Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 131/Шш2020/00191

 

 

 

 

 

 

     
     

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* *******Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******булаг сумын 3-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ын нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2.880.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд үйл ажиллагаа явуулдаг ******* андууд хадгаламж зээлийн хоршоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж байсан, сумын иргэд хөдөлмөрчдөөс гишүүд нь бүрдсэн, эрхлэх үйл ажиллагаа нь гишүүдээс хадгаламж татах, зээл олгох, бусад лизингийн цогц үйлчилгээ үзүүлдэг, өдгөө 268 гишүүнтэй хоршоо юм. Л.******* нь 2015 оны 04 сарын 28-ны өдөр дугаар №43/604 тоот зээлийн гэрээгээр 3.250.000 төгрөгийг лизингийн зориулалтаар, сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Энэ хугацаанаас хойш зээлээ хугацаанд нь төлөлгүй явж байгаад түүний хүсэлтээр 2016 оны 09 сарын 30-ны өдөр зээлийн гэрээг сунгаж шинээр гэрээ байгуулсан. Энэ өдөр хийсэн зээлийн гэрээнд түүний эхнэр М. батлан даалтын гэрээг манай хоршоотой хийсэн юм.

Ингээд Л.*******, М. нараас манай хоршооноос авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2.620.000 төгрөг, түүний хүүгийн авлага 260.000 төгрөг, нийт 2.880.000 төгрөг гаргуулж өгнө үү. Бид эвлэрэх боломжгүй. Л.******* нь 3.250.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 10 сарын 30-нд 130.000 төгрөг, 2015 оны 12 сарын 23-нд 9.000 төгрөг, 2016 оны 01 сарын 26-нд 80.200 төгрөг, 2016 оны 03 сарын 01-нд 80.000 төгрөг, 2016 оны 05 сарын 30-нд 30.000 төгрөг, нийт 329.800 төгрөгийн эргэн төлөлт хийгээд өөр төлөлт хийгээгүй юм. Энэ төлөлтөө өөрийн зээл рүү биш М.гийн дүү М.Өлзийгийн зээлийн төлөлт рүү хийсэн байдаг.

Ингээд 2016 оны 09 сарын 30-нд өмнөх зээл, хүү болох 3.693.529 төгрөг дээрээ нэмж 1.006.740 төгрөг М.Өлзийгийн зээлийн үлдэгдлийг өөрийн зээл дээр нэмж 4.700.000 төгрөгөөр зээлийн гэрээг сунгасан юм. Энэ зээлийг сунгаснаас хойш 2016 оны 12 сарын 13-нд 2.470.000 төгрөгийг нэг удаа хийсэн. 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Ингээд зээлийн үлдэгдэл 2.620.000 төгрөг, хүү 260.000 төгрөг, нийт 2.880.000 төгрөг нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2.870.142 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа:

Надад холбогдуулж ******* андууд ХЗХоршоо нь 2.880.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 2015 оны 04 сарын 28-ны өдрийн №43/604 тоот гэрээг би хийгээгүй. Зээлийн гэрээний дугаар буруу байна. Ер нь ч тэгээд энэ хадгаламж зээлийн хоршоо гэрээ хийхдээ зөвхөн нэг хувийг хийгээд байгууллагадаа авчихдаг, зээлийн гэрээг сунгахдаа зээлдэгчийг байлцуулдаггүй өөрсдөө сунгаад явдаг. Би тус ХЗХоршооноос 2.500.000 төгрөгийг лизингийн бус бэлэн мөнгөөр авсан бөгөөд ХЗХоршоо нь 30 хувь нэмэгдэл гэж миний зээл дээр 750.000 төгрөгийг хий нэмж 3.250.000 төгрөгийг зээлсэн болж харагдсан. Дараа нь тус ХЗХоршооны дарга Б.Наранчимэгтэй уулзахад манайхаас бэлэн мөнгө авахад 30 хувь нэмэгдэл гэж байдаггүй ээ, манай ажилтан л ийм балай зүйл хийгээд байгаа юм гэж хэлж байсан юм. Тэгэхэд нь би аваагүй мөнгийг төлж чадахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн бөгөөд түүний дараа ч удаа дараа хэлж байсан. Үүнээс хойш өөрийн авсан 2.500.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байгаа. Би төлөлт хийхдээ банкны дансаар болон бэлэн мөнгөөр хийдэг байсан.

Би ХААН банкны гэх өөрийн данснаас энэ ХЗХоршооны данс болох ХААН банкны тоот дансанд 2015 оноос хойш төлсөн мөнгөний дүн 3.042.700 төгрөг, үүнээс гадна захирал Б.Наранчимэгт 100.000 төгрөг, 200.000 төгрөг зэргийг тус тус гар дээр нь өгсөн. Одоогоор өөрийн мэдэж байгаа дүн нь 3.342.700 төгрөгийг төлсөн байна. Цаашлаад нэхэмжлэлд 2.620.000 төгрөг, хүү 260.000 төгрөг, нийт 2.880.000 төгрөгийг яаж тооцсон нь тодорхой биш байна. Харин ч хууль бусаар надаас авсан 30 хувь буюу 750.000 төгрөг, түүний хүүг би төлөх ёсгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.******* нь 2015 оны 04 дүгээр сард 3.250.000 төгрөг, мөн 2016 оны 09 дүгээр сард 4.700.000 төгрөгийн зээл огт авч байгаагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгаагүй. Харин М. нь тус хоршооноос 2.500.000 төгрөгийн зээл авч байсан. Түүнийгээ бүрэн төлсөн баримт хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч талаас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 4.700.000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байгаа. Гэтэл хариуцагч талаас 3.250.000 төгрөг болох нэхэмжлэлтэй холбоогүй зүйл дээр маргаж байна. 4.700.000 төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгаа. Энэ зээл нь 16 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй байгуулагдсан гэрээ байгаа. Нэхэмжлэгч байгууллагаас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл болон хүүгээ нэхэмжилж байгаа. Хоршооны гишүүн байсан учраас энэ хоёр хүнд хөнгөлөлттэй хандсан зүйл харагдаж байгаа. Хариуцагч талаас зээл авсан талаараа огт хүлээн зөвшөөрөхгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Зээл авах гэж өргөдөл хүсэлт гаргасан байгаа. Ийм зээл аваагүй мэдэхгүй байгаа бол яагаад 2.470.000 төгрөгийн зээл төлөөд байгаа юм. Зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлогдож байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулах бүрэн үндэслэлтэй. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 2.870.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** Хадгаламж зээлийн хоршоо нь Л.*******, М. нарт холбогдуулан зээл, зээлийн хүүнд 2.870.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч Л.******* тус ХЗХоршооноос зээл огт авч байгаагүй. Харин М. тус ХЗХоршооноос 2.500.000 төгрөгийн зээл авснаа 3.342.700 төгрөг болгон эргүүлж төлсөн. гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

************** Хадгаламж зээлийн хоршоо, Л.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх № 43/604 тоот, 3.250.000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнд зээлдэгч Л.******* өөрөө гарын үсэг зураагүй, зээлдэгчийн гарын үсгийг дууриалган зурсан болох нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 085 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Тодруулбал ************** Хадгаламж зээлийн хоршоо, Л.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх № 43/604 тоот, 3.250.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

 

451-р зүйлийн 451.2: Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ,

мөн хуулийн 196-р зүйлийн 196.1.2: гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ..., гэж тус тус заасан хуулийн заалтад нийцээгүй, бичгээр байгуулах гэрээнд гэрээний талууд гарын үсэг зурсан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд зохигчдын хооронд 2015 оны 04 сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх № 43/604 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56-р зүйлийн 56.1.8-д заасан .. хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэв.

Харин ************** Хадгаламж зээлийн хоршоо, Л.******* нарын хооронд 2016 оны 09 сарын 30-ны өдөр байгуулагдсан гэх № 43000628 тоот, 4.700.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч Л.******* өөрөө гарын үсэг зурсан нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 035 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч энэ зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэж заасныг зөрчсөн байна.

Тухайлбал 2016 оны 09 сарын 30-ны өдөр байгуулагдсан гэх № 43000628 тоот гэрээнд заасан зээлийн 4.700.000 төгрөгийг зээлдэгч Л.*******т бодитойгоор шилжүүлээгүй, зохигчдын хооронд 2015 оны 04 сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх 3.250.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 4.306.050 төгрөг дээр М.Өлзий гэх хүний зээлийн үлдэгдэл төлбөрийг нэмж, 4.700.000 төгрөгийн зээлийг шинээр олгож байгаа мэтээр дүр үзүүлэн гэрээ хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /Хэргийн 1-р хавтас, 78-79 дүгээр тал/

 

Иймд зохигчдын хооронд 2016 оны 09 сарын 30-ны өдөр байгуулагдсан, № 43000628 тоот зээлийн гэрээг мөн Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56-р зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.

Хариуцагч М. нь ************** Хадгаламж зээлийн хоршоо, Л.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх № 43/604 тоот, 3.250.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч Л.*******ын гарын үсгийг өмнөөс нь /дууриалган/ зурсан болохоо хүлээн зөвшөөрч Би тус ХЗХоршооноос 2.500.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан, ХЗХоршоо нь 30 хувь нэмэгдэл гэж зээл дээр 750.000 төгрөгийг хий нэмж 3.250.000 төгрөг зээлсэн болж харагдсан гэсэн тайлбар гаргаж байх тул хариуцагч М.г Иргэний хуулийн 492-р зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзлээ.

************** Хадгаламж зээлийн хоршоо, Л.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 28-ны өдөр байгуулагдсан гэх № 43/604 тоот зээлийн гэрээнд зээлийн дүн 3.250.000 төгрөг гэж бичигдсэн боловч уг гэрээний дагуу хариуцагч М.д 2.500.000 төгрөгийг бэлнээр олгосон, лизингийн зээлийн зардал, шимтгэлийг зээлийн 2.500.000 төгрөгөөс 30 хувиар тооцож 750.000 төгрөгийг олгох 2.500.000 төгрөг дээр нэмж, зээлийн гэрээнд 3.250.000 төгрөг олгосон мэтээр бичсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч М. нь ************** Хадгаламж зээлийн хоршоонд 3.342.700 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч нарын ХААН банкны дансны хуулгуудаар тогтоогдож байх тул хариуцагч М.г Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.2.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд ************** Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Наранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа 2015 оны 04 сарын 28-ны өдөр байгуулагдсан 3.250.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 4.306.050 төгрөг дээр хариуцагч М.гийн дүү М.Өлзийгийн зээлийн үлдэгдэл 569.250 төгрөгийг нэмж, 4.700.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байх ба Л.*******тай байгуулсан зээлийн гэрээнд М.Өлзийгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг оруулан тооцсон шалтгаан тодорхойгүй, М.Өлзийгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг Л.*******, М. нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, энэ нь Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд М.Өлзийг тус хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй, нэхэмжлэгч нь М.Өлзийгийн зээлийн үлдэгдэл гэх 569.250 төгрөгийг М.Өлзийгөөс жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Л.*******, М. нарт холбогдох 2.870.142 төгрөг гаргуулах тухай ******* андууд хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* андууд хадгаламж зээлийн хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.030 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ОТГОНЧУЛУУН