэмжлэгч би Сонголт трейд ХХК-аас 103 тоот 30,8 м/кв талбайтай 1 өрөөг түрээслүүлэх гэрээг хийх зөвшөөрөл бичгээр, итгэмжлэлийг авсан. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзээд ажлын байр дамждаг байж болохгүй, тусдаа хаалгаар орж гардаг шаардлага тавьсан тул хүлээж авсан 102, 103 тоот 2 өрөөг буцаах өгөх санал гаргасан. Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 102, 103 тоот 2 өрөөг буцааж өгч, оронд нь Д.******* миний өмчлөлийн 67,76 м.кв талбайтай 2 өрөөтэй, үл хөдлөх хөрөнгийн 36,96 м.кв талбайтай 101 тоот 1 өрөөг дээр нь нэмж (Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м/кв талбайтай 3 өрөө байрны 103, 104 тоот өрөө руу коридороос орох хаалгыг хааж, нийт 210.11 м/кв талбайтай тус тусдаа 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй) байрны 2 хаалгыг. дундын коридортой нь хааж, нэмж 9.6 м/кв талбайтай нэг жижиг өрөөг шинээр гаргаж өгч, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг Түргэн хоолны зориулалтаар түрээсээр ашиглах L/2018/0404/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулж байрыг хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч би Сонголт трейд ХХК-аас 103, 104 тоот өрөө рүү орж гардаг хаалгыг хааж, коридорыг хааж өрлөг блокоор өрж болох талаар зөвшөөрлийг бичгээр авсан болно. Тайлбар хэлэхэд: 103 тоот өрөө нь 2551179 регистрийн дугаартай, Сонголт трейд ХХК-ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 давхрын эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрны 30.8 м/кв талбайтай 1 өрөө нь ба 102, 104 тоот өрөөнүүд рүү дамжиж ордог өрөөний хаалга ба энэ өрөөний хаалгыг хааж. коридорт нь шинээр блокон хана өрж, хоол бэлтгэх 9.6 м/кв талбайтай өрөөг шинээр гаргах авах саналыг түрээслэхээс өмнө нэхэмжлэгч надад тавьсан юм.

Хариуцагч 2 жил урт хугацаанд түрээслэх хүсэлт гаргаж, түрээсийн байрны хийц, зохион байгуулалтын зарим хэсгийг өөрчилж өгөхийг хүссэн хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэж 101, 103 тоот өрөөнүүдийн хаалгыг хааж, коридорт түр хугацаанд блокоор 5.4 м.кв талбайтай хана шинээр өрөхийг зөвшөөрч 9.6 м.кв талбайтай хоол бэлтгэх өрөөг шинээр гаргуулсан байдаг. Коридороос орох Д.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай байрны 2 өрөөний нэг 101 тоот өрөөний хаалгыг хаахдаа, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 3 өрөө байрнаас 1 өрөөний буюу 103 тоот 30.8 м/кв талбайтай өрөөний хаалгыг түр хааж өрлөг өрж шинээр хана гаргахдаа түрээсийн гэрээ дуусахаар буцааж, хэвийн байдалд оруулахаар засаж өгөхөөр амлаж, жижиг өрөө гаргасан байдаг. Түрээсийн гэрээ цуцлагдаж цаашид шинээр барьсан блок ханыг ашиглах шаардлага байхгүй болсон тул барьсан блок ханыг буулгуулж, гарсан барилгын хогийг зөөж, цэвэрлэхэд гарах 468.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, уг блок ханыг хариуцагчийн өөрийнх нь зардлаар буулгах, гарсан барилгын хогийг зөөх 103 тоот өрөөний хаалгыг хаасан хаалтыг авч, хаалгаар орж гарах боломжтой болгож, урд нь түрээсийн байрыг хүлээж авсан шиг хана хаалгыг хэвийн байдалд оруулж засаж өгөхийг хариуцагчийн өөрийнх нь зардлаар хийж дуусгахыг тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн байранд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд хана өрсөн талаар тодорхой тусгаж тэмдэглэсэн байна. Харин түрээслүүлэгч надтай ярилцаагүй, зөвшөөрөлгүй, дур мэдэн хийц зохион байгуулалтыг өөрчилж зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоог өрөө рүү гаднаас орох цагаан вакум хаалганы дотор талд 50 см зайтай суулгасан 1.65х3.0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4.95 м/кв талбайтай 3 жилийн өмнө суулгасан, ямар ч эвдэрч хэмхэрсэн зүйлгүй модон хаалга, гадна кропын хамт хүлээлгэж өгсөн байсан, 101 тоот өрөөний арын хананд байсан коридор луу гарах 1,0х2,26 метрийн хэмжээтэй, 2.26 м/кв талбайтай, 5 жилийн өмнө суулгасан, ямар нэг хагарсан эвдэрсэн зүйлгүй, бүрэн бүтэн, 1 модон хаалга, кроптой хамт хүлээлгэж өгсөн байсан 2 ширхэг модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтуудад тодорхой харагдаж байгаа хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. Нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн байгаа тул дээрх 4.95, 2.26 м/кв талбайтай, нийт 7.21 м/кв талбайтай 2 модон хаалга, кропны нийт төлбөр 1.160.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 модон иж бүрдэл хаалганууд, кропуудыг хариуцагч өөрөө авч хадгалж байгаа гэх тул хариуцагчаас гаргуулж, мөн дээр дурдсан блокон ханыг буулгуулж, гарсан хогийг зөөлгөх, 103 тоот өрөөний хаалгыг коридор талаас хаасан хаалтыг авч засварлаж, хэвийн байдалд нь буцаан оруулах зэрэг ажлуудын хариуцагчийн өөрийнх нь зардлаар гаргуулж хийж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж, засварлаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж гаргаж байна. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Шинжээчдийн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот Баянхонгор аймгийн Бумбат суурь ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр өрөөнүүдийн мөөгөнцөртсөн хана, дүүжин таазны засварын ажлын төсвийг тооцож 1,507,235 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргасан. Хариуцагчийн өрсөн блок ханыг буулгах, 2 модон хаалга суулгах зардлууд одоогоор хаана ч тооцогдож тусгагдаагүй болно. Хариуцагч П.Энх-оршихтой 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 36.9 м/кв 101 тоот өрөөг, коридорт шинээр гаргасан 9.6 м/кв 1 өрөө, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг түрээслэхээр L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилээр байгуулж түрээсэлсэн ба 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал бусад хэрэгслийг авч, өрөөг хүлээлгэн өгч сулласан өдөр хүртэл түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг, алдангид 10,960,875 төгрөг гарсныг бууруулж, хуульд зааснаар алдангийг нэхэмжилсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 4,948,500 төгрөгийг нэмж нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 14,365,500 төгрөг гарсан. Хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ашиглаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2 өрөөнд учруулсан хохирлын барилгын засварын төлбөрт 1,507,235 төгрөг шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 90,400 төгрөг, нийт нэхэмжлэлийн төлбөр 16,497,102 төгрөг болж байна. Иймд урд нь нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмж 9,061,957 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.******* нь түрээслэх байр засвар хийх шаардлагатай байгаа тул засвар хийж орох хүсэлт гаргаж улмаар байрны засварын зардалд нийт 1,275,000 төгрөг зарцуулснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн П.******* нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд заасан 5, 6-р сарын төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьсан ч биелүүлээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж, маш бүдүүлэг зан гаргасан тул арга буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн түрээсийн байрыг түр хугацаанд хаасан. 7-р сарын 1-ний өглөө П.Энх-орших нь Улаанбаатарт өөрөө ирсэн гэхэд нь уулзаж тооцоогоо хийж дуусгая гэхэд хүлээж аваагүй, ирээгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлөх шаардлага удаа дараа тавьсан боловч утасдаад утсаа авдаггүй, мессеж бичээд хариу өгөхгүй П.******* нь гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн оролдлого хийгээгүй 44 хоног болсон тул би арга буюу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тиймээс түрээслүүлэгч миний зүгээс буруутай үйлдэл байхгүй учраас алдагдсан орлогыг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр *******ын төлөөний гэх хүмүүс байрны цоожтой хаалгыг өглөө эвдэх гээд зогсож байхад нь болохгүй гэж хэлсэн ч хүлээж авахгүй зодох гэж дайрсан тул манай талаас Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч, цагдаа байлцуулан түрээсийн байрнаас муудах зүйлээ бүгдийг нь аваад явсан.Тиймээс хариуцагч П.*******ын 14,583,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч П.*******од холбогдуулж 14,497,102 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Рашаант 10 дугаар багт байрлах Лемон төвийн 102, 103 тоот 2 өрөөг түрээслэхээр дугаар СП/20211122/01 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулсан 2 өрөө байрны тухайд эхний 102 тоот байр нь Д.******* миний өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-032000413 дугаартай 67.77 м.кв талбайтай 2 өрөө байрны 1 өрөө буюу 30.8 м.кв талбайтай 102 тоот өрөө, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.45 м.кв талбайтай 103, 104, 105 тоот 3 өрөө байрны 103 тоот буюу 30.8 м.кв талбайтай 1 өрөөг нийт 2 өрөөг түрээсээр ажиллуулахаар түрээсийн гэрээг байгуулж өрөөг хүлээлгэн өгсөн байдаг. Байрыг хүлээлгэн өгч байгаа нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан мессенжер чатаар зураг болон тухайн үед бичиж байсан чатууд зэрэг байрыг хүлээлцсэн талаар баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Уг байрыг хүлээж аваад хариуцагч П.******* нь байранд засвар үйлчилгээ хийлгэхээр надад саналуудыг явуулж байсан 103 тоот өрөөнд 2 паар дутуу байна, 2 паарыг хийж өгч болох уу, жижиг сажиг засварууд хийх хэрэгтэй байна, үүнийг хийж өгч болох уу гэх мэтчилэн санал ирж байсан. Ингээд байж байтал Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уг байранд үзлэг, шалгалт явуулаад Энэ байр нь дамждаг өрөө буюу 103, 104 өрөө рүү дамждаг өрөө байгаа тул шаардлага хангахгүй байр байна, шууд ороход нэг өрөө үү ордог байхаар зохион байгуулалттай болгуулахаар даалгасан гэж хэлээд П.******* нь надад хандаж Д.******* ахаа яах вэ мэргэжлийн хяналт газраас уг байрыг шаардлага хангахгүй байна гэж хэлж байсан бид хоорондоо ярилцаж 101 тоот өрөөнд П.******* нь түрээслэхээр болж коридорын нэг хэсгээр хааж хоол бэлтгэлийн өрөөг гаргая гэж ярилцаад би Улаанбаатар хотоос ирж үзээд ярилцаад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин Түрээсийн гэрээг байгуулахаар болсон. Түрээсийн гэрээг байгуулахдаа Ж.*******ын өмчлөлийн Худалдаа үйлчилгээний зориулалтын 67.76 м.кв талбайтай 2 өрөө байрны 36.96 м.кв талбайтай бүхий 1 өрөөг түрээслэхээр санал тохирч түрээсийн гэрээ байгуулсан. П.******* нь би зах дээр цемент зардаг юм, одоо дулаахан газарт орж бизнесээ авч явах хүсэлтэй байгаа тул туслаад өгөөч байрыг харахад ганц нэг хуучирсан элэгдсэн зүйлүүд байна гэж санал тавьсны дагуу бид яг юу хийх, юуг солих шаардлагатай байгаа талаар ярилцаад би шалны плитаг сольж, хариуцагч солих ажлын хөлсийг төлөхөөр мөн хаалга дулаан алдах магадлалтай тул хаалгыг сольж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу гадна вакум хаалгыг солихоор тохиролцож. Уг тохиролцооны талаар түрээсийн гэрээний ард хавсралт хэсэгт гараар бичиж 2 талаас гарын үсгээ зурсан. Гэрээг байгуулж би байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн, П.******* нь байрыг хүлээн авч засвар үйлчилгээг эхлүүлж, ашиглаж эхэлсэн. Харилцан саналаа илэрхийлж хүлээн авч байгуулагдсан Иргэний хуульд заасны дагуу харилцан ашигтай байгуулсан гэрээ гэж миний хувьд үзэж байгаа. Засварлах, солих шаардлагатай байрны засварын үйл явцыг бүгдийг нь хоорондоо ярилцаж, чат бичиж тохиролцож явдаг байсан. Ингээд түрээсийн гэрээний хугацаа дуусаж байрыг хүлээн авахад дотор талд байсан 2 хавтастай модон хаалга байхгүй байсан. Модон хаалгыг авсан талаар миний хувьд сүүлд мэдсэн бөгөөд намайг урьд нь байранд ороход хаалга байгаа эсэх нь мэдэгдэхгүй, мэдэх боломжгүй байдаг байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хаалга байсан гэдэг нь нотлогддог, хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч П.******* нь сүүлд гарган өгсөн тайлбар дээрээ муу модон хаалга байсан талаар бичсэн байсан. Хэрэв үнэхээр ашиглах боломжгүй хаалга байсан бол дээр хэлсэн шиг солих, засварлах асуудлыг надтай ярилцаж байж шийдсэн бол болохгүй зүйл байхгүй байсан. П.******* нь хүний байрыг аваад ариг гамтай ашиглаад хүлээлгэн өгсөн бол үл ойлголцол, маргаантай ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Бид 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2 талаасаа манай оффис дээр уулзаж тооцоо нийлсэн байдаг. Уг тооцоо нийлсэн акт дээр нийт түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс П.******* нь түрээсийн төлбөрт төлсөн нийт дүн нь 1,600,000 төгрөг төлсөн, түрээсийн гэрээнд заасан плита, хаалгыг засварлах, солих ажлын хөлсийг оруулж нийт 1,275,000 төгрөгийг хасаж тооцохоор харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээнд зааснаар сард цахилгааны төлбөрт 20,000 төгрөг гэж тооцохоор харилцан тохирсон байдаг. Энэ цахилгааны төлбөр 20,000 төгрөгөө 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ашигласан сараа тооцоход 16 сар болж нийт 320,000 төгрөг болсон ингээд П.*******ын цахилгааны суурь хураамжид төлсөн 58000, 69000, 128000 төгрөг төлсөн гэсэн баримтуудыг авч ирсэн энэ мөнгийг хоорондоо ярилцаж түрээсэлж байхдаа төлсөн байсан. 2 талаасаа тооцоо нийлж нийт төлсөн мөнгө нь 3,450,000 төгрөг болсон. Үлдсэн тооцоо нь 4,550,000 төгрөг гарсан алданги тооцох хугацааг мөн хоорондоо тохирч 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож алданги 525,000 төгрөг ингээд нийт 5,075,000 төгрөгийг үлдэгдэлтэй байна гэж тооцсон. П.******* нь сүүлд нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг төлсөн үлдэгдэл мөнгө нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2,575,000 төгрөг гарсан. 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түрээсийн гэрээнд зааснаар хоногийн төлөгдөх мөнгөний 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон түрээсийн төлбөрөөс төлөгдөөгүй мөнгийг тооцоход хоногт 12,875 төгрөгийг 349 хоног хэтэрснээр тооцоход нийт алдангийн дүн 4,493,375 төгрөг гардаг. Мөн гэрээний дагуу тооцоход 4 дүгээр сарын 10-ны өдрөөс, 5 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж сар сараар тооцож 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл П.*******оос надад төлөх нийт түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг гарсан. Нотлох баримтуудаас харахад П.*******ын гарган өгсөн түрээсийн гэрээнд гэрээний хугацааг гарааг 1 жил гэж гараар бичсэн гэрээг шүүхэд гарган өгсөн байсан. Анх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний хувьд 2 жилээр байгуулсан байдаг учир гэрээний хугацаа нь түрээсийн гэрээнд зааснаар хэрэв аль нэг тал нь ахин санал гаргаагүй бол анх гэрээ байгуулсан хугацаагаар сунгагдана гэж зааснаар П.******* бидний байгуулсан түрээсийн гэрээ нь миний хувьд 4 жилийн хугацаатай гэрээ юм гэж бодож байна. Уг хугацааг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байрыг хүлээлцсэн, авсан энэ үеэс тооцож нийт 9,418,000 төгрөг нийт алданги нь 10,960,870 төгрөгийн алданги тооцогдож хуульд зааснаар нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 4,948,500 төгрөг болгон багасгаж нийт түрээсийн төлбөр, алдангийн дүн нь 14,365,500 төгрөг гэж бодож гаргасан. Мөн хариуцагч түрээсийн байрны цахилгааны төлбөрт төлөх 543,967 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан ч төлөөгүй байсан. Баянхонгор аймгийн Эрчим хүчний компани ашиглалтын мөнгөө төлөөгүй тул байрны эрчим хүчийг хязгаарласан байсан тул арга буюу би өөрөө төлсөн. Мөн 2 өрөө байрыг түрээслэх явцдаа ашиглалтыг маш хангалтгүй ашигласан, зохих хэмжээний элэгдлээс хэтрүүлэн хэрэглэсэн жишээ нь: арын өрөөний ханыг хоол хийхдээ түлсэн, маш их хэмжээний уур цан гарснаас хана нь мөөгөнцөр үүссэн байсан энэ талаар хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтэд энэ байранд уур маш их хэмжээгээр үүсэж, уурыг гаргаагүйгээс болж ан цав, зэврэлт үүссэн шалтгаан нөхцөл тогтоогдсон гэсэн дүгнэлтийн хүлээн авсан тул шүүхэд шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж шинжээч томилуулсан шинжээчийн дүгнэлтээр хохиролд 1,507,235 төгрөг гарсан энэ хохирлоо нэхэмжилж байгаа. Нийт нэхэмжлэлийн төлбөрт өмнө нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмээд 9,061,957 төгрөг нийт 16,497,102 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.*******тай L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Номгон 1-р багт байрлах Лемон төвийн 101 тоотод байрлах 4406 м/кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1 өрөө байрыг түргэн хоолны газар ажиллуулахаар 1 сарын түрээсийг 500,000 төгрөгөөр тооцож дээрх гэрээг байгуулсан. Уг түрээсийн байрыг түрээслэн суух өдрөөс түрээслүүлэгч Д.*******тай засварыг бид өөрсдөө хийж, засварын мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгаад явна гэж харилцан тохиролцож байж байрыг засварласан. Ингээд нийт 4,005,000 төгрөгийн засвар хийгдсэн. Үүнээс 1,275,000 төгрөгийг түрээсэнд суулгуулахаар тохиролцоод 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 2020 оны 5, 6 сарын түрээсийг 7 сарын 10-ны дотор төлөхөөр Д.*******тай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлээд тохиролцсон байсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан хойгуур 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөө түргэн хоолны газрыг гаднаас нь цоожилсон байсан. Энэ байдлыг манай тогооч над руу утсаар хэлсэн. Үүний дараа Д.*******ын 99110356 дугаар утас руу залгаж хоолны газраа ажиллуулах болон түрээсийн талаар ярихад хариуд нь түрээсийн тооцоогоо дуусга тэгж байж онгойлгоно гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа утас руу нь залгаж ярьж ойлголцох гэсэн боловч заримдаа авахгүй, зарим үед холбогдохгүй байсан. Миний хувьд одоог хүртэл түргэн хоолны газраа түрээслүүлэгчийн түрээсийн гэрээний үүргээ зөрчиж түүний ааш авираас болж их хэмжээний хохирол амсаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч П.******* нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.*******ын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргана гэжээ.

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

П.******* би Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Лемон төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 46,6 м/кв талбайг түргэн хоолны газраар ажиллуулахаар Д.*******тай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичгээр L/20180404/01 дугаарын гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. Бид түрээсийн байранд засвар хийж орохоор түрээслүүлэгчтэй харилцан тохиролцож засварын зардлыг өөрөө төлж түрээснээс суутган гэж амаар ярилцаж тохиролцож нийт 4,005,000 төгрөгийн засвар хийж байрыг өнгө үзэмжтэй, тав тухтай болгосон үүнээс түрээслүүлэгч нь 1,275,000 төгрөгийг түрээснээс суутган тооцож, үлдэгдэл 2,730,000 төгрөгийг суутгаагүй явж байсан. Ингээд би гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө сар бүр хугацаанд нь төлж, урсгал зардал болох цахилгаан, халаалт, хог гэх мэт зардлыг харилцан тохирсны дагуу би өөрөө төлж явсаар ирсэн. Гэтэл 2020 оны 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөр болох нийт 1,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгч Д.*******тай түрээсийн тооцоо нийлэх үед ярьж тохирсон байсан. Ингээд миний бие Улаанбаатар хот руу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас явсан байх хойгуур 2020 оны 7 дугаар сарын 1-ний өглөө 07 цаг 30 минутад манай ажилтан тогооч н.Батчимэг, бэлтгэгч н.Батчимэг нар нь ажил дээрээ ирэхэд түргэн хоолны газрын хаалгыг гадна талаас нь гинжилж цоож зүүсэн байсан талаар надад хэлсэн. Тухайн үед би түрээслэгчийн 99110356 дугаарын утас руу ярьж хэлэхэд хариуд нь түрээсийн тооцоогоо дуусгаа түүний дараа онгойлгож өгнө гэж хэлсэн. Хариуд нь би дотор талд муудах бүтээгдэхүүнүүд байгаа түүнийгээ авъя гэхэд хариуд нь онгойх боломжгүй түлхүүр нь надад байна. Би Улаанбаатарт байна гээд утсаа тасалсан. Үүнээс хойш би удаа дараа утас руу нь залгаж байгаад хоолны газрыг онгойлгуулж бэлэн байсан махан бүтээгдэхүүнийг тогооч, бэлтгэгч нараар гаргуулж авсан. Үлдэгдэл бүтээгдэхүүнийг авхуулалгүй гар гэж хөөгөөд байна гэж над руу ярьсан. Үүнээс хойш 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр миний бие аймагт ирж Д.******* руу дахин утсаар Түргэн хоолны газраа ажиллуулах талаар ярих гэсэн боловч 99110356 дугаарын утас нь холбогдоогүй. Ингээд өнөөдрийг хүртэл 48 хоногийн ажил тасалдаж, би орлогогүй сул зогсож мөн ажилчид маань ажилгүй болж хоолны газарт байгаа түргэн муудах бүтээгдэхүүнүүд өмхийрч муудаж, ажилчдаа авч үлдэхийн тулд сул зогсолтын цалинг хүртэл олгож өөрөө өнөөдрийг хүртэл хохирч явна. Мөн түүнчлэн түрээсийн байр нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, цэвэр, бохир усгүй, 00 байхгүй байр байсан ба аймгийн мэргэжлийн хяналтаас манайд удаа дараа шаардлага ирдэг байсан. Энэ талаар түрээслэгчид удаа дараа хэлж байсан ба анх түрээсэлж гэрээ хийхдээ ч хэлж шаардсан Д.******* инженерийн шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир устай болгож, 00 хийж өгнө гэж байнга хэлж, хамтарч дэмжиж ажиллана гэж хэлсээр ирсэн. Энэ үүргээ мөн түрээслүүлэгч биелүүлдэггүй байсан. Түрээслүүлэгч түрээсийн гэрээний үүргээ өөрөө зөрчиж, түрээслүүлэгчийн байж боломгүй авир ааш гаргаж байгаа нь түрээслэгч П.******* миний өнөөдрийг хүртэл Түргэн хоолны газраас олох байсан орлого, олон ажил үйлчилгээг тасалдуулж, миний болон ажилчдын маань эрх ашгийг ноцтой зөрчөөд байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 48 хоногийн орлого 7,200,000 төгрөг, түргэн хоолны газарт байгаа муудсан бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, 48 хоногийн ажилчдын цалин 2,880,000 төгрөг, түрээсийн байранд засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 10 сард Д.*******тай утсаар холбогдож Лемон төвийн 103 тоотыг түрээслэхээр тохиролцож ингээд тохирч байрыг үзэхэд цаашаа нэвтэрч гардаг хаалгатай 3 өрөө байсан 103 тоот нь хуучирч муудсан, засвар хийгдээгүй өрөө байсан, 102 тоот өрөө нь засвар дутуу хийгдсэн, дахин засвар хийх шаардлага ихтэй байр байсан. 3 хоног цэвэрлэгээ хийгээд, 3 хоногийн дараа үүдний довжоо цутгах шаардлагатай юм байна гэж хэлэхэд Д.******* нь манай оффисоос наад байрыг чинь хоолны газарт түрээслэхгүй гэж байна 101 тоотыг хардаа гэсэн тул орж харахад өмнө бэлэн хувцас зарж байсан, ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй, хоолны газрын зориулалтаар шууд орж ажиллах боломжгүй хаалга нь гол дээр тогтсон вакум хаалгыг солих шаардлагатай байр байсан. Түүнийг би нэхэмжлэгчид хэлж байсан. Давхар хаалга гэж ярьж байгаа шүүхийн үзлэгээр очиж харахад хуучирсан, унжиж санжсан хаалга байсан. Гэрээг байгуулж байх үед засвар хийх шаардлагатай байна гэдгийг Д.******* нь өөрөө хүлээн зөвшөөрч амаар тохиролцож зөвшөөрсөн байдаг. Тухайн үед би Д.******* гуайд 101 тоот өрөө нь жижигдэж байна 103 тоот өрөөг түрээслэх саналаа хэлэхэд болох бүтэхээрээ засвар хийж өгнө гэсэн тохиролцоо дээр тухайн өрөөг түрээсэлж эхэлсэн. Д.******* нь тайлбар дээрээ намайг байрыг улам муутгасан гэж ярьж байна, миний хувьд тухайн байрыг байснаас нь улам сайжруулсан байдаг. Түрээсийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 26-нд байгуулсан гэдэг үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2018 оны 10 дугаар сард бид 2 утсаар ярьж, харилцан тохиролцож үйлчилгээ эхэлсэн цагаас хойш 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой хоолны газар хаах гэж байхад Д.******* нь гэнэт орж ирээд гэрээ гэж надад хэлэлгүйгээр түрээсийн гэрээний ард талд байх хавсралт хэсгийг л надтай хамт сууж бичсэн. Бичиж байх үед би хэлж байсан засвар, ажлын хөлс, вакум цонх, хаалга бүгд ороод нийт 4,005,000 төгрөг болсон талаар хэлэхэд түүнийг дараа ярьж болно чамд бэлдсэн зарлагын баримт, гүйлгээний баримт байна уу гэсэн миний хувьд Дэлгэр барилгын материалын дэлгүүрээс зээлээр авсан зарлагын 200,000 төгрөгийн баримт байсан түүнийгээ гарган өгсөн. Тэгтэл П.******* нь би 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, вакум хаалга 575,000 төгрөг, ажлын хөлс 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гээд нийт 1,275,000 төгрөгийг нь эхний удаагийн тайлбар хэсэгт оруулж бичнэ, ах нь хотод очиж байгаад хоёулаа гэрээгээ байгуулъя, шуудангаар явуулъя, хоёулаа тохиролцоно гэсэн тул Д.******* ахад итгэж тайлбарт гарын үсэг зурсан. Тэгээд сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 13-нд Д.******* нь ирж тооцоо нийлэхдээ энэ түрээсийн гэрээг авч ирж надаар гарын үсэг зуруулсан байдаг. Тооцоо нийлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай гэрээг байгуулна гэтэл Д.******* нь 4 дүгээр сарын 10-ны өдөр гээд 1 сар нэмж нийтдээ би 7,500,000 төгрөг өгөхөөр тооцоо гарсан. Миний тооцоогоор гэрээнээс 6,680,000 төгрөг суутгуулж нийт үлдэгдэл 820,000 төгрөгийг Д.*******д өгөх ёстой гэсэн тооцоо байгаа гэж бодож байсан. Д.******* нь намайг чи надад нийт 8,000,000 төгрөг өгөх ёстой үүнээс дансаар шилжүүлсэн 1,600,000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 58000, 69000, 128000 төгрөг буюу байранд орохоос өмнөх цахилгааны төлбөрийг, мөн ажлын хөлсөнд 500,000 төгрөг, вакум хаалга, цонхны 575,000 төгрөг, барилгын материалын мөнгө 200,000 төгрөг эдгээрийг би хүлээн зөвшөөрнө гэсэн байдаг. Анх байранд орж байхад надад данс өгч урьдчилгаанд 1,000,000 төгрөг өгсөн дүнг тооцоо нийлэх үед хүлээн зөвшөөрч хассан, төрийн банкаар 500,000 төгрөг тушаасан гэтэл Д.******* нь надад тэр чинь огт харагдахгүй байна тооцохгүй гэсэн тэр мөнгө тушаасан баримтаа би хэрэгт хавсаргаж өгсөн. Ингээд тооцоогоор Д.******* нь хэлэхдээ 3,050,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж хэлсэн. Төрийн банканд тушаасан 500,000 төгрөгөө хасуулж надад нийт 2,550,000 төгрөгийн үлдэгдэл байна гэж бид хоорондоо тохирч 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шилүүлэхээр болж би 2,550,000 төгрөг шилжүүлсэн. Би тайлбар бичиж байх үед Д.******* ахад хандаж Түрээсийн төлбөрөөс засвар хийсэн мөнгөө хасмаар байна гэж хэлэхэд ах нь ойлгож байгаа байрны дотоод, гадаад орчин болохгүй байгаа бүхнийг ойлгож байна. Сонголт трейд ХХК-ийн засвар үйлчилгээ хийгдэж байна ашиглалтад өгөөдөхье, одоохондоо арай амжихгүй нь ахдаа ямар ч байсан мөнгөө өгөөдөхөө гэсэн тул би итгээд 2,550,000 төгрөгийг өгч 6, 7 сарын түрээсийн төлбөрт суутгах байх гэтэл гэнэт надад мэдэгдэлгүйгээр 2021 оны 6 дугаар сарын 30-ний орой хаасан байсныг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өглөө ажилчид хаалттай байна гэж утсаар ярьж би мэдсэн. Надад мэдэгдэлгүй хаасан тул маш их хэмжээний хохирлыг өнөөдрийг хүртэл амсаад явж байна. Ингээд Д.*******д холбогдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: 48 өдрийн орлого нийт 7,200,000 төгрөг, түргэн хоолны газарт муудсан бүтээгдэхүүнд шинжээчийн дүгнэлт гаргахаас өмнө 1,574,500 төгрөг болсноос зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг буцааж нийтдээ 843,175 төгрөг болсон, 48 өдрийн ажилчдын цалин хөлс 2,880,000 төгрөг энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа, 48 өдрийн түрээсийн байрны урсгал зардалд утас, интернэт, түрээсийн байранд засвар хийсэн мөнгө 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөгийг Д.*******аас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хариуцагч П.*******оос түрээсийн төлбөр болон алдангид 3,552,581 төгрөг, цахилгааны төлбөрт 68,074 төгрөг нийт 3,620,655 /гурван сая зургаан зуун хорин мянга зургаан зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.******* олгож, түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгануудыг хариуцагчийн зардлаар түрээсийн байранд буцаан суурилуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,876,447 төгрөгийг гаргуулах болон хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөхийг даалгах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн Түрээсийн гэрээний үүргийн зөрчлөөс хохиролд олох ёстой байсан өдрийн орлого 1,900,800 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөг, түрээсийн байранд засан сайжруулалт хийхэд гарсан зардалд 1,901,700 төгрөг нийт 4,645,675 /дөрвөн сая зургаан зуун дөчин таван мянга зурган зуун далан тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч П.*******од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 9,206,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Лемон төвийн 105 тоотод байрлах түргэн хоолны газарт байрлах П.*******ын өмчлөлийн модон ширээ 5 ширхэг, түшлэгтэй сандал 20 ширхэг, түшлэггүй сандал 14 ширхэг, хөргөгч 2, хоол халуун баригч 1, шилэн хөргүүр 1 ширхэг, 2 дамжлагын угаалтуур 1 ширхэг, 1,5*70 хэмжээтэй тек 1 ширхэг, хоол бэлтгэлийн тавиур бандан 1, халаагч шүүгээ 1, эгнээтэй тавиур 2, будаа агшаагч 2, жин 1, шарагч 1, гал тогооны комплект 1, камер, интернэт модем 1, газын плитк 2, 2 ширхэг МСS cola ХК-ийн хөргөгчийг тус тус нэхэмжлэгч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,640 /гурван зуун арван мянга зургаан зуун дөч/ төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 301,068 /гурван зуун нэг мянга жаран найм/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******оос 143,080 /нэг зуун дөчин гурван мянга ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, нэхэмжлэгч Д.*******аас 89,280 /наян есөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулан П.*******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал 90,400 /ерэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулж Бумбат Буурь ХХК-ийн Хаан банкны 5225345569 дугаартай дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Д.******* миний бие Д.*******ын нэхэмжлэлтэй П.*******од холбогдох, мөн хариуцагч П.*******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан 00469 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч надаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч миний эрх ашгийг ноцтой хохироож байгаад туйлын гомдолтой байна.

Түрээсийн байранд учруулсан хохиролд 1 507 235 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд

Хариуцагч нь түрээсийн байрыг ашиглах хугацаанд түрээсийн байранд хохирол учруулсантай холбогдуулж нэхэмжлэгчээс 1 507 235 төгрөг, шинжээчийн зардалд 90400 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор түрээсийн байранд учирсан хохирол буюу түрээсийн байрны хана болон таазанд үүссэн хөгц, мөөгөнцөр дүүжин таазны бэхэлгээний төмөрт үүссэн зэврэлт юунаас болж үүссэн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж улмаар шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан.

Шинжээчийн энэхүү дүгнэлтээр ... Лимон төвийн 101 тоот болон хоол бэлтгэх өрөөнүүдийн хана таазанд үүссэн хөгц мөөгөнцөр, дүүжин таазны бэхэлгээний төмрийн зэврэлтүүд нь зориулалтын бус барилгад инженерийн тооцооллын үндэслэлгүйгээр, хүчин чадал хангалтгүй уур зайлуулах төхөөрөмж угсарч, хоол үйлдвэрлэл явуулсны улмаас чийгшил байнга үүсэж, заслын материалууд ховхорч, хөгц мөөгөнцөр үүсэх нөхцөл бүрдсэн байна. гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас түрээсийн байранд хохирол учирсан гэдэг нь нотлогдсон.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх гэж заажээ.

Тиймээс хуулийн утга агуулгаас үзэхэд түрээслэгч нь түрээсийн байрыг түрээсийн гэрээний хугацаа эхлэх үед ямар байдалтай хүлээлгэн өгсөн тийм байдлаар буцааж өгөх үүрэг хүлээдэг байна.

Шүүхээс томилогдсон шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд түрээсийн байрны хана болон таазанд үүссэн үүссэн хөгц, мөөгөнцөр дүүжин таазны бэхэлгээний төмөрт үүссэн зэврэлт нь хариуцагчийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бус харин тухай түрээсийн байранд хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулахдаа зориулалт бус тоног төхөөрөмж угсарч суурилуулсантай холбоотойгоор түрээсийн байр муутгах нөхцөл болж улмаар нэхэмжлэгчид нэмэлт зардал гарсан болох нь тогтоогдсон.

Нөгөөтэйгөөр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээсийн байрыг түрээслэгчид түргэн хоолны зориулалтаар ашиглуулах үүрэг хүлээсэн болохоос түрээслүүлэгч нь түрээслэгчийн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тоног төхөөрөмж угсарч, суурилуулах үүрэг хүлээгээгүй атал анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцааны зорилго, агуулга, түрээсийн гэрээгээр талууд ямар үүрэг хүлээсэн эсэх талаар үнэн зөв дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгч нь түрээсийн байрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн байранд үүссэн хөгц, мөөгөнцөр дүүжин таазны төмөрт зэврэлт үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.645.675 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тухайд

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн Түрээсийн гэрээний үүргийн зөрчлөөс хохиролд олох ёстой байсан өдрийн орлого 1.900.800 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843.175 төгрөг, түрээсийн байранд засан сайжруулалт хийхэд гарсан зардалд 1.901.700 төгрөг нийт 4.645.675 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс хохиролд олох ёстой байсан өдрийн орлогод 1.900.800 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч П. *******ын түрээсийн байранд байгаа эд хөрөнгийг эзэмдэж авахгүйгээр түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн байрны гадна хаалгыг түгжсэн нь түрээсийн гэрээнээс татгалзаж байгаа үйлдэл болох бөгөөд Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасан журмын дагуу түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барьсан үйлдэл болж чадаагүй байна. Хэрвээ гэрээнээс татгалзаж байгаа бол түрээсийн гэрээний 7.9-д зааснаар саналаа ажлын 30 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэх ёстой байсан гэж дүгнэсэн нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь түрээсийн гэрээний 7.8-д Гэрээний 6.2 - 6.12 дахь заалтуудыг зөрчсөн бол гэрээ цуцлах үндэслэл болно гэж заасан байгаа бөгөөд гэрээ цуцлах илэрхийлэл нь эсрэг талдаа хүрснээр хүчинтэй болдог нэг талаас гарч буй илэрхийлэл гэж үзвэл энэ нь түрээслүүлэгч гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлахаа илэрхийлсэн нөхцөлд тус гэрээ нь шууд дуусгавар болохоор байна.

Гэтэл түрээсийн гэрээний 7.9-д Талууд... гэснээс үзэхэд энэ нь гэрээний аль ч тал ердийн журмаар түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд энэхүү саналаа ажлын 30 хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэх үүрэгтэй болохыг заасан болохоос түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор түрээслүүлэгч гэрээг цуцлахад хамааралгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт: ...нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагчид мэдэгдэлгүйгээр түрээсийн байрны хаалгыг түгжиж хариуцагч П.*******ыг түргэн хоолны үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэх дүгнэлт нь үндэслэл муутай болсон.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, шүүхээс гэрч асуулгасан мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулан, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч, 2 цагдаатай байлцуулж, түрээсийн байрнаас хариуцагчид муудах зүйлээ авч явсан гэх тайлбар, баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй атал анхан шатны шүүх ... 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн байрны гадна хаалгыг түгжиж тус байранд нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд хоолны газарт байсан хоолны материалуудыг авч чадаагүй улмаас хариуцагчид 843.175 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас муудсан бараа бүтээгдэхүүний үнэд 843.175 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барин шийдвэр гарсан гэж үзэж байна.

Түрээсийн төлбөр, алдангид нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 10.812.919 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд

Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний төлбөрт 9.417.000 төгрөг, алдангид 4.948.500 төгрөг, нийт 14.365.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үнэлсэн эхний хэсэг болох Үндэслэх хэсгийн 15-р хуудасны дунд хэсэгт: ... Учир нь Иргэний хуулийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 222-р зүйлийн 222.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч П.Энх-орших нь түрээсийн гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс хугацаа хэтрүүлсэн байна. гэж дүгнэсэн нь зөв, үндэслэлтэй болжээ.

Мөн Үндэслэх хэсгийн 15-р хуудасны доод хэсэгт ... Дээрх хугацаанд Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.2-д хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал болон 289-р зүйлийн 289.2.1-д зааснаар түрээслүүлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруугаас болсон гэх нөхцөл байдал тогтоодохгүй байна." гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв дүгнэлт болжээ.

Хариуцагчийн түрээсийн төлбөрөө төлөөгүй буруутай үйлдлээс болж энэ маргаан үүссэн байх тул 2021 оны 5-р сарын 19-ний өдрийг хүртэл хариуцагч буюу түрээслэгч П.*******од түрээсийн байрны гадна вакум хаалганы түлхүүр байсан ба түрээсийн байранд түүний ширээ сандал тоног төхөөрөмж байрласан хэвээр, нэхэмжлэгч би түрээсийн байрыг ашиглах эзэмших ямар ч боломжгүй байсан. Иймд түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөрийг 2020 оны 7-р сарын 1-нээс 2021 оны 5-р сарын 19-нийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 9.417.000 төгрөг, алдангид 4.948.500 төгрөг, нийт 14.365.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн гар утасны мессеж, фэйсбүүк мессенжерт ирүүлсэн баримтад маш тодорхой харагдаж байгаа, түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан тайлбартаа мэдүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч яагаад төлөхгүй, түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа шүүх дээр тайлбарлаагүй, нэхэмжлэгч намайг хохироосон, түрээсийн байрны түлхүүрийг хариуцагч авч, бүрэн эзэмшиж, ашиглаж надад түрээсийн байрыг буцааж өгөөгүй байхад миний нэхэмжлэлийн шаардлагаас 10.812.919 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Үндэслэх хэсэгт 15-р хуудасны доод мөрөнд ... 2018 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2020 оны 4-р сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алданги 2.525.000 төгрөг, 2020 оны 4-р сарын 10-наас 2020 оны 7-р сарын 1-ны өдрийг хүртэл хүртэл төлөх түрээсийн төлбөрт 833.400 төгрөг, алдангид 234.181 төгрөг, нийт 3.592.581 төгрөгөөс ... цахилгааны төлбөрийн зөрүү 40.000 төгрөгийг хасаж 3.552.581 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. гэжээ. Шүүгчийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, миний шүүхэд гаргасан тайлбарыг шүүх буруу, ташаа ойлгож тайлбарласан, нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн хуудсанд тооцоо нийлсэн актад 2020 оны 4-р сарын 10-ны үлдэгдэл 4.550.000 төгрөг гэж нийлж гаргасан байдаг. Гэтэл энэ өдрийн үлдэгдэл 2.525.000 төгрөг үлдсэн гэж шүүх дүгнэсэн байна. Эндээс харахад тооцоо нийлсэн актыг харж үнэлсэн шүүх маш дутуу буруу үнэлсэн байна гэж харж болохоор байна.

2020 оны 4-р сарын 10-наас 7-р сарын 1-нийг хүртэлх түрээсийн төлбөрт 833.400 төгрөгийн тооцоо гарах боломжгүй. Яаж тооцож дээрх тооцоог шүүх гаргаж тооцсон нь ойлгомжгүй байна. Учир нь сар бүр 500.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байсан тул 4-р сарын 10-наас 5-р сарын 10-ныг хүртэл 500.000 төгрөг, 6-р сарын 10 хүртэл 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг, 6-р сарын 10-наас 7-р сарын 1-нийг хүртэл 20 хоногт 333.300 төгрөг нийт 1.333.000 төгрөг, сар бүрийн 5-нд түрээсийн төлбөр өө хийхээр гэрээнд зааснаар сард 500.000 төгрөгөөс өдрийн 0.5 хувийн алданги тооцоход /500.000x0.5%=2.500өдөрт алданги х 30=75.000/ 1 сард 75.000 төгрөгийн алданги, 2 сар 20 хоногт 170.000 төгрөгийн алданги, нийт 1.333.300 төгрөг дээр алданги 170.000 төгрөгийг нэмэхэд 1.483.300 төгрөг гарах тооцоо гарч байгаа юм. Ингэж дээрх 3-хан сарын тооцоог маш зөрүүтэй буруу ойлгож, дүгнэсэн байна.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас засан сайжруулалтын зардалд 1.901.700 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль болон талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна.

Учир нь түрээсийн гэрээний 6.1.2-т Гэрээнд тусгаагүй нөхцөл болон бусад үндэслэлээр харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа бичгээр илэрхийлэх гэж, мөн гэрээний 10.3- д Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь зөвхөн талуудын харилцан тохиролцсон эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. гэж, мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ", мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, мөн зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасан.

Цахилгааны төлбөрт 533.967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 17-р хуудас, 3 дахь мөрөнд: ... Хариуцагч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах хугацаандаа буюу 6-р сарын 13-ны өдрийн байдлаар цахилгааны төлбөрийн 234,451 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 1-р сарын 1-ны өдрөөс 2021 оны 2-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна.

Харин 2020 оны 7-р сарын 13-ны өдрийн байдлаар 136.148 төгрөгийн цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд улмаар 2021 оны 2-р сарын 1-нийг хүртэл нэмэгдэж ... үлдэгдэл 534,067 төгрөг гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. гэж дүгнэжээ.

Хариуцагчаас дээрх цахилгааны төлбөр төлсөн нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй, төлбөр төлсөн талаар тайлан гэх ямар ч баримт байхгүй байхад төлсөн мэтээр дүгнэж байгаа нь илт хууль бус дүгнэлт хийж байгаад маш харамсаж байна.

Тиймээс хариуцагчаас цахилгааны төлбөрт төлөх 465,893 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчид нэмж хоол бэлтгэх өрөө гаргах, хананд обой наах зэрэг зөвшөөрөл олгосон нь түрээсийн гэрээний 6.2.5-д Түрээслэгч түрээсийн байранд тохижилт хийсэн тохиолдолд гарах зардлыг өөрөө хариуцна гэсэн заалтад өөрчлөлт оруулсан буюу уг заалтыг хэрэглэхгүй байхаар тохиролцсон гэж шууд үзэх, мөн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан талууд өөрөөр тохиролцсон гэж шууд үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн байранд учруулсан хохиролд 1.507.235 төгрөгийг, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох түрээсийн гэрээний үндсэн төлбөр, алдангид 10,812,919 төгрөгийг, цахилгааны төлбөрт 465,893 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн 4.645.675 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын заал 36м2, арын өрөө 9.6 м2 нийт 46.6 м2 /101 тоот гэх/ тоот талбайг хариуцагч П.Энхтүвшинд түргэн хоолны зориулалтаар шилжүүлсэн, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот түрээсийн гэрээ, ярилцсан тэмдэглэл, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн түргэн хоолны газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Харин талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр хийсэн гэрээгээр худалдаа үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-032000413 дугаартай 67.77 м.кв талбайтай 2 өрөө байрны 1 өрөө буюу 30.8 м.кв талбайтай 102 тоот өрөө, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.45 м.кв талбайтай 103, 104, 105 тоот 3 өрөө байрны 103 тоот буюу 30.8 м.кв талбайтай 1 өрөө, нийт 2 өрөөг түрээсээр ажиллуулахаар түрээсийн гэрээг байгуулж өрөөг хүлээлгэн өгсөн хэдий ч түрээслэгч тал зорилгоо биелүүлж чадаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар маргаангүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах 67.76м2 талбайтай Худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.*******ын өмч болох нь улсын бүртгэлийн 000408731 тоот гэрчилгээгээр, 142.35м2 талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Сонголт трейд ХХК болох нь улсын бүртгэлийн 000408730 тоот гэрчилгээгээр тус тус тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж улмаар эцэслэн шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийг зөв тодорхойлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 186, 3 дугаар хавтаст хэргийн 25 дугаар тал/

Түрээсийн гэрээний зүйл болох тодорхой хөрөнгө буюу 36м2 талбайтай 1 өрөө, арын өрөө 9.6 м2 нийт 46,6 м2 /101 тоот гэх/ талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч Д.******* эсвэл Сонголт трейд ХХК-ийн алиных нь өмч болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч Д.*******д Сонголт трейд ХХК-ийг шүүхэд төлөөлөх эрх олгогдоогүй нөгөө талаар Сонголт трейд ХХК нь нэг гишүүнтэй, гүйцэтгэх захирал нь Ж.Саранчимэг байна. /3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар тал/

Мөн түүнчлэн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нарын дүгнэлтэд тухайн байгууллагын тамга дарж баталгаажуулаагүй байдлыг Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно гэж зааснаар хүчингүйд тооцох үндэслэл болж байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд өөрийгөө төлөөлүүлж Э.Наранцэцэгт тодорхой эрх олгосон байхад нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан тухай баримтаар 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасантай нийцэхгүй, ойлгомжгүй болгожээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байх тул нэхэмжлэгч Д.*******ын гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болно.

Нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131712 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргаж түүнд буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 131/ШШ2021/00469 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131712 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хүсэлт гаргагч, төлөөлөгч түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Г.УЛАМБАЯР