Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 213/МА2020/00007

 

Чандмань андууд хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

 Л.*******, М.******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00191 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Хүрээмарал сум ******* хоршооны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймаг Хүрээмарал сумын 3 дугаар багт оршин суух Лхагвасүнжидийн *******

Хариуцагч Баянхонгор аймаг Хүрээмарал сумын 3 дугаар багт оршин суух Магсарын ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 2.880.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* хоршооны өмгөөлөгч Х.Мөнхбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* хоршоог төлөөлж тус хоршооны гүйцэтгэх захирал Б.Наранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч ******* хоршооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд үйл ажиллагаа явуулдаг Чандмань андууд хадгаламж зээлийн хоршоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж байсан, өдгөө 268 гишүүнтэй хоршоо юм. Л.******* нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3.250.000 төгрөгийг лизингийн зориулалтаар нэг сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Энэ хугацаанаас хойш зээлээ хугацаанд нь төлөлгүй явж байгаад түүний хүсэлтээр 2016 оны 09 сарын 30-ны өдөр зээлийн гэрээг сунгаж шинээр гэрээ байгуулсан. Энэ өдөр хийсэн зээлийн гэрээнд түүний эхнэр М.******* батлан даалтын гэрээг манай хоршоотой хийсэн юм. Ингээд Л.*******, М.******* нар нь манай хоршооноос авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2.620.000 төгрөг, түүний хүүгийн авлага 260.000 төгрөг буюу нийт 2.880.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* хоршоог төлөөлж тус хоршооны гүйцэтгэх захирал Б.Наранчимэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Л.******* нь хоршооноос 2015 оны 4 дүгээр сард 3.250.000 төгрөгийн зээл авсан байсан. Би энэ үед гэрийнхээ хүнийг эмчилгээнд авч явсан байсан. Зээлээ төлөхгүй байж байгаад сунгалт хийлгэсэн. Тэгээд дүү Л.Өлзий гэдэг дүүгийнхээ зээлийг нэмээд 4.700.000 төгрөгийн зээл авсан гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би тус Хадгаламж зээлийн хоршооноос 2.500.000 төгрөгийг лизингийн бус бэлэн мөнгөөр авсан бөгөөд Хадгаламж зээлийн хоршоо 30 хувь нэмэгдэл гэж миний мөнгө дээр 750.000 төгрөгийг хий нэмж 3.250.000 төгрөгийг зээлсэн болж харагдсан. Үүнээс хойш өөрийн авсан 2.500.0000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байгаа. Би төлөлт хийхдээ банкны дансаар болон бэлэн мөнгөөр хийдэг байсан. Би ХААН банкны 5240015529 гэх өөрийн данснаас энэ Хадгаламж зээлийн хоршооны данс болох ХААН банкны 5240048656 тоот дансанд 2015 оноос төлсөн мөнгөний дүн 3.042.700 төгрөг үүнээс гадна захирал Б.Наранчимэгт 100.000, 200.000 төгрөг зэргийг тус тус гар дээр нь өгсөн. Одоогоор өөрийн мэдэж байгаа дүн нь 3.342.700 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Л.******* нь хариуцагч М.*******гийн гэр бүлийн хүн юм. Тэрээр ямар нэгэн байдлаар Чандмань андууд Хадгаламж зээлийн хоршооноос зээл авч байгаагүй, харин нь Л.*******ын нэрээр М.******* нь 2.500.000 төгрөгийн зээлийг авч байсан бөгөөд энэ зээлээ хүүгийн хамт 3.342.700 төгрөг болгон төлсөн. 2016 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг огт мэдэхгүй, гэрээний хугацааг сунгаад 4.700.000 төгрөг авсан мэтээр тайлбарлаж, нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэрээнд Л.******* гарын үсэг зураагүй, ийм хэмжээний мөнгө зээлсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар нь лизингийн зээл авсан гэх баримт хэрэгт байхгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Л.*******, М.******* нарт холбогдох 2.870.142 төгрөг гаргуулах тухай “Чандмань андууд” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Чандмань андууд” хадгаламж зээлийн хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.060 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тал буюу бидний зүгээс өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтуудаа хангалттай гаргаж шүүхэд өгсөн юм.

Тус хадгаламж зээлийн хоршоо нь Л.*******тай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 43/628 дугаартай зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, зээлдэгч талаас тус хоршоонд тухайн үедээ өөрсдөө гарган өгч байсан газар өмчилсөн тухай гэрчилгээний хуулбар, 2015 оны мал тоолуулсан баримт А данс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, мөн Л.*******ын Чандмань андууд хадгаламж зээлийн хоршоонд гаргаж байсан өргөдөл зэрэг баримт хэрэг авагдсан байгаа. Мөн дээрх баримтуудаас гадна Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 035 дугаартай дүгнэлтээр Чандмань андууд ХЗХ Л.******* нарын хооронд хийгдсэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 43/628 дугаартай зээлийн, барьцааны гэрээнд бичигдсэн Л.******* гэх гарын үсгийн бичвэр нь Л.*******ын шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн чөпөөт болон туршилтын загваруудтай ерөнхий бопон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна гэсэн дүгнэлт нь мөн давхар нотлож өгсөн.

Хариуцагч нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ тус тус зөрчсөөр байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум Дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00191 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Хүрээмарал сум ******* хоршооноос хариуцагч Лхагвасүнжидийн *******, Магсарын ******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 2.880.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч Л.*******, М.******* нараас тайлбарлахдаа бид 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ******* хоршооноос 2.500.000 төгрөгийн зээл авсан гэж тайлбарладаг бол нэхэмжлэгч ******* хоршооноос тайлбарлахдаа 3.250.000 төгрөгийн зээлийг олгосон гэж тайлбарладаг зээл олгосон дүн харилцан зөрүүтэй байна. Хариуцагч Л.*******, М.******* нараас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43/604 тоот зээлийн гэрээг /хх-ийн 120-130 дугаар тал/ бид байгуулаагүй гэж тайлбарладаг бөгөөд /2 дугаар хх-ийн 32-43 дугаар тал/ 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 085 тоот шинжээчийн дүгнэлтээр энэ 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43/604 тоот зээлийн гэрээнд бичигдсан гарын үсэг нь Л.*******ын гарын үсэг биш байна гэж дүгнэлт гаргажээ.

Дээрх байдлаас дүгнэлт хийж үзвэл нэхэмжлэгч ******* хоршоо хариуцагч Л.*******, М.******* нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан 2.500.000 төгрөгийн зээл олгосон болох нь тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдаж байна.

Нэхэмжлэгч ******* хоршоо хариуцагч Л.*******, М.******* нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 30-нд зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан баримт байгаа боловч энд 4.700.000 төгрөгийн мөнгөн дүнгээр зээл олгоогүй, зөвхөн өмнөх зээлийн гэрээний сунгалт хийгдсэн, М.Өлзийгийн зээлийг нэмж нэгтгэсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч өмнөх зээлээс хэдэн төгрөг үлдсэн байсан, хэдэн төгрөг нэмж олгосон, М.Өлзийгийн зээлийг Л.*******, М.******* нараар төлүүлэхээр нэхэмжилж байгаа үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй, М.*******гийн дүү М.Өлзийгийн зээлтэй холбоотой зээлийн гэрээ болон бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй зэргээс дүгнэж үзвэл энэ 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үнэлэх боломжгүй байна.

Хариуцагч Л.*******, М.******* нараас 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны хооронд нэхэмжлэгч ******* хоршоонд нийт 3.342.700 төгрөгийг төлсөн болох нь /хх-ийн 36-49 дүгээр тал/ М.*******гийн цалингийн харилцах, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Мөн Л.*******аас ******* хоршоонд зээлийн эргэн төлөлт хийж 4.306.050 төгрөгийг төлсөн тухай баримт буюу кассын орлогын ордер /хх-ийн 83 дугаар тал/ хэрэгт байгаа бөгөөд мөнгө тушаасан болон мөнгө хүлээн авсан хүмүүсийн гарын үсэг зэргээр баталгаажсан байна. Иймд хариуцагч Л.*******, М.******* нараас ******* хоршооноос авсан зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* хоршоог төлөөлж Б.Наранчимэгээс гаргасан тайлбартаа Л.*******, М.******* нарын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн авсан зээлийн үлдэгдэл 2016 оны 9 дүгээр сар гэхэд 4.306.050 төгрөгийн үлдэгдэлтэй байсан үүн дээр Магсарын Өлзий гэх дүүгийнхээ 570.000 төгрөгийг нэмээд нийт 4.700.000 төгрөгийн зээл авч өмнөх зээлээ сунгаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Тухайлбал өмнөх зээлийн гэрээ нь бичгээр байгуулах шаардлага хангаагүй тул хүү тооцох эрхээ алдах үндэстэй, мөн Л.******* нь ******* хоршоонд зээлийн эргэн төлөлт хийж 4.306.050 төгрөгийг төлсөн тухай баримт буюу кассын орлогын ордер /хх-ийн 83 дугаар тал/ хэрэгт байгаа бөгөөд энэ баримт нь өмнөх зээлийн үлдэгдэлийг бүрэн төлсөн тухай нотлох баримт бөгөөд энэ тухай нэхэмжлэгч талаас гаргасан тайлбартаа /хх-ийн 78 дугаар тал/ мөн дурдсан байгаа зэргээс үзвэл Л.******* нь өмнөх зээлээ бүрэн төлсөн байх тул өмнөх зээлээ сунгаж авсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* хоршооны өмгөөлөгч Х.Мөнхбаатарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* хоршооноос заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.030 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* хоршооны өмгөөлөгч Х.Мөнхбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.030 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

  ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ