Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00033

 

 

******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00191 дүгээр шийдвэр

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 213/МА2020/00007 дугаар магадлалтай, 

******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэг 2,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Наранчимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранчимэг, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

******* ХЗХ нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ...өөрийн авсан 2,500,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн... гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа ...******* уг хоршооноос зээл авч байгаагүй, *******ын нэрээр ******* 2,500,000 төгрөг авч хүүгийн хамт төлсөн... гэж эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00191 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасныг баримтлан *******, ******* нарт холбогдуулан 2,870,142 төгрөг гаргуулах тухай ******* ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан ******* ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 213/МА2020/00007 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, ******* ХЗХ-ны өмгөөлөгч Х.Мөнхбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,030 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...*******, ******* нар нь 2015.04.28-ны өдөр 3,250,000 төгрөг авч зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Манай байгууллагаас 2,500,000 төгрөгт байгуулсан зээлийн гэрээ гараагүй. 2016.09.30-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байсан бөгөөд тухайн өдөр *******, ******* нар нь зээлээ сунгах хүсэлтээ гаргасан. *******, ******* нарын зээлийн үлдэгдэл 4,306,050 төгрөг дээр дүү М.Өлзийгийн зээлийн үлдэгдэл 569,250 төгрөг байсан ба өөрийн зээлтэй хамт нэгтгэж, 4,700,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 47,000 төгрөг нэг хувийн шимтгэл төлсөн. Мөн дүү М.Өлзийгийн 223,292 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг зарлага хийж гишүүнээс гаргасан зэрэг ******* ХЗХ-г залилсан. Мөн 4,306,050 төгрөг нь манай байгууллагад бэлнээр төлсөн төлбөр биш. Төлөх боломжгүй байна гэх үндэслэлээр сунгалт хийх хүсэлт гаргаж тухайн зээлийг сунгахад заавал программ дээр хаалт хийж шинэчлэн гэрээ байгуулдаг. 4,306,050 төгрөг төлсөн биш, өмнөх зээлийн үлдэгдлийг хийсвэрээр орлогодож 4,700,000 төгрөгийг 2016.09.30-ны өдрийн 43/628 дугаартай зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, зээлдэгч талаас тус хоршоонд тухайн үедээ өөрсдөө гарган өгч байсан газар өмчилсөн тухай гэрчилгээний хуулбар, 2015 оны мал тоолуулсан баримт А данс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, мөн *******ын ******* ХЗХ-нд гаргаж байсан өргөдөл зэрэг баримт хэрэгт авагдсан. 2016.11.30-нд тухайн зээлийн анхны төлөлт болох 2,470,000 төгрөг төлсөн. Энэ зээлийн эргэн төлөлтийг манай хоршооны 43000628 зээлийн дансанд төлсөн нь үнэн. Үүнээс гадна 240,000 төгрөгөөр нэг удаа, 60,000, төгрөгөөр нэг удаа, хоёр удаагийн төлөлт хийсэн нь үнэн. Нийтдээ 2,770,000 төгрөгийн зээл төлсөн. ******* нь 2015.03.27-ноос 2016.12.13-ны хооронд нэхэмжлэгч ******* ХЗХ-нд 3,342,700 төгрөг төлсөн гэж цалингийн харилцах, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд санхүүгийн шинжилгээ хийж үзэх зайлшгүй шаардлагатай. 2015.03.27-ны өдөр гэхэд ******* ХЗХ-нд өөр төрлийн зээлтэй байсан ба энэ нь 2015.04.30-ны эргэн төлөлтөд хамааралгүй. Мөн 572,700 төгрөгийн эргэн төлөлт нь 43/628 дугаартай данстай хамааралгүй. *******гийн цалингийн харилцах болон депозит дансаар дамжсан зээлийн эргэн төлөлт нь 2,470,000 төгрөг нь 43/628 дугаартай данстай хамааралтай. Үлдэгдэл 572,700 төгрөг нь дүү М.Өлзийгийн зээлийн эргэн төлөлт рүү авагдсан байна. Дүү М.Өлзийгийн данс нь 43000589.

Манай байгууллагатай хийсэн гэх 2,500,000 төгрөгийн гэрээ огт байгуулагдаагүй бөгөөд манай байгууллага нь бүх гишүүдийн хурлаар тогтоосон дүрэм журмаа мөрдөж, лизингийн бараа үйлчилгээний зээлийг бүх гишүүдэд үзүүлдэг нь үнэн. Энэ батлагдсан журмын дагуу тухайн зээлдэгч нар нь лизингийн зээл авсан бөгөөд үүнийг батлах баримт бичгүүд огноо, гарын үсэгтэйгээ бүрэн байгаа. Үүнийг тухайн зээлдэгч нар нь 2015 оноос 2016 оны хооронд өөрсдөө хүлээн зөвшөөрч зээлээ сунгах болон төлж эхэлж байсан боловч тодорхой хугацааны дараа төлөхөө больсон. Манай байгууллагаас 2015.04.28-ны өдөр лизингийн зээл болох 3,250,000 төгрөгийн баримт, тухайн зээлийн сунгалтыг хийсэн 2016.09.30-ны өдрийн баримт зэрэг байхад шүүх зөвхөн *******гийн цалингийн болон харилцах дансанд тулгуурлаж ямар ч баримтгүй 2,500,000 төгрөгийн зээл авсан гэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээ манай байгууллагын программ болон баримт бичигт огт байхгүй. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээтэй холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг болох ...3,250,000 төгрөгийн баримт байхад шүүх зөвхөн *******гийн цалингийн болон харилцах дансанд тулгуурлаж 2,500,000 төгрөгийн зээл авсан гэх шийдвэр гаргасанд гомдолтой байна... гэснийг хангах нь зүйтэй гэж үзлээ.  

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасныг баримтлан *******, ******* нарт холбогдуулан 2,870,142 төгрөг гаргуулах тухай ******* ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

2. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

2.1. ******* ХЗХ-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...******* нь 2015.04.28-ны өдөр 3,250,000 төгрөгийг лизингийн зориулалтаар нэг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Энэ хугацаанаас хойш зээлээ хугацаанд нь төлөлгүй явж байгаад түүний хүсэлтээр 2016.09.30-ны өдөр зээлийн гэрээг сунгаж шинээр гэрээ байгуулсан. Энэ өдөр хийсэн зээлийн гэрээнд түүний эхнэр ******* батлан даалтын гэрээг манай хоршоотой хийсэн юм. Ингээд *******, ******* нар нь манай хоршооноос авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,620,000 төгрөг, түүний хүүгийн авлага 260,000 төгрөг буюу нийт 2,880,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэж дурджээ. 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлээ анхан болон давж заалдах шатны шүүхэд дэмжиж, хариуцагчтай мэтгэлцсэн байх бөгөөд зээлийн болон барьцаа, батлан даалтын гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн кассын орлогын ордер зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.  

Хариуцагч *******, ******* нар өөрийн авсан 2,500,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн, 2015.04.28-ны өдрийн зээлийн гэрээг байгуулаагүй гэж тайлбарладаг бөгөөд 2019.11.15-ны өдрийн 085 тоот шинжээчийн дүгнэлтээр уг гэрээнд бичигдсэн гарын үсэг нь *******ын гарын үсэг биш гэсэн дүгнэлт гаргажээ. 

Харин ******* ХЗХ, ******* нарын хооронд байгуулагдсан 2016.09.30-ны өдрийн зээлийн болон батлан даалт, барьцааны гэрээнд ******* гарын үсэг зурсан болох нь 2019.04.25-ны өдрийн 035 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

2.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. 

Зохигчийн хоорондох маргааны зүйл болох өмнөх зээлээс хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байсан, өөр этгээд буюу М.Өлзийгийн зээлийг нэмж нэгтгэсэн гэх үйл баримтыг шүүх тодруулаагүй, түүнчлэн 2016.09.30-ны өдрийн зээл 4,700,000 төгрөгөөс хариуцагч нар төлж байсан эсэх зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.  

Үүнээс гадна хариуцагч *******, ******* нар ******* ХЗХ-ны гишүүн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.  

2.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д тус тус заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 

Хоёр шатны шүүх ******* ХЗХ хариуцагч *******, ******* нартай 2016.09.30-ны өдөр зээл, батлан даалт, барьцааны гэрээг тус тус байгуулах болсон талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй 4,700,000 төгрөгийн зээл олгоогүй, зээлийн гэрээний сунгалт хийгдсэн, өмнөх зээлийн гэрээ нь бичгээр байгуулах шаардлага хангаагүй зэрэг хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд хамаарахгүй нөхцөл байдлыг үндэслэж, талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу болжээ. 

******* ХЗХ нь хариуцагч *******, ******* нартай 2016.09.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өмнөх зээлийн үүргийг сольж шинээр гэрээ байгуулсан гэж үзэх эсэхэд шүүх дүгнэлт хийх байжээ.  

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00191 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 213/МА2020/00007 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,030 төгрөгийг шүүгчийн захирамжазар буцаан олгосугай. 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.ЗОЛЗАЯА 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ

                                                 ШҮҮГЧИД                   Б.МӨНХТУЯА

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД